| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/02796/И |
| Дугаар | 183/ШШ2024/00590 |
| Огноо | 2024-01-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2024/00590
2024 оны 01 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2024/00590 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.........дүүрэг...,дугаар хороо.......... тоотод оршин суух Ц.....-ийн С........ /РД:УД............/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х........ дүүрэг, ... дугаар хороо, .............. тоотод байрлах С........... ХХК /РД:.........../-д холбогдох,
Орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан тул урьдчилгаа төлбөрт 47 481 000 төгрөг гаргуулах, хохирол 26 518 470 төгрөг, нийт 73 999 740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б.........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О........, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б............., хариуцагчийн өмгөөлөгч О.В.........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.С........ нь хариуцагч С....... ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан тул урьдчилгаа төлбөрт 47 481 000 төгрөг гаргуулах, хохирол 26 518 470 төгрөг, нийт 73 999 740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь анх С.....ХХК-тай орон сууц захиалгын гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Смарт таун 2 төсөлд хоёр өрөө байр 43 491 000 төгрөгөөр, 100 хувийн төлөлттэй 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар захиалж гэрээ байгуулсан. 2021 оноос барилгын ажил зогсонги байдалтай болж барилгын ажил нь маш удаашралтай явагдсаар ковид 19 цар тахлын улмаас хил гаалийн асуудал үүсэж, барилгын ажил зогсож байсныг ойлгож байсан. Гэсэн хэдий ч 2022 оноос өнөөдрийг хүртэл хил гааль нээлттэй бараа зөөх боломжтой нөхцөл байдал үүсэж, хэвийн байдалд орсон хэдий ч уг ажиллагаа зогсонги байдалтай байгаа учраас уг гэрээг цуцалж, хохиролоо шаардаж байна. Анх байр захиалах гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сараас өөрийнхөө унаж байсан Alphard маркийн 4059 УНХ улсын дугаартай авто машиныг урьдчилгаа болгон 18 600 000 төгрөгөөр бартерийн журмаар өгсөн. Үлдэгдэл 24 891 000 төгрөгийг бэлнээр төлж нийт 43 491 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш орон сууц захиалгын гэрээ ашиглалтад ороогүй. Нэгэнт зогсонги байдалтай болсон учраас нэхэмжлэгч нь уг гэрээг цуцалж, өөрт учирсан хохирол нийт 73 999 740 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Гэрээний үнсэн төлбөрт 43 491 000 төгрөгийг, 3 990 000 төгрөгийг талуудын хүлээлгийн мөнгө, авто машины зөрүү төлбөрт өнөөдрийн ханшаар тухайн Alphard маркийн авто машиныг дүйцүүлж үзвэл 21 600 000 төгрөг гэж тооцсон. Хариуцагч талаас энэхүү дүнд маргаангүй. Мөн бэлнээр өгсөн 24 890 000 анх захиалж төлөхдөө 20 000 000 төгрөгийг нь банкнаас зээл авч хүүг нь төлөөд дуусгасан. Энэхүү нийт төлөлт нь банкинд 26 419 440 төгрөгийг төлсөн байдаг. Анх энэ гэрээг байгуулсны улмаас энэхүү ашиглалтад ороогүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол 6 419 440 төгрөгийн хохирол учирсан. Нийт 73 999 740 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч С......... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Иргэн С.С...... С......ХХК 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулсан. С...... ХХК нь 2019 оны 6 дугаар сараас С..... гэх 5 блок бүхий үйлчилгээний орон сууцны хотхоны ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд С.С........... орон сууц захилах гэрээ байгуулаад 43 491 000 төгрөгийн төлбөрийг хүлээн авсан байна. 47 481 000 төгрөг дээр манайх маргаан байхгүй. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Харин хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны 01 дүгээр сараас дэлхий даяараа ковид 19 цар тахал дэгдээд энэхүү цар тахлын гамшгаас болоод хорио цээрийн хязгаарлалт хэзээ дуусах нь мэдэгдэхгүй, тааварлаж болошгүй нөхцөл байдал үүссэн. Хорио цээр тавигдахаар барилгын ажлаа хийх зорилготойгоор ажлыг явуулж байсан. Хорио цээр 2022 оны 4 сар хүртэл үргэлжилсэн байдаг. Энэ хугацаанд Монголы улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссоос хорио цээрийн тогтоол, шийдвэрүүд гарч байсан. Энэ хугацаанд барилгын ажил хэвийн явагдах боломжгүй болсон. Ковид 19 цар тахлын улмаас барилгын ажил түр зогсоод, хил гааль нээгдээд ирэхэд барилгын ажлын хомсдол үүссэн хүнд нөхцөл байдал бий болсон. Үүнээс улбаалаад гэрэээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон байдаг. Энэ нөхцөл байдлыг тогтоохоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимд хандсан. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон. Манай талаас шалтгаалаагүй хугацаа хэтрэлт үүссэн. Ийм учраас бид Иргэний хуулийн 222 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүрэг хүлээх үндэслэл байхгүй гэсэн хуулийн заалтаар хохиролыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Alphard маркийн авто машиныг 18 600 000 төгрөгт тооцож авсан. Alphard маркийн авто машины өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр 28 600 000 төгрөг байна гэж үзээд 10 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаад, татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар өгсөн, авснаа буцаах харилцаа үүсэж байна. Барилгын компаниуд бартераар авсан эд хөрөнгүүдийг зөрүүлээд гүйцэтгэгч компаниуддаа бартераар өгдөг зарчимаар явдаг. Өөрөөр хэлбэл, С.С......-ийн машиныг 18 600 000 төгрөгөөр бартераар аваад дээврийн засвар хийж байсан компанид шилжүүлсэн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар өгсөн, авснаа буцаана. Alphard маркийн авто машин байхгүй болсон тохиолдолд харилцан тохиролцон мөнгөн хэлбэрээр буцааж өгөх үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дэх хэсэгт заасан. Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал түүнийг ашиглаж байгаа бусдын өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө. Харилцан тохиролцсон 18 600 000 төгрөгийг төлнө гэсэн үүрэг үүсэж байна. 28 600 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Тийм учраас 10 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Гуравдугаарт, Х.........банкнаас 20 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн хүү 6 419 000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнийг бас төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээл нь ямар зориулалттай, орон сууц худалдан авахад зориулан авсан зээл мөн үү гэдэг нь тодорхойгүй. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Мөн Х......... банкнаас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээл авсан байхад орон сууцны 21 000 000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн байна. Өөрөөр хэлбэл, 1 сарын дараа энэ мөнгө орж ирсэн байна. Энэ зээл нь С........ ХХК-ийн орон сууц худалдан авахад зориулан авсан зээл мөн үү, биш үү гэх нь тогтоогдохгүй байна. Ийм учраас энэ зээлийн хүү, алдангийг төлөх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, хэрвээ банкинд хадгалуулсан бол 10 099 300 төгрөг болох байсан гэж нэхэмжилсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зайлшгүй олох байсан орлогыг хохирол тооцно гэж заасан. Хэрвээ С.С........ хадгаламжинд хадгалуулсан бол энэ нь зайлшгүй олох байсан орлогод тооцогдохгүй. Харин С.С....... хадгаламжаасаа авч өгсөн бол заавал олох байсан орлогод тооцох нь үндэслэлтэй. Хадгаламжид байсан мөнгө гэдгийг нотлох баримт байхгүй байна. С.С........-ийн гаргасан нэхэмжлэлээс хохирол гэх 26 518 740 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: 2023.05.22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020.09.28-ны өдрийн ........./.. тоот Орон сууц захиалгын гэрээ, байрны захиалгын төлбөр бүрэн төлөгдсөн тухай тодорхойлолт, Ц.С......-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.12.13-ны өдрийн С........ ХХК-ийн захиргаанд гаргасан Ц.С........-ийн өргөдөл, 2023.04.05-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт, Ц.С.......-ийн депозит дэлгэрэнгүй хуулга, фото зургууд, 2020.12.04-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2023.08.30-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.09.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.10.17-ны өдрийн 0690 дугаар итгэмжлэл, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, фото зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-18, 36-38, 47, 50, 58-59, 69 тал/
4. Хариуцагчаас: 2023.06.13-ны өдрийн итгэмжлэл, 2022.10.21-ний өдрийн Гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, /23, 77-78 тал/
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр М....... банкнаас 2024.01.15-ны өдрийн Б-../.. тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг нотлох баримтаар хэрэгт бүрдүүлсэн байна. /хх 76 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангахаар шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.С....... нь хариуцагч С.......ХХК-д холбогдуулан орон сууцны гэрээнээс татгалзсны улмаас учирсан хохирол 73 999 740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагчтай 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 200928/01 дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулж төлбөр төлөх үүргээ биелүүлсэн боловч гэрээний зүйлийг хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тул талууд уг гэрээг цуцалж, 2023.04.05-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, орон сууцны төлбөрт төлсөн 43 491 000 төгрөг, хүлээлгийн мөнгө 3 990 000 төгрөг, нийт 47 481 000 төгрөгийг 2023.04.15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй. Иймд гэрээнээс татгалзсан үр дагаварт 47 481 900 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар урьдчилгаа төлбөр 18 600 000 төгрөгт дүйцүүлэн өгсөн автомашины зах зээлийн үнийн зөрүү 10 000 000 төгрөг, төлбөр төлөх зорилгоор Х.........банк ХК-иас 20 000 000 төгрөгийн зээл авсан тул зээлийн хүүд төлсөн 6 419 440 төгрөг, 43 910 000 төгрөгийг 2021.03.11-ний өдрөөс хугацаатай хадгаламжид банкинд хадгалуулсан бол олох орлого 10 099 300 төгрөг, нийт 73 999 740 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч С.......ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын заримыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Орон сууц захиалгын гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрээнээс татгалзаж, акт үйлдэн 47 481 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Харин хохиролой холбогдох хэсгийг ковид цар тахлын улмаас гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлогдоно. Автомашины үнийн зөрүү 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар авсан өгснөө буцаах үр дагавар үүсдэг тул 18 600 000 төгрөгийг төлбөрт тооцон авсан тул уг мөнгөн дүнгээр төлөх үндэслэлтэй. Худалдаа, хөгжлийн банкнаас авсан 20 000 000 төгрөгийн зээлийн хүү 6 419 000 төгрөгийгуг зээлийн зориулалт тодорхойгүй, маргааны зүйлтэй хамааралтай эсэх нь нотлогдохгүй үндэслэлээр, олох байсан орлого 10 099 300 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасанд хамаарахгүй буюу хэрвээ С.С.......... хадгаламжаасаа авч төлбөр төлсөн бол заавал олох байсан орлогод тооцох нь үндэслэлтэй атал хэрэв хадгалуулсан бол гэж тайлбарлаж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Зохигч 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ........../.. дүгээр гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Х....... дүүрэг, .. дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй С....... нэртэй үйлчилгээтэй 144 айлын орон сууцны цогцолбор хотхоны ..давхрын .... тоот хаягт байрлах 39,90 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалагч нь 1 м.кв талбайг 1 090 000 төгрөгөөр буюу нийт 43 491 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон, /хх 4-10 тал/
4.2 Нэхэмжлэгч Ц.С....... нь дээрх гэрээгээр хэлэлцэн тохиролцсон үнэ 43 491 000 төгрөгийг 2020.09.28-ны өдөр Тоёота Алфард маркийн автомашиныг 18 600 000 төгрөгт тооцож, 2021.03.11-ний өдөр дансаар 24 891 000 төгрөг төлж бүрэн барагдуулсан, /хх 11 тал/
4.3 2022.12.13-ны өдөр Ц.С....... нь С....... ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ........../... тоот орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 43 491 000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлт гаргасан, /хх 13 тал/
4.4 Зохигч 2023.04.05-ны өдөр гэрээ дүгнэсэн актыг үйлдэж,
- Захиалагчийн төлсөн Орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 43 491 000 төгрөгийг 2023.04.15-ны өдөр захиалагчид 100 хувь буцаан олгохоор,
- С........ хотхон, блок-.., ..... тоот, 2 өрөө орон сууц нь С........ ХХК-ийн эзэмшилд шилжихээр,
- 2023.04.15-ны өдөр хүртэлх хүлээлтийн 3 990 000 төгрөгийг нэмж 47 481 000 төгрөгийг захиалагчийн гаргасан өргөдлийн дагуу шилжүүлэхээр талууд тус тус харилцан тохиролцож, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 14 тал/
4.5 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн .../.... дугаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ хүргүүлж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 77-78 тал/
4.6 М...... банкнаас 2024.01.15-ны өдөр ирүүлсэн Б-../.. дүгээр албан бичгээр Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт Цар тахлын үед банкны харилцах данс болон хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй гэж зохицуулсантай холбоотойгоор 2020.04.29-2022.12.31-ний өдрийг дуустал харилцах дансанд, 2021.01.29-2022.12.31-ний өдрийг дуустал бүх төрлийн хугацаагүй хадгаламжид тус тус хүү тооцоогүй болохыг тодорхойлсон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 76 тал/
5. Зохигч орон сууц захиалгын гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ цуцлагдсан, орон сууцны үнийг нэхэмжлэгч төлсөн, гэрээ цуцалсан үр дагаварт хариуцагч 47 481 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй эсэхэд маргаангүй, харин гэрээ цуцалсны улмаас нэхэмжлэгч хохирол шаардах үндэслэлтэй эсэхэд маргаантай.
6. Зохигчийн хооронд байгуулагдсан 2020.09.28-ны өдрийн ......../.. дүгээр орон сууц захиалгын гэрээ нь талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахаар байна.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч 2022.12.13-ны өдөр гэрээнээс татгалзах санал гаргаснаар талууд гэрээг цуцалж, 2023.04.05-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, гэрээ цуцалсан үр дагаварт хариуцагч С...........ХХК нь нэхэмжлэгч Ц.С........-д 47 481 000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдсон.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд 47 481 000 төгрөгийг төлөх эсэх тухайд талууд маргаагүй хариуцагч хүлээн зөвшөөрсөн болно.
7. Хохирол гаргуулах тухайд,
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж, 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн бол үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заасан.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч орон сууцны төлбөрийн зарим хэсэгт Тоёота алфард маркийн автомашиныг 18 600 000 төгрөгт дүйцүүлэн төлсөн, хариуцагч С....... ХХК уг автомашиныг бусдын эзэмшил өмчлөлд шилжүүлсэн, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үр дагаварт хариуцагч 2023.04.05-ны өдөр 47 481 000 төгрөг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон.
Иймд гэрээнээс татгалзсан үр дагаварыг хэзээ хэрхэн гүйцэтгэх талаар тохиролцсон хугацаагаа хариуцагч зөрчсөн байх тул нэхэмжлэгч автомашины зах зээлийн үнийн зөрүүг хохиролд тооцон нэхэмжлэх эрхтэй гэж үзээд Тоёота алфард маркийн автомашины өнөөгийн зах зээлийн үнэ ханш 28 600 000 төгрөг байгаа талаарх үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй тул үнийн зөрүү 10 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Харин орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 20 000 000 төгрөгийн эх үүсвэрийг банкнаас зээл авах замаар бүрдүүлсэн тул зээлийн хүүд төлсөн 6 419 440 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тухайн зээлийн мөнгөн хөрөнгө нь хариуцагчтай байгуулсан орон сууц захиалгын гэрээтэй хамааралтай эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй гэх үндэслэлээр, 43 910 000 төгрөгийг 2021.03.11-ний өдрөөс банкинд хугацаатай хадгаламжийн гэрээний дагуу хадгалуулсан бол олох байсан орлого 10 099 300 төгрөг гаргуулах шаардлага нь 20 000 000 төгрөгийн зээл авч урьдчилгаа төлбөрийн эх үүсвэрийг бүрдүүлсэн гэх тайлбартай агуулгын хувьд зөрчилтэй байгааг харгалзан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан зайлшгүй олох байсан орлого мөн эсэх нь хэргийн баримтаар эргэлзээгүй нотлогдохгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгов.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул зохигчдод хуваан хариуцуулах нь улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч С........ ХХК-иас 57 481 000 /тавин долоон сая дөрвөн зуун наян нэгэн мянган/ төгрөгийг гаргуулж С.С.......-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 518 740 /арван зургаан сая таван зуун арван найман мянга долоон зуун дөчин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771 302 /440 641, 154 121, 176 540/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.........ХХК-иас 445 355 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С........-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ