Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1734

 

 

 

 

 

 

 

 

 

МТХГТАҮЭХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/01990 дугаар шийдвэртэй МТХГТАҮЭХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч П.Г-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт нийт 5 182 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хариуцагч нь манай эзэмшлийн 4 давхарын 410 тоот 30 м.кв талбай бүхий нэг өрөөг  ажлын байрны зориулалтаар 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 500 000 төгрөгийг дараа сарын 5-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 9 сарын төлбөр болох 4 500 000 төгрөгийг түрээслэгч тал төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээнд заасанчлан түрээсийн төлбөрийн хугацааг хожимдуулбал төлбөрийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувиар бодож алданги ногдуулах ба 273 хоног хэтэрсэн. Нэхэмжлэгчийн эзэмшлийн өрөөг хариуцагч 1 жилийн хугацаанд түрээсэлэхдээ 3 сарын төлбөр төлсөн. Үүнээс хойшхи төлбөр болох 4 500 000 төгрөг, алданги 682 500 төгрөг, нийт 5 182 500 төгрөгийн төлбөтэй тул гаргуулна гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч н.Э-той 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан түрээсийн гэрээг, мөн гэрээний 6.1-д зааснаар 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болгох тухай мэдэгдлээ н.Э-д өөрийн биеэр гардуулан өгсөн. Уг мэдэгдлийг өгснөөр түрээсийн гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэгчид 1 500 000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээг цаашид сунгах талаар өөрийн биеэр очиж хэлсэн гэдэг нь нотлогдоогүй. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тооцвол 2 000 000 төгрөг төлөх ёстой гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч П.Г-с түрээсийн гэрээний үүрэгт нийт 4 982 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МТХГТАҮЭХнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94 670 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Талууд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан гэрээг байгуулсан боловч хариуцагч 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгч талын н.Э-д өөрийн биеэр гардуулан өгсөн. Иймд гэрээ дуусгавар болсон тул түрээсийн төлбөрт 2 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө.

Шүүх шийдвэртээ “...хариуцагчид Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах эрх үүсээгүй ... 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хугацаанд хариуцагчийг түрээсийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй. Харин хариуцагч, түүний төлөөлөгч нь дээрх гэрээ цуцлах саналд зааснаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлын байрыг чөлөөлсөн гэж маргаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гэрээний хугацаа дуустал ажлын байрыг суллаж өгөөгүй, одоог хүртэл эд хөрөнгөө авч өрөөг хүлээлгэж өгөөгүй гэх тайлбарыг үгүйсгэж маргаагүй...” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй.

Учир нь, хариуцагч ажлын байрыг суллаж, дотор нь байсан эд хөрөнгөө авах гэсэн боловч дээрх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн зүгээс барьцаанд авч үлдсэн гэдэг тайлбарт ач холбогдол өгөөгүй, энэхүү тайлбарт дүгнэлт өгөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч МТХГТАҮЭХ нь хариуцагч П.Г-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт            5 182 500 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч 1 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, гэрээг дуугавар болгосон гэх үндэслэлээр бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан “Байр түрээслэх гэрээ” /хх3,4/, талуудын тайлбараас үзвэл, хариуцагч П.Г нь нэхэмжлэгчийн эзэмшлийн буюу МТХГТАҮЭХны байрны 4 дүгээр давхар, 410 тоот 30 м.кв талбай бүхий нэг өрөөг ажлын байрны зориулалтаар, нэг жилийн хугацаатай түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр түрээсийн төлбөрийг эхний 3 сард 350 000 төгрөг, түүнээс хойш 500 000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, бусад нөхцөл болон гэрээний дагуу хариуцагч нь төлбөрийн 1 250 000 төгрөг төлсөн талаар маргаагүй, харин гэрээг тохирсон хугацаанаас өмнө дуусгавар болгож, гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн эсэхэд маргасан.

 

Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь уг гэрээгээр тохирсон 1 жилийн хугацааны төлбөрт нийт 5 550 000 төгрөгийн үүрэг хүлээх талаар хийсэн дүгнэлт зөв.

 

Түүнчлэн, шүүх хариуцагч нь гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдэл ирүүлсэн боловч байрыг чөлөөлж, хүлээлгэн өгөөгүй тул гэрээгээр тохирсон хугацааны төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй талаар зөв дүгнэн, үлдэгдэл 4 300 000 төгрөгт, гэрээний 5.2 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг үндэслэн алданги 682 500 төгрөг тооцож, хариуцагчаас нийт 4 982 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэлээ, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгч талд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өгснөөр гэрээ дуусгавар болсон, ажлын байранд байсан эд хөрөнгийг нэхэмжлэгч барьцаанд авч үлдсэн талаарх хариуцагчийн тайлбарт шүүх ач холбогдол өгөөгүй, түрээслэсэн хугацааны төлбөрийн үлдэгдэлд 2 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

 

Хэргийн үйл баримтаар түрээсийн гэрээний зүйл болох 30 м.кв ажлын өрөөг хариуцагч тал гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдэлд заасан өдрөө нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй нь тогтоогдсон тул тухайн гэрээг дуусгавар болсон гэж үзэхгүй. Ийнхүү гэрээнд заасан хөрөнгийг түрээслүүлэгч талд буцаан өгөөгүй тохиолдолд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд шүүх гэрээ ёсоор төлбөрийг тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлд заасанд нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/01990 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Г давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                                           

                                        ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА