| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/2171/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/119 |
| Огноо | 2026-01-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2026/ШЦТ/119
2026 01 09 2026/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч П.Болормаа,
хохирогч Б.Б,
шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.С-д холбогдох эрүүгийн 2411 01112 0812 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.С нь хохирогч Б.Б-ийг “модон хана хийж өгнө, бараа материалын үнэ, туслах ажилтан цалинжуулна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, улмаар түүнийг *************** худалдааны төвд байхад нь 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2,550,000 төгрөгийг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,800,000 төгрөг нийт 5,300,000 төгрөгийг иргэн Б.Б-ын эзэмшлийн Хаан банк ХХК дахь 5542133867 тоот данс руу шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.С: “...Би өмнөх шүүх хурал дээр нэг ч зүйл худлаа хэлэхгүй гэж хэлсэн. Би цагдаад гүтгэсэн болох гэж таарах гэж байна. Би тухайн үед цагдаад 2 хувь цээж зураг, тухайн үед хийж байсан ажлын зураг, материал авсан баримтууд, падан, зэрэг нотлох баримтуудыг өгөөд 100 айлын материал зардаг хавтан авсан газрыг тодорхой зааж өгсөн. Миний зургийг үзүүлбэл танина, би байнга тэр газраас хавтан авдаг гэж хэлсэн. Миний гаргаж өгсөн баримтууд хэрэгт байхгүй байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй. Хохирогчтой зарим нэг зүйл дээр мэтгэлцэх зүйл байгаа ч гэсэн хуулийн байгууллага нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргадаг гэж бодож байна. Хохирогч өөрийнхөө хэлсэн зүйлүүдээ нотлоосой гэж гэж хүсэж байна. Заримдаа энэ хүн хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байсан. Хамгийн анх уулзахдаа ажлын байранд уулзаагүй, манай гэрт уулзсан” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Б-ийн "...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би модон хана хийлгэхээр, модон эдлэл хийдэг хүмүүс хайж байгаад С-ийн гэх хүнтэй *************** хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээр нь очиж уулзаад, С-ээр модон хана хийлгэхээртохиролцож бараа материалын мөнгө болох 2,550,000 төгрөгийг С манай эхнэрийн данс гэж хэлээд 5542133867 гэх хаан банкны Б гэх нэртэй данс руу хийсэн. Маргааш нь С над руу залгаж холбогдоод нэгдүгээрт бараа материалын зарим хэсгийг БНХАУ-аас захиална бас туслах ажилчид аваад цалинжуулах хэрэгтэй байна гэж хэлээд надаас 2,800,000 төгрөг хэрэгтэй байна өмнө нь 2,550,000 төгрөг шилжүүлсэн манай эхнэрийн данс руу хийчих гэж хэлэхээр нь би хийсэн. Би С-тэй 2024 оны 03 дугаар 29-ний өдөр модон хана хийлгэх ажил дуусгасан байхаар тохиролцсон боловч тухайн хугацаа болоход С надад модон хана арай дуусаагүй байна маргааш очиж угсрана гэж хэлдэг байсан. Түүнээс хойш одоог хүртэл С надад модон ханаа хийж өгөөгүй, залгаж холбогдохоор удахгүй мөнгийг чинь буцаагаад шилжүүлнэ гэж худал хэлдэг. Би фэйсбүүк дээр хийлгэхийг хүссэн модон хананыхаа зургийг оруулж ийм модон хана хийж чадах хүн байна уу гэж нийтлэсэн. Тэгээд С над руу тэр зарын дагуу хийж чадна гэж холбогдсон. С-гийн ажлын байран дээр нь очиход байрны В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг бололтой, гэрийн тооно, багана мод, модон материалууд, хөрөө зэрэг багаж байсан. Мен С өөрөө ажлын хувцас өмссөн байсан тул би итгээд мөнгөө шилжүүлсэн. Гэрээ хийгээгүй. Би өөрийн захиалгын мөнгөө буцааж авах хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 19 дэх тал/,
- Гэрч Б.Бямбажавын "... Би С гэх хүнтэй одоогоос 4-5 жилийн өмнө анх танилцаж байсан. Би модон сийлбэртэй гэр, тавилга хийдэг юм, анх танилцах үед С миний цех дээр ирээд гэрийн мод хийлгэх талаар юм ярьж анх танилцаад тэр үеэс хойш нэг нэгнээ мэддэг, адилхан модоор юм хийдэг хүмүүс болохоор хааяа нэг холбогдож ажлын шугамаар уулздаг байсан. 2024 оны 03 дугаар сарын 19-ний өглөө С над руу яриад найз нь цагдаа дээр асуудалтай байгаад миний данс хаагдчихсан байгаад байна, нэг ажил авсан тэрний мөнгийг чам руу шилжүүлээд авъя гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Миний дансанд 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 16:16 цагт 2,550,000 төгрөг салон модон хана, 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 18:42 цагт 2,800,000 төгрөг салон цалин гэх утгаар нийт 5.350,000 төгрөг орсон. Тухайн менге шилжиж орж ирээд С над руу хүмүүсийн данснууд явуулаад энэ данс руу тэдэн төгрөг миний утасны дугаар эсхүл миний нэрийг бичээд явуулчих, мен дэлгүүрт байна ийм данс руу мөнгө шилжүүлээд өг, таксины мөнгө өг гэх мэтчилэн миний данс руу орсон мөнгийг аваад дуусгасан. Тухайн ажлын хөлсний мөнгө над руу шилжиж орж ирсний дараа маргааш нь билүү нөгөөдөр нь С надад 3 монгол гэрийн захиалга байна энэ ажлыг чи авчих гэж хэлээд намайг дуудахаар нь би очоод нөгөө хүнтэй нь уулзах гэтэл нөгөө нь хүн нь ажил гарчихлаа гээд уулзаагүй болохоор би шууд буцаад яваад өгсөн. Би асууж байгаагүй. Бид хоер хоорондоо хамаг юмаа ярихаар дотно найзууд биш. Би С-д өмнө нь дансаа ашиглуулж байгаагүй..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 20 дахь тал,/
- Ч.С, Б.Б нарын хоорондоо чаталсан чатны хуулбар, /хавтаст хэргийн 22-31 дэх тал/,
- Хаан банк ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 29/5273 дугаартай алба бичиг, /хавтаст хэргийн 51 дэх тал/,
- Хохирогч Б.Б-ийн Хаан банк ХХК дахь эзэмшлийн 5323033397 дугаартай дансны хуулга, /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
- Б.Б-ын Хаан банк ХХК дахь эзэмшлийн 5542133867 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ч.С нь хохирогч Б.Б-ийг “модон хана хийж өгнө, бараа материалын үнэ, туслах ажилтан цалинжуулна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, улмаар түүнийг *************** худалдааны төвд байхад нь 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2,550,000 төгрөгийг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,800,000 төгрөг нийт 5,300,000 төгрөгийг иргэн Б.Б-ын эзэмшлийн Хаан банк ХХК дахь 5542133867 тоот данс руу шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Б.Б-ийн мэдүүлэг, Гэрч Б.Б-ын мэдүүлэг, Ч.С, Б.Б нарын хоорондоо чаталсан чатны хуулбар, Хаан банк ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 29/5273 дугаартай алба бичиг, Хохирогч Б.Б-ийн Хаан банк ХХК дахь эзэмшлийн 5323033397 дугаартай дансны хуулга, Б.Б-ын Хаан банк ХХК дахь эзэмшлийн 5542133867 дугаартай дансны хуулга зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл, ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Хэргийн тухайд шүүгдэгч Ч.С нь хохирогч Б.Б-ийг “модон хана хийж өгнө, бараа материалын үнэ, туслах ажилтан цалинжуулна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2,550,000 төгрөгийг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,800,000 төгрөг нийт 5,300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ч.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагчийн зүгээс “...Шүүгдэгч Ч.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 жил 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...С учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан. Хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. С-гийн хувьд 3 бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг. Архи, тамхи хэрэглэхгүй, элдэв муу зуршилгүй. Өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Цаашдаа ийм алдаа гаргахгүй, амьдралаа дээшлүүлэх тал дээр ажиллана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг сонгох санкицтай. С-гийн учирсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өмнөх ялаа эдэлж дууссан учраас эдгээр нөхцөл байдлууд, түүний ар гэрийн байдал, өрх толгойлсон эцэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд торгуулийн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна.” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Ч.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ч.С гэм хорын хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Иймд шүүхээс улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг *************** дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд шүүгдэгч Ч.С нь шүүх хуралдааныг завсарлуулан хохирол төлбөрийг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Ч.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дох хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С энэ хэрэгт цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 11 сар 18 хоногыг хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэг, төрийн байгууллагын үйлчилгээ авахаас бусдаар *************** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-г нь зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 01 /нэг/ хоногийг хорих ялын 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч Ч.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ