Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/30

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Д.А, Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.А, Б.О нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.Б холбогдох 1916001930029 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харьяат, 1983 оны 07 дугаар сарын ... -нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 4- ... тоотод оршин суух хаягтай, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 1- ... тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДИ............ регистрийн дугаартай О овогт Б.Б.

 

Шүүгдэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/131 дугаартай тушаалд заасны дагуу Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-01 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.19, 2.14-д заасан зардлаас олгогдсон санхүүжилтээс царцаатай тэмцэх арга хэмжээнд хамрагдах Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг дэвсгэрийн 16,800 га газарт царцаатай химийн аргаар тэмцэх ажлыг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахдаа “Хөх ам булаг” ХХК-ий “Хаан” банкин дахь эзэмшлийн 5324001342 тоот данс руу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 29,728,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг “Хөх ам булаг” ХХК-ий захирал Ш.Н-аас бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16,000,000 төгрөгийг Д.Э-ийн “Хаан” банкин дахь эзэмшлийн 5333028386 тоот дансаар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг “Хөх ам булаг” ХХК-ий захирал Ш.Н-ын эхнэр Я.Э-аас бэлнээр авч улсад нийт 40,500,000 төгрөгийн хохирол учруулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-ий шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжээр тооцон түүнд оногдуулсан торгох ялаас нь хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Б сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б-с хохиролд 40.500.000 /дөчин сая таван зуу/ мянган төгрөгийг гаргуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд олгож, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 4- ... тоотод байрлах 0518000664 дугаартай үл хөдлөх амины орон сууц, Г0518016 дугаартай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Хөх ам булаг” ХХК-ий зарлагын баримт 3 ширхэг, дүрс бичлэг бүхий 4 ширхэг сидиг /CD/ хэрэгт хавсаргаж, 136 ширхэг “Магнай трейд” группийн шатахууны талоныг, хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтрийн хамт шүүгдэгч Б.Б буцаан олгож, “Магнай трейд” гурппийн бичиглэл бүхий 2 ширхэг зарлагын баримт, Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын тамга тэмдэг дарагдсан зарлагын баримт 8 ширхэг, хоосон бичигдээгүй орлогын баримт 8 ширхэг, хоосон бичигдээгүй орлогын баримт 18 ширхэг, Б А гэсэн тэмдэг дарагдсан зарлагын баримт 4 ширхэг, түүнтэй хамт үдэгдсэн хоосон зарлагын баримт 1 ширхгийг “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 200.000 мянган төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж “Ашид билгүүн” ХХК-д олгож, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.А, Б.О нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул тус шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Б 40.500.000 төгрөгийг гэрч Ш.Н, Я.Э нар нь бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн байна гэж хэргийн нөхцөл байдлыг дүгнэсэн бөгөөд хэрэгт гэрч Ш.Н, Я.Э нар нь нийт 5-7 удаагийн давтамжтай, тухайн 5-7 удаагийн өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо харилцан зөрүүтэй, тогтвортой бус мэдүүлж, тухай мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байхад анхан шатны шүүх дээрх гэрч нарын хамгийн сүүлд өгсөн мэдүүлгүүдийг нь үндэслэн шүүгдэгч Б.Б-ийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсанаар гэрч Я.Э нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэхдээ манай нөхөр шатах тослох материалынхаа үнийг аваад үлдсэн мөнгийг бэлнээр өгсөн гэж хэлсэн” гэж 1-р хх 141-рт,

-2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлэхдээ “илүү гарсан 30 гаран сая төгрөг өгсөн талаараа надад хэлсэн”, 1-р хх 156-рт,

-2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлэхдээ “би 22.000.000 төгрөгийн бэлнээр орлогоноосоо өгсөн...40.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн...16.000.000 төгрөгийг манай нөхөр шилжүүл гэж хэлсэн...” 1-р хх 174-рт,

-Гэрийнх нь гадаа 22.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн...2.500.000 төгрөгийг орлогоосоо өгсөн...” гэж 3-р хх 165-рт,

Гэрч Ш.Н-ын 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэхдээ “...шатах тослох материалаа тооцож аваад бусдыг нь Б.Б бэлнээр өгсөн...2 удаа өгсөн...” гэж 1 -р хх 144-рт,

-2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “тооцоо дуусгаад дэвтрээ устгасан, 34-35 саяыг ажил дээр нь бэлнээр 2 удаагийн давтамжтай өгсөн. Яг хэдэн төгрөг өгснөө мэдэхгүй байна... эхнэр мэдэж байгаа...” гэж 1-р хх 153-рт,

-2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “мөнгө шилжсэний дараа 22.000.000 төгрөгийг бэлнээр авмаар байна гэхээр нь аймгийн төвд 22.000.000 төгрөгийг бэлнээр ажлын өрөөнд нь аваачиж өгсөн.. дараа нь 16.000.000 төгрөгийг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн... 2.500.000 төгрөгийг манай эхнэрээс бэлнээр ирж авсан 40.500.000 төгрөгийг өгсөн үүнээс 24.500.000 төгрөгииг бэлнээр... ” гэж 2-р хх 172-рт,

-2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлэгтээ “...16.000.000 төгрөг эхнэртээ шилжүүл гэж хэлээгүй андуурсан байна... над руу удаа дараа ярьсан...” гэж 3-р хх 12-рт,

-Гэрийнх нь гадаа 22.000.000 төгрөгийг эхнэртэйгээ аваачиж өгсөн...” гэж 3-р хх 155-рт тус тус мэдүүлсэн. Дээрх мэдүүлгүүдээс харахад Ш.Н-ын эхнэр Я.Э нь анх мэдүүлэг өгөхдөө Б.Б ямар нэгэн байдлаар бэлнээр мөнгө өгсөн талаараа огт мэдэхгүй нөхрөөсөө сонссон, нөхөр л тэгж хэлсэн гэж мэдүүлж байснаа сүүлдээ 22.000.000 төгрөгийг өөрөө өгсөн ажил дээр нь буюу Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн газар дээр ажлын өрөөнд нь, дараа нь гэрт нь аваачиж өгсөн гэж анх өгсөн мэдүүлгээсээ тэс өөрөөр мэдүүлдэг.

Мөн 16.000.000 төгрөгийг анх манай нөхөр шилжүүл гэж хэлэхээр нь би шилжүүлсэн гэж мэдүүлсэн бөгөөд нөхөр Ш.Н нь 16.000.000 төгрөг эхнэртээ шилжүүл гэж хэлээгүй гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал болоод гол гэрчүүд болох Ш.Н, Я.Э нарын мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч нар нь мөнгө өгсөн газар, байршлаа андуурсан байна гэж хэргийн бодит нөхцөл байдлыг илтэд гуйвуулан дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрч нарын мэдүүлсэн, байршлаа андуурсан байна гэх шүүхийн дүгнэлт нь хэтэрхий өрөөсгөл дүгнэлт бөгөөд Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар маань ертөнцийн зүгээр аймгийн баруун доод талд, харин шүүгдэгчийн гэр маань аймгийн зүүн тал хоорондоо 3-4 км зайтай байрладаг юм. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр бүхэл бүтэн аймгийн дээд доод талд байрлах объектийг андуурсан байна гэж хэтэрхий нэг талыг баримтлан дүгнэсэн байна. Гэрч нарын өгсөн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй, үнэн эсэх нь эргэлзээтэй бол тус гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд давхар өөр бусад нотлох баримт болон тухайн гэрч нар нь үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь мөн адил нотлогдон тогтоогдсон байх ёстой.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх нь гэрч Ш.Н, Я.Э нарын эзэмшлийн “Хөх ам булаг” ХХК-ий ашиг орлогыг шалгах шаардлагагүй бөгөөд хэрэгт хамааралгүй, хэргийг шалган шийдвэрлэх хэмжээ хязгаараас давсан үйлдэл болно гэж дүгнэсэн.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг ноцтой зөрчиж байгаа бөгөөд Б.Б холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг шалган тогтоох шаардлагагүй буюу гэрч нарт худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай хууль сануулан мэдүүлэг авсан учир үнэн зөв мэдүүлгийг өгсөн байх ёстой гэсэн хийсвэр дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэв үнэхээр Б.Б-ийн мэдүүлснээр Ш.Н, Я.Э нараас ямар нэгэн мөнгө огт аваагүй бол яах вэ?

Ш.Н, Я.Э нар нь худал мэдүүлэг өгсөн бол яах вэ? гэдэг байр сууринаас огт харж үзэлгүйгээр хэтэрхий нэг талыг баримтлан энэ 2 гэрчид хууль сануулчихсан учир үнэн мэдүүлсэн байх тийм учраас хамгийн сүүлд өгсөн мэдүүлэг байршлаа зөв заагаад үнэхээр Б.Б мөнгө өгчихсөн байна гэж дүгнэж байгаа нь хэрэгт авагдсан бичгийи нотлох баримтуудыг буруу үнэлж, дүгнэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай, эргэлзээгүй, бүрэн дүүрэн тогтоогдоогүй бөгөөд зөвхөн хууль сануулж мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг үнэн зөв, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болох учир худал мэдүүлэг өгч болно гэсэн хэт нэг талыг баримталсан дүгнэлтээрээ тухайн хэргийг шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Хөх ам булаг” ХХК-ий 3 жилийн татварын тайлангаас дунджилж үзэхэд жилдээ 10-15 сая төгрөгийн ашиг орлого олдог, 2017 оны борлуулалтын орлого 60 гаруй сая төгрөг байсан бөгөөд Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн газраас шилжүүлсэн мөнгийг тэр даруйд нь шатах, тослох материалын захиалга хийж “Ундарга-Увс” ХХК руу шилжүүлсэн нөхцөл байдлыг огт анхаарч үзээгүй бөгөөд гэрч нарт хууль сануулан мэдүүлэг авсан учир хуульд нийцсэн гэж үзсэн ч энэ нь гэрч нар үнэн зөв мэдүүлэг өгсөн гэдгийг нотлохгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэрч нар үнэн зөв мэдүүлэг өгч байгаа эсэх дээр холбогдох ажиллагааг буюу гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж болох 40.500.000 төгрөгийг хаанаас, хэзээ ямар байдлаар олсон эсэхийг, гэрч нарын орлогыг шалгах бүрэн боломжтой байхад уг ажиллагааг огт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга шүүхээр хэргээ шүүлгэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгч Б.Б-ийг Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Тонхил сумын нутаг дэвсгэрийн 16,800 га газарт царцаатай химийн аргаар тэмцэх ажлыг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахдаа “Хөх ам булаг” ХХК-ий “Хаан” банкин дахь эзэмшлийн 5324001342 тоот данс руу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 29,728,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг “Хөх ам булаг” ХХК-ий захирал Ш.Н-аас бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16,000,000 төгрөгийг Д.Э-ийн “Хаан” банкин дахь эзэмшлийн 5333028386 тоот дансаар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг “Хөх ам булаг” ХХК-ий захирал Ш.Н-ын эхнэр Я.Э-аас бэлнээр авч улсад нийт 40,500,000 төгрөгийн хохирол учруулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Яллах дүгнэлтэд шүүгдэгч нь “Хөх ам булаг” ХХК-ий данс руу 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 29 728 000 төгрөгөөс 22 000 000 төгрөгийг уг компаний захирал Ш.Н-аас бэлнээр авсан, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 4 059 000 төгрөгөөс 2 500 000 төгрөгийг Ш.Н-ын эхнэр Я.Э-аас бэлнээр авсан гэж дүгнэсэн бөгөөд уг яллах дүгнэлтэд уг мөнгийг хэзээ, хаана авсан талаар тусгаагүй байна.

 

 Хэргийн үйл баримтын талаар буюу уг мөнгийг авсан эсэх талаар талууд маргаж байгаа энэ хэргийн тухайд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, газрыг тогтоож яллах дүгнэлтэд тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн болохыг нотолсон байх шаардлагад нийцэхгүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгчид мөнгө өгсөн гэж мэдүүлж байгаа гол гэрч нар шүүгдэгчид 22 000 000 төгрөг, 2 500 000 төгрөгийг хэзээ, хаана өгсөн талаараа эргэлзээтэй, зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүх уг гэрч нарын мэдүүлэг нь шүүхээс шийдвэр гаргахад хангалттай, бүрэн дүүрэн, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаар бодитой үнэлэлт дүгнэлт хийгээгүй атлаа гэрч нар шүүгдэгчид мөнгө өгсөн байршилаа андуурсан байх боломжтой гэж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.

 

Өөрөөр хэлбэл гэрч нар уг мөнгийг ямар эх үүсвэрээс гаргаж өгсөн талаараа тодорхой мэдүүлээгүй, гэрч нарын мэдүүлэгт авагдсан мэдээллийн эх сурвалжийг тодруулаагүй, тухайн гэрч нар уг  хэрэгт хувийн сонирхолтой эсэх нь талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, уг гэрч нарын мэдүүлгүүдийн үнэн зөвийг магадлаагүй атлаа гэрч нарын ямар мэдүүлгийг яагаад үнэн зөв гэж үнэлж байгаа талаараа үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр зөвхөн уг гэрч нарын мэдүүлэгт тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна.

 

Тиймээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн нь дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг хангалттай бодитой тогтоосны үндсэн дээр шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийснээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бодитой нотолсон эсэх нь прокуророос хэргийн талаар хяналт тавьж ажилласан байдалтай шууд холбоотой бөгөөд нотолбол зохих байдлууд нотлогдсон эсэхийг хянах шаардлагуудыг зөрчсөн нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэл болж байна.

 

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл оролцогчид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.Ж

 

   ШҮҮГЧИД                                  Ч.Э

 

                                                             Ш.Б