Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1712

 

 

 

 

 

 

 

 

 

Н.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00202 дугаар шийдвэртэй, Н.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Н-д холбогдох гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй, хариуцагч С.Н нь нэхэмжлэгч Н.Оаас хуваарьт хөрөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Н.Т, орчуулагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Би 2014 оны 3 дугаар сард ХБНГУ явсан, тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлд хүүхэд асрагч, бусад цагаар нь нохой салхилуулах ажил хийж, цагийн 10-15 евро авдаг байсан. Тухайн үед олсон мөнгөө хүнээр дамжуулан эгч Н.Н-т явуулж хадгалуулсан. 2015 оны 8 дугаар сард Австри улсад ажиллаж байхдаа С.Н-тэй танилцаж, 2016 оны 2 дугаар сараас үерхэж, 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан. С.Н ажил хийдэггүй байсан учир байр, тог, усны зардал болох 160 еврог сар бүр би төлдөг байсан. Харин тэрээр ажилгүйдлийн тэтгэмж авч, мөнгөөрөө өөрийн сонирхолтой тоног төхөөрөмжөө худалдан авч байсан. Би 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Монголд ирж жуулчны баазад сарын 1 000 000 төгрөгийн цалинтай ажил хийсэн. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бид гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарч байх хугацаанд С.Н намайг гэрээс гаргадаггүй, ажил хийлгэдэггүй байсан. Учир нь эр, эмийн харьцаанд орохгүй удаан байж чадахгүй гэдэг. Харин ажилдаа явах юм бол найз охин, эсвэл охин дүүгээ үлдээхийг шаардаж, бэлгийн зүй бус хандлага гаргадаг. Ер нь хүссэнээр байхгүй бол маш их уурлаж, гар хүрэх болсон тул би түүнийг уурлуулахгүй байхыг хичээдэг байсан.

2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бид маргасан, тэр намайг цохиж, гэрээсээ хөөж гаргасан, дараа нь өөр эмэгтэйг гэртээ авчирсан байсан. Түүнээс хойш тус тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд биеэ үнэлэгч авсан тухайгаа хэлсэн тул цаашид эвлэрэх хүсэлгүй байна. Иймд эвлэрүүлэн зуучлагчид хандахгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Н.О-тай 2016 онд Австри улсад танилцсан. Би түүнийг өөрийн зардлаар дагуулж олон орноор аялсан. Түүнд хайртай учир хамт амьдрахаар Австри улсад байсан үл хөдлөх хөрөнгөө 100 000 еврогоор зараад 65 000 евротой Монголд 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. Бид 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хамт амьдарч ахуйн хэрэгцээндээ хэрэглэх зорилгоор өөрийн хөрөнгөөр Налайх дүүрэгт орон сууц тавилгын хамт, автомашин, мотоцикл, тавилга зэргийг авсан. Мөн Баянзүрх дүүрэгт 2 орон сууц авч бусдад 450 000-500 000 төгрөгөөр хөлсөлж байсан. Амьдрах хугацаанд Н.О ажил хийгээгүй, миний мөнгөөр авсан эд зүйлийн орлого, мөнгөөр амьдарсан. Н.О, эгч Н.Наранцэцэг нар эд хөрөнгө худалдаж авахад 55 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэж худал мэдүүлж байна, нотлох баримтгүй. Мөн амьдралын өртөг өндөртэй газар бага цалин авч ажиллаж байсан хүн ийм хэмжээний мөнгө хуримтлуулах боломжгүй.

Би хөрөнгөө өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь Н.О гадаадын иргэн үл хөдлөх хөрөнгө худалдан авбал өндөр татвар төлдөг гэсэн учир итгэж бүх хөрөнгөө нэр дээр нь болгож, Төрийн банк, Хаан банк дах дансанд нь хийж хамтран зарцуулж байсан. Тодорхой хэмжээний мөнгийг авч, гэртээ номны завсар хадгалсан. Энэ талаар Н.О сайн мэддэг. Одоо дансанд нь 16 200 000 төгрөг байх ёстойгоос 1 700 төгрөг үлдсэн байна.

Түүний эгч, дүү, найз нөхөд ирсэн үед сайн хандаж байсан. Гэтэл намайг муу хүн болгох гэж худал хэлж байна. Би түүнд гар хүрч үзээгүй. Мөн эр, эмийн харьцааны талаар гаж үйлдэл хийхийг шаардаж байгаагүй. Өөр ямар нэгэн хүнтэй эр, эмийн харьцаанд ороогүй. Харин Н.О-ын зан ааш өөрчлөгдөж харддаг болсон.

2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрт ирж миний цүнхнээс 900 000 төгрөг хулгайлж аваад гарахдаа над руу газ цацаж нүдийг гэмтээсэн. Энэ асуудлаар цагдаад шалгагдаж байгаа. Гэхдээ би түүнд хайртай учир миний хөрөнгийг өгөөд эвлэрч хамт амьдрах санал тавьсан ч зөвшөөрөөгүй. Бүх хөрөнгөө түүнтэй хамт амьдрах зорилгоор авсан. Н.О-ын бүх үйлдлийг харахад надад хайргүй, миний мөнгөнд болж суусан байна гэж ойлголоо. Одоо бол эвлэрч амьдрах хүсэлгүй болсон тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Өөрийн мөнгөөр бүх эд хөрөнгийг авсан тул хуваарьт хөрөнгө юм. Уг эд хөрөнгө бий болоход Н.О хөдөлмөр, хөрөнгөөрөө оролцоогүй бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт зааснаар түүнд ногдох эд хөрөнгийг олгохгүй байх үндэслэлтэй. Н.О худал хэлж бүх хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иймд 183 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнийг өөрчилж хуваарьт хөрөнгө 41 000 000 төгрөгийн үнэтэй, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 48г байрны 6 тоот орон сууц, зурагтын тавиур, буйдан 150 000 төгрөг, хөргөгч 150 000 төгрөг, угаалгын машин 60 000 төгрөг, гал тогооны тавилга 450 000 төгрөг, угаалгын өрөөний тохижуулалт 200 000 төгрөг, хувцасны өлгүүр, гишгүүр, дулаалга, кабел, залгуур, гэрэл унтраалга 100 000 төгрөг, нийт 1 110 000 төгрөг, 40 000 000 төгрөгийн үнэтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны 66 тоот орон сууц, 40 000 000 төгрөгийн үнэтэй, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Нисэхийн 80 дугаар байрны 30 тоот орон сууц, гал тогооны өрөөний ком 600 000 төгрөг, ор, матрас 450 000 төгрөг, буйдан 450 000 төгрөг, зурагт 1 349 000 төгрөг, хөргөгч 649 000 төгрөг, плитка 145 000 төгрөг, шарах шүүгээ 150 000 төгрөг, хиншүү сорогч 100 000 төгрөг, халаагуур 180 000 төгрөг, угаалгын машин 500 000 төгрөг, тоос сорогч  200 000 төгрөг, нийт 4 773 000 төгрөг, 8 200 000 төгрөгийн үнэтэй, 41-37 УНЛ улсын дугаартай, Киа Форте /КIА Fоrtе/ маркийн автомашин, 1 450 000 төгрөгийн үнэтэй, 12-71 улсын дугаартай Сайнирэйе /Sineray/ 100сст маркийн мотоцикл, 3 500 000 төгрөгийн үнэтэй, 12-70 улсын дугаартай Сайнирэйе 250сст маркийн мотоциклийг биет байдлаар, дансанд байршуулсан  16 200 000 төгрөг, бусдад орон сууц хөлсөлсөн мөнгө 1 700 000 төгрөг, зөвшөөрөлгүй бэлнээр авсан 900 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 Мөн бусдад зээлсэн мөнгөний хувьд гэвэл, Н.О 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр миний хадгаламжид байсан мөнгөнөөс Б.Золжаргалд 10 000 000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг Н.О өөрөө Б.Золжаргалаас олж авах ёстой. Н.О дүү Н.Хоролсүрэнд 23 удаагийн үйлдлээр “Хаан банк” ХХК-ийн 5064102044 тоот дансанд нийт 9 620 000 төгрөг шилжүүлснээс 7 000 000 төгрөгийг нэхэмжилнэ. Н.О 1 450 000 төгрөгийн үнэтэй, 12-71 улсын дугаартай Сайнирэйе /Sineray/ 100сст маркийн мотоциклийг н.Баттөрд 1 200 000 төгрөгөөр зарсан гэж худал ярьж байна. Уг хөрөнгө одоо түүний нэр дээр байгаа. Хэрэв зөвшөөрөлгүй зарсан бол хохирлыг хариуцах ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: С.Н өөрийн орон сууцаа зарж, 65 000 евротой ирсэн. Би гэр бүл болсон учир хамтран амьдрахаар хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авсан. Тухайн үед ярилцаад өндөр татвар төлөхгүйн тулд миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлж гэрчилгээг авсан. Худалдан авахдаа өөрийн цуглуулсан 55 000 000 төгрөгийг эгчээсээ авч оролцуулсан. Гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгө бидний дундын хөрөнгө гэж үзэж байгаа ч өөрийн оруулсан хөрөнгөд тохируулан 40 000 000 төгрөгийн үнэтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны 66 тоот орон сууц, 8 200 000 төгрөгийн үнэтэй, 41-37 УНЛ улсын дугаартай, /КIА Fоrtе/ маркийн автомашин, 3 500 000 төгрөгийн үнэтэй, 12-70 улсын дугаартай Sineray 250сст маркийн мотоциклийг авах хүсэлтэй байна. Бусад орон сууц болон гэрийн тавилгын талаар авна гэж маргахгүй.

С.Н өөрийн хуваарьт мөнгөнөөс ахуйн хэрэгцээнд зарцуулах зорилгоор миний нэр дээрх Төрийн банк, Хаан банкны дансанд мөнгөө байршуулсан. Бид хамтын хэрэгцээгээ уг мөнгөөр хангаж байсан, бусад мөнгөө өөрөө авч гэртээ нуусан, энэ талаар сайн мэдэхгүй. Иймд 16 200 000 төгрөгөөс 8 100 000 төгрөгийг түүнд өгөхөд татгалзахгүй. Бид амьжиргааны эх үүсвэрээ олох зорилгоор Баянзүрх дүүргийн 9 дүгээр байр 66 тоот орон сууц, мөн дүүрэг, 15 дугаар хороолол 48г байрны 6 тоот орон сууцыг тохижуулан хөлсөлж, мөнгийг хамтын хэрэгцээнд зарцуулсан. Тусдаа амьдарсан хугацаанд орж ирсэн хөлс болох  1 700 000 төгрөгийг өгч болно. Харин 1 450 000 төгрөгийн 12-71 улсын дугаартай Сайнирэйе 100сст маркийн мотоциклийг 2018 оны 11 дүгээр сарын 30-нд н.Баттөрд 1 200 000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгө 16 200 000 төгрөгт орсон болохыг тэр мэднэ, уг мотоцикл надад байхгүй.

Мөн Н.Х-д би 7 000 000 төгрөг зээлүүлсэн. 2018 оны 7 сард С.Нийн төрсөн өдөр болоход Н.Х 3 000 000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Уг мөнгийг төрсөн өдөрт нь зарцуулсан. 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөгийг миний дансаар шилжүүлж өгсөн. Н.Хоролсүрэн надаас 23 удаагийн үйлдлээр мөнгө аваагүй. Гадаад явах зорилгоор надаас мөнгө авч дансандаа оруулж гаргасан. 2018 оны 1 дүгээр сарын 08-нд Б.З-тай зээлийн гэрээ байгуулсан ч С.Н 10 000 000 төгрөгөө өөрөө зээлсэн. Иймд надад уг мөнгөний асуудал хамаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ очсон боловч 900 000 төгрөгийг нь аваагүй гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О, хариуцагч С.Н нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Нт

41 000 000 төгрөгийн үнэтэй, Улсын бүртгэлийн 000645937 дугаар гэрчилгээтэй, Ү-2204091807 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48г байрны 6 тоот орон сууц, 150 000 төгрөгийн үнэтэй, зурагтын тавиур, буйдан, 150 000 төгрөгийн үнэтэй хөргөгч, 60 000 төгрөгийн үнэтэй угаалгын машин, 450 000 төгрөгийн үнэтэй гал тогооны тавилга, 200 000 төгрөгийн үнэтэй угаалгын өрөөний тохижуулалт,                 100 000 төгрөгийн үнэтэй хувцасны өлгүүр, гишгүүр, дулаалга, кабел, залгуур, гэрэл унтраалга,

40 000 000 төгрөгийн үнэтэй, Улсын бүртгэлийн 000491131 дугаар гэрчилгээтэй, Ү-2207003759 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Нисэхийн 80 дугаар байрны 30 тоот орон сууц, 600 000 төгрөгийн үнэтэй гал тогооны өрөөний ком, 450 000 төгрөгийн үнэтэй ор, матрас, 450 000 төгрөгийн үнэтэй буйдан, 1 349 000 төгрөгийн үнэтэй зурагт, 649 000 төгрөгийн хөргөгч, 145 000 төгрөгийн үнэтэй плитка, 150 000 төгрөгийн үнэтэй шарах шүүгээ, 100 000 төгрөгийн үнэтэй хиншүү сорогч, 180 000 төгрөгийн үнэтэй ариун цэврийн өрөөний халаагуур, 500 000 төгрөгийн үнэтэй угаалгын машин, 200 000 төгрөгийн үнэтэй тоос сорогч, 1 450 000 төгрөгийн үнэтэй, 12-71 улсын дугаартай Сайнирэйе /Sineray/ 100сст маркийн мотоциклийг үлдээж,

нэхэмжлэгч Н.О-д 40 000 000 төгрөгийн үнэтэй, Улсын бүртгэлийн 000646541 дугаар гэрчилгээтэй, Ү-2204027791 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны 66 тоот орон сууц,

8 200 000 төгрөгийн үнэтэй, 41-37 УНЛ улсын дугаартай, Киа Форте /КIА Fоrtе/ маркийн автомашин,

3 500 000 төгрөгийн үнэтэй, 12-70 улсын дугаартай Сайнирэйе /Sineray/ 250сст маркийн мотоциклийг үлдээж, нэхэмжлэгч Н.Оаас 9 800 000 төгрөг гаргуулж хариуцагч С.Нт олгож,

сөрөг нэхэмжлэлээс 26 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч Н.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч С.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 075 950 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгч Н.Оаас 578 415 төгрөгийг гаргуулж хариуцагч С.Н-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Н.О нь “....гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгө нь С.Н бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа ч өөрийн оруулсан хөрөнгөд тохируулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48г байрны 6 тоот орон сууц, 4137 УНЛ дугаартай Киа Форте загварын автомашин, 12-70 дугаартай Сайнрэйе /Sineray/ 250 сст загварын мотоцикл зэргийг авахаар, бусад орон сууц, гэрийн тавилга зэрэгт маргаагүй. Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт дээрх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Н.О-д үлдээхээр, бусад 2 орон сууц, гэрийн тавилга болон хариуцагчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр бичгээр гарахдаа Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48г байрны 6 тоот орон сууцыг С.Н-д, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 9 байрны, 66 тоот орон сууцыг Н.Од үлдээж шийдвэрлэсэн байна. Иймд шийдвэрийг зөвтгөж, Н.О-д Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48г байрны 6 тоот орон сууцыг С.Н-д, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 9 байр 66 тоот орон сууцыг үлдээж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Н давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ үйл явдлыг бүрэн ойлгоогүй, зөв зохистой ажиллаагүйн гадна нотлох баримтуудыг хэлэлцэлгүй орхигдууллаа. Н.О миний нэр хүндэд халдсанаас болж би үндэс угсаа, хүйсээрээ ялгаварлан гадуурхагдаж, надтай зүй бусаар харьцаж буй мэт мэдрэмж төрж байна. Шүүхэд энэхүү гэрлэлт нь хүчингүйд тооцогдох шаардлагатай байсан тухай тайлбарласан. Н.О гадаадын иргэд манай оронд өндөр татвар төлнө, Монголчууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхдагаас гадна хээл хахуулийн асуудлаас болж чи бүхий л хөрөнгөө алдах аюултай гэж тайлбарласнаас болж түүний нэр дээр бүх эд хөрөнгөө бүртгүүлсэн. Миний өөрийн мөнгөөр худалдан авсан бүх хөрөнгө хуваарьт хөрөнгө гэдгийг Н.О хүлээн зөвшөөрч надтай тохиролцсон байсан. Өөрөөр хэлбэл, миний мөнгөөр авч байгаа учраас бүх эд хөрөнгө миний өмч гэж анхнаасаа түүнд хэлсэн. Н.О надаас чиний хайрыг хүсдэг, хөрөнгө биш гэж амласан. Харин одоо амлалтаа мартаад хөрөнгөд шунаж байна.

Надаас мөнгө хулгайлж байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дансны хуулгаа үзээд олж мэдлээ. Дүү Н.Х-дээ мөнгө шилжүүлдэг байсан байна. Хамгийн сүүлд надаас мөнгө хулгайлсан үйлдлийг би цагдаад мэдэгдэж, шалгуулж байгаа. Н.О гэрлэлт бүртгүүлснээс хойш 1 жилийн дотор гэрлэлтээ цуцлуулвал бидний гэрлэлт хүчингүй болно гэдгийг мэдэж байсан. Тиймээс яг 1 жилийн дараа ийнхүү гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгч, миний хөрөнгөөс авахаар шаардаж байгаа нь тохиолдлын биш. Хөрөнгө авахын тулд нарийн төлөвлөж, урьдаас бэлтгэсэн байна.

Монголд ирэхэд түүнд ямар ч мөнгө байгаагүй Хаан банкны дансанд нь 7 100 орчим төгрөг байсан нь дансны хуулгаас ил болсон. Ажил хийдэггүй байснаа хүлээн зөвшөөрсөн. Намайг ажил хийлгэдэггүй байсан гэж гүтгэж байна. Н.О үнэнч биш өөрийн нүцгэн зургийг авч өөр бусад залуус руу илгээдэг байсан. Бид 2015 онд танилцахад өөрийгөө 24 настай гэж байсан, гэр бүлээ батлуулахад гэрчилгээнд 27 настай гэж бичигдсэнд гайхсан. Удаа дараа худлаа ярьж мэхэлдэг байсан. Шүүхэд Н.О-ын Австри улс дахь дансны хуулга болон түүний аяллын хөтчөөр ажилласан гэж мэдүүлж байгаа үеийн Монгол дахь дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргасан ч хангаагүй. Н.О шүүхэд худал мэдүүлэг өгөхөөс гадна хуурамч баримтуудыг өгсөн. Жишээ нь шүүхэд эмнэлгийн магадлагааг хуурамчаар үйлдэн өгч, хэрэг шийдвэрлэлтэд саад учруулсан үйлдэл нь цаг хожиж, өөрийн нэр дээр байгаа миний хөрөнгийг шилжүүлэхгүй оргон зайлах гэж буйг харж болно.

Нэхэмжлэгч нь шүүхэд байрууд битүүмжлэгдсэн байгаа тул түрээслээгүй гэж хэлсэн, 2019 оны 7 дугаар сарын 16-ны байдлаар Тарвалин хотхоны байранд түрээслэгч амьдарч байгааг нотлох бичгийг олж авсан бөгөөд орлого олж байсан байна. Н.О шүүхэд 25 000 000 төгрөгийг эгчдээ хадгалуулсан, Австри улсад өндөр цалин авч байсан, жуулчны хөтөч хийж мөнгө олдог байсан гэдэг нь бүгд худлаа. Гэтэл шүүх баримтгүйгээр Н.Оын үг, үйлдлийг хүлээн зөвшөөрч миний хуваарьт хөрөнгөнөөс түүнд хуваан өгч байгаад гомдолтой байна. Мөн миний хөрөнгөөс бусдад зээлсэн байхад мөнгийг гаргуулахгүй, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцэж байна.

Миний хувийн байдлын талаар гүтгэлгийн зүйлс ярьсан. Гэрчийн мэдүүлгээр Н.О болон бусад хүнд зүй бусаар хандаж байгаагүй. Үүний уршгаар шүүхэд миний талаар худал зураг, төсөөлөл бууж миний зан төлөв, нөхцөл байдал, тусламж дэмжлэггүй хүний нутагт ганцаар байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзсэнгүй. Н.О нэр төрийг минь гутаан доромжилж буй үйлдэл шударга шүүх, шүүн таслах процесст сөрөг үр дагавар авчирсан гэж үзэж байна. Шүүх Н.О-ыг ядарсан эмэгтэй мэт харж, би гадаад иргэн учир аймаар хүн мэт харагдаж байгаад харамсаж байна.

Дээрхээс дүгнэхэд, шүүх хэргийг шударгаар шүүн хэлэлцэж, зөв шийдвэр гаргасан гэж үзэхгүй. Миний бие олон жил өөрийн хүч хөдөлмөрөөр босгон, бий болгосон бүхнээ Монгол улсад ирээд шударга бусаар алдлаа, амьдралыг сүйтгэж үгүй хийлээ. Иймд гэрлэлтийг хүчингүйд тооцуулж, үйлдсэн хөрөнгийг буцаан олгохыг Иргэний хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу шаардаж байна. Шүүх Н.О-д олгохоор шийдвэрлэсэн миний хөрөнгөнүүдийг надад буцаан олгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Австри улсын иргэн С.Н-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлээр өөрийн хуваарьт хөрөнгөөр худалдан авсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Н.Оаас гаргуулахаар шаардаж, талууд харилцан маргажээ.

 

Зохигчид 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрлэсний 1199000233 дугаар гэрчилгээтэй хууль ёсны гэр бүл бөгөөд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон байна. Шүүх эвлэрүүлэх, эвлэрүүлэн зуучлагчид хандах талаар удаа дараа санал болгосон ч хариуцагч тал эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлснээр эвлэрэх нөхцлийг зааж, нэхэмжлэгч Н.О нь гэр бүлийн хүчирхийлэл байсан талаар тайлбарлаж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тодорхойлолт /1хх6/, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс С.Н-д оногдуулж байсан шийтгэлийн хуудас /1хх10,11/ зэргийг нотлох баримтаар гаргаж, эвлэрээгүй байна.

 

Иймд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын гэрлэлтийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй. Харин дундын эд хөрөнгийн талаарх маргаан буюу сөрөг нэхэмжлэлд дурдсан хөрөнгийг талуудад хуваарилахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагч С.Н нь сөрөг нэхэмжлэл болон давж заалдах гомдлын үндэслэлээ, нэхэмжлэгч Н.О-ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монголд ирэхдээ Австри улс дах өөрийн орон сууцыг борлуулсан 65 000 еврогийн эх үүсвэрээр худалдан авсан учраас хуваарьт хөрөнгө гэж тайлбарлан, 41 000 000 төгрөгийн үнэтэй Баянзүрх дүүрэгт байрлах 48г байрны 6 тоот орон сууц, 40 000 000 төгрөгийн үнэтэй мөн дүүрэгт байрлах, 9 дүгээр байрны 66 тоот орон сууц, 40 000 000 төгрөгийн үнэтэй, Налайх дүүрэгт байрлах 80 дугаар байрны 30 тоот орон сууц, 8 200 000 төгрөгийн үнэтэй, 41-37 УНЛ улсын дугаартай, Киа Форте маркийн автомашин, 1 450 000 төгрөгийн үнэтэй, 12-71 улсын дугаартай Сайнирэйе /Sineray/100сст маркийн мотоцикл, 3 500 000 төгрөгийн үнэтэй, 12-70 улсын дугаартай Сайнирэйе /Sineray/ 250сст маркийн мотоцикл, нийт 5 883 000 төгрөгийн үнэтэй тавилга, бусдад зээлүүлсэн 17 000 000 төгрөг, данснаас авсан 16 200 000 төгрөг, түрээсийн орон сууцны төлбөрийн 1 700 000 төгрөг, бэлнээр авсан 900 000 төгрөг зэргийг гаргуулахаар шаарджээ.

 

 Нэхэмжлэгч нь дээрх бүх хөрөнгөнүүдийг талуудын хэн алины мөнгөн хөрөнгөөр хамтын амьдралдаа зориулан худалдан авсан, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд өөрийн оруулсан 55 000 000 төгрөгийн хэмжээнд дүйцэх 40 000 000 төгрөгийн үнэтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны 66 тоот орон сууц, 8 200 000 төгрөгийн үнэтэй, 41-37 УНЛ улсын дугаартай, /КIА Fоrtе/ маркийн автомашин, 3 500 000 төгрөгийн үнэтэй, 12-70 улсын дугаартай Sineray 250сст маркийн мотоциклийг авна, бусад эд хөрөнгийн талаар маргахгүй гэж тайлбарласан байна.

 

Шүүх, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүний өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө гэж үзсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д заасанд нийцсэн байна. Нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээнд орон сууц болон бусад хөрөнгийг хариуцагчид хуваарилсан нь Иргэний хуулийн 129, 130 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамтран амьдрах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, мөнгөн хадгаламж, бусад хөдлөх хөрөнгийг эхнэр Н.Оын нэр дээр шилжүүлж, банкны дансанд нь байршуулсан талаар тайлбарласан тул өөрийн мөнгөн хөрөнгө 65 000 еврог гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд шилжүүлсэн гэж үзнэ. Тодруулбал, гэрлэхийн өмнө олж авсан 65 000 еврог хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхгүй талаар гэрлэгсэд тохиролцоогүй байна. Иймд шүүх хуваарьт хөрөнгийг нэхэмжлэгчид хуваарилсныг зөвшөөрөхгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулан сонсгохдоо Н.О-д Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48г байрны 6 тоот орон сууцыг, С.Н-д Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 9 байрны, 66 тоот орон сууцыг хуваарилж шийдвэрлэсэн нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт тусгагдсан байх тул шийдвэр бичгийн хэлбэрээр гарахдаа орон сууцны хаягийг зөрүүтэй бичсэнийг зөвтгөж, нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Мөн 1 450 000 төгрөгийн үнэтэй, 12-71 улсын дугаартай Сайнирэйе /Sineray/ 100сст маркийн мотоциклийг нэхэмжлэгч бусдад худалдсан, одоо түүний эзэмшилд байхгүй гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд /2хх117/ тусгагджээ. Иймд зохигчдын хэн аль нь уг хөдлөх хөрөнгийг худалдсан талаар тайлбарласан байтал хариуцагч С.Нд мотоциклийг хуваарилан шийдвэрлэсэн нь биелэгдэх боломжгүй, үндэслэл муутай болжээ.  

 

Түүнчлэн, хариуцагч тал бусдад зээлүүлсэн мөнгөн хөрөнгөд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар давж заалдах гомдолд дурдсан боловч анхан шатны шүүх тухайн зээлийн төлбөртэй холбоотой нэхэмжлэлээ зээлдэгч нараас шаардах эрх нээлттэй талаар дүгнэсэн байгааг буруутгахгүй. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн               167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00202 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 2 дах заалтыг  “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Н-т 40 000 000 төгрөгийн үнэтэй, Улсын бүртгэлийн 000646541 дугаар гэрчилгээтэй, Ү-2204027791 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны 66 тоот орон сууц, 150 000 төгрөгийн үнэтэй, зурагтын тавиур, хуучин буйдан, 150 000 төгрөгийн үнэтэй хөргөгч, 60 000 төгрөгийн үнэтэй хуучин угаалгын машин, 450 000 төгрөгийн үнэтэй гал тогооны тавилга, 200 000 төгрөгийн үнэтэй угаалгын өрөөний тохижуулалт, нийт 100 000 төгрөгийн үнэтэй хувцасны өлгүүр, гишгүүр, дулаалга, кабел, залгуур, гэрэл унтраалга, 40 000 000 төгрөгийн үнэтэй, Улсын бүртгэлийн 000491131 дугаар гэрчилгээтэй, Ү-2207003759 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Нисэхийн 80 дугаар байрны 30 тоот орон сууц, 600 000 төгрөгийн үнэтэй гал тогооны өрөөний ком, 450 000 төгрөгийн үнэтэй ор, матрас, 450 000 төгрөгийн үнэтэй буйдан, 1 349 000 төгрөгийн үнэтэй зурагт, 649 000 төгрөгийн хөргөгч, 145 000 төгрөгийн үнэтэй плитка, 150 000 төгрөгийн үнэтэй шарах шүүгээ, 100 000 төгрөгийн үнэтэй хиншүү сорогч, 180 000 төгрөгийн үнэтэй ариун цэврийн өрөөний халаагуур, 500 000 төгрөгийн үнэтэй угаалгын машин, 200 000 төгрөгийн үнэтэй тоос сорогч, 3 500 000 төгрөгийн үнэтэй, 12-70 улсын дугаартай Сайнирэйе /Sineray/ 250сст маркийн мотоциклийг  үлдээж,

нэхэмжлэгч Н.Од 41 000 000 төгрөгийн үнэтэй, Улсын бүртгэлийн 000645937 дугаар гэрчилгээтэй, Ү-2204091807 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48г байрны 6 тоот орон сууц, 8 200 000 төгрөгийн үнэтэй, 41-37 УНЛ улсын дугаартай, Киа Форте /КIА Fоrtе/ маркийн автомашиныг үлдээж, 1 450 000 төгрөгийн үнэтэй, 12-71 улсын дугаартай Сайнирэйе /Sineray/ 100сст маркийн мотоцикл бусдад худалдагдсан болохыг дурдаж,

нэхэмжлэгч Н.О-аас 9 800 000 төгрөг гаргуулж хариуцагч С.Нт олгож, сөрөг нэхэмжлэлээс 26 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.О нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 362 450 төгрөгийг, хариуцагч С.Нийн төлсөн 416 450 төгрөгөөс 94 150 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Т.ТУЯА