| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/06044/И |
| Дугаар | 183/ШШ2024/00807 |
| Огноо | 2024-02-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/00807
| 2024 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2024/00807 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б..... дүүрэг, ..-р хороо, ...-р хороолол, ..-р байр, ... тоот хаягт оршин суух, О.... овогт А....-ийн Б...... /РД:ЧЖ....../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.... дүүрэг, ...дугаар хороо, Стадион оргил, М..... гудамж-33, .....-р давхарт байрлах Ж....... групп ХХК /РД:....../-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, алданги 161 957 602 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж.......,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э.......,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б...... нь Ж....... Групп ХХК-д холбогдуулан Б..... дүүрэг, .. дугаар хороо, ...... дугаар давхрын ...тоот буюу .... дүгээр байрны .... тоот хаягт байрлах 66.8 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн алдангид 161 957 602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н.Б...... нь Ж...... ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр..... тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Б......дүүргийн, .. дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан P.... худалдааны товын ..давхрын ...тоот, 66,08м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг нийт 323 915 204 төгрөгөөр захиалсан. Захиалагч Н.Б......ийн хувьд тус гэрээний дагуу 323 915 204 төгрөгөөс, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 9 566 084 төгрөгийг, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 123 000 000 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 64 738 040 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 64 738 040 төгрөгийг, 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 8-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 8-ны өдөр үлдэх 4 783 040 төгрөгийг төлснөөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ....... тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт зааснаар энэхүү гэрээний 3.1.1 дэх хэсэгт заасан хөрөнгө оруулалтын дүнг бүрэн хэмжээгээр төлж, барилгыг зохих журмын дагуу ашиглалт оруулсны дараа захиалагчийн өмлөлд тухайн захиалсан үйлчилгээний талбайг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь үйлчилгээний талбайг чанар сайтай барьж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр багтаан захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан байсан. Гэтэл Ж...... ХХК-ийн зүгээс энэ үүргээ биелүүлээгүй. Захиалсан талбайг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буюу гэрээнээс тохирсон хугацаанаас 27 сарын дараа хүлээлгэн өгсөн байна. Ж.....ХХК нь үйлчилгээний талбайг шилжүүлж өгөөгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Мөн 2019 онд барилга баригдаж байх хугацаанд Х........банкны зээлийн барьцаанд барьцаалагдсан байгааг нэхэмжлэгч сүүлд мэдсэн. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүй захиалагчид шилжүүлэх үүрэгтэй. Үүний дагуу Ж....... ХХК нь Н.Б.....-тай байгуулсан тус барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу гэрээний зүйл болох P...... худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын .. давхрын, .... тоот 66,08 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэгтэй. Гэсэн ч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээний зүйл нь эрхийн доголдолтой буюу Х...... банкны барьцааны эрхээр хязгаарлагдсан байдалтай байна. Мөн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний зүйл болох P.....mall худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын .. давхрын, ....тоот, 66,08 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний талбайг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх байсан боловч 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр буюу 810 хоногийн дараа хүлээлгэн өгсөн. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт гүйцэтгэгч хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх алдангийг захиалагч талд төлнө гэж заасны дагуу алдангийн хэмжээг бодсон. Алдангид нийт 161 957 602 төгрөгийг нэхэмжилж байна. Нийтдээ Н.Б..... нь Ж.... ХХК-аас дараах зүйлийг нэхэмжилж байна. Үүнд: P.... mall худалдаа үйлчилгээний барилгын .. давхрын ... тоот 66,08 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, тухайн үйлчилгээний талбайг банкны барьцаанаас чөлөөлүүлж, үлт хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Б.....-ийн нэрээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрэн гаргаж өгөхийг Ж....... ХХК-д даалгах, тус Ж...... ХХК болон Н.Б......нарын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн алданги 161 957 602 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Манайх Н.Б....... 2018 оны 7 дугаар 21-ний өдрийн........дугаартай барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу захиалагч Б......... дүүргийн, ..дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан P.....mall худалдааны товын..давхрын ... тоот, 66,08 м.кв талбайг захиалан бариулж төлбөрийг захиалгын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу 100 хувь барагдуулах, гүйцэтгэгч тал нь барилгыг гэрээнд заасны дагуу барилгыг чанартай барьж, хугацаанд нь хүлээлгэж өгөх тохиролцоотой байсан. Нэхэмжлэгч талбайн үндсэн үнэ 333 933 200 төгрөгийг төлөх ёстой байснаас урьдчилгаа төлбөр 40 хувийг төлсөн учраас 3 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. 10 017 996 төгрөгтэй тэнцэх хөнгөлөлтийг үзүүлж, гэрээний дүн болох нийт 323 915 204 төгрөг болж өөрчлөгдсөн. Уг төлбөрийг захиалагч 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн хугацаанд нийт 8 хувааж төлсөн. Одоо төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй. Манайх гэрээнд заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн комиссын актаар оруулсан. Ашиглалт орсноос хойш захиалагч талбайг хүлээн авч одоог хүртэл эзэмшиж, ашиглаж үр ашгийг нь гаргаж байгаа. Нэгэнт төлбөр тооцооны үлдэгдэлгүй учраас нэгдүгээр шаардлага өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйл байхгүй. Өмчлөлийн гэрчилгээ гаргах асуудалд холбогдох баримтуудыг гаргаж өгөхгүй байгаа. Манайхаас Х...... банкны барьцаанд байгаа. Ийм учраас барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн банкны албан тоотоос бүх баримтыг гаргаж өгөхөд бэлэн байна. Тэр баримтыг нь заавал банкнаас авах ёстой учраас банк манай компанийн хооронд хэрэг маргаан үүсээд С........ дүүргийн шүүхэд хянагдаж байгаатай холбоотойгоор хэргийг дуусгах хүртэл ямар нэгэн барьцаа чөлөөлсөн бичиг гаргахгүй гэдгийг банк мэдэгдсэн. Тухайн үед манайх Parkod төслийг хэрэгжүүлж байхдаа 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ЗБГ/.......... барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, энэ үед 70 хувийн гүйцэтгэлтэй байсан. .......... дугаартай Б...... дүүрэг, .... дугаар хороо, Н....... өргөн чөлөө,.....тоот барилга буюу P...... үйлчилгээний төвийг барьцаалсан. Барьцаалаад барилгаа ашиглалтад оруулаад барьцаанаас чөлөөлнө гэж байхад банктай барьцааны үнэлгээ гэх асуудлаас болж үл ойлголцол үүссэн. Улмаар 2021 оны 12 дугаар сард С......... дүүргийн шүүхэд хэрэг маргаан үүссэн. Үүнээс болж хугацаа хойшлогдож байна. Нэхэмжлэгч яагаад мэдэгдэхгүйгээр барьцаалсан юм гэж гомдож байгаа. Н.Б......-тай байгуулсан гэрээ 2018 онд байгуулагдсан. Барьцааны гэрээ 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэж байгаа. Энэ хугацаанаас үзэхэд нэхэмжлэгч манай барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө захиалгаа хийгээд, урьдчилгааг төлсөн байсан. Тухайн барьцааны гэрээ байгуулагдах үед манайх борлуулалтын мэдээгээ банк руу өгч байсан. Энэ тоотод энэ айл захиалгаа өгсөн байгаа. Захиалга хийгдсэн гэдгийг үнэн зөвөөр нь өгсөн. Үүнийг банз хүлээж аваад судалгаа гэсэн зүйл хийсэн. Тухайн үед борлуулалт хийгдсэн талбайг барьцаанд авахгүй гэж хэлж байсан. Энэ зүйлээс эргэж буцсан асуудал байгаа. Захиалагч нарын жагсаалтыг барьцааны гэрээ хийхээс өмнө Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгө рүү өгсөн байсан. Архиваас харахад анхны захиалагчид буюу барьцааны гэрээг хийхээс өмнөх айлууд нэрсээрээ очсон байгаа. Барьцааны гэрээнд энэ айл хамаарахгүй байх ёстой. Энэ мэт шалтгааны улмаас өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй, барьцаа чөлөөлж өгөхгүй өнөөг хүрсэн. Манайх улсын бүртгэлийн ерөнхий газар, хууль зүйн яаманд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тоот гаргуулж авсан. Тухайн тоотоор P..... mall бүх худалдан авагч, захиалагч нарын гэрчилгээг гаргуулна. Гэхдээ барьцааны эрх хэвээр үлдэнэ гэсэн дүгнэлтийг гаргуулж авсан. Одоогоор P..... хотхоноос 80 гаруй айл гэрчилгээ авсан байна. P.... mall үйлчилгээний төвийн эхний бүртгэл үүсгэх процесс явж байгаа. Тэр процесс дуусвал Н.Б....... гэрчилгээгээ гаргуулах боломжтой болж байна. Алдангид 161 957 602 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл нэгдүгээрт, бид бүхэн анх захиалгын гэрээ хийхдээ тохирсон. Захиалгын гэрээний 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт зааснаар хөнгөлөлтэй нөхцөлөөр байр авсан бол дараа нь алданги, торгууль нэхэмжлэхгүй гэж тохирч гэрээ хийсэн. Хоёрдугаарт, захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.4 дэх хэсэгт заасны дагуу талбайг ашиглалтад оруулахад цаг хугацаа 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дуусах байсан. Барилгын ажил хурдан дуусдаг ажил биш учраас анхнаасаа нааш, цаашаа 3 сарын хугацаа байгаа шүү гэж гэрээнд оруулж өгдөг. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгөх ёстой байгаагаас манай 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр улсын комисс хүлээн авсан. Үүнд 7 сарын асуудал байгаа. Нэхэмжлэгчийн хэлсэн шиг 27 сар хоцроосон зүйл байхгүй. 2020 оны үед ковид 19 цар тахал гарсан байсан. Энэ үед ажил саатаж, хүндрэл үүссэн. Энэ талаар гэрээнд тусгаж өгсөн. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт захиалгат талын гүйцэтгэлийн явцад гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл. Үүнд: олон нийтийг хамарсан өвчний улмаас хорио цээрийн улмаас барилгын ажил саатсан тохиолдолд давагдашгүй хүчин зүйлд тооцож, тухайн өвчлөл зогсох хүртэл хугацаагаар сунгагдана шүү гэх байдлаар анх гэрээг хийсэн. Ийм учраас 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой байсан. Ийм учраас алдангийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс: 2023.11.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.Б......-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.10.09-ний өдрийн итгэмжлэл, Барилгад хөрөнгө оруулалт хийх №........ дугаар гэрээ, 2022.03.31-ний өдрийн №.../.. дугаар хөрөнгийн менежментийн үйлчилгээний гэрээ, фото зураг зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн. /хх 3-21 тал/
4. Хариуцагчаас: 2023.11.28-ны өдрийн итгэмжлэл, 2020.11.03-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ....... тоот дүгнэлт, 2021.12.20-ны өдрийн С........ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2021/14911 дүгээр захирамж, 2018.07.23-ны өдрийн Ж.......п ХХК-ийн П..... үйлчилгээний төвийн борлуулалтын үнэлгээг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн. /хх 23, 31-34, 41 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А.Б...... нь Ж.....ХХК-д холбогдуулан Б..... дүүрэг, ..дугаар хороо, П..... худалдаа үйлчилгээний барилгын ...дугаар давхрын .. тоот буюу ....дүгээр байрны ...тоот хаягт байрлах 66.8 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн алдангид 161 957 602 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлж барагдуулсан. Гэсэн хэдий ч үл хөдлөх эд хөрөнгө Х..... банк ХХК-ний барьцаанд бүртгэлтэй гэх үндэслэлээр өмчлөх эрхийн гэрчилгээгээ авах боломжгүй байх ба гэрээгээр тохиролцсон хугацаанаас 27 сар буюу 810 хоногийн дараа талбайг хүлээлгэн өгсөн тул өмчлөгчөөр тогтоолгох, барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Ж..... ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Барьцаанаас чөлөөлж өгөх үүрэгтэй эсэх маргаан байхгүй хэдий ч Ж.... ХХК, Х...... банк ХХК нарын хооронд зээлийн гэрээний маргаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа учир барьцаанаас чөлөөлөх ажиллагаа удааширч байна. Алдангийн хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 2.9-д хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд алданги шаардахгүй байхаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй хугацаа хожимдуулсан. Түүнчдэн уг үл хөдлөх эд хөрөнгийг 2020.11.03-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Зохигч 2018.07.20-ны өдрийн ........ дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, Б.... дүүрэг, ...дугаар хороо, П...... худалдаа үйлчилгээний барилгын .. дугаар давхрын .. тоот буюу .... дүгээр байрны ... тоот хаягт байрлах 66.8 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 323 915 204 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, талууд тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан, /хх 7-10 тал/
4.2 Захиалагч А.Б....... нь 2018.07.20-ны өдрийн ...... дугаар гэрээний үүрэгт 2018.07.25-ны өдөр 9 566 084 төгрөг, 2018.08.02-ны өдөр 120 000 000 төгрөг, 2019.05.31-ний өдөр 64 738 040 төгрөг, 2019.11.01-ний өдөр 64 738 040 төгрөг, 2021.07.07-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021.07.07-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021.07.08-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021.07.08-ны өдөр 4 783 040 төгрөг, нийт 323 825 204 төгрөгийг төлсөн, /хх 11 тал/
4.3 2020.11.03-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ..... дугаар дүгнэлтээр Б..... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсэн дунд төвөгшилтэй ангиллын .. давхар үйлчилгээ, .. давхар зоорьт байрлах 311 автомашины зогсоол хүчин чадал бүхий үйлчилгээ, авто зогсоолын зориулалттай барилга байгууламжуудад Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1022 дугаар захирамж шийдвэрээр байгуулагдсан 33 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 1 хоногийн хугацаанд ажиллан тухайн барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг хийж, барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн /хх 31-32 тал/
4.4 2021.12.20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2021/14911 дүгээр захирамжаар Ж......ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х......банк ХХК-д холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 33-34 тал/
5. Зохигч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ төлсөн эсэх, өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй эсэхэд маргаангүй, харин барьцаанаас чөлөөлж өгөх хугацаа, алданги төлөх үндэслэлтэй эсэхэд маргаантай.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хэргийн баримтаар, нэхэмжлэгч А.Б..... нь Б.... дүүрэг, ... дугаар хороо, П..... худалдаа үйлчилгээний барилгын .. дугаар давхрын ..тоот буюу....дүгээр байрны ... тоот хаягт байрлах 66.8 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 323 915 204 төгрөгөөр захиалан бариулах, хариуцагч Ж...... ХХК нь орон сууцыг 2019.12.30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон, нэхэмжлэгч А.Б..... нь 2018.07.20-ны өдрийн 180827 дугаар гэрээний үүрэгт 2018.07.25-ны өдөр 9 566 084 төгрөг, 2018.08.02-ны өдөр 120 000 000 төгрөг, 2019.05.31-ний өдөр 64 738 040 төгрөг, 2019.11.01-ний өдөр 64 738 040 төгрөг, 2021.07.07-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021.07.07-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021.07.08-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021.07.08-ны өдөр 4 783 040 төгрөг, нийт 323 825 204 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан ба нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байх тул өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй бөгөөд хариуцагч уг шаардлагад маргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн, талууд 2018.07.20-ны өдөр гэрээ байгуулахдаа орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг 2019.12.30-ны өдөр гэж тогтоосон байгааг харгалзан үзээд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.
7. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагын тухайд,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгөхөөс гадна эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.
Хариуцагч, Ж...... ХХК, Х......н банк ХХК нарын хооронд үүссэн зээлийн маргааны улмаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх удааширч байна гэж тайлбарлах боловч энэ үндэслэлээр худалдан авагчид эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй тул барьцаанаас чөлөөлж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг хангах үндэслэлтэй.
8. Алдангийг шүүх хангах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь:
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байна.
Хэргийн баримтаар 2020.11.03-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын БА/95-2020 дугаар дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дунд төвөгшилтэй ангиллын 6 давхар үйлчилгээ, 2 давхар зоорьт байрлах 311 автомашины зогсоол хүчин чадал бүхий үйлчилгээ, авто зогсоолын зориулалттай барилга байгууламжийг хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч 2022 оны 3 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгөө хүлээн авсан гэж тайлбарлах боловч хугацаа хожимдуулсан явдалд хариуцагч буруутай болох нь хэргийн баримтаар нотогдохгүй байна.
Нөгөө талаас зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.9-д захиалагч нь гэрээнд заасан хуваарьт төлбөрөө хугацаа хэтрүүлэн төлж байсан, хөнгөлөлттэй нөхцлөөр төлбөрийг төлсөн, бартерын гэрээ байгуулсан тохиолдолд гүйцэтгэгч гэрээний 3.4-т заасан үүргээс чөлөөлөгдөнө гэж, 3.4-т ...хугацаа хойшилсон тохиолдолд 4 дэх сараас эхлэн гүйцэтгэгч нь гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хугацаа хэтэрсэн хоног тутам 0.1 хувьтай тэнцэх алдангийг тооцож захиалагчид төлнө гэж тус тус заасан байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэн гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан бөгөөд тухайн зохицуулалт нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм.
Иймд талууд гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрхэн тохиролцох нь талуудын зарчимд хамаарах тул зохичгдын хооронд байгуулагдсан 2018.07.20-ны өдрийн ........ дугаар гэрээний 2.9 дэх заалт нэхэмжлэгчийн хуулиар эрх олгосон зохицуулалтыг хязгаарласан тул алданги шаардах эрхтэй гэх нэхэмжлэлийн тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнээд алданги 161 957 602 төгрөг гаргуулах тухай шаардлагагыг хэрэгсэхгүй болгов.
9. Шүүх, Б....... дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн П..... хотхоны ....дугаар байр нь Х......банкны 2015.12.14-ний өдрийн ..... тоот барьцаанд бүртгэлтэй гэх агуулга бүхий албан бичгийг үндэслэн Х....... банк ХХК-г гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой талаар тайлбарласан болно.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б...... дүүрэг, ... дугаар хороо, П..... худалдаа үйлчилгээний барилгын .. дугаар давхрын .. тоот буюу .... дүгээр байрны .... тоот хаягт байрлах 66.8 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг нэхэмжлэгч О.... овогт А.....-ийн Б..... /РД:....../-д хүлээлгэн өгөхийг хариуцагч Ж...... ХХК-д даалгаж, алданги 161 957 602 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар О..... овогт А....-ийн Б...... /РД:...../-г Б..... дүүрэг, ....дугаар хороо, П........ худалдаа үйлчилгээний барилгын ...дугаар давхрын ... тоот буюу .... дүгээр байрны ... тоот хаягт байрлах 66.8 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хариуцагч Ж...... ХХК хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 885 666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж...... ХХК-иас 1 147 663 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б....-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ