Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/00600

 

2024 оны 02 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/00600  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Гончигсумлаа, О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.... дүүрэг, .. дүгээр хороо Н......гудамж, .... тоот хаягт байрлах С...... дүүргийн Т.... /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хэсэг, С.... хотхон .. дугаар байрны ... тоот хаягт оршин суух Ч.... ХХК /РД:5004543/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 50 833 643,05 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д...., З.Ц....,

Прокурор Ш.С.....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С..... дүүргийн Т..... нь хариуцагч Ч.... ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 50 833 643,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С..... дүүргийн т..... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.6.1 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас төрд учруулсан 50 833 643 төгрөгийн хохирлыг арилгуулахаар Хариуцагч Ч..... ХХК-аас шаардсан. Тус компанид Татварын улсын байцаагчид олгогдсон томилолтын дагуу хяналт шалгалт хийгдэж эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж магадгүй гэж үзэж цагдаагийн байгууллагад хүргүүлснээр Нийслэлийн Прокурорын тогтоол гарсан. Хариуцагч Ч.... ХХК-ийн захирал Н.Х.....т үүсгэсэн эрүүгийн 2200035 тоот хэргийг Нийслэлийн Прокурорын газрын 154 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдсэн. Хариуцагч энэ тогтоолд гомдол гаргаагүй бөгөөд иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг олгосон. Үүний дагуу нэхэмжилсэн. Компанийн хувьд өөрийн дансаар орлогоо бүрэн авч тайлагнаагүй. Энэ нь байцаагчийн болон эрүүгийн хэргийг шалгах явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ зөрүү буюу дутуу тайлагнасан гэсэн зөрчлийн дүнгээр улсад учруулсан хохирол гэж нэхэмжлэхээр шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

2. Хариуцагч Ч..... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Ч...... ХХК орлого, зарлагаа үнэн зөв тодорхойлж хуулийн дагуу татвараа хуулийн дагуу татвараа төлсөн гэж байхад хууль бусаар томилогдсон этгээдийн хууль бус тайлбарыг үндэслэн компанийг хохироох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн Прокурорын газраас нэхэмжлэгчийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнээд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах, яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийг хаасан. Дээрх шийдвэрт Ч...... ХХК-ийн зүгээс гомдол гаргаагүй. 154 дугаар тогтоолтой холбоотой шүүхэд хоёр хэрэг явж байсан. Дээрх хэргүүдэд Г.Н...... төлөөлөгч оролцож байсан бөгөөд компанийн зүгээс удаа дараа хуралдаан дээр тайлбар өгөхгүй, хуралдаан дээр бид нар шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн байна. Эрүүгийн хуулийн процесс ажиллагаатай холбоотой гомдол гаргасан. Процесс ажиллагаатай холбоотой тухайн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаад 154 дүгээр тогтоолд гомдол гаргах эрх нь нээлттэй. Гэтэл С..... дүүргийн Т.....гомдол гаргаснаас хойш жил гаруй болж байна. Прокурорын тогтоол дээр гомдлоо гаргаагүй. Тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр байна. Бид гэм хорын агуулгаар нэхэмжлэгчийн зүгээс гаргасан. Гэтэл Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын тогтоолд гомдол гаргаагүй. Тогтоолд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнээд хөөн хэлэлцэх хугацааг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар хууль бусаар олсон орлогыг гаргуулахыг эрүүгийн журмаар хэрэглэх боломжгүй. Тухайн Ч..... ХХК Ө..... аймгийн Г...... сумын Ш..... боомт дээр татваргүй барааны үйл ажиллагаа эрхэлдэг. Дээрх компани нь гэрч н.Б....., н.Б..... гэх худалдагч нарынхаа дансаар мөнгөө шилжүүлж авдаг энэ асуудал нь татвараас зайлсхийсэн гэмт хэргийн шинжтэй байна. Энэ нь хууль бус байна гэж үзэх үндэслэл болж байна. Компани өөрөө хуулийн эдлэх эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бусаар олсон орлогыг төвлөрүүлэх үндэслэлийг хаацайлахгүй байна. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийг гаргуулах үндэслэлтэй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Нийслэлийн С..... дүүргийн Т.....-ийн 2022.10.19-ний өдрийн ......дүгээр албан бичиг, 2020.10.07-ны өдрийн Ч...... ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл, Иргэн Б..... харилцах дансаар орсон орлогын нэгтгэл, 2022.02.02-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын 154 дүгээр прокурорын тогтоол, 2022.09.23-ны өдрийн С..... дүүргийн...дугаар хорооны засаг даргын ...дүгээр тодорхойлолт, Хуулийн этгээдийн лавлагаа, 2022.09.28-ны өдрийн Хан-Уул дүүргийн 22-р хорооны 132 дугаар тодорхойлолт, 2022.09.08-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлстийн 01/2459 дүгээр албан бичиг, Н.Х....-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.10.10-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/16927 дугаар шүүгчийн захирамжийг тус тус нотлх баримтаар ирүүлсэн байна. /хх 3-23 тал/

 

4. Хариуцагчаас:.2022.12.14-ний өдрийн Ч..... ХХК-ийн 21/22 дугаар албан бичиг, Н.Х.....-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Ч....г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.07.04-ний өдрийн ..... дугаар итгэмжлэл, 2023.09.06-ны өдрийн .... дугаар итгэмжлэлийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 31, 32, 40-41, 106, 107, 109-111 тал/

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн Прокурорын газраас: 2022.11.08-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын 1/7589 дүгээр итгэмжлэл, Нийслэлийн прокурорын газрын 2023.01.31-ний өдрийн 06 дугаар хүсэлт, 2022.06.06-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын 154 дүгээр тогтоол, 2020.12.15-ны өдрийн Ч...... ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар дүгнэлт, 2020.12.16-ны өдрийн Шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол, Юнистар-аудит ХХК-ийн Аудитын дүгнэлт, хүргүүлэх тухай албан бичиг, Ч...... ХХК-ийн импортоор орсон барааны мэдээллийг бараа материалын тайлантай харьцуулсан дүгнэлт, Ч..... ХХК-ийн харилцах дансдын мэдээллүүд, орлогын мэдээлэл, бараа материалын үлдэгдлийн мэдээлэл зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 26, 43-91 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч С..... дүүргийн Т..... нь хариуцагч Ч.... ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 50 833 643,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нийслэлийн Прокурорын газрын 2022.06.06-ны өдрийн 154 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор Ч..... ХХК-ийн захирал Н.Х.....-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нэг жилийн хугацаа өнгөрсөн буюу Н.Х....-ыг яллагдагчаар татаж болохгүй үндэслэл тогтоогдсон гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Иймд Ч...... ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар зүйлийн 18.3.1 дэх хэсэгт заасан буюу татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодрхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэний улмаас төрд учирсан гэм хорын хохирол 50 833 643 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Ч.....ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ “...Ч......ХХК нь орлого зарлагаа үнэн зөв тодорхойлж, хуулийн дагуу татвараа төлсөн гээд байхад хууль бусаар томилогдсон этгээдийн хууль бус тайланг үндэслэн компанийг хохироох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байна.

 

4. Гуравдагч этгээд Нийслэлийн Прокурорын газар нэхэмжлэгчийг дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцагчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодрхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно. Мөн Прокурорын тогтоолын хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, төрд учирсан хохирол нэхэмжлэх эрхийг эрхийг хязгаарлахгүй, эс зөвшөөрсөн тохиолдолд гомдол гаргах эрхтэй уг тогтоолд хариуцагч гомдол гаргаагүй. Иймд гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн үйл баримтаар гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

            5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

            5.1 2020.10.07-ны өдөр татварын улсын байцаагч Д.Д...., З.Ц.... нар Ч.... ХХК-д нягтлан шалган ажиллагаа хийж, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 17.3, Гаалийн ерөнхий газрын 2019 оны .... тоот тушаалаар татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журмын 4.1.4, 4.1.11 заалтыг тус тус зөрчсөн байж болзошгүй гэх дүгнэлтийг гаргаж, хяналт шалгалтын тасгийн дарга Ч.С..... хянан гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 4-7 тал/

 

            5.2 2020.12.15-ны өдөр татварын улсын байцаагч Д.Д...., З.Ц.... нар Ч..... ХХК-д нягтлан шалган ажиллагаа хийж, Ч..... ХХК-ийн ажилтан Н.Б.....-ийн Х... банк ........., ......... тоот дансуудаар хийгдсэн 2016 онд 357 310 915,40 төгрөгийн, 2017 онд 396 890 376 төгрөгийн, 2018 онд 680 105 141,39 төгрөгийн, 2019 онд 627 763 333,79 төгрөгийн, нийт 2 062 069 766,58 /их хэмжээний дүнтэй/ төгрөгийн бараа борлуулсан нь татваргүй барааны дэлгүүрийн горим зөрчсөн эсэх, мөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого олсон эсэхийг тодорхойлох боломжгүй байгаа тул гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн дүгнэлт гаргаж, хяналт шалгалтын тасгийн дарга Ч.С........... хянан гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 51-53 тал/

 

            5.3 2020.12.16-ны өдөр Авлигатай тэмцэн газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Л.Б........, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар нээсэн хэрэг бүртгэлийн 200200045 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, Ю.......... ХХК-ийг шинжээчээр томилсон, /хх 54-55 тал/

 

            5.4 Ю......... ХХК нь 200200045 дугаартай Ч........ ХХК-ийн хэрэгт аудитын шалтгалт хийж,

-2016 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1 дэх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3, 5.1.4 дэх заалтуудыг зөрчсөн,

-2017 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1 дэх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3, 5.1.4 дэх заалтуудыг зөрчсөн,

-2018 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1 дэх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3, 5.1.4 дэх заалтуудыг зөрчсөн,

-2019 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1 дэх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3, 5.1.4 дэх заалтуудыг зөрчсөн,

Мөн Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3, 13.7, 5.1.4 заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан, /хх 56-94 тал/

 

5.5 2022.06.06-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын 154 дүгээр прокурорын тогтоолоор, Хэрэг бүртгэлийн ........... дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж, хэргийг хааж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас улсын төсөвт учирсан 100 116 117,37 төгрөгийн хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Чийта холдинг ХХК-иас 50 833 643,05 төгрөг, Паспорт ХХК-иас 49 282 474,32 төгрөг тус тус нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 9-14 тал/

 

            5. Зохигч гэм хорын хохирлыг төлөх үндэслэлтэй эсэхэд маргаантай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

 

Нэхэмжлэгч болон Прокурор нар хариуцагч Ч.......... ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар зүйлийн 18.3.1 дэх хэсэгт заасан буюу татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодрхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэний улмаас төрд хохирол 50 833 643 төгрөгийн хохирол учирсан болох нь Нийслэлийн Прокурорын газрын 154 дүгээр Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор, хариуцагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын тогтоолд гомдол гаргаагүй үйл баримтаар тус тус нотлогдох тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй гэж үндэслэлээ тодорхойлсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан байна.

Нийслэлийн Прокурорын газрын 2022.06.06-ны өдрийн 154 дүгээр Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор хариуцагч Ч......... ХХК-г гүйцэтгэх захирал Н.Х.........-ыг гэм буруутай болохыг тогтоогоогүй.  

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж тодорхойлсон тул хариуцагчийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нотлогдсон байхыг шаардах бөгөөд хэргийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

7. Түүнчлэн, Нийслэлийн Прокурорын газрын 2022.06.06-ны өдрийн 154 дүгээр Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолд хариуцагч гомдол гаргаагүй гэх үйл баримтаар гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэх үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 14-т ... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж заасантай агуулгын хувьд зөрчилдөж байх тул хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хариуцагч Ч....... ХХК-иас холбогдох татварын хууль тогтоомжийн дагуу татварын өр төлбөрийг шаардах эрхийг хязгаарлахгүй болно.

8. Хариуцагч Ч........ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2022.12.14-ний өдрийн ...... дугаар, 2023.09.06-ны өдрийн ...... дугаар албан бичгээр Г.Н........ томилогдсон боловч шүүхэд хүрэлцэн ирж, хэргийн баримттай танилцах, эрх үүрэг, нөлөөлөл тайлбарласан баримтад гарын үсэг зураагүй.

Иймд шүүх хариуцагч Ч........ ХХК-ний гүйцэтгэх захирал Н.Хуягбадрахад хэргийн баримт танилцуулж, эрх үүрэг, нөлөөлөл тайлбарласан тул уг ажиллагааг гүйцэтгэсэнд тооцсон гэж үзсэнийг тэмдэглэв.

Мөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н......-д шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч ”хаягт байгаа хүн хүлээн авахаас татгалзсан” тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

9. Хуульд заасан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тийм хүн байхгүй гэсэн бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааны үргэлжлүүлэхэд татгалзахгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэж зааснаар хуралдааныг үргэлжлүүлсэн.   

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  заасныг тус тус баримтлан хариуцагч Чийта холдинг ХХК-иас гэм хорын хохиролд 50 833 643,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С...... дүүргийн Т....-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.



                                    ДАРГАЛАГЧ
, ШҮҮГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧ                                                           Б.ГОНЧИГСУМЛАА

 

                                    ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЧИМЭГ