Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/01142

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/01142

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар         

         Нэхэмжлэгч ХЛ.А нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Ө.Х ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 147.800.288 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

                    

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

         1.Нэхэмжлэгч Л.Алтанцэцэг, хариуцагч Ө.Х ХХК-д холбогдуулан 147.800.288 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

        

         2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

        

         3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         3.1.Нэхэмжлэгч Л.А, хариуцагч Ө.Х ХХК-тай гэрээ байгуулж, байр болон автомашины зогсоолын төлбөрт гэрээнд тусгагдсан хуваарийн дагуу 147.800.288 төгрөгийг шилжүүлсэн.

         Ингээд бид орон сууц баригдахыг хүлээсэн боловч баригдаж ашиглалтад ороогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

          Иймд нийт төлсөн төлбөр болох 147.800.288 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч өгнө үү. Манай талаас үнийн дүн дээр ямар нэгэн байдлаар хүү болон алданги тооцоогүй өгсөн мөнгөө авъя гэж байгаа.

         Нийт 8 блок байрнаас 1-2 блок ашиглалтанд орсон. Үүнээс цаашлаад 3-4 блокоос эхлээд ашиглалтад ороогүй. Нэхэмжлэгч 5 дугаар блокт байрны захиалга өгсөн. Байр баригдаагүй.

          Бид хариуцагч талтай уулзах гэж удаа дараа очсон. Хариуцагчийн төлөөлөгч Б.А уулзаж, утсаар ярьсан. Ингээд маргааш нь дахин Б.А захиралтай утсаар холбогдоход “Та нар шүүхэд нэхэмжлэлээ гарга. Өөр арга байхгүй” гэдэг хариу өгсөн.

         Миний зүгээс хариуцагч талд хүсэлт, санал гаргаж нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг өгөх боломжтой юу? гэх мэт асуудлыг нааштайгаар шийдэх гэсэн боловч хариуцагчийн төлөөлөгч хүлээж аваагүй учраас нэхэмжлэлээ дэмжиж байна, гэжээ.

 

        4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

       

        6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Ц. олгосон итгэмжлэл, Ө.Х ХХК-тай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 00000  дугаартай гэрээнүүд, “Х ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэлүүд,

 

         7.Хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, хариуцагчийн төлөөлөгч Б.А иргэний үнэмлэхний хуулбарыг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

         1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

         2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Бид урьдчилгаа төлбөрөө хуваарийн дагуу төлсөн боловч өнөөдрийг хүртэл байр баригдаагүй байна. Асуудлаа ярилцаж шийдэхээр хариуцагчтай холбогдсон боловч шүүхэд ханд гэдэг хариуг өгсөн. Тиймээс хүү, алданги нэхэхгүйгээр үндсэн шилжүүлсэн төлбөрөө гаргуулах нэхэмжлэлийг гаргасан” гэж тайлбарлав.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.А 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 30 минутанд товлогдсон шүүх хуралдааны товтой өөрийн биеэр танилцан “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтан дээр гарын үсгээ зурж баталгаажуулж, түүний 00000 дугаартай гар утас руу шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга залгаж шүүх хуралдаанд ирж байгаа эсэхийг асуухад“ хурлаасаа хоцорсон байна” гэх хариуг өгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

        4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

           

         5.Нэхэмжлэгч Л.А, хариуцагч Ө.Х ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр  дугаартай Орон сууц захилгын мөн өдрөө CR-249  дугаартай Дулаан зогсоол захиалгын гэрээнүүдийг байгуулж, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “ хотхоны  дугаартай байрны  загварын 7 дугаар давхарт, урагшаа, зүүн, хойш харсан цонхны байрлалтай, 74.04 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцны нэг метр квадрат талбайн үнийг 1.890.000 төгрөгөөр тооцож 139.935.600 төгрөг мөн байранд байрлах  автомашины 15 метр квадрат талбайтай зогсоолыг 24.500.000 төгрөгөөр нийт 164.435.600 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан нь бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

        6.Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

         7.Түүнчлэн талууд гэрээ байгуулсан болон гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч орон сууц, автомашины зогсоолын үнэд 147.800.288 төгрөгийг төлж, барилга баригдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

        8.Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заасны дагуу нэхэмжлэгч Л.Алтанцэцэг байрны төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлж, хариуцагч үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна.

 

       9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлийг нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар тус шүүхэд хариуцагчийн төлөөлөгч Б.Алтанзаяа өөрийн биеэр хүрэлцэн ирж 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, эрх үүрэгтэй танилцан гарын үсгээ зурж баталгаажуулсан боловч хариу тайлбар, нотлох баримтыг хуулийн хугацаанд ирүүлээгүй учраас түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож мөн нэхэмжлэгч орон сууц, автомашины зогсоолын төлбөрт 147.800.288 төгрөгийг хариуцагч Ө.Х ХХК-ийн “Х” банкны 0000 дугаартай дансанд 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нь банкны шилжүүлгийн мэдээлэлийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

         10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 896.951 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 896.951 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

            115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Х ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 147.800.288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.А олгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 896.951 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 896.951 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА