Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | |
Хэргийн индекс | 115/2023/0005/З |
Дугаар | 115/ШШ2023/0012 |
Огноо | 2023-07-04 |
Маргааны төрөл | Газар, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 115/ШШ2023/0012
2023 07 04 115/ШШ2023/0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “И” ХХК,
Хариуцагч: Дорноговь аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тус Хурлын даргын хоорондын, ашигт малтмал ашиглахтай холбоотой газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагч ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “И” ХХК нь:
1.1.Дорноговь аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан:
1.1.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит 13 дугаар хуралдааны 4 дэх хэлэлцэх асуудлын хавсралт 3-аар хэлэлцсэн “И” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,
1.1.2. ... сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “И” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмал ашиглалтын ... дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг тус иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах,
1.2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан:
1.2.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит 13 дугаар хуралдааны 4 дэх хэлэлцэх асуудлын хавсралт 3-аар хэлэлцсэн “И” ХХК-д холбогдох хэсгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар дахин хэлэлцүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж маргасан.
2. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь, хариуцагч Дорноговь аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит 13 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, уг асуудлыг дахин хэлэлцүүлж, шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий дээрх нэхэмжлэлээ 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шууд шүүхэд гаргасан.
3. Хэргийн оролцогчдын тайлбар болон түүний үндэслэл:
3.1.“И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
3.1.1. “И” ХХК нь 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс Дорноговь аймгийн ... сумын 1, 2 дугаар багийн нутгийг хамарсан ... га хэмжээтэй талбайд ашигт малтмалын -... дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохих ёсоор ашиглалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байгаа.
Гэтэл Дорноговь аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нарын эс үйлдэхүй, хууль бус үйлдэл, шаардлагаас шалтгаалан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох асуудлыг санаатайгаар удаашруулж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгай зөвшөөрөл бүхий газрыг тусгаж батлахаас үндэслэлгүй татгалзаж, хууль бус шийдвэр гаргаж саад учруулж байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэж тус тус заасан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
3.1.2.Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.12-т “Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.1.14-д “газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх” гэж тус тус заасны дагуу дээрх тусгай зөвшөөрлийнхөө талбайг бүртгүүлж, эзэмших эрхийн гэрчилгээ авахаар Дорноговь аймгийн ... сумын Засаг даргад 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн удаа дараа буюу 6 удаа газар эзэмших хүсэлт гаргасан.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага хэсэгт буюу 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг хамарсан газар нь иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх газрын төлөвлөгөөнд тусаагүй байгаа тул энэ талаар арга хэмжээ авч өгөх талаар мөн сумын Засаг даргад хандсан.
Учир мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан ба 20.2.3-д “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасан тул тухайн шатны Засаг дарга нь эрх хэмжээний хүрээнд тухайн жилд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх газрын төлөвлөгөөг дээд шатны байгууллагаас батлагдсан төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулж, ИТХ-аар хэлэлцүүлж батлуулах үүрэгтэй.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Дорноговь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уул, уурхайн үйл ажиллагаа явуулах зориулалтаар тусгагдсан гэж бид ойлгож байгаа.
Учир нь тусгай зөвшөөрөл бүхий газрыг эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлж, газар эзэмших эрхээ баталгаажуулах талаар анх Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын13-ны өдрийн 1/42 дугаартай албан тоотоор нэхэмжлэгч компанид мэдэгдэж байсан. Мөн Дорноговь аймгийн Газрын харилцах, барилга хот байгуулалтын газраас 2022 оны 11 сарын 25-ны өдөр 769 дугаартай тоотоор ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрын эзэмших эрхийг баталгаажуулах ажлыг зохион байгуулахыг мөн нэхэмжлэгч компанид даалгасан.
Дээрх эрх бүхий байгууллагуудаас хуулийн хэрэгжилтийг хангах талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанид удаа дараа мэдэгдсэний дагуу бид хүсэлтээ зохих шатны буюу хариуцагч ... сумын ИТХ, Засаг даргад хүргүүлсээр байтал өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлэж өгөөгүй, хясан боогдуулах замаар эс үйлдэхүй үзүүлж байна.
3.1.3. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж шат шатны ИТХ-ийн бүрэн эрхийг заасан.
Гэтэл ... сумын ИТХ нь тухайн оны иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх газрын төлөвлөгөөг хэлэлцэж, батлахдаа нэхэмжлэгч компанийн асуудлыг зориуд орхигдуулж, хуульд заагаагүй шаардлага тавьж хурлаар хэлэлцүүлэх асуудалд оруулахгүй, шийдвэрлэхгүй байсан.
Иймд ... сумын ИТХ-ын даргад “И” ХХК-ийн Дорноговь аймгийн ... сумын 1, 2 дугаар багийн нутгийг хамарсан ...га хэмжээтэй талбайг 2023 оны газар төлөвлөлтийн төлөвлөгөөнд оруулж, батлуулах талаарх хүсэлтийг 2022 оны 11 сарын 14-ний өдрөөс хүргүүлсэн боловч Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээгүй, сум, орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ хийгдээгүй гэсэн үндэслэлээр 2023 оны газрын төлөвлөгөө, хэлэлцүүлэх асуудалд оруулаагүй.
Нэхэмжлэгч компаниас дээрх нөхцөл байдлыг арилгаж, 2022 оны 11 сарын 25-ны өдөр хандсан боловч хариу өгөөгүй.
Улмаар 2023 оны 02 сарын 08-ны өдөр газрын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж батлуулж, газар эзэмших хүсэлтийг шийдвэрлүүлэхээр дахин хандсаныг Дорноговь аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2023 оны 03 сарын 29-ний өдрийн ээлжит 13 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын 4 дүгээрт тусгасан боловч хуралдаан дээр танилцуулгыг ч сонсоогүй, хуульд заасан ямарваа нэг үндэслэл, шалтгаангүйгээр 2023 оны сумын газрын төлөвлөлтөд өөрчлөлт оруулахаас татгалзаж шийдвэрлэсэн.
3.1.4. ИТХ дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах”, 52.1.2-д “тухайн хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах”, 52.1.9-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Хуралд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах”, 52.1.10-д “тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх” гэж тус тус заасны дагуу ИТХ-ын дарга нь хурлыг зарлан хуралдуулах, хэлэлцэх асуудлын талаар тогтоол бэлтгэх, бэлтгэл ажлыг хангах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг ба ИТХ-аар маргаан бүхий асуудлыг зохих журмын дагуу хэлэлцүүлээгүй, хууль бус татгалзсан шийдвэр гаргасан байна.
ИТХ-ийн тэмдэглэлээс үзвэл сумын Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бохир асгаж зайлуулах газар, Цагаан суваргын үйлдвэрийн барилга байгууламжийн газар, гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлэх газар зэргийг хэлэлцэн баталсан боловч нэхэмжлэгч компанитай холбоотой газрын асуудлын талаарх мэдээлэл, танилцуулгыг сонсоогүй, нийгмийн хариуцлагын гэрээ, хурлын ирц муу байна гэсэн огт үндэслэлгүй шалтгаан дурдаж татгалзсан санал хураасан.
3.1.5.Энэ талаарх хариуг ... сумын ИТХ-ын 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 02/13 тоот албан тоотоор мэдэгдсэн.
Дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн дагуу уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхэд шууд саад учруулж буй хууль бус үйлдэл юм.
3.1.6.Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр”, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу Дорноговь аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар хуралдааны 4-т хэлэлцэх асуудлын хавсралт 3-р хэлэлцсэн “И” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “И” ХХК-д холбогдох хэсгийг дахин хэлэлцүүлэхийг Хурлын даргад даалгах, нэхэмжлэгч компанийн хүсэлт гаргаад байгаа байршил нь төлөвлөгөөнд тусгахад ямар нэгэн харшлах шалтгаан нөхцөл байхгүй учраас энэ асуудлаар шийдвэр гаргахыг Хуралд даалгах шийдвэр гаргаж өгнө үү.
3.1.7.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанийг хууль зөрчиж үйл ажиллагаа явуулаад байгаа гэж яриад байна. Бид хайгуулын ажлаа дуусгаад аль хэдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл авчихсан байгаа. Уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхэд тухайн зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчны үнэлгээ хийгдээд газрыг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө батлагдаад баримт бичгийн хүрээнд хуульд заасан шаардлагыг хангаад явж байгаа. Энэ асуудалд ямар нэгэн хууль зөрчсөн, хуульд нийцээгүй, дутуу үйлдэл асуудал огт байхгүй. Гэтэл хариуцагчийн гаргадаг зүйл нь бид нартай сайхан харьц, баярлуул, бид нартай зохицож ажил, бидний тавьсан шаардлагыг биелүүл буюу нийгмийн хариуцлагын гэрээ байгуул гэж зүй бус зүйл яриад байна. Бидний хувьд баримталж байгаа ганц зүйл нь хуульд заасны хүрээнд ажиллах буюу холбогдох баримт бичиг ба уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүхий л нөхцөл шаардлагыг биелүүлж байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, газрын хэвлийг зүй зохистой ашиглах энэ нөхцөл байдлыг хангаж ажиллана гэж бүх баримт бичгээ боловсруулсан.
3.1.8. 2020 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болчихсон боловч одоог хүртэл ашиглалтын үйл ажиллагаа буюу олборлолтын үйл ажиллагааг явуулж чадаагүй 3 дахь жилдээ гацсан нөхцөл байдалтай байна. Энэ нь өөрөө эдийн засгийн хувьд нэхэмжлэгч компанид маш их хэмжээний хохирол учруулж байгаа. Нөгөө талаараа улс орны хувьд ч эдийн засагт нэмэр болохуйц гадаад валютыг оруулж ирэх, нүүрс олборлох нөхцөл байдалд нөлөөлж байгаа зүйл юм. Үүнд жижиг эрх ашиг буюу шат, шатны орон нутгийн удирдлагууд өөрсдөө зүй бус зүйл хүсээд ийм гэрээ байгуулчих гэж байгаа нь үндэслэлгүй юм. Тэгээд мэдээж газар ашиглах, эзэмшихтэй холбоо гэрээ байгуулагдана. Энэ гэрээ хэзээ байгуулагдах ёстой вэ гэхээр төлөвлөгөөнд тусгагдаад Засаг даргатай гэрээ байгуулахад энэ үед байгуулагдах ёстой юм. Газар ашиглах гэрээ гэдэгт газрыг ашиглах нөхцөл болзол, журам, газрын төлбөрийг хэрхэн төлөх, яаж зөв зохистой ашиглах энэ нөхцөл нь газар эзэмшүүлэх гэрээнд бичигдэх ёстой юм. Түүнээс биш тусдаа нийгмийн хариуцлагын гэрээ гэдэг зүйл байхгүй. Үүнийг хариуцагч шаардаад байгаа нь хууль бус гэдгийг ойлгуулах шаардлагатай байна.
3.1.9.Хамтын шийдвэрийн асуудал буюу олонхыг дагасан асуудал яриад байна. Мэдээж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хамтын шийдвэр гарна. Гэхдээ олонхын саналаа дагана байх гэтэл нэг нь татгалзахаар нөгөө нь татгалздаг нөхцөл байдлыг ярьж болохгүй. Хамтын шийдвэр болохоор хуульд нийцэхгүй байж болно гэдэг зохицуулалт байхгүй. Таны тайлбарт хурлын зүгээс хамтын шийдвэр гардаг учраас төлөөлөгч нар татгалзаад байгаа гэж байна. Таны хувьд өнөөдөр Хурлын дарга гэдэг үүднээс хариуцагчаар оролцож байгаа. Нөгөө талаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бусад гишүүдийг буюу 14 хүнийг төлөөлж хариуцагчаар оролцож байгаа. Төрийн аль ч байгууллага бүрэлдэхүүнтэй болон дангаар шийдвэр гаргахад шийдвэр нь хуульд нийцсэн байх шаардлагыг биелүүлэх ёстой гэж үзэж байна.
3.1.10.Нэхэмжлэгчийн хувьд яагаад хурлын шийдвэрийг хууль бус гэж үзээд байна гэхээр хуульд заасан журмаар хэлэлцээгүй гэж үзэж байна. Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх буюу байгаль орчинд нөлөөлөх, малчдын эрх ашигт нөлөөлөх гэдэг зүйл байгаа юу, үгүй юу гэдэг асуудал нь өөрөө хурлаар хэлэлцэгдэж танилцуулагдах ёстой юм. “И” ХХК-ийн хувьд байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хийгээд хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулаад нийгэм эдийн засаг, малчид, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг дэмжье, ингэж нөхөн сэргээлт хийе гэсэн энэ бүгд саналуудаа танилцуулаад баримт бичгээ бүрдүүлээд явсан байгаа. Энэ баримт бичгийг Хурлын дарга, хурлыг удирдаж байгаа хүний хувьд малчдын эрх ашиг сонирхол зөрчигдөхгүй, нийгэм эрүүл мэндийн асуудал ингэж шийдэгдэж байгаа, байгаль орчин болон бэлчээрийг хамгаалж байгаа гэсэн энэ бүгдийг танилцуулж байж шийдвэр гарах ёстой байхад танилцуулахгүйгээр шууд татгалзаад шийдвэр гарч байгаа нь хууль бус юм.
3.1.11.Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашиглалтын талбайгаа бүртгэлийн байгууллагад бүртгүүлж баталгаажуулах ёстой. Хэрвээ ингээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл үндэслэл бүрдэх юм. Энэ тохиолдолд компанийн хувьд эдийн засагт их хэмжээний алдагдалд орно. Яагаад гэхээр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байх хугацаанд хайгуулын ажил хийхэд их хэмжээний зардал гардаг. Хайгуулын ажлын үр дүнг баталгаажуулсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын тулд холбогдох татварыг төлөх, эрдэс баялгийн нөөцийг тодорхойлуулах гэх мэт маш их хэмжээний уул уурхайн зардал гардаг. Компанийн хувьд эдгээр ажлыг хуульд заасны дагуу хийж хэрэгжүүлсэн. Одоо хуульд заасны дагуу бүртгүүлэх ажил хийгдээгүйгээс зөвшөөрөл цуцлагдах юм бол их хэмжээний оруулсан хөрөнгө оруулалт буюу зардлыг салхинд хийсгэж байгаатай адилхан хохирол учирна. Уул уурхайн ажил нь өөрөө одоогоор эхлээгүй. Энэ нь газар эзэмших эрх баталгаажсанаар цааш хууль ёсны дагуу явж хэрэгжих ёстой. Гэтэл баталгаажуулж гэрчилгээ олгоогүйгээс шалтгаалж уул уурхайн ажил хэвийн цаашид үргэлжлэх нөхцөл боломжийг хязгаарлаж цаг хугацааны хувьд их хэмжээний алдагдал, хүн хүч техникийн хувьд зардал гарч хууль ёсны дагуу явагдах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул “И” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа юм гэв.
3.2. Хариуцагч Дорноговь аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт:
3.2.1.“И” ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 22/22 дугаар бүхий албан бичгээр ...га газарт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах, уурхайн ажилчдын тосгоны зориулалтаар эзэмших хүсэлт ирүүлсэн.
Энэ хүсэлтийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдсан сумын ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулан хэлэлцүүлж хариуг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/77 дугаар албан бичгээр хүргүүлэн ажилласан гэжээ.
3.2.2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И” ХХК-иас сумын иргэдийн Хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж өгнө үү гэх албан бичиг ирсэн. Энэ албан бичгийн дагуу тухайн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгаад сумын Хурлаар хэлэлцээд явсан.
3.2.3.Дорноговь аймгийн хувьд уул уурхайн ашиглалтын үйл аж ажиллагаа явуулж байгаа компаниудад бидний зүгээс нийгмийн хариуцлагын гэрээг байгуулна. Энэ асуудлаар бид нар Дашхоролтой удаа дараа уулзсан. Нийгмийн хариуцлагын гэрээ одоо хүртэл хийгдээгүй явж байгаа. Энэ талаар хуульд заагаагүй ч үүнийг бол заавал хийнэ.Нэхэмжлэгч тал ашиглалтын талбай дээр хайгуулын ажлын төлөвлөгөөнд 50*50 талбайд хайгуулын ажил хийж хөндөнө гэж тусгасан. Гэтэл өнөөдөр 200*200 метрийн зайтай газар дээр хайгуулын ажил хийж байгаа нь хууль зөрчиж байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулаагүй байж хайгуулын ажил хийгээд явж байна. Энэ нь өнөөдөр хуульд нийцэж байна уу. Цаашид орон нутагтай хамтарч ажиллаж үйл ажиллагаагаа явуулна гэж байгаа бол орон нутгийн удирдлагуудтай ямар нэгэн байдлаар эвтэй байж, бид бүгдийг хүндэл, бид нар ч та нарыг хүндэлнэ. Цаашид орон нутгийн удирдлагуудыг дарамтлаад янз бүрийн хэл үгээр доромжлоод явна гэж байгаа бол ийм асуудал байхгүй. Өөрсдөө болохоор хууль дүрэм яриад байдаг, гэтэл өнөөдөр байгаа газар дээрээ хууль дүрэм хэрэгжүүлээд явж байгаа асуудал байхгүй, зөрчиж байгаа асуудал байна. Яагаад ашиглалт явуулж байгаа газраа хууль хэрэгжүүлдэггүй юм.
3.2.4.Иргэдийн Хурлаар удаа дараа танилцуулагдсан, ганцхан хурлын дарга шийдвэр гардаггүй, хамтын шийдвэр гардаг. Хурлаар хэлэлцээгүй гэж байна. Сумын Засаг даргад асуудлаа оруулж төлөвлөгөөнд тусгана. Ийм учраас энэ асуудлаа сумын Засаг даргад хандах хэрэгтэй, Хурал газрын асуудлыг оруулаад ир гэдэг асуудал байхгүй. Сумын Засаг дарга, сумын иргэдийн Хуралд асуудлаа оруулдаг. Хурлын шийдвэр бол хамтын шийдвэр бөгөөд түүнийг баталгаажуулаад явдаг болохоос нэг нэгийгээ дагадаг зүйл байхгүй.
3.2.5. Нийгмийн хариуцлагын гэрээ хийхээр асуудал шууд шийднэ гэж байхгүй. Та нар хуулийн дагуу асуудлаа дахин оруулж ирүүлээд шийдүүл, тэр үед ямар шийдвэр гарахыг мэдэхгүй. Та нар байгаль орчны төлөвлөгөөг батлуулаагүй байж орон нутагт үйл ажиллагаа явуулна гэдэг нь хууль зөрчиж байна. Сумын Засаг даргаар төлөвлөгөөгөө батлуулаагүй байж үйл ажиллагаа явуулж байгаа.
3.2.6. Өнөөдөр байгаль орчин хамгаалах талаар ярьж байна. Та нар байгаль орчин хамгаалж чадахгүй. Одоо явж байгаа уурхайн зам өнөөдөр ямар байна. Тухайн орчны тоосжилт ямар байгаа вэ. Та нар байгаль орчныг хамгаалах чиглэлээр замын тоосжилтыг дарж чадахгүй, баталгаатай хэлнэ. Одоо өмнөх компани нь байгаль орчноо хамгаалахгүй тээвэрлэлт хийгээд тоос, шороо босгоод газар нутаг эвдээд дуусаж байна. Та нар байгаль орчин хамгаалах чиглэлээр өнөөдөр тээвэрлэлт хийх замаа тавь. Гэтэл нэг ч зам янзлаагүй байж байгаль орчин хамгаална гэж битгий ярь. Одоо танай үйл ажиллагаа явуулж байгаа газарт бэлчээр сүйтгэгдээд байж байна. Та нар энэ тал дээр ажиллаж чадахгүй. Өнөөдөр та нар иргэдийн нүдэнд харагдахаар замаа тавь. Өнөөдөр байгаль орчин хамгаалах талаар ямар ажил хийсэн юм. Ийм ажил байхгүй, хог тараагаад, тоос босгоод малчин айлын мал бэлчдэг газрыг дуусгаад байж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1 .Энэ хэрэгт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн, тусгай зөвшөөрөл бүхий талбайг уг талбай байрших сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүй татгалзаж буй нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай холбоотой маргаан хянан хэлэлцэгдсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хариуцагч Дорноговь аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит 13 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаас тус сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг сумын Засаг даргын зүгээс оруулж хэлэлцүүлэхэд тус хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх нь нэхэмжлэгч “И” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаас татгалзжээ.
3. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь, дээрх хуралдаанаар хэлэлцсэн асуудлын өөрт хамаарах хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлж, шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тусгай зөвшөөрлийнхөө талбайг бүртгүүлж, эзэмших эрхийн гэрчилгээ авахаар ... сумын Засаг даргад 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн удаа дараа буюу 6 удаа газар эзэмших хүсэлт гаргасан. Газрын тухай хуулийн 20.1.2-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг заасан.
... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн оны иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх газрын төлөвлөгөөг хэлэлцэж, батлахдаа нэхэмжлэгч компанийн асуудлыг зориуд орхигдуулж, хуульд заагаагүй шаардлага тавьж Хурлаар хэлэлцүүлэх асуудалд оруулахгүй, шийдвэрлэхгүй байсан. Хурлын даргад ... га хэмжээтэй талбайг 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, батлуулах талаарх хүсэлтийг 2022 оны 11 сарын 14-ний өдөр хүргүүлэхэд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээгүй, сум, орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ хийгдээгүй гэсэн үндэслэлээр төлөвлөгөөнд оруулаагүй.
Дээрх нөхцөл байдлыг арилгаж, 2022 оны 11 сарын 25-ны өдөр хандсан боловч хариу өгөөгүй. Улмаар 2023 оны 02 сарын 08-ны өдөр дахин хандахад сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2023 оны 03 сарын 29-ний өдрийн ээлжит 13 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын 4 дүгээрт тусгасан ч хуралдаан дээр манай танилцуулгыг сонсолгүй, хуульд заасан ямар нэг үндэслэл, шалтгаангүйгээр татгалзсан.
Хурлын дарга нь хурлыг зарлан хуралдуулах, хэлэлцэх асуудлын талаар тогтоол бэлтгэх, бэлтгэл ажлыг хангах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг гэтэл маргаан бүхий асуудлыг зохих журмын дагуу хэлэлцүүлээгүй, ...Хурлын болон даргын үйл ажиллагаа нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газар эзэмшиж, ашиглах эрхийг зөрчиж, улмаар тухайн тусгай зөвшөөрлийг цуцлуулах үр дагаварт хүргэж болзошгүй байна” гэж,
4. Хариуцагчаас “...орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ хийгээгүй, ... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулаагүй ашиглалтын талбай дээрээ хайгуулын ажил хийсэн, ...байгаль орчин хамгаалах талаар ямар ч ажил хийгээгүй, тээвэрлэлт хийх замаа тавиагүй, ...үйл ажиллагаа явуулж байгаа газарт нь бэлчээр сүйтгэгдээд байгаа, ... хог тарааж, тоос босгоод малчин айлын мал бэлчдэг газрыг дуусгаад байгаа, ...Хурлаар хэлэлцүүлээгүй гэж байна. Засаг дарга асуудлаа оруулж төлөвлөгөөнд тусгуулна, энэ асуудлаа сумын Засаг даргад хандах хэрэгтэй, Хурал газрын асуудлыг оруулаад ир гэдэг асуудал байхгүй. Хурлын шийдвэр хамтын шийдвэр, гараад дарга баталгаажуулаад явдаг, Хурлын дарга ганцаар шийдвэр гаргахгүй” гэх зэргээр маргасан.
5. Маргааны үйл баримтын тухайд:
5.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101 тоот шийдвэрээр, Дорноговь аймгийн ... сумын нутаг “...” нэртэй газарт ... га талбайд ашигт малтмал ашиглалтын ... дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “И” ХХК-д олгосон (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
5.2. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь, тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа 12.5 га газрыг кемпийн зориулалтаар эзэмших тухай хүсэлтийг 2020 оны 12 дугаар сард сумын Засаг даргад гаргаж, боломжгүй тухай хариуг авсан (хавтаст хэргийн 34 дэх тал),
5.3. Улмаар Дорноговь аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “тусгай зөвшөөрөл бүхий газраа баталгаажуулах ажлыг шуурхай зохион байгуулах”-ыг шаардсан агуулгатай албан бичиг (хавтаст хэргийн 22 дахь тал) ирүүлсэнтэй холбогдуулж “ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ... га талбайг бүхэлд нь эзэмших тухай” хүсэлтийг 2021 онд 06 дугаар сарын 17-ны өдрийн 21/05, 12 дугаар сарын 08-ны өдрийн 21/12, 2022 онд 10 дугаар сарын 17-ны өдрийн 22/16, 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22/21 тоот албан бичгээр тус тус сумын Засаг даргад гаргаж байсан (хавтаст хэргийн 30, 32-34 дэх тал),
5.4. Мөн тухайн тусгай зөвшөөрөл бүхий ... га талбайгаа сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах тухай хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22/22 тоот албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад гаргасныг тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар хэлэлцээд “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээгүй, сум, орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ хийгээгүй, төлөөлөгчид тус компанийн талаар мэдээлэл дутмаг” гэх шалтгаанаар тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаас татгалзаж, холбогдох хариуг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/77 тоотоор өгсөн (хавтаст хэргийн 37,39, 66-79 дэх тал),
5.5.Үүний дараа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “тусгай зөвшөөрөл бүхий газраа ашиглах эрхийг баталгаажуулах ажлыг мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулна уу” гэсэн албан бичгийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 769 тоотоор “И” ХХК-д ирүүлсэн (хавтаст хэргийн 23 дахь тал),
5.6. Улмаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан өмнө гаргасан хүсэлтээ 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19 тоот албан бичгээр дахин гаргасныг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар хуралдаанаар хэлэлцээд, тус хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр оруулахаас татгалзан, холбогдох хариуг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02/13 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн (хавтаст хэргийн 35, 15-20 дахь тал) үйл баримтууд тогтоогдож байна.
6. Маргааны үйл баримтад хамаарах эрх зүйн зохицуулалт:
6.1. Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 2.2-т “газрын хэвлий, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна”,
6.2. Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”,
6.3.Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/-т газрын хэвлийг ашигт малтмал ашиглах зориулалтаар ашиглуулахаар, мөн зүйлийн 2 дахь хэсэгт газрын хэвлийд ... ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар тус тус заасан байна.
6.4.Хуулиудын дээрх зохицуулалтаас үзэхэд Газрын тухай хууль нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах ерөнхий зохицуулалттай хууль, харин Ашигт малтмалын тухай хууль нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн газрын гадарга, түүний хэвлийгээс ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай холбогдох харилцааг тусгайлан зохицуулсан, илүү нарийвчилсан зохицуулалттай хууль байх ба,
6.5.Энэ тохиолдолд хууль хэрэглээний талаарх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан “...хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн ... заалтыг хэрэглэх” зарчмын дагуу нэхэмжлэгчийн, тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа газар ашиглахтай холбоотой харилцаа нь Газрын тухай хуулиар биш, Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдахаар байна.
6.6.Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “Ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, ... (-гээс) ашигт малтмал ялган авах, олборлох, ... түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг, 4.1.16-д "ашиглалтын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг; ойлгохоор тус тус тодорхойлсноос үзвэл эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу олгосон ашигт малтмал ашиглах энэхүү эрх нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд газар, түүний хэвлийг ашиглах эрхийг өөртөө агуулж байх буюу тодруулбал, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон нийт талбайг буюу газрыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглах эрхийг шууд олгож байгаа гэж үзэх ба,
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахын тулд тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа Газрын тухай хуульд зааснаар “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж батлуулах” шийдвэрийг хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулсан байх шаардлагагүй,
6.7.Харин Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д “нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, мөн хуульд заасан эрх хэмжээний дотор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, 2/-т “нутаг дэвсгэртээ газрын хэвлийн баялгийг ашиглуулахтай холбогдуулан эдэлбэр газар олгох” гэж заасан зохицуулалтын хүрээнд газар ашиглах тухай хүсэлтээ сумын Засаг даргад гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.
7. Хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа хууль бус эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх:
7.1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” бүрэн эрхтэй боловч энэ нь тухайн маргааны хувьд хамааралгүй юм. Учир нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа газар ашиглахтай холбоотой харилцаа нь дээр дурдсанаар Газрын тухай хуулиар биш, Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах учир хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглуулахаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхгүй.
7.2.Хариуцагч нь хэдийгээр нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу дээрх маргаан бүхий асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн ч уг харилцааг нарийвчлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулиар тухайн асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх эрхийг олгоогүй буюу тус асуудлыг хэлэлцэх эрх зүйн үндэслэл байхгүй байх тул хариуцагчийн үйл ажиллагаа нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.
7.3.Гэвч хариуцагч захиргааны байгууллагын тухайн шийдвэр, үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа газар ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа газар ашиглах тухай хүсэлтээ тухайн асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд болох сумын Засаг даргад шууд гаргаж шийдвэрлүүлэхээр байтал хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан нь буруу бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэх улмаар холбогдох шийдвэр гаргуулахаар даалгах нь хууль зүйн хувьд боломжгүй юм.
7.4.Иймд нэхэмжлэгч “И” ХХК-иас, Дорноговь аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тус Хурлын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.16-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн, Дорноговь аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тус Хурлын даргад холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит 13 дугаар хуралдааны 4 дэх хэлэлцэх асуудлын хавсралт 3-аар хэлэлцсэн “И” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, ... сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “И” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмал ашиглалтын ... дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшүүлэхээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг даалгах, мөн тус Хурлын ээлжит 13 дугаар хуралдааны 4 дэх хэлэлцэх асуудлын хавсралт 3-аар хэлэлцсэн “И” ХХК-д холбогдох хэсгийг Хурлаар дахин хэлэлцүүлэхийг Хурлын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийн, 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч, ... регистрийн дугаартай “И” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА