| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2023/01099/И |
| Дугаар | 130/ШШ2024/00146 |
| Огноо | 2024-02-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2024/00146
| 2024 оны 02 сарын 08 өдөр | Дугаар 130/ШШ2024/00146 | Баян-Өлгий аймаг |
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, Ш овогт Х.А
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Н овогт А.С,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Т овогт М.А,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт Х.Ж,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Б овогт Б.Л,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт Т.А,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, Х овогт Х.Г,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт Д.Г,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Ш овогт Х.Д нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Засаг дарга /К/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө болох иргэн А-д олгох 16,443,756 /Арван зургаан сая дөрвөн зуун дөчин гурван мянга долоон зуун тавин зургаан/ төгрөг, С-д олгох 25,735,896 /хорин таван сая долоон зуун гучин таван мянган найман зуун ерэн зургаа/ төгрөг, А-д олгох 28,864,008 /хорин найман сая найман зуун жаран дөрвөн мянган найман/ төгрөг, Ж-д олгох 16,931,022 /арван зургаан сая есөн зуун гучин нэгэн мянга хорин хоёр/ төгрөг, Л-д олгох 22,449,784 /хорин хоёр сая дөрвөн зуун дөчин есөн мянган долоон зуун наян дөрвөн/ төгрөг А-д олгох 12,800,000 /арван хоёр сая найман зуун мянган / төгрөг, Г-д олгох 29,574,252 /хорин есөн сая таван зуун далан дөрвөн мянган хоёр зуун тавин хоёр/ төгрөг, Г-д олгох 21,446,550 (хорин нэгэн сая дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуун тавин) төгрөг иргэн Д-д олгох 9,830,916 /есөн сая найман зуун гучин мянган есөн зуун арван зургаан/ төгрөг, буюу бүгд 184,376,184 төгрөг гаргуулахыг хүсэх тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А, С, А, Л, А, Г, Г, Д,
Нэхэмжлэгч Жийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-д шүүх хуралдааны товыг шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А, С, А, Л, А, Г, Г, Д, Ж нар нь хариуцагч Б аймгийн Засаг даргад холбогдуулан Өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө болох нийт 184,376,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэл гаргагч А, С, А, Ж, Л, А, Х, Г, Д нарын 9 иргэн бид Б аймгийн “Ө С” эмнэлэгт ажиллаж байгаад 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд буюу 2023 оны 1 дүгээр улиралд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байгаа билээ.
1.2 Дээрх нэр бүхий “Ө С” эмнэлгийн өндөр насны тэтгэвэрт гарсан ажилчид бид Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2019 оны 07-р Тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын “Нэг” дэх хэсгийн 1.2 дахь хэсэг “Хоёр” дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг, “Дөрөв” дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр “Ажилтанд өндөр насны тэтгэвэрт гарахад 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй хэмжээний буцалтгүй тусламж олгоно” гэж заасны дагуу авах ёстой тэтгэмжийг нэхэмжилж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154,2,2 дахь хэсэгт заасан үндэслэл журмаар Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн Эрхийн маргаан Зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч, тус хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай хуралдааны тэмдэглэлээр шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргаж байна.
1.3 Нэхэмжлэл гаргагч тал эрх ашгийг зөрчигдсөн мөчөөс эхлэн эрх бүхий байгууллагуудад өргөдөл, гомдол, хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан бөгөөд Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Орон нутгийн өмчит эмнэлэг байгуулж, холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх тухай” 136 дугаар тогтоолоор “Ө С” эмнэлгийг орон нутгийн өмчит эмнэлэг болгон өөрчлөн байгуулж, уг тогтоолын 3 дахь заалтаар ... Өндөр насны тэтгэвэрт гарах ажилтнуудын буцалтгүй тусламж тэтгэмж олгохыг төсөвт тодотгол хийх” журмаар шийдвэрлэхийг Аймгийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн юм.
1.4 Мөн Эрүүл мэндийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өргөдөл шилжүүлэх тухай” 1а/620 дугаартай албан бичгээр “Ө С” эмнэлэг нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг орон нутгийн өмчийн хуулийн этгээд (байгууллага) учраас буцалтгүй тусламж, тэтгэмжийг шийдвэрлэх үүргийг аймгийн Засаг даргад даалгаж, бидний өргөдлийг Б аймгийн Засаг даргад шилжүүлсэн юм.
1.5 Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо ажилтан бидний гомдлыг хянан шийдвэрлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх заалтуудаар санал оруулж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн байдаг.
1.6 Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/2297 дугаартай албан бичгээр “Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт “Бүх шатны Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийн Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах” үүрэгтэй байгаа гэж заасан учраас өргөдлийг аймгийн Засаг дарга Б-д 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн гэжээ.
1.7 Эдгээр бичгийн нотлох баримтууд болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, тэтгэмжийн тооцоо зэрэг баримт бичгийг үндэслэж, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1,4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.7; 11.1.8, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 07-р Тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5.1, 5.6 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн шүүхэд гомдол гаргаж байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Ад олгох 16,443,756 /арван зургаан сая дөрвөн зуун дөчин гурван мянга долоон зуун тавин зургаан/ төгрөг, С-д олгох 25,735,896 /хорин таван сая долоон зуун гучин таван мянган найман зуун ерэн зургаан/ төгрөг, Ад олгох 28,864,008 /хорин найман сая найман зуун жаран дөрвөн мянган найман/ төгрөг, Ж-д олгох 16,931,022 /арван зургаан сая есөн зуун гучин нэгэн мянга хорин хоёр/ төгрөг, Л-д олгох 22,449,784 /хорин хоёр сая дөрвөн зуун дөчин есөн мянган долоон зуун наян дөрвөн/ төгрөг, Ад олгох 12,800,000 /арван хоёр сая найман зуун мянган / төгрөг, Г-д олгох 29,574,252 /хорин есөн сая таван зуун далан дөрвөн мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөг ,Г-д олгох 21,446,550 (хорин нэгэн сая дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуун тавин) төгрөг, иргэн Д-д олгох 9,830,916 /есөн сая найман зуун гучин мянган есөн зуун арван зургаан/ төгрөг буюу бүгд 184,376,184 төгрөгийг Б аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ийн хариу тайлбар, татгалзал:
2.1 ӨС эмнэлэг нь аймгийн Засаг даргын 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 257 дугаар захирамжаар ахмад насан, тахир дутуу болон нэг ядуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн төвийн харьяалалд байхаар зохион байгуулсан бөгөөд тус захирамжийг үндэслэн 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрлэлийн газар нэртэй улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байна.
2.2 2004 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын 407 дугаар “Харьяалал өөрчлөх тухай” захирамжаар удирдлага нь менежментийн гэрээгээр ажиллах болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн газрын харьяалалд ажиллуулахаар шийдвэрлэж билээ. Дээрх шийдвэрүүд нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид нийцээгүй байсан бөгөөд тус байгууллага нь төрийн байгууллага эсхүл орон нутгийн өмчит тооцоотой аж ахуйн нэгж эсэх нь тодорхойгүй үйл ажиллагаа явуулж ирсэн.
2.3 2016 онд Ө эмнэлгийг 38 орон тоотой үйл ажиллагаа явуулахаар бүтэц орон тоог аймгийн Эрүүл мэндийн газраас баталсан.
2.4 Дээрх шийдвэрүүдийг харгалзан төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрлэлийн газар гэх статусаар явж байгаа тул орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох боломжгүй. 2024 оны орон нутгийн төсвийн саналыг Сангийн яамд хүргүүлэхэд Ө эмнэлгийн тэтгэмжийг танилцуулахад Засаг даргын чиг үүрэг бүхий байгууллага биш байна, хянах боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн. Иймд Ө эмнэлгийн нэр бүхий хүмүүсийн тэтгэмжийн асуудлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэх боломжгүй тул Эрүүл мэндийн яамд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар А, С, А, Л, А, Г, Г, Д, Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Ө эмнэлгийн Ерөнхий эмчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/07 дугаартай, Б/08 дугаартай, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай, Б/04 дугаартай, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дугаартай, Б/15 дугаартай, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дугаартай, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/25 дугаартай тушаалууд, Тэтгэвэрт гарах албан хаагчийн мэдээлэл, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай хуралдааны тэмдэглэл, Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаартай хуралдааны тогтоолын хуулбар, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/269 дугаар албан бичгийн хуулбар, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2/2297 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1а/62 дугаар албан бичгийн хуулбар, Ж-ээс Д.Темирбект олгосон итгэмжлэл, Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 221 дүгээр хуралдааны тогтоол хавсралтын хамт, Ө эмнэлгийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг,
Хариуцагчаас Б аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1-01/91 дугаартай албан бичгээр М-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар зэргийг тус тус гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02/22 дугаар албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар хуралдааны тогтоол, Б аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6-03/76 дугаар албан бичиг, Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/35 дугаар албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 221 дүгээр хуралдааны тогтоол болон уг тогтоолын 5-р хавсралт зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч А, С, А, Ж, Л, А, Г, Г, Д нарын хариуцагч Б аймгийн Засаг даргаас тэтгэмжийн мөнгө нийт 180,569,702 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Бид Б аймгийн “Ө Сансар” эмнэлэгт ажиллаж байгаад 2023 оны 02 дугаар сарын н 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний хооронд буюу 2023 оны 1 дүгээр улиралд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Төрийн албаны тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуульд заасан нийгмийн баталгааг эдэлж тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрхтэй. Энэ эрхээ эдлэхийн тулд эрх бүхий байгууллагуудад өргөдөл хүсэлт гаргасан ба Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Орон нутгийн өмчит эмнэлэг байгуулж холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх тухай” 136 дугаар хуралдааны тогтоолоор Ө эмнэлгийг орон нутгийн өмчит эмнэлэг болгон өөрчлөн байгуулж, өндөр насны тэтгэвэрт гарах ажилтнуудын буцалтгүй тусламж, тэтгэмж олгохыг төсөвт тодотгол хийх” журмаар шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн. Иймд холбогдох хууль тогтоомжуудыг үндэслэн А-д олгох 16,443,756 төгрөг, С-д олгох 25,735,896 төгрөг, А-д олгох 28,864,008 төгрөг, Ж-д олгох 16,931,022 төгрөг, Л-д олгох 22,449,784 төгрөг, А-д олгох 12,800,000 төгрөг, Г-д олгох 29,574,252 төгрөг, Г-д олгох 21,446,550 төгрөг, Д-д олгох 9,830,916 төгрөг, нийт 184,376,184 төгрөгийг Б аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ.
6.Хариуцагч Б аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М-аас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Ө эмнэлэг нь төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэх статусаар явж байгаа тул орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох боломжгүй. 2024 оны орон нутгийн төсвийн саналыг Сангийн яаманд хүргүүлэхэд Ө эмнэлгийн тэтгэмжийг танилцуулахад Засаг даргын чиг үүрэг бүхий байгууллага биш байна, хянах боломжгүй байна гэсэн хариу хүргүүлсэн. Иймд Ө эмнэлгийн нэр бүхий хүмүүсийн тэтгэмжийн асуудлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэх боломжгүй тул Эрүүл мэндийн яаманд хандах нь зөв гэж үзэж байна гэжээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1 Б аймгийн Ө эмнэлгийн ерөнхий эмчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02, Б/03 дугаартай тушаалуудаар Г, С нарыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар А-ийг, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/07, Б/08, Б/09 дугаартай тушаалуудаар Ж, А, А нарыг, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/14, Б/15 дугаартай тушаалаар Г, Л нарыг, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар Д-г өндөр насны тэтгэвэр тогтоолгон ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогджээ.
7.2 Тэтгэвэрт гарах албан хаагчийн мэдээлэл гэх баримтаар Ө эмнэлэгт ажилладаг нэр бүхий 10 хүний ажилладаг байгууллага, албан тушаал, нийт ажилласан хугацаа, үүнээс төрийн албанд ажилласан жил, албан тушаалын ангилал, зэрэглэл, сарын цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох хугацаа, олгох тэтгэмжийн хэмжээ зэрэг мэдээллийг гаргасан байна. Уг баримтаар олгох тэтгэмжийн хэмжээг А-д 16,443,756 төгрөг, С-д 25,735,896 төгрөг, Ад 28,864,008 төгрөг, Ж-д 16,931,022 төгрөг, Л-д 22,449,784 төгрөг, А-д 9,293,518 төгрөг, Г-д 29,574,252 төгрөг, Г-д 21,446,550 төгрөг, Д-д 9,830,916 төгрөг байхаар тусгасан байна.
7.3 Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаартай “Орон нутгийн өмчит эмнэлэг байгуулж, холбогдох бусад асуудлыг шийдвэрлүүлэх тухай” тогтоолоор “Ө С” эмнэлгийг орон нутгийн өмчит эмнэлэг болгон өөрчлөн байгуулж, “Ө С” орон нутгийн өмчит эмнэлгийн дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараагийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оруулж батлуулахыг, мөн Ө орон нутгийн өмчит эмнэлгийн өндөр насны тэтгэвэрт гарах ажилтнуудын тэтгэмжийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу судлан тооцож, орон нутгийн төсөвт тодотгол хийх үед аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд өргөн барих, Ө орон нутгийн өмчит эмнэлгийг улсын эмнэлэг болгох ажлыг эхний хагас жилд багтаан холбогдох газарт уламжлан шийдвэрлүүлэхийг аймгийн Засаг даргын орлогчид даалгаж шийдвэрлэсэн байна.
7.4 Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 221 дугаартай 2024 оны орон нутгийн төсвийг батлах тухай тогтоолын ес дэх заалтаар ... “Нэгжийн удирдлагаар төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийг 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх зардал”-ыг тавдугаар хавсралтаар баталсан байх ба тухайн хавсралтаар баталсан жагсаалтын 14 дугаарт “С-Ө” эмнэгийн өр, тэтгэмжид 300,000,000 төгрөг гэж тусгасан байна. Мөн уг тогтоолын аравдугаар заалтаар Аймаг сумын төсвийн орлогын төлөвлөгөөг нэр төрөл дүнгээр зохион байгуулалтын арга хэмжээг тогтмол зохион байгуулж, зарлагын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэн батлагдсан төсвийг хөтөлбөр, арга хэмжээнд зориулан хариуцлагыг сайжруулж, Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтын дагуу төсөв зохицуулалт хийж, өр төлбөр үүсэхгүй, төсвийн сахилга батыг баримтлан ажиллахыг аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч (К), Төсвийн бүх шатны захирагч нарт тус тус үүрэг болгосон байна.
7.5 “Ө С” эмнэлэг нь Эрүүл мэнд, боловсрол, бусад нийгмийн үйлчилгээг зохицуулдаг төрийн байгууллагын үйл ажиллагаа, эмнэлгийн газар эмчилгээ хийх үйл ажиллагааны чиглэлээр ажиллаадаг байгууллага болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000200000 дугаартай гэрчилгээгээр тогтоогджээ.
8.Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
9.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно” гэж заасан байна.
10.Нэхэмжлэгч нар нь эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтнууд болох нь, эрүүл мэндийн салбарын байгууллага буюу “Ө С” эмнэлэгт ажиллаж байгаад эрх бүхий этгээдийн шийдвэрээр тэтгэвэрт гарах үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь, “Ө С” эмнэлэг нь Эрүүл мэнд, боловсрол, бусад нийгмийн үйлчилгээг зохицуулдаг төрийн байгууллагын үйл ажиллагаа, эмнэлгийн газар эмчилгээ хийх үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллага болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг эдлэхээр шаардлага гаргах эрхтэй байна.
11.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 29.2, 29.5-д заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тухайн байгууллага төсөвтөө тусгасан байна”, 29.4 дэх хэсэгт “Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нь эмнэлгийн мэргэжилтэнд урамшуулал олгох, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж тус тус заажээ. “Ө С” эмнэлэг нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах зардлыг төсөвтөө тусгаагүй боловч хэрэгт авагдсан нотлох баримт болох Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаартай “Орон нутгийн өмчит эмнэлэг байгуулж, холбогдох бусад асуудлыг шийдвэрлүүлэх тухай” тогтоол, Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 221 дугаартай “2024 оны орон нутгийн төсвийг батлах тухай” тогтоолоос үзэхэд нутгийн өөрөө удирдах байгууллага нь “Ө С” эмнэлгийн тэтгэвэрт гарсан ажилтнуудын нийгмийн баталгаа буюу тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг дэмжиж шийдвэрлэсэн байна гэж үзэхээр байна.
12.Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд 11.1, 11.1.1, 11.1.7 дах хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжиж эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах; харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан байна. Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 221 дугаартай “2024 оны орон нутгийн төсвийг батлах тухай” тогтоолын ес дэх заалтаар ... “Нэгжийн удирдлагаар төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийг 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх зардал”-ыг тавдугаар хавсралтаар баталсан байх ба тухайн хавсралтаар баталсан жагсаалтын 14 дүгээрт “С-Ө” эмнэгийн өр, тэтгэмжид 300,000,000 төгрөг гэж тусгаж, тогтоолын аравдугаар заалтаар Аймаг сумын төсвийн орлогын төлөвлөгөөг нэр төрөл дүнгээр зохион байгуулалтын арга хэмжээг тогтмол зохион байгуулж, зарлагын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэн батлагдсан төсвийг хөтөлбөр, арга хэмжээнд зориулан хариуцлагыг сайжруулж, Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтын дагуу төсөв зохицуулалт хийж, өр төлбөр үүсгэхгүй, төсвийн сахилга батыг баримтлан ажиллахыг аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч (К), Төсвийн бүх шатны захирагч нарт тус тус үүрэг болгосон байх тул нэхэмжлэгч нараас хариуцагчаар Б аймгийн Засаг даргыг тодорхойлж ирүүлснийг буруутгах боломжгүй байна.
13.Нэхэмжлэгч А-ээс нийт 12,800,000 төгрөг гаруулж өгөхийг хүссэн боловч энэхүү үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй тул хэрэгт авагдсан нотлох баримт болох Тэтгэвэрт гарах албан хаагчийн мэдээлэл гэсэн баримтад тусгасан хэмжээ буюу 9,293,518 төгрөгөөр тооцож гаргуулж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
14.Иймд Б аймгийн Засаг даргаас 16,443,756 төгрөг гаргуулан А-д, 25,735,896 төгрөг гаргуулан С-д, 28,864,008 төгрөг гаргуулан А-д, 16,931,022 төгрөг гаргуулан Ж-д, 22,449,784 төгрөг гаруулан Л-д, 9,293,518 төгрөг гаргуулан А-д, 29,574,252 төгрөг гаргуулан Г-д , 21,446,550 төгрөг Г-д, 9,830,916 төгрөг гаргуулан Д--д тус тус олгож, нэхэмжлэгч А-ийн илүү нэхэмжилсэн 3,806,482 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
15.Энэхүү нэхэмжлэл нь тэтгэмжтэй холбоотой маргаан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнгийн хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 1,060,798 төгрөгийг хариуцагч Б аймгийн Засаг даргаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Засаг даргаас 16,443,756 төгрөг гаргуулан А-д, 25,735,896 төгрөг гаргуулан С-д, 28,864,008 төгрөг гаргуулан А-д, 16,931,022 төгрөг гаргуулан Ж-д, 22,449,784 төгрөг гаруулан Л-д, 9,293,518 төгрөг гаргуулан Ад, 29,574,252 төгрөг гаргуулан Г-д , 21,446,550 төгрөг Г-д, 9,830,916 төгрөг гаргуулан Д-д тус тус олгож, нэхэмжлэгч А-ийн илүү нэхэмжилсэн 3,806,482 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б аймгийн Засаг даргаас 1,060,798 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.М