Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/00760

 

8 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2024/00760 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С......... дүгээр, .. дугаар хороо, . дугаар байр, ..... тоот хаягт оршин суух С...... овогт Г......-ын Ц......... /ХЙ........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.......... дүүрэг,... дүгээр хороо, З.........-д байрлах Х........... их сургуульд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон алдангид 33 479 356 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С........., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Ц........нь Хөдөө аж ахуйн их сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Г.Ц......... 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Х.......... их сургуулийн харьяа Э........... сургуулийн захирлын туслах, бичиг хэргийн ажилтнаар түр томилон ажиллаж байгаад 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс байр аж ахуйн эрхлэгчийн албан тушаалд үндсэн орон тоонд ажилласан. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байр, аж ахуйн эрхлэгчийн албан тушаалд томилогдоод ажиллаж байх хугацаандаа захирлын туслах буюу бичиг хэргийн ажилтан албан тушаалыг хавсаргаж гүйцэтгэж байсан. Тус эдийн засаг, бизнесийн сургуулийн захирлаар н.Э............. солигдсоноос хойш тухайн сургуульд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байсан, аж ахуйн эрхлэгчийн албан тушаал, захирлын туслах бичиг хэргийн ажилтан албан тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т хэсгийг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болж байгаа мэдэгдлийг өгсөн. Х............ их сургуулийн захирал 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ./.. тоот тушаалаар ажлаас чөлөөлснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч ажлаа хийж байхад нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай мэдэгдэл өгөхдөө ажил үүргээс нь чөлөөлөөд, өмнө хийж байсан хоёр ажлын байрыг нийлүүлээд захиргааны ажилтан болгосон. Тэр ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан гэх боловч сонгон шалгаруулалтыг нэр төдий авсан бөгөөд өмнө Х....... их сургуулийн захирлын тэнхимийн туслах байсан. Л.Б........ гэх хүнийг сонгон шалгаруулалтаар ажилд авсан болно. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тус дүүргийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар гурван талт хороонд хандсан. Х........... их сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн .../.. тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж үзэж, тушаалыг хүчингүй болгож, Г.Ц......-г Х........... их сургуулийн Э......... сургуулийн захиргааны ажилтны албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулж, нөхөн бичилт хийлгэх, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсарган гүйцэтгэж байсан олгоогүй цалингийн хэтэрсэн хоног тутмын 0,3 хувийн алдангийг нөхөн олгохыг даалгаж гурван талт хорооноос шийдвэрлэсэн боловч тухайн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул тус дүүргийн шүүхэд хуулийн хугацаанд хандаж гомдол гаргасан. Өмнө нь эрхэлж байсан Х............ их сургуулийн Э............ сургуулийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ../... тоот тушаалаар энэ хоёр ажлын байрыг нэгтгээд нэршлийг нэг болгосон. Захиргааны ажил албан тушаал гэж нэг болсон энэ албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан цалин хөлсийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлаас халсан тушаал гарсан өдрөөс эхлэн өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нийт ажлын 265 хоног гарсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 2 сар, 2023 оны 01 сар, 2023 оны 12 дугаар сарын цалингийн дунджаас тооцоод 1 сард 2 576 909 төгрөг, 1 өдөрт 122 690 төгрөг, нийт 265 хоногоор тооцож үзвэл 32 512 850 төгрөг болж байна. Дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалтыг хийлгэх, мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсарган гүйцэтгэж байсан цалингийн олгоогүй хоног тутмын 0,3 хувийн алданги 2 556 892 төгрөг, нийт ажил олгогчоос 35 069 472 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Цалин хөлсийг хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцооллыг буруу хийсэн байх тул алдангийн хэмжээг багасгаж 966 506 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

2. Хариуцагч Х............ их сургууль нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 6 их сургуулийн дундах удирдах зөвлөл хуралдсан байдаг. Энэ хурлын протоколоор зарим арга хэмжээг шийдвэрлэсэн. Төрийн өмчийн 6 их сургууль нь бүтэц орон тоо, захиргааны орон тоо, бусад ажилчдын орон тоог оновчтой тогтоохыг төрийн өмчит 6 их сургуульд үүрэг болгосон байдаг. Энэ тогтоолыг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ../.. тоот албан бичгээр Х............ их сургуульд хүргүүлсэн. Энэ төрийн өмчийн 6 их сургуулийн тогтоолыг үндэслээд Х.......... их сургуулийн удирдах зөвлөл нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор Х........ их сургуулийн хэмжээнд 43 ажлын байрыг цомхотгосон. Г.Ц........-ийн хувьд байр, аж ахуйн эрхлэгчийн албан тушаал, захиргааны ажилтны орон тоо 43 ажлын байрны цомхотголд багтсан. Үүний дагуу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орон тооны цомхотгол хийгээд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8 дахь хэсэгт зааснаар Г.Ц........-ийн эрхэлж байсан ажил хасагдсан учраас хуульд зааснаар 30-аас доошгүй хоногт мэдэгдлийг хүргүүлсэн. Ингээд 2023 оны 2 дугаар сарын 04-ний өдөр шинээр бий болсон ажлын байр болох захиргааны ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан. Х......... их сургуулийн дотоод журамд байгаа. Дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар багш, ажилтнууддаа шинээр бий болсон ажлын байранд сонгон шалгаруулалтын ажлын хэсэг байгуулагдсан. Нэгэнт ажлын байр цомхотгож байгаа учраас шинээр бий болсон ажлын байранд гаднаас хүн авахгүй, дотооддоо ажиллаж байсан хүмүүсээс сонгон шалгаруулалт хийсэн. Энэ шалгаруулалтад Г.Ц........... оролцсон. Хэдийгээр оролцсон ч Г.Ц............ хангалтгүй, 56 оноо авсан. Үүнд н.Б.........г нь 91 оноо авч тухай ажлын байранд томилогдсон. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр сонгон шалгаруулалтын шийдвэрийг үндэслээд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмж өгч ажлаас чөлөөлсөн. Эдгээр баримтууд хавтас хэрэгт авагдсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байгууллага бүтэц орон тооны цомхотгол хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Шинээр бий болсон орон тоонд Г.Ц........... оролцоод тухайн шаардлагад нийцээгүй байгаа учраас нэхэмжлэгч тухайн ажлын байранд томилогдох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага тухайн хуучин ажиллаж байсан ажлын байранд томилуулах гэсэн байсан. Тухайн ажлын байр нэгэнт байхгүй болсон учраас нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тооцооллын хувьд дундаж цалингаас нь бодох нь буруу юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Г.Ц..........-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.02.14-ний өдрийн Монгол улсын х......... их сургуулийн ../.. дугаар Ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаал, 2023.02.15-ны өдрийн Х......... их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирлын ... дугаар Цалин нөхөн олгох тухай тушаал, 2023.02.03-ны өдрийн ../.. дугаар цалингийн нэмэгдэлийг нөхөн олгох тухай албан бичиг, 2022.12.28-ны өдрийн мэдэгдэл, Г.Ц........-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023.03.13-ны өдрийн Х........дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан Г.Ц........-гийн гомдол, 2023.03.27-ны өдрийн Х....... дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, монгол шуудангийн баримт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтууд, ХААИС-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-37/

 

4. Хариуцагчаас: Х.......... их сургууль ТБАГУТҮГ-ын хуулийн этгээдийн гэрчилгээ, 2023.05.11-ний өдрийн .../.... дугаар итгэмжлэл, 2023.03.09-ний өдрийн төлбөрийн даалгавар, 2023.06.08-ны өдрийн итгэмжлэл, 2023.01.25-ны өдрийн ..... дугаар сонгон шалгаруулалтын ажлын хэсэг батлах тухай тушаал, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг, 2020.10.09-ний өдрийн ..... дүгээр албан бичиг, 2022.08.25-ны өдрийн ..... дугаар ажлаас чөлөөлөх, ажиллуулах тухай албан бичиг, 2014.07.09-ний өдрийн .... дугаар Эдийн засаг бизнесийн сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах, ажилд томилох тухай тушаал, 2022.11.07-ны өдрийн 11 дугаар зөвлөлийн хурлын тогтоол, 2022.12.28-ны өдрийн ..... дугаар захирлын тушаал, 2022.12.28-ны өдрийн Г.Ц.....-д өгсөн мэдэгдэл, 2023.02.03-ны өдрийн Х.....-ийн Э.....ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тайлан, 2023.01.27-ны өдрийн 01 дүгэр өдрийн Х.....-ийн Э.....-ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тэмдэглэл, Х.....-ийн Э.....-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтын нэгдсэн үнэлгээ, 2023.02.01-ний өдийн ... дугаар өдрийн Х......-ийн Э......-ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тэмдэглэл, 2023.02.02-ны өдрийн .. дугаар өдрийн Х....-ийн Э.....-ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тэмдэглэл, 2023.02.14-ний өдрийн .... дугаар Ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаал, ажлаас чөлөөлөгдсөн ажилчдын тэтгэмж, 2023.10.27-ны өдийн..... дугаар итгэмжлэл, Х...... их сургуулиас 2023.11.27-ны өдрийн ..... дугаар албан бичиг, цалингийн карт, цалин олгох хүснэгт, 2022.01.03-ны өдрийн ..... дугаар захирлын тушаал, Эдийн засаг, бизнесийн сургуулиййн ажилтнуудын нэрс, албан тушаалын зэрэглэл, шатлал 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ..... дугаар захирлын тушаал, Х.....-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ 2021, Х......-ийн захиргаа, ҮЭ-ийн хооронд байгуулсан хамтын гэрээ, 2019.10.01-ний өдрийн .... дүгээр Журам батлах тухай захирлын тушаал, 2023.02.15-ны өдрийн..... дугаар Цалин нөхөн олгох тухай захирлын тушаал, 2023.02.03-ны өдрийн....... дугаар Х......-ийн захиргаанд Цалингийн нэмэгдэлийг нөхөн олгох тухай албан бичиг, 2023.02.08-ны өдрийн ..... дугаар Бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах, ажилд томилох тухай тушаал, Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажилтны нэрс, 2023.01.02-ны өдрийн ..... дүгээр захирлын тушаал, Э........ сургуулийн бүтэц дэх ажлын байр, орон тоо, 2024.02.16-ны өдрийн ..... дугаар албан бичиг, 2023.02.08-ны өдрийн ...... дугаар Бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах, ажилд томилох тухай захирлын тушаал, Х....... их сургуулийн багшийн цалингийн зэрэглэл, Х....... их сургуулийн шинээр байгуулагдах нэгжүүд, 2022.11.07-ны өдрийн .. тоот Х....... их сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тогтоол, 2023.02.15-ны өдрийн.... дугаар Цалин нөхөн олгох тухай тушаал, 2022.01.03-ны өдрийн .... дүгээр Х....... их сургуулийн багш, ажилтны нэрс, албан тушаалын зэрэглэл, шатлалыг тогтоох тухай, 2019.10.01-ний өдрийн ..... дүгээр журам батлах тухай захирлын тушаал, Цалингийн карт, 2023.02.03-ны өдрийн Х......-ийн Э......-ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тайлан, 2023.01.27-ны өдрийн 01 дүгэр өдрийн Х......-ийн Э.....-ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тэмдэглэл, Х.....-ийн Э.....-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтын нэгдсэн үнэлгээ, 2023.02.01-ний өдийн 02 дугаар өдрийн Х.....-ийн Э....-ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тэмдэглэл, 2023.02.02-ны өдрийн 03 дугаар өдрийн Х.....-ийн Э....-ийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тэмдэглэл, 2022.10.27-ны өдрийн .......дугаар Боловсрол, Шинжлэх ухааны яамны албан бичиг, 2022.10.05-ны өдрийн №01УЗ/05 дугаар Дундын удирдах зөвлөлийн тогтоол, Х......-ийн удирдах зөвлөлийн дүрэм зэрэг баримтыг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 40-43, 48-80, 86, 92-136, 148-198 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Г.Ц...... нь Х...... их сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон алдангид 35 069 472 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд алдангид холбогдох шаардлагаа багасгаж, 33 479 356 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2023.02.14-ний өдрийн .... дугаар тушаалаар орон тоо цөөрсөн, ажлын байр хасагдсан үндэслэлээр байр аж ахуйн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн. Бодит байдал дээр аж ахуйн эрхлэгч, захирлын туслах, бичиг хэргийн ажилтан гэх албан тушаалыг нэгтгэж, захиргааны ажилтан гэж нэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасан бөөнөөр халах үеийн зохицуулалтанд хамаарахгүй тул уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Х....... их сургууль нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Төрийн өмчийн 6 их дээд сургуулийн Удирдах зөвлөлийн 2020.10.05-ны өдрийн тогтоолоор төрийн өмчийн 6 их сургуулийн бүтэц орон тоо, захиргааны орон тоо, бусад ажилчдын орон тоог оновчтой тогтоохыг үүрэг болгосны Х...... их сургуулийн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Х...... их сургуулийн хэмжээнд 43 ажлын байрыг цомхотголд байр, аж ахуйн эрхлэгчийн албан тушаал багтсан тул 2022.12.28-ны Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар 30-аас доошгүй хоногт мэдэгдлийг хүргүүлээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн. Нөгөө талаас шинээр бий болсон захиргааны ажилтан ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан бөгөөд нэхэмжлэгч Г.Ц...... хамгийн өндөр оноог авч чадаагүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй. Байр, аж ахйун эрхлэгчийн албан тушаал, захирлын туслах, бичиг хэргийн ажилтан гэх албан тушаалууд хасагдсан бөгөөд захиргааны ажилтан гэх шинэ орон тоо бий болсон тул албан тушаалын нэршил өөрчлөгдөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2020.10.09-ний өдрийн ...... дүгээр Х....... их сургуулийн захирлын Ажиллуулах тухай тушаалаар Г.Ц.......г Э...... сургуулийн бичиг хэргийн ажилтнаар /Г.Б......-ын хүүхэд асрах чөлөөний хугацаанд/ 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, /хх 59 тал/

 

4.2 2022.08.25-ны өдрийн ..... дугаар Х...... их сургуулийн захирлын Ажлаас чөлөөлөх, ажиллуулах тухай тушаалаар Г.Ц.......-г Э....... сургуулийн бичиг хэргийн ажилтнаас 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн чөлөөлж, Э....... сургуулийн байр аж ахуйн эрхлэгчээр 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, /хх 60 тал/

 

4.3 2022.08.26-ны өдөр Г.Ц....... Х.........их сургуулийн Э...... сургуулийн захирал Б.Б..... нарын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, Г.Ц....г байр аж ахуйн эрхлэгчийн албан тушаалд ажиллуулахаар тохиролцож, гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 17-18 тал/

4.4 2022.12.28-ны өдрийн ..... дүгээр Х........ их сургуулийн захирлын Х...... их сургуулийн бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан албан тушаал, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар бүрэлдэхүүн сургуулиудын албан тушаал, орон тоог нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаадугаар хавсралтаар тус тус баталсан бөгөөд 5 дугаар хавсралтаар Э....... сургуулийн захиргааны ажилтан 1 гэж тогтоосон, /хх 68-70 тал/

 

4.5 2022.12.28-ны өдөр Г.Цэвээнсүрэнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсгийг баримтлан дуусгавар болгож байгааг мэдэгдсэн, /хх 71 тал/

 

4.6 2022.11.07-ны өдрийн Х......... их сургуулийн удирдах зөвлөлийн хурлын 11 дүгээр тогтоолоор сургуулийн бүтэц орон тоог шинэчлэн батлахаар шийдвэрлэсэн, /хх 156 тал/

 

4.7 Х....... их сургуулийн захирлын 2023.01.25-ны өдрийн Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг баталж, батлах тухай Э...... сургуулийн ажлын байрны сонгон шалгаруулалтын нэгдсэн үнэлгээгээр захиргааны ажилтан ажлын байранд Л.Б........ хамгийн өндөр оноог авсан талаарх тэмдэглэл үйлдсэн, /хх77-78 тал/

 

4.8 2023.02.14-ний өдрийн Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын.....дугаар ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаалаар Г.Ц......-г Э....... сургуулийн Байр аж ахуйн эрхлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгон чөлөөлсөн, /хх 4 тал/

 

4.9 Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2023.02.08-ны өдрийн ..... дугаар бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах, ажилд томилох тухай тушаалаар сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажиллагсдын нэр албан тушаалыг баталж, 2023.01.02-ны өдрийн...... дугаар тушаалаар бүрэлдэхүүн сургуулийн бүтэц дэх албан тушаал, орон тоо болон цалингийн зэрэглэлийг баталсан, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн, /хх 133-136 тал/

 

4.10 2023.02.15-ны өдрийн Х...... их сургуулийн Э........сургуулийн захирлын ..... тушаалаар байр аж ахуйн эрхлэгч Г..... овогтой Ц.....-ийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар 16-ны өдрийг хүртэл Бичиг хэргийн ажилтан хавсран гүйцэтгэсэн ажлын хөлсийг нөхөн тооцож олгохоор шийдвэрлэсэн, /хх 157-158 тал/

 

4.11 Г.Ц..... нь 2023.03.13-ны өдөр Х..... дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн .... тоот Ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, Х.....-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.11 дэх заалтын дагуу 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх Бичиг хэргийн ажилтан албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан олгоогүй цалингийн хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алдангийг нөхөн олгуулж өгнө үү гэсэн гомдол гаргасан, /хх 11 тал/

 

4.12 2023.03.27-ны Х..... дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 61 хуралдаанаар талууд харилцан тохиролцоогүй бөгөөд Х..... их сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн .... тоот Ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж үзэж, ажил олгогч гаргасан тушаалаа эргэн харж, хүчингүй болгож Г.Ц.....-г хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах бичилт нөхөн хийх, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх Бичиг хэргийн ажилтан албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан олгоогүй цалингийн хэтэрсэн хоног тутамд дахь 0.3 хувийг алдангийг нөхөн олгохыг даалгаж шийдвэрлэсэн, /хх 12-15 тал/

 

4.13 2022.10.05-ны өдөр Төрийн өмчийн зургаан их дээд сургуулийн дундын удирдах зөвлөлийн ...... дугаар тогтоолоор их дээд сургуулиудын захиргааны түр бүтэц, орон тоог оюутны хөгжил үйлчилгээ, захирлын ажлын алба, сургалт, цахим шилжилт, эрдэм шинжилгээ, инновац, санхүү хөрөнгө оруулалт гэсэн бүтцийн үндсэн нэгжтэй байхаар зохион байгуулж батлуулахыг Төрийн өмчийн зургаан их дээд сургуулийн захирлуудад даалгасан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 196 тал/

 

5. Зохигч хөдөлмөрийн гэрээ цуцалсан ажил олгогчийн тушаалын үндэслэл буюу орон тоо цөөрсөн, эсхүл ажлын байрны нэршил өөрчлөгдсөн эсэхэд маргаантай.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан байна.

 

  Хуульд заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг, орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын  зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг тус тус ойлгодог.

Хэргийн баримтаар Х...... их сургуулийн захирлын 2014.07.09-ний өдрийн .... дугаар бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах, ажилд томилох тухай тушаалаар нийт орон тоог профессор болон багш нараас бусад ажилчдын орон тоог 37 байхаар, үүнээс байр аж ахуйн эрхлэгч, захирлын туслахын орон тоог 1 гэж, 2022.12.28-ны өдрийн .... дугаар тушаалаар нийт орон тоог 96 байхаар, захиргааны ажилтан 1 гэж тус тус тогтоосон болох нь тогтоогдсон.

Дээрх үйл баримтыг нэхэмжлэгч, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн хэдий ч ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэвэл зохих ажил үүрэг өөрчлөгдөөгүй тул орон тоо цөөрсөн эсхүл ажлын байр хасагдсан гэх үндэслэлд хамаарахгүй гэж, хариуцагч аж ахуйн эрхлэгч, захирлын туслах гэх ажлын байр байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр хасагдаж, захиргааны ажилтан гэх шинэ ажлын байр бий болсон тул ажлын байр хасагдсан гэж зөрүүтэй тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар зохигч шаардлага болон татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх цуглуулах үүрэгтэй.

Шүүх хуралдааны явцад зохигчдын маргаантай үйл баримтыг тогтооход ач холбогдолтой гэж үзэж, хариуцагчаас Х.......их сургуулийн Э...... сургуулийн захиргааны ажилтны албан тушаалын тодорхойлолт байгаа эсэх талаар тодруулахад байхгүй гэх тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч, түүний гүйцэтгэж байсан 2 албан тушаалыг нэгтгэж, захиргааны ажилтан болгон ажлын байрны нэршлийг өөрчилсөн гэж маргаж байгаа тохиолдолд байр аж ахуйн эрхлэгч, бичиг хэргийн ажилтан гэх 2 ажлын байр тухайн байгууллагын бүтэц орон тооноос хасагдсан талаар нотлох нь ажил олгогчид хамаарна.

Хариуцагчаас Х..... их сургуулийн захирлын 2014.07.09-ний өдрийн ..... дугаар бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн батлах, ажилд томилох тухай тушаалаар профессор болон багш нараас бусад ажилчдын орон тоог 37 байхаар, 2022.12.28-ны өдрийн ..... дугаар тушаалаар нийт орон тоог 96 байхаар тогтоосон холбогдох баримтыг ирүүлсэн боловч эдгээр баримтаар маргаан бүхий 2 ажлын байр хасагдсан болох нь эргэлзээгүй нотлогдохгүй байна.

Иймд хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.Ц.....-ийн 2022.08.25-ны өдрийн ..... дугаар тушаалаар Г.Ц.....-г бичиг хэргийн ажилтнаас чөлөөлсөн, Э...... сургуулийн захирлын 2023.02.15-нгы өдрийн .... дугаар тушаалаар байр аж ахуйн эрхлэгч Г.Ц.....-ийн 2022.08.26-ны өдрөөс 2023.02.16-ны өдрийг хүртэл бичиг хэргийн ажилтан хавсран гүйцэтгэсэн ажлын хөлсийг нөхөн тооцож олгохоор шийдвэрлэсэн, Х....- их сургуулийн захирлын 2022.12.28-ны өдрийн ..... дугаар тушаалаар нийт орон тоог 96 байхаар тогтоохдоо ямар ямар ажлын байр хасагдсан, хэд байсан орон тоо хэд болж цөөрч байгаа талаар тодорхой дурдаагүй зэргийг үйл баримтыг захиргааны ажилтны ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй үйл баримттай харьцуулан дүгнээд хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн ажлын байр хасагдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасанд нийцэхгүй гэх дүгнээд 2023.02.14-ний өдрийн Х...... их сургуулийн захирлын .... дугаар ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Ц......-г Х...... их сургуулийн Э...... сургуулийн захиргааны ажилтын албан тушаал эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

7. Ийнхүү ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж, 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч ажилтныг албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байхаар тус тус зааснаар ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, зохих нөхөн бичилтийг хийхийг ажил олгогчид даалгах шаардлагыг хангах үндэслэл болно.

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ..... дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.12-т заасны дагуу ажилтны нэг өдрийн цалин хөлсийг 2022 оны 12, 2023 оны 1, 2023 оны 2 дугаар сарын цалин хөлсний дунджаар, 2023.02.14-ний өдрөөс 2024.02.16-ны өдөр хүртэл ажлын 265 хоногоор тооцоход 32 512 850 төгрөг болох тул /1 өдөрт 122 690 төгрөг, 1 сард 2 576 909 төгрөг/ ажилгүй байсан хугацааны цалинд 32 512 850 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно гэж заасан.

 

Хэрэгт авагдсан 2023.02.15-ны өдрийн Х...... их сургуулийн Э..... сургуулийн захирлын ....дугаар тушаалаар Г. Ц..... нь 2022.08.26-ны өдрөөс 2023.02.16-ны өдрийг хүртэл байр аж ахуйн эрхлэгч, бичиг хэргийн ажилтны ажлыг хавсран гүйцэтгэсэн ажлын хөлсийг нөхөн тооцож олгохоор шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.

 

Иймд ажилтанд дээр дурдсан нэмэгдэл хөлс 2 546 892 төгрөгөөс 2022.08.26-ны өдрөөс 2023.02.16-ны өдөр хүртэл 126 хоногийн 0.3 хувийн алданги 966 506 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Ц...... нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х...... их сургуулиас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70 200, цалин, алданги гаргуулах шаардлагад 325 347 төгрөг, нийт 395 547 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ц.....нь Х...... их сургуулийн Э...... сургуулийн захиргааны ажилтны ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д тус тус зааснаар хариуцагч Х......их сургуулиас ажилтны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин олговорт 32 512 850 төгрөг, алданги 966 506 төгрөг, нийт 33 479 356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ц......д олгосугай.

 

3.    Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Ц.....-ийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Х...... их сургуульд даалгасугай.

 

4.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Ц...... улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х...... их сургуулиас 395 547 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн ................тоот дансанд оруулсугай.

  5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ЭНХЦЭЦЭГ