Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 481

 

Ү.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Содончимэг, хохирогч Н.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 558 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 701 дүгээр магадлалтай, Ү.Г-т холбогдох 1706039010431 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Годмой Чоймбол овогт Ү.Г нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ү.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 558 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Содончимэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ү.Г гаргасан гомдолдоо: “Н.Отгонтуяад гэмтэл учруулсан эсэхийг үнэн зөвөөр тогтоож чадаагүй, үндэслэл муутай эргэлзээтэй нотлох баримтанд үндэслэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Н.Отгонтуяа нь бие муутайн улмаас унаж татах өвчтэй бөгөөд намайг гэрээс гарсны дараа ухаан алдаж унасныг охин Долгоржав хэлээд, би эргэж ороод тусалж анхаарал тавьсан. Ингэж унах үедээ тархины доргилтыг авсан байхад намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Би тэр хүнийг өөрөөсөө холдуулсан төдий болохоос хүнийг бэртэл автал унагаасан зүйл огт байхгүй. Энэ нь өөрийн гараар прокурорт бичиж өгсөн хүсэлтээс харагдана. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл миний бие дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан ч хангаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийн бодит үнэн тогтоогдоно гэж найдаж байснаас өмгөөлөгч авалгүй хуралд оролцож байсан. Хохирогч нь хэргийг хэрэгсэхгүй болгох талаар удаа дараа прокурорт хандаж байсан” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Содончимэг хэлсэн саналдаа: Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Хохирогч нь бие муутай, татаж унадаг өвчтэй бөгөөд унахдаа юм мөргөж, тархиндаа хөнгөн гэмтэл авсан байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн саналдаа: “Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ шүүгдэгч Ганхөлөг түүнийг сандлаар цохиж, баруун гарын бугалгад гэмтэл учруулсан гэдэг. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ү.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэв. Үүнд:

1.Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гэрэлмаагийн үйлдсэн 494 дүгээр яллах дүгнэлтэд “Ү.Г нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины 22-413 тоотод өөрийн төрсөн дүү Ү.Гантулгын хадам эх Н.Отгонтуяатай маргалдан улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан” гэж тусгасан байх боловч уг дүгнэлтээс Ү.Гийн ямар үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан нь тодорхойгүй, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ч гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг тодорхойлон тогтоолгүй орхигдуулжээ.

2.Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр гэж бичсэн байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд “2017 оны 11 дүгээр сарын 29” гэж тогтоосон нь ойлгомжгүй буюу гэмт хэрэг хэдийд үйлдэгдсэн нь тодорхой биш байна.

Шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болох дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой эсэх, прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх асуудлыг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлээгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоол болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 558 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 701 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ү.Г-т холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                                  ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                   ШҮҮГЧ                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                          Б.БАТЦЭРЭН                                                                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН