Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/00337

 

 

 

 

 

 

 

 

 

                               

2024 оны 01 сарын 16 өдөр                      Дугаар 102/ШШ2024/00337                 Улаанбаатар хот

                                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар         

 

Нэхэмжлэгч  “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч  Т газарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 200.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

                    

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Х.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

         1.Нэхэмжлэгч У.Т ХХК, хариуцагч Б.Т.З холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 200.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

        

         2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

        

         3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Нэхэмжлэгч  ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас 200.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

        У.Т ХХК барилгын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Б.Т.Зай 2015-2016 онд Хүүхдийн зуслангийн цогцолбор барих ажлын гэрээ байгуулж, Баянгол дүүргийн хүүхдийн зуслангийн цогцолбор барилгыг барьж байгуулсан.

            Барилгын ажил 2021 он хүртэлх хугацаанд үргэлжилсэн бөгөөд барилга баригдах үйл явцад барилгын захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд дахин 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын нэмэлт ажлын гэрээ байгуулсан.

            Нэмэлт гэрээний ажлыг 200.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр талууд тохиролцсоны дагуу манай талаас тухайн ажлыг цогцоор нь буюу бүрэн хийж гүйцэтгэсэн.

           Гэвч хариуцагч гэрээ цуцалсан, мөнгө буцаалгасан гэх үндэслэлээр удаа дараа ажлын хөлсийг өгөхгүй өдий хүртэл явсан тул аргаа бараад шүүхэд хандаж байна.

           Тухайн хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг хөөцөлдөж Баянгол дүүрэг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн засаг дарга, эрх бүхий байгууллагуудад удаа дараа албан бичиг өгсөн боловч нааштай хариуг нэг ч удаа өгөөгүй.

          У.Т ХХК Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын нэмэлт ажлын гэрээгээр нийт 9 төрлийн дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

           Хүүхдийн амралтын 23 ортой 7 байр, 8 ортой 6 байрыг зуны зориулалттай 25мм-ийн ханатай хийхээр төлөвлөснийг хөөсөн дулаалгатай 60 мм-ийн ханатай болгож, гадна талаар сайн чанарын өнгөлгөөний тоосгоор хийсэн үнийн зөрүү, гэр бүл, уулзалтын байр нэг давхар байхаар төлөвлөгдсөнийг хоёр давхар болгон өөрчилж, уурын зуухны барилгын хэмжээг томсгосон буюу хүүхдийн зуслангийн цогцолборыг анх тэгшхэн газар байршуулсан байсныг өөрчилж, уулын энгэр түшсэн налуу газрыг сонгож, барьж байгуулах болсноос газар, шороо, далангийн нэмэлт ажлууд хийж, гадна тохижилт, угаалга бие засах газар, чөлөөт цаг өнгөрөөх байр, 100 хүүхдийн хоолны байр, халуун усны ирэх, буцах шугамын нэмэлт ажлуудыг цогцоор хийж гүйцэтгэсэн.

           Гэтэл гэнэт захиалагч нэмэлт ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэх нэрийн дор Нийслэл, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал солигдсон болон улс төрийн зорилгоор асуудал үүсгэж байсан тул нэхэмжлэгч хэд хэдэн хуулийн байгууллагад өгсөн тохиолдол бий.

          Иймээс нэмэлт гэрээнд тусгагдсан дээрх 9 ажлыг цогцоор хийж гүйцэтгэсэн тул ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 200.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

          Мөн Баянгол хүүхдийн зуслангийн барилгыг барих газар нь юу ч байхгүй хоосон газар байсан. У.Т ХХК тухайн газарт хүүхдийн зуслангийн цогцолбор барилгыг бүрэн буюу цогцоор барьж, 2022 оны 12 дугаар сард Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисст хүлээлгэж өгсөн бөгөөд энэ талаарх акт хавтаст хэрэгт авагдсан тул барилгыг хүлээлгэж өгсөн гэж үзэж байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр У.Т ХХК-тай Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын нэмэлт ажлын БГД-00000 дугаартай 200.000.000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл буюу нэг сарын хугацаатай байгуулсан.

Нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэж, хүлээлгэж өгөөгүй тул Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэрээний 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09/3115 дугаартай Албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдлийг У.Т ХХК-д хүргүүлж гэрээг цуцалсан.

 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 000 дугаартай дүгнэлт 2020 онд байгуулсан нэмэлт гэрээний дагуу хийгдсэн ажлыг хүлээн авсан дүгнэлт биш бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, У.Т ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор ажлын 0000 дугаартай, 1.448.000.000 төгрөгийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн барилгын ажлыг хүлээн авсан дүгнэлт юмаа.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Тайлбар байхгүй, гэжээ.

 

        6.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

       

         7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 029 дугаартай “Итгэмжлэл”, улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 190 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай”, Баянгол хүүхдийн зуслангийн цогцолборт барих ажлын гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0000 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ажил хүлээлцсэн акт, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15/262 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт,00000 дугаартай Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын нэмэлт ажлын гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Тендерийн маягт, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын нэмэлт, ажил төсөл, хэмжээний техникийн тодорхойлолт, Баянгол дүүргийн зуслангийн цогцолбор барилгын нэмэлт ажлын гүйцэтгэл, гүйцэтгэлийн нэгдсэн товчоо, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Баянгол хүүхдийн зуслангийн барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой хийсэн хурлын тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай Баянгол дүүргийн Хүүхдийн зуслангийн барилгын нэмэлт ажлын төсвийн талаарх хурлын тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 26-ны 0000 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06/711 дугаартай Хүсэлт хүргүүлэх тухай, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаартай Асуудал шийдвэрлүүлэх тухай, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 025 дугаартай Асуудал шийдвэрлүүлэх тухай, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай Асуудал шийдвэрлүүлэх тухай, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай Асуудал шийдвэрлүүлэх тухай, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай Хүсэлт хүргүүлэх тухай, 2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 04 дугаартай Хүсэлт гаргах нь, 2015  оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн Хурлын тэмдэглэл, 00000 дугаартай Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын нэмэлт ажлын гэрээ, 2 хуудас гэрэл зураг, гүйцэтгэлийн нэгдсэн товчоо, гүйцэтгэлийн нэгдсэн товчоо, нийт барилгын материалын хэрэгцээ,

 

         8.Хариуцагчаас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0000 дугаартай Итгэмжлэл, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0000 дугаартай Гэрээ цуцлах тухай, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0000 дугаартай Итгэмжлэл,

 

         9.Шүүхийн журмаар Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0000 дугаартай Албан бичиг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний 000 дугаартай Нийслэлийн Баянгол  дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Орон нутгийн хөгжлийн сангаар 2019-2020 онд он дамжин хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалт, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит арван дөрөвдүгээр хуралдааны тэмдэглэл,  2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 000 дугаартай Дүүргийн 2020 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

        1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

        2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Манай компани нэмэлт гэрээнд заасан ажлаа цогцоор нь бүрэн хийж гүйцэтгэж дуусгаад хүлээлгэн өгсөн боловч хариуцагч гэрээг цуцалсан, мөнгийг буцаалгасан үндэслэлээр ажлын хөлсийг өгөхгүй байгаа учраас зөвшөөрөхгүй” гэж тайлбарлав.

       

        3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А “Нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй тул гэрээг цуцалсан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт нэмэлт гэрээний ажлыг хүлээн авсан дүгнэлт биш мөн зураг төсөвөө өгөөгүй учраас нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

        4.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

      

        5.Анх нэхэмжлэгч У.Т ХХК, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан Налайх дүүрэгт байрлах Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгыг 1.448.000.000 төгрөгөөр гүйцэтгэх тендер шалгаруулалтанд оролцож гүйцэтгэгч компаниар шалгарсаны улмаас 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 00000 дугаартай Б.Т.Зай гэрээг байгуулж, гэрээний дагуух ажлаа гүйцэтгээд ажил хүлээлцсэн акт үйлдсэнд зохигчид маргахгүй байна.

 

        6.Дараа нь талууд дээрх гэрээтэй холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 0 дугаартай Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын нэмэлт ажлын гэрээг байгуулж, 200.000.000 төгрөгөөр гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх мөн орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон нь нэмэлт гэрээ, зохигчдын тайлбар, хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

         7.Зохигчдын хооронд үүссэн маргааны шалтгаан нэмэлт гэрээний ажлын хөлсийг олгох, олгохгүйн тухайд маргаж байна.

 

         8.Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

         9.Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээний гол нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд хэрвээ ямар нэгэн эд зүйлийг гүйцэтгэгч хийсэн бол захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байдаг тул нэхэмжлэгч У.Т ХХК нэмэлт гэрээний ажлаа гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгсөн нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 346/05 дугаартай Шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн тайлбараар нотлогдож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

         9.Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэл татгалзлаа өөрөө нотлож, нотлох баримтыг цуглуулж, бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийг нэмэлт ажлаар гадна ханыг эко хавтангаар хийх ёстой байсан үүнийг 2022 онд дүүргийн хөрөнгө оруулалтаар хийсэн мөн өөр компаниар энэ ажлыг гүйцэтгэсэн гэх тайлбараа нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадахгүй байна.

 

        10.Дээрх үйл баримтаар гүйцэтгэгч компанийг үндсэн гэрээний ажил дээр нэмэлт гэрээгээр хийсэн ажлаа бүрэн хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй тогтоогдоогүй бөгөөд харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээчийн хамт хүүхдүүдийн зуслангийн цогцолбор барилга дээр очиж үзэхэд нэхэмжлэгч ажлаа хийснийг зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаанд гаргаж, нэмэлт гэрээнд гадна ханыг эко хавтангаар хийлгэхээр тохиролцсон баримт, гэрээ байхгүй мөн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 000 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0000 дугаартай хоёр актаар хүүхдийн зуслангийн цогцолбор барилга байгууламж зураг төслийн дагуу бүрэн хийгдэж зориулалтаар байнгын ашиглахад хангалттай, ашиглагч байгууллагын мэдэлд өгч, ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн нь гүйцэтгэгч үндсэн болон нэмэлт гэрээнийн ажлаа хийсэн нь нотлогдож байна.

 

       11.Гэрээний “Удиртгал” хэсэгт , 00 хүүхдийн хүчин чадал бүхий Баянгол хүүхдийн зуслангийн зориулалттай барилга байгууламж ашиглалтад оруулснаас харахад анх 23 ортой, 7 ширхэг байр, 100 хүүхдийн хоолны газар, гадна талбай хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Горхи тэрэлжид баригдахаар байсан нь өөрчлөгдсөн барилга байгууламжийн ажлыг захиалагч хүлээсэн авсан нь тогтоогдсоноор хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, үгүйсгэгдэж байна.

 

        12.Хэрэгт авагдсан Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0000 дугаартай Албан бичгээр нэмэлт гэрээний ажлын 200.000.000 төгрөгийн санхүүжилт тусгагдсан боловч 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0000 дугаартай Тогтоолын хавсралтаар санхүүжилтийг хассаны улмаас зарцуулалт хийгдээгүй гэсэн тайлбарыг гаргасан нь тендерт шалгарч, гэрээнд заасан ажлаа гүйцэтгэж дуусгасан гүйцэтгэгч компанид хамааралгүй бөгөөд тухайн тендерийг зарласан захиалагчийн үүрэг учраас Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг зохих журмын дагуу хүлээн авч, зуслангийн цогцолбор барилгыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа талаар талуудын хэн аль нь маргаагүй хөлсийг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.         

         

        13.Нэхэмжлэгч мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.

 

        14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.157.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.157.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

    

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

       115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     

        1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б 200.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Т ХХК-д олгосугай.

       

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.157.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1.157.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

          

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА