Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/00730

 

“Ханми-интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00807 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 745 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Ханми-интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох,

Гуравдагч этгээд “Элигант фур” ХХК,

1836/2012 тоот техникийн нөхцөл, 2/2227 тоот албан бичгийг хүчингүйд тооцож, эзэмших эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандахын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2004 онд Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачууртын их аманд аялал жуучлал, спорт амралтын зориулалттай 224 м.кв талбай бүхий 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө барьж, энэхүү обьектод 4 км газраас цахилгаан шугам татах болж хүсэлт гаргасны дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 2/406 дугаар техникийн нөхцлийг олгосон. “Лүн сүлжээ” ХХК-иар ажлын зургаа гүйцэтгүүлсэн.Ингээд “Эрчим” ХХК-тай 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 4 км 10 кв-ын ЦДАШ, 63 ква-гийн 10/0.4 кв-ын дэд өртөөн, 250 м ААБВ 3х50+1х25 кабель, 6 групптэй щитийг 21 500 000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн.2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 62 тоот албан бичгээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн мэргэжлийн комисс хүлээн авч шинэ обьектийг сүлжээнд залгах зөвшөөрлийг олгосон болно. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дагуу цаг тухайд нь төлбөр тооцоогоо хийж үйл ажиллагаагаа явуулж, зохих журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. “Ханми-Интернэйшнл” ХХК-ийн өмч болох трансформатор нь одоо ч байгаа, олгосон техникийн нөхцлийн дагуу хийгдсэнээрээ байгаа.“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК нь дур мэдэн бидний өмчид халдаж, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1836/2012 тоот техникийн нөхцлийг “Элегант фур” ХХК-д олгосон нь хууль зөрчсөн байна. Энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д гомдол гаргасан ба гомдлыг хянаж үзээд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 3/1017 тоот албан бичгээр “...“УБЦТС” ТӨХК-иас Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачууртын аманд “Хамни-Интернэйшнл” ХХК-ийн 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2/406 тоот техникийн нөхцөл эзэмшигчийн нэр сольж, “Элегант фур” ХХК-д шилжүүлэн олгосон 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1836/2012 тоот техникийн нөхцөл нь хүчингүй болохыг мэдэгдэж байна. Харин “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгоны “Их”-ийн аманд байрлах 2549107 регистрийн дугаартай “Хамни-Интернэйшнл” ХХК-ийн аялал жуулчлалын газрын цахилгаан хангамжид зориулж олгосон 2004.6.04-ний өдрийн 2/406 тоот техникийн нөхцөл нь хүчин төгөлдөр болно...” гэж “УБЦТС” ТӨХК-ийн техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Л.Ганзориг хариу өгсөн.Үүний дагуу “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан цахилгаан түгээх гэрээгээ дахин сэргээн байгуулж ажиллаж байсан. Гэтэл 2014.12.09-ний өдрийн 3/2227 тоот албан бичгийг “УБЦТС” ТӨХК-ийн техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Л.Ганзориг нь гаргаж “Хамни-Интернэйшнл” ХХК-д олгосон техникийн нөхцлийг хүчингүй, “Элегант фур” ХХК-д олгогдсон техникийн нөхцөл нь хүчинтэй гэсэн албан бичиг үйлдэж өгсөн байна. Энэхүү бичгийг үндэслэн “Элегант фур” ХХК нь манай эрчим хүчний шугам, трансформатор, холбогдох эд ангийг эзэмшиж манай хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд 1836/2012 тоот техникийн нөхцөл, 2/2227 тоот албан бичгийг хүчингүйд тооцож, эзэмших эрх сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага ирсэн хүсэлтийг судалж зохих журмын дагуу техникийн нөхцөл олгож, эрчим хүч түгээдэг бөгөөд аливаа этгээдийн эрчим хүчний шугам, трансформатор, холбогдох эд ангийн эзэмшлийг тогтоож бусдад шилжүүлдэг эрх бүхий байгууллага биш юм. Анх 2549107 тоот регистрийн дугаартай, 2/406 тоот техникийн нөхцлийг “Ханми-Интернэйшнл” ХХК-д 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олгосон.Гэтэл “Ханми-Интернэйшнл” ХХК техникийн нөхцлийн нэрийг “Элегант фур” ХХК-д шилжүүлэх хүсэлт тавьсан тул “Элегант фур” ХХК-д 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1836/2012 дугаар техникийн нөхцөл олгосон.“УБЦТС” ТӨХК-ийн техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Л.Ганзоригийн гарын үсэгтэй 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3/2227 дугаар албан бичгээр 2004 оны 2/406 дугаар техникийн нөхцлийг хүчингүй болгож, 2012 оны 1836/2012 дугаар техникийн нөхцөл хүчин төгөлдөр болохыг мэдэгдсэн.“Элегант фур” ХХК-ийн зохих хууль дүрэм журмын дагуу авсан техникийн нөхцлийг хүчингүй болгож уг байгууллагын эрхийг зөрчиж, хууль бус үйлдэл гаргах боломжгүй болно.Тус эд хөрөнгө нь манай өмчлөлд байхгүй бөгөөд эзэмшил сэргээдэг эрх бүхий байгууллага биш тул хариуцагчаа зөв тодорхойлж нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй байна.Мөн манай байгууллага 2004 онд 2549107 тоот регистрийн дугаартай “Ханми-Интернэйшнл” ХХК-д техникийн нөхцөл олгосон бөгөөд тус компани нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2164 дугаар шийдвэрээр татан буугдсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлээс 2008 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хасагдсан байна.Анх техникийн нөхцөл авсан хуулийн этгээд нь байхгүй, татан буугдсан бөгөөд одоо нэхэмжлэл гаргаад байгаа “Ханми-Интернэйшнл” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Элигант фур” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:“Ханми-Интернэйшнл” ХХК нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгоны “Их-Ам” гэдэг газарт байрлах 200 м.кв буюу 2 га газрын эзэмших эрхийг “Элегант фур” ХХК-д авсан зээлдээ тооцуулан шилжүүлж өгөх хүсэлтийг 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан. Ингээд уг газар эзэмших эрхийг шилжүүлэн авах, мөн уг газрын дэргэд шинээр 2 га газрыг нэмж авах хүсэлт Баянзүрх дүүргийн газрын албанд гаргаж Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны “Их-Ам” гэдэг газарт “Элегант фур” ХХК 4 га газар эзэмших эрх үүсч, газар эзэмших эрхийн 048041 дугаар гэрчилгээ олгогдсон.Уг газар эзэмших эрх “Элегант фур” ХХК-д шилжсэнтэй холбогдуулан газраас салгаж үл болох хөдлөх хөрөнгө болох 2 ширхэг байр, 1 ширхэг гүний худаг, цахилгаан трансформатор зэргийг “Ханми-Интернэйшнл” ХХК-ийн зүгээс “Элегант фур” ХХК-д шилжүүлэхээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсанаар “Элегант фур” ХХК-д газар эзэмших эрх, цахилгаан эрчим хүчээр хангах шугам болон трансформатор, холбогдох эд анги бүрэн шилжсэн болно.Иймд нэхэмжлэл гаргасан “Ханми-Интернэйшнл” ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2164 дүгээр шийдвэрээр татан буугдсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00807 дугаар шийдвэрээр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйл, Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журмын 1.1, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасныг баримтлан “Ханми-Интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох 1836/2012 тоот техникийн нөхцөл, 3/2227 тоот албан бичгийг хүчингүйд тооцож, эзэмших эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ханми-Интернэйшнл” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 745 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00807 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 1836/2012 тоот техникийн нөхцөл, 2/2227 тоот албан бичгийг хүчингүйд тооцож, эзэмших эрх сэргээлгэх тухай нэхэмжлэгч “Ханми-Интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ханми-Интернэйшнл” ХХК-ийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох үүрэгтэй бөгөөд “Ханми интернейшнл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...“Элегант Фур” ХХК нь манай эрчим хүчний шугам, трансформатор, холбогдох эд ангийг эзэмшиж эрхийг зөрчиж” гэж, мөн нэхэмжлэлийн шаардлагадаа “Ханми интернейшнл” ХХК-ийн эзэмших эрхийг сэргээлгэх талаар дурдсан нь аж ахуйн нэгж хоорондын эзэмших, ашиглах эрхтэй холбоотой иргэний хэргийн харъяалалын маргаан бөгөөд бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн нь хэргийн харъяалал зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.Техникийн нөхцлийн тухайд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу холбогдох хууль, журмын дагуу зөвшөөрөл олгодог байгууллага бөгөөд нэгэнт олгосон зөвшөөрлийг өөр этгээдэд шилжүүлэх эрхгүй бөгөөд “Ханми интернейшнл” ХХК-ийн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд хандаж техникийн нөхцлийн нэрийг “Элегант Фур” ХХК-д шилжүүлэх хүсэлтийн дагуу техникийн нөхцлийг олгосон болохоос дур мэдэн өөр этгээдэд шилжүүлдэг байгууллага биш юм. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болоогүй байна. Давж заалдах шатны шүүх цахилгаан шугам сүлжээг ашиглах техникийн нөхцлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т заасан захиргааны актад хамааруулсан нь алдаатай болжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т зааснаар захиргааны  акт гэдэгт нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг ойлгох бөгөөд энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулдаг байна.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1., 28.2., 28.3.-т зааснаар эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулах бөгөөд иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгадаг бол хуулийн этгээдтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд дээрх нөхцлөөс гадна эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгадаг байна.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас аж ахуйн нэгж, байгууллагуудад олгодог техникийн нөхцөл нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулах зорилготой бус харин эрчим хүчээр хангагч, хэрэглэгч хоёрын гэрээний харилцааг зохицуулах, гэрээ байгуулах урьдчилсан нөхцлийг тодорхойлсон, хувийн эрх зүйн шинжтэй акт байх тул давж заалдах шатны шүүхийн энэ талаар гаргасан дүгнэлт, маргааныг захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамааруулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон магадлал үндэслэл муутай болжээ.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас “Ханми-Интернэйшнл” ХХК-д олгосон 2004 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн техникийн нөхцлийн дагуу цахилгаан эрчим хүчний холболт хийх хугацаа 1 жил байх ба энэ хугацаанд холболт хийгдээгүй тохиолдолд шинээр техникийн нөхцөл авах ёстой тул уг техникийн нөхцлийн талаар шаардлага гаргах, энэ нөхцлийг сэргээлгэх эрх нэхэмжлэгчид байхгүй байна. 

Нэхэмжлэгч “Ханми-Интернэйшнл” ХХК техникийн нөхцлийн нэрийг “Элегант фур” ХХК-д шилжүүлэх хүсэлт тавьсаны дагуу “Элегант фур” ХХК-д 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1836/2012 дугаар техникийн нөхцөл олгогдсон бөгөөд “УБЦТС” ТӨХК-ийн техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Л.Ганзориг 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3/2227 дугаар албан бичгээр 2004 оны 2/406 дугаар техникийн нөхцлийг хүчингүй болгож, 2012 оны 1836/2012 дугаар техникийн нөхцөл хүчин төгөлдөр болохыг мэдэгдсэн байна. “Элегант фур” ХХК-ийн зохих хууль дүрэм журмын дагуу авсан техникийн нөхцлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10.-т зааснаар эрчим хүч хэрэглэгч нь түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр  өөрийн  эзэмшлийн  шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах эрхтэй байдаг тул “Элегант фур” ХХК-ийг нэхэмжлэгчийн эрчим хүчний шугам, трансформатор, холбогдох эд ангийг хууль бусаар эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй болно. Эд хөрөнгийн эзэмшлийн талаар шаардлага гаргахад энэ хэргийн шийдвэр саад болохгүй юм. 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Харин шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийг баримталсан нь нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлд хамаарахгүй байх тул хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалтыг баримталсан гэж үзэхээр байна. Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5., 3.6.-д зааснаар шүүх хуульд заасан тохиолдолд хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэх боломжтой тул Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журмын заалтыг баримталсан нь учир дутагдалтай болжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 745 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00807 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10.-т заасныг баримтлан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д холбогдох 2012 оны 1836\2012 дугаартай техникийн нөхцөл, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3\2227 дугаар албан бичгийг хүчингүйд тооцуулах, эзэмших эрхийг сэргээлгэх тухай “Ханми-Интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээд “Элигант фур” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН