Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/00724

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/00724

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х...... дүүргийн ..... дугаар хороо, .........тоот хаягт оршин суух, Ш.......-ын Ж.......-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х....... дүүргийн .. дугаар хороо, .... байр, .... тоот хаягт оршин суух, Ж......-ийн С......-д холбогдох

14 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ж........, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д......., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Нэхэмжлэгч Ш.Ж...... нь хариуцагч Ж.С.....-д холбогдуулан 14 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: хариуцагч Ж.С...... над руу утсаар ярьсан. Н.Г....... гэх хүний барилга байгууламжийг бид цаашид санхүүжүүлэхээр болж байна. Ийм учраас н.Г.....-тай Ус сувгийн удирдах газрын дарга Т....-тэй бохир ус зайлуулах ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Ийм учраас энэ гэрээний дагуу та нар гэрээнд орох материалыг нь шилжүүл гэсэн байдаг. Уг материалын үнийг н.Ц.......-ийн өмнөөс би төлж байгаа хоёр хүний мөнгө 14 600 000 төгрөг х....банкны ............ С........ гэсэн данс руу 2021 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр хийсэн. Н.Б.......... гэх хүний хариу тайлбар байна. Энэ тайлбар дээр хэрвээ ийм труба байсан бол 22 440 000 төгрөг байх ёстой. Үүнийг гуравт хуваавал үүнээс илүү мөнгө гарч байна. Энэ труба ондоо зориулалтаар авагдсан труба юм. Энэ өдрөөс хойш уг ажлууд хийгдэхгүй явсаар байгаад 2022 оны өвөл болсон. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд би хүсэлт гаргасан. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ......... тоот албан бичгээр бохирын шугамыг хийх, замыг хаах зөвшөөрлийг өгсөн. Зөвшөөрөл гарсан ч энэ ажил хийгдээгүй. Ингэж байж байгаад 10 сар болсон. Өвөл болоод дахиад юм хийх боломжгүй, нөгөө хүмүүс хийхгүй болчихлоо гэсэн хариу ирүүлсэн. Тэгэхээр нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин захирагчийн ажлын албанд хүсэлт гаргасан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн шилжих шөнийн хооронд уг шугамын ажлыг хийж болно, замыг сэтэлж болно гэсэн зөвшөөрлийг өгсөн. Үүний дагуу бид нар өөрсдөө хийсэн. Ингээд шугамын ажлыг хийж дуусгасан. Энэ ажлыг хийж дуусгаад Ж.С........-тэй орж уулзсан. Миний бие муу байна. Гадагшаа явж эмчилгээ хийх шаардлагатай байна. Чи энэ мөнгөнийхөө тодорхой хэмжээг өгнө үү гэж гуйсан. Чиний энэ шугам усны шугам байна. Бид нар үүнийг ашиглаагүй, шинэ шугам авсан. Яагаад гэвэл хуучин шугам учраас ашиглаад дараа нь Ус сувгийн удирдах газар хүлээн авахдаа үүнийг авахааргүй байсан. Тийм учраас бид шинэ шугамаар хийсэн гэж хэлсэн. Тэгэхэд бид энэ шугамыг усжуулалтад хийх гэж байгаа. Дараа нь танд энэ мөнгийг гаргаж өгч болно гэсэн хариуг өгөхөөр нь энэ хүмүүст залуулсан байна гэх үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийг хүртэл энэ асуудал сунжраад явж байна. Ийм учраас 14 600 000 төгрөгийг Ж.С........-с гаргуулах хүсэлтэй байна гэв.

2. Хариуцагч Ж.С....... нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагч Ж.С........... нь нэхэмжлэгч Ш.Ж.......-ын амьдарч байгаа байрны бохирын шугам татахаар иргэн н.Ц......... нартай харилцан тохиролцож засварын ажлыг эхлүүлэхээр Дархан аймгаас 52 ширхэг бохирын хоолойг 19 840 000 төгрөг, тээврийн хөлс 2 600 000 төгрөг, нийт 22 440 000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ зардлыг Ш.Ж........., н.Ц........., Ж.С.......... нар хувааж төлөхөөр тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр хариуцагч Ж.С.......-ийн х....... банкны .......... тоот дансанд 14 600 000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Ж.......... шилжүүлсэн. Хариуцагч Ж.С........нь 2021 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр бохирын шугам хоолой 19 840 000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн зардал 2 600 000 төгрөг, нийт 22 440 000 төгрөгийг шилжүүлж бохирын хоолойг хүлээн авсан. Ингэснээр бохирын шугам хоолойг татах ажлыг эхлүүлэх гэтэл Ус сувгийн удирдах газраас шалтгаалж ажлыг эхлүүлэх боломжгүйд хүрч шугам хоолой ашиглагдахгүй өнөөдрийг хүрч U.... ХХК-ийн оффисын хашаанд тоо ширхгээрээ байгаа. Нэхэмжлэгч Ш.Ж.......... нь тухайн бохирын хоолойноос өөрт ногдох хэсгээ авч болно. Тухайн үед яагаад ажил хийгдээгүй вэ гэвэл 2021 оны 11 дүгээр сард өвлийн улирал таарсан байсан учраас Ус сувгийн удирдах газраас газар хөлдсөн байгаа гэх үндэслэлээр тухайн ажлыг хийгээгүй. Мөн 2021 онд ковид 19 цар тахлын жил байсан учраас тухайн байгууллагын дарга удирдлагууд солигдоод иргэн н.Г......-ийн Ус сувгийн удирдах газартай байгуулсан гэрээ нь хэрэгжээгүй. Тухайн бохирын хоолой ковид 19 цар тахлын үе байсан учраас олдоц муутай байсан. Ж.С......... гэж хүн өөрөө хайж явж байж О..... аймгаас олж авсан байдаг. Тийм учраас одоогоор энэ бохирын хоолой ашиглагдаагүй байгаа учраас нэхэмжлэгч Ш.Ж......... бохирын хоолойноос өөрт ногдох хэсгийг авч болно. Нэхэмжлэгчийн 14 600 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: 2023.02.16-ны өдрийн өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн баримт, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2022.09.16-ны өдрийн ..... дугаар шугамын засвар хийх зөвшөөрөл олгох тухай албан бичиг, 2022.10.04-ний өдрийн.../.... дугаар шугамын засвар хийх зөвшөөрөл олгох тухай, Улаанбаатар хот, Х..... дүүрэг, ...-р хороо, Иргэн Ш.Ж......, П.Ц....., Г...... нарын барилгын ариутгах татуургын шугам шинээр татах ажлын хөдөлгөөн зохион байгуулалтын зураглал, Ш.Ж.....-ын гараар бичсэн тайлбар, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, хот байгуулалт, хөгжлийн газрын 2022.06.07-ны өдрийн .../.. дүгээр хамтран ажиллах тухай албан бичиг, 2021.11.16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2023.06.30-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, хотын стандарт, хяналтын газрын 2022.02.22-ны өдрийн ../... дугаар хүсэлт буцаах тухай албан бичиг, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2022.09.16-ны өдрийн ../..... дугаар Шугамын засвар хийх зөвшөөрөл олгох тухай албан бичиг зэргийг хэрэгт баримтаар нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-11, 38-43, 54-55 тал/

4. Хариуцагчаас: 2023.03.21-ний өдрийн итгэмжлэл, Ж.С....-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зургууд, 2023.05.03-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 21-24, 28-29 тал/

5. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ус сувгийн удирдах газраас 2023.10.23-ны өдрийн ../.... дугаар албан бичиг, 2022.04.04-ний өдрийн Иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах аж ахуйн .......... тоот гэрээ, гэрээ хийх өргөдлийн маягт, зааг эзэмшилийн зураг, Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах ............ тоот гэрээний сунгалт зэргийг хэргийн баримтаар нотлох баримтаар хэрэгт бүрдүүлсэн. /хх 62-71 тал/

6. Нэхэмжлэгчээс ирүүлсэн Ус сувгийн удирдах газар, иргэн Ч.Г............ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №УСУГ-АҮ-2021-122 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр үнэлээгүй. /хх 39-42 тал/

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ш.Ж......... нь хариуцагч Ж.С....-д холбогдуулан 14 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Өөрийн амьдарч байгаа байрны бохирын шугам хоолойн засварын ажлыг хийхээр н.Ц........, Ч.Г......... нартай тохиролцож, Ч.Г....-ын Ус сувгийн удирдах газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн 2021.11.09-ний өдөр Ж.С.......-ийн данс руу 14 600 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэсэн хэдий ч Ж.С....... бохирын шугам хоолойг угсрах, засварлах ажлыг гүйцэтгээгүй тул төлсөн төлбөр 14 600 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Ж.С......... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан тул мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д хамтын үйл ажиллагааны  улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцана гэж зааснаар уг ажлыг гүйцэтгэх зорилгоор О.... аймгаас худалдан авсан 52 ширхэг бохирын хоолойны 14 600 000 төгрөгт ногдох хэсгийг хүлээлгэн өгөхөд татгалзахгүй. Ажил гүйцэтгэх зорилгоор 52 шүирхэг хоолойг 19 840 000 төгрөгөөр худалдан авч, тээврийн хөлсөнд 2 600 000 төгрөг төлсөн. Ингээд бохирын хоолойн шугам татах ажлыг эхлүүлэх гэтэл өвлийн улирал болсон, 2021 онд Ус сувгийн удирдах газрын холбогдох удирдлагууд өөрчлөгдсөн зэрэг манайхаас үл шалтгаалах нөхцлийн улмаас ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 Нэхэмжлэгч Ш.Ж.......... нь 2021.11.09-ний өдөр хариуцагч Ш.С.......-ийн Х..... банкны ........... тоот данс руу 14 600 000 төгрөгийг Бохирын хоолойн төлбөр Ш.Ж..........., Ц.......... гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, /хх 3, 22 тал/

4.2 Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2022.09.16-ны өдрийн ../..... тоот Шугамын засвар хийх зөвшөөрөл олгох тухай албан бичгээр Ш.Ж......-т Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журмын дагуу ажлын хэсгийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар хэлэлцээд Х..... дүүрэг, .. дугаар хороо, С.Ш....-ын гудамжинд ариутгах татуургын шугамын угсралтын ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагаас 9 дүгээр сарын 18-ны 06 цагийн хооронд хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж хийх зөвшөөрлийг олгосон, /хх 5, 6, 55 тал/

4.3 Хариуцагч Ж.С....... 2021.11.09-ний өдөр .........тоот данс руу 19 840 000 төгрөгийг U...... ХХК бохирын шугамны хоолойн үнэ гүйлгээний утгатайгаар, 2021.11.10-ны өдөр ........... тоот данс руу 2 600 000 төгрөгийг teever гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн, /хх 22, 23 тал/

4.4 Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Хотын стандарт, хяналтын газрын 2022.06.07-ны өдрийн .../.... дүгээр хамтран ажиллах тухай авто замын ажилтай уялдуулж бохир усны шугам сүлжээг хийх боломжийг судлан хамтран ажиллана уу гэх албан бичгийг Нийслэлийн замын хөгжлийн газар, Ш.Ж.......... нарт хүргүүлсэн, /хх 38 тал/

4.5 Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Хотын стандарт, хяналтын газрын 2022.02.22-ны өдрийн ../... дугаар хүсэлт буцаах тухай албан бичгээр Х........ дүүргийн .. дугаар хороо, Ш......... гудамжинд баригдсан 20 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлтэй 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр танилцсан. Тус орон сууцны барилгад айлууд оруулж ашигласан байгаа нь Барилгын тухай хуулийн 37.6 дахь заалтыг зөрчсөн, бохир ус зайлуулах шугамын ажлыг бүрэн хийж дуусаагүй тул ажлыг бүрэн гүйцэтгэсний дараа хүсэлтийг дахин ирүүлэхийг Ш.Ж.........т мэдэгдсэн, /хх 54 тал/

4.6 Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2023.10.23-ны өдрийн ./.... дугаар албан бичгээр иргэн Ч.Г.....-тай 2022.04.04-ний өдөр хэрэглэгчийн №26011040 дугаар аж ахуйн гэрээ байгуулсан, 2021.11.16-ны өдөр гэрээ байгуулагдаагүй талаар тайлбар, нотлох баримт ирүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 62 тал/

5. Зохигч 14 600 000 төгрөгийг хүлээн авсан, бохирын шугам хоолой угсрах засварлах ажлыг хариуцагч Ж.С......... гүйцэтгээгүй зэрэг үйл баримтад маргаангүй, харин 14 600 000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлтэй эсэх, үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон үндэслэл шалтгааны талаар маргаантай.

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар тус тус зохицуулсан байна.

Хэргийн баримт, талуудын тайлбараар 2021.11.09-ний өдөр Ш.Ж............-с 14 600 000 төгрөгийг бохирын хоолойн төлбөр гэх утгатай шилжүүлсэн, Ж.С........ нь Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, шаравын гудамж хаягт байрлах иргэн Ш.Ж........-ын орон сууцны барилгын бохирын шугам хоолойг угсрах, засварлах ажлыг гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон.

Мөн Ус сувгийн удирдах газрын 2023.10.23-ны өдрийн .../...... дугаар албан бичгээр 2021.11.16-ны өдөр Ч.Г.....-тай ямар нэр гэрээ байгуулаагүй гэх тодорхойлолтыг ирүүлсэн байна.

Хариуцагч Ж.С...... нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, бохирын шугам хоолойн засварын ажлыг Ус сувгийн удирдах газартай хамтран гүйцэтгэхээр тохиролцсон боловч тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд өөрчлөгдсөн, өвлийн улирлын үед хөрсний хөлдөлтийн улмаас ажил гүйцэтгэх боломжгүй болсон гэж татгалзлаа тайлбарлах боловч хариуцагчийн татгалзал бичгийн баримтаар нотогдохгүй байхаас гадна 2021.11.16-ны өдөр Ч.Г.....-тай ямар нэр гэрээ байгуулаагүй гэх агуулга бүхий Ус сувгийн удирдах газрын албан бичгээр үгүйсгэгдэж байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Ж......., хариуцагч Ж.С...... нарын хооронд үүэр үүсээгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас 14 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Х....... овогт Ж......-ийн С..... /РД:УХ......../-ээс 14 600 000 /арван дөрвөн сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г....... овогт Ш.....-ын Ж........ /РД:.........-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ж......-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 950 төгрөгийг улсын төсвийн орлогод  хэвээр үлдээж, хариуцагч Ж.С......-с 230 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

 

ДАРГАЛАГЧ   Д.ЭНХЦЭЦЭГ