Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 180

 

  Т.Б-н нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны

иргэдийн Нийтийн Хурлын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:              Л.Атарцэцэг

Шүүгчид:                             Х.Батсүрэн

                                              Б.Мөнхтуяа

                                              Д.Мөнхтуяа                                       

Илтгэгч шүүгч:                   П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах,  2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 01 дүгээр тогтоол, “иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 02 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах,  хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хурлыг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгах тухай 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0921 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0123 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Т.Б, өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-н гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0921 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 26 дугаар зүйлийн 26.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б-н “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хурлыг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулсан тухай тус хурлын хуурамчаар үйлдсэн тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн иргэдийн Нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай тогтоол №1,  иргэдийн Нийтийн хурлын тэргүүлэгчдийг сонгон батлах тухай тогтоол №2, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол №1 зэргийг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хурлыг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал болон хурлын дарга Л.А-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0123 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0921 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 01 дүгээр тогтоол, “иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 02 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хурлыг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-н “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хурлыг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулсан тухай тус хурлын хуурамчаар үйлдсэн тэмдэглэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-н гаргасан гомдлын агуулгад: Хорооноос зохион байгуулж буй хурал, зөвлөгөөн, сургалт гэх мэт бүхий л арга хэмжээ хорооны Иргэний танхимд зохион байгуулагддаг бөгөөд иргэдэд зарлахдаа үйлчилгээ авч буй иргэдэд биечлэн мэдэгдэх, гудамж талбай олон нийтийн газар зарлал байрлуулах, хэсгийн ахлагч нар өөрийн хариуцсан хэсгийнхээ иргэдэд биечлэн болон утсаар мэдэгдэх гэх мэт олон аргуудаар зар тараадаг бөгөөд ИНХ-ын анхдугаар хуралдааны зарыг энэхүү уламжлал болсон бүх аргуудаар тараасан гэдэг нь нэхэмжлэгч талаас хүсэлт гарган гэрчээр асуулгасан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдож байхад хэрэгт авагдсан ганц зарлалыг нотлох баримтаар үнэлж гэрчийн мэдүүлэг гэх мэт бусад нотлох баримтыг үнэлэхгүйгээр анхдугаар хуралдааны зарыг иргэдэд хүргээгүй гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.4-д “...15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан заалт нь хурал хэзээ, хаана болохыг товлох талаар Тэргүүлэгчдэд олгосон эрх бөгөөд үүнийг заавал 15 хоногийн өмнө иргэдэд зар мэдээлэл хүргэсэн байх ёстой гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх үндэслэлтэй байна. 1-р хорооны ИНХ-ын хувьд Хурлын тов гарсан цагаас эхлэн хурал болох хүртэлх хугацаанд зарыг иргэдэд хүргэсэн гэдэг нь гэрч, нэхэмжлэгч, хариуцагчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж 01 дүгээр тогтоол гарган “хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулна” гэж 18 хоногийн өмнө зарласан. Мөн хэн гэдэг ямар иргэн төөрөгдөлд орсон нь тодорхой бус байна.

5. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “...20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн   ирсэн  тохиолдолд  хүчинтэйд  тооцно”   гэж  заасан. Гэтэл нотлох баримтаар авагдсан “2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуралд оролцсон иргэдийн бүртгэл нь хуралдаанд оролцсон иргэдийн гарын үсгээр баталгаажаагүй зөвхөн иргэдийн нэрс, регистр зэргээр бүртгэснээс үзэхэд хуралдаан хуульд нийцсэн ирцтэйгээр хуралдсан гэж үзэх боломжгүй байна” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хуралд ирц хүрэхүйц иргэд оролцсон гэдэг нь иргэдийн хийсэн бичлэг, гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбар Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа зэргээр нотлогдож байхад давж заалдах шатны шүүх гарын үсгээр баталгаажаагүй гэдэг үндэслэлээр хуульд нийцсэн ирцтэй хуралдаагүй гэж үзсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

6. Мөн ирцийн бүртгэл иргэдийн гарын үсгээр баталгаажаагүй асуудлын хувьд анхан шатны шүүх дээр ирцийн бүртгэлтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч тал төдийлөн маргаагүй учир энэ асуудлаар нэмэлт нотлох баримт цуглуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргаагүй байдаг.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Б-н ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдсөн  нь тодорхой  бус Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Анхдугаар хуралдааны 01, 02, 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах нь тодорхой бус байхад эрх зөрчигдсөн байна гэж шийдвэрлэсэн нь хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

8. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар хуулийн 23.4-т “...15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт “...1-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хурлыг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгасугай” гэж заасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан заалтыг зөрчсөн буюу шүүхийн шийдвэр биелэхгүй байх боломжийг бүрдүүлсэн байна.

9. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгч Т.Б нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдуулан Анхдугаар хуралдааныг зохих журмын дагуу явуулаагүйгээс “хорооны Иргэдийн Нийтийн хуралдаанд оролцох, сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн” гэх үндэслэлээр маргаж байна.

12. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар товлосон боловч зохих журмын дагуу хуралдах нөхцөл бололцоогоор хангагдаагүй, хурлын заалны багтаамж тухайн хорооны сонгогч иргэдийн тоотой уялдаагүй, хуралдаан товлосон цагаас өмнө эхэлсэн зэргээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал, тус дүүргийн 1 дүгээр хороо нь 3736 өрхтэй, 14745 хүн амтай атлаа тухайн өдрийн хуралдааныг хангалттай багтаамжгүй, жижиг өрөөнд зохион байгуулснаас тус дүүргийн иргэд хуралдаанд оролцож чадаагүй, хуралдааны танхимын гадаа үлдсэн, хурал 10 цагт эхлэх байхад 9 цаг гэхэд хурлын танхим дүүрч, хуралдаанд хүрэлцэн ирсэн иргэд танхимд орох боломжгүй байсан нь гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байна.

13. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2 дахь хэсэгт зааснаар хорооны иргэд нь хорооны хуралдаанд оролцох, Хурлын дарга, Засаг даргыг сонгох, сонгогдох бүрэн эрхтэй, энэхүү эрхээ эдлэх бодит боломжийг олгох нь хуралдааныг зохион байгуулж байгаа захиргааны байгууллагын үүрэг юм. Гэтэл энэ тохиолдолд хуралдааныг багийн иргэдийн оролцоог хангахуйц, нийт сонгогчдын тоонд тохирсон байранд товлон зарлаагүйгээс хуралдааны үйл ажиллагаа эмх замбараагүй болж, улмаар нэхэмжлэгчийн “хорооны хуралдаанд оролцох, нэр дэвших, санал өгөх” эрх зөрчигдсөн, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

14. Тухайн өдрийн хуралдаанд “215 иргэн оролцсон” гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй буюу хуралдаанд оролцсон иргэдийн бүртгэл хуулийн шаардлага хангахгүй, хуралдаанд оролцсон иргэдээр гарын үсэг зуруулаагүй, түүнчлэн хуралд оролцсон иргэн, тухайлбал нэхэмжлэгч Т.Баяр нь хуралдаанд оролцсон иргэдийн бүртгэлд бүртгэгдээгүй зэргээр зөрчилтэй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт зааснаар хуралдааны ирц хуулийн шаардлага хангасан гэдгийг нотлох гол баримт нь тухайн өдрийн хуралдаанд оролцсон иргэдийн ирцийн бүртгэл бөгөөд хорооны иргэн өөрийн биеэр хуралдаанд ирж, саналаа биечлэн өгсөн болохыг нотлох үйл баримт нь ирцийн бүртгэлд бүртгэгдэж, түүнийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байх гол шалгуур юм. 

15. Хариуцагчийн “хуралд хуульд заасан ирц хүрэхүйц иргэд оролцсон гэдэг нь иргэдийн хийсэн бичлэг, гэрчийн мэдүүлэг, улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдсон” тухай гомдол үндэслэлгүй бөгөөд улсын бүртгэлийн лавлагаа нь “тухайн өдрийн хуралд ирсэн” гэдгийг нотлох баримт биш, түүнчлэн хэрэгт авагдсан бичлэгээс үзэхэд тус өдрийн хурлын танхимд 215 хүн багтахааргүй, гэрч нарын мэдүүлэгт “ тухайн өдрийн хуралдаанд ирсэн иргэдийн тоог тодорхой мэдүүлээгүй” тул дээрх гомдол няцаагдаж байна.

16. Хариуцагч нь Иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааныг 10 цагт эхлэхээр товлон зарласан атлаа цагаасаа өмнө эхэлсэн нь ноцтой зөрчил бөгөөд  10 цагт ирсэн иргэд хуралдаанд оролцох эрхээ эдэлж чадаагүй, хуралдааныг дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Т.В даргалсан зэргээр хуралдааны үйл ажиллагаа зохих журмын дагуу явагдаагүй, иргэдийн олонхийн саналаар Хурлын дарга, Засаг дарга сонгогдох зарчим тухайн өдрийн хуралдаанд бодитоор хэрэгжээгүй байх тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй.

17. Хариуцагчийн “Анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахаар даалгасан нь шийдвэр биелэгдэхгүй байх боломжийг бүрдүүлсэн” тухай гомдол нь хуульд нийцээгүй, хариуцагч нь хуулийн шаардлагыг хангаж, хуралдааны товыг хуульд нийцүүлэн тогтоож, уг зарыг иргэдэд мэдээлж, зохих шаардлага хангасан, сонгогч иргэдийн тоотой уялдсан газарт, хорооны иргэдийн оролцох эрхийг хангаж, олонхийн зарчмаар Хурлын дарга, Тэргүүлэгч, Засаг даргыг сонгох замаар Анхдугаар хуралдааныг зохион байгуулах үүрэгтэй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг 15 хоногийн өмнө Хурлын Тэргүүлэгчид хурал зарлан хуралдуулахаар заасан нь энэхүү маргаанд  хамааралгүй буюу маргааны зүйл нь “бусад хуралдааны” үйл ажиллагаатай холбоогүй, харин “анхдугаар хуралдаантай” холбоотой байгаа учраас хариуцагч Иргэдийн Нийтийн Хурал, түүнийг төлөөлж байгаа иргэдийн Нийтийн Хуралдааны даргад анхдугаар хуралдааныг зохих журмын дагуу дахин зарлан хуралдуулахыг даалгах нь хуульд нийцнэ. Ийнхүү Иргэдийн Нийтийн хуралдааны даргад анхдугаар хуралдааныг зарлан товлохыг даалгасан байдал нь Хурлын Тэргүүлэгчдийн эрхийг хязгаарлах үндэслэл биш, Хурлын дарга болон Хурлын Тэргүүлэгчид хамтран хурал зохион байгуулах эрхийг үгүйсгэхгүй юм.

18. Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн нь тодорхойгүй” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн Нийтийн Хурал нь үүсч байгуулагдахдаа чөлөөт сонгуулиар сонгогдсон байх шалгууртай, энэхүү шалгуурыг хангах урьдчилсан нөхцөл нь Анхдугаар хуралдааныг зохих журмын дагуу, тухайн хорооны иргэдийн оролцоог хангаж, улмаар оролцохоор ирсэн иргэдийг үзэл бодлоо илэрхийлэх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөллийг сонгох, сонгогдох эрхээ эдлэх нөхцөл бололцоогоор хангах нь ардчилсан ёс, олонхийн зарчмаар асуудлыг шийдэх, ил тод байх зарчимд нийцэхээр байна.

19. Эдгээр үндэслэлүүдээр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0123 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ