| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/04924/И |
| Дугаар | 183/ШШ2024/00710 |
| Огноо | 2024-02-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2024/00710
| 2024 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2024/00710 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х......... дүүрэг, ... дугаар хороо, .........-р байр ... тоотод байрлах Д..... ХХК /РД......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.... дүүрэг, .. дүгээр хороо, Б....... хороолол /....../, наадамчдын зам гудамж, ... байр .. тоотод оршин суух С.....-ын Г...... /РД:ОА........./-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 545 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д........ХХК нь хариуцагч С.Г.....-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 545 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.........ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн С.Г....-тай үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай ..... дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний зүйл болох гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар С.Г.......... нь 550:1778*557 гэсэн харьцаатай гурван хаалгатай Т.... үйлдвэрийн 216 литртэй хөргөгчийг нийт үнийн дүн болох 1 090 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөр 545 000 төгрөгийг төлж, үлдэгдэх төлбөр болох 545 000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 90 850 төгрөгөөр худалдагч талд 6 хувааж төлөхөөр тохиролцож гэрээг байгуулсан. Худалдан авч С.Г.......... нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болон 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн төлбөрийг төлж 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй ба тухайн төлбөрийг төлөгдөж дуусах хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дуусахаар гэрээ байгуулсан ч өдийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Иймд төлбөл зохих төлөөгүй төлбөр 363 400 төгрөг, мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 0,5 хувиар алданги төлнө гэж заасны дагуу С.Г.........-с нийт 545 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.Г.........нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан бичгээр хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд биечлэн ирээгүй байна.
3. Нэхэмжлэгчээс: 2023.09.21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д......ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, 2022.10.07-ны өдрийн ../..дугаар үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, ............. дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С.Г........-ын иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, 2024.01.17-ны өдрийн ../... дүгээр итгэмжлэлийг хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-11, 25 тал/
4. Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д........ХХК нь хариуцагч С.Г......-с 545 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч 2022.10.07-ны өдөр 1 090 000 төгрөгийн хөргөгч худалдан авч, урьдчилгаа 545 000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 2022.10.22-ны өдрөөс 2023.01.07-ны өдөр хүртэл 15 хоног тутам 90 850 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон боловч төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд үлдэгдэл 363 400 төгрөгийг гэрээнд заасан алдангийн хамт 545 100 төгрөгийг С.Г.........-с гаргуулахаар шаардах эрхтэй.
3. Хариуцагч С.Г......... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзаж байгаа талаарх тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3-т дурдсан баримтаар 2022.10.07-ны өдрийн .../... дугаар Үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээр 550х1778х557 хэмжээтэй TCL брэндийн хөргөгчийг 1 090 000 төгрөгөөр худалдах худалдан авах, урьдчилгаа төлбөрт 545 000 төгрөг төлж, үлдэх 545 100 төгрөгийг 2022.10.22-ны өдрөөс 2023.01.07-ны өдрийн хооронд 15 хоног тутамд 90 850 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. /хх 6-7 ху/
5. Зохигчдын хооронд байгуулагдсан 2022.10.07-ны өдрийн ../.. дугаар Үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаанд хамаарахаар байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан нэхэмжлэгч худалдах худалдах авах гэрээний төлөгдөөгүй төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Түүнчлэн худалдах худалдан авах гэрээний 6.1-д худалдан авагчийн буруугаас бүтээгдэхүүний төлбөрийг хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд шилжүүлээгүй бүтээгдэхүүний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тогтоон худалдагчид торгууль төлнө гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд хамаарч байх ба нэхэмжлэгч алдангийн хэмжээг 181 700 төгрөгөөр тогтоосон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцэж байна.
Иймд хариуцагч С.Г.........-с худалдах худалдан авах гэрээний үүрэгт 545 100 төгрөг гаргуулах Д........ХХК-д олгохоор шийдвэрлэв.
6. Хариуцагч С.Г......-д 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн хаягаар шүүх хуралдааны товыг шуудангаар хүргүүлэхэд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин сууддаггүй тухай Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024.01.31-ний өдөр шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан баримт хүсэлтийг ирүүлээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж, 100.5-д Зохигч талын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх энэ хуулийн 100.4-т заасны дагуу шийдвэрлэж болно гэж тус тус заасныг үндэслэн зохигчдын эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.......... овогт С.......-ын Г......... /РД:ОА............./-аас 545 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д........ ХХК /РД:......../-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г.......-с 17 003 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д......... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ