Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2024/00120

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2024/00120

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /дарга Г/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Д.И-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүй авсан 3,330,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

Хариуцагч Д.И-т шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч Д.И шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн газар нь хариуцагч Д.Ит холбогдуулан Нийгмийн халамжийн сангаас хууль бус авсан 3,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Б аймгийн Б сумын 5 дугаар багийн иргэн Д.И хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр Нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэврийн мөнгө авсан нь аймгийн Төрийн Аудитын газрын шалгалтаар илэрч, тухайн иргэнд акт тавигдсан.

1.2 Д.Ит тухайн асуудлаар сонсох ажиллагаа явуулахад халамжийн тэтгэврийн мөнгийг өөрийн дансаар  дамжуулж авсан болохыг хүлээн зөвшөөрч, эгүүлэн төлөхөөр тохиролцсон боловч хууль бус авсан 3,330,000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байх тул шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Д.И-ын хариу тайлбар, татгалзал:

2.1 Миний бие 39 настай, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой юм. Мөн хувийн хэдэн мал маллаж, амьдралаа залгуулдаг.

2.2 Би Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.3 2010 оноос хойш тахир дутуугийн группт бие өвдөж эмчийн магадлалаар мөнгө авч байсан нь үнэн.

2.4 2020 оноос хойш бидний картыг нэгдсэн журмаар А гэдэг хүн хураан авч аймагт сунгуулан группт гарсан гэж дансанд мөнгө орж ирж банкнаас мөнгө авдаг байсан.

2.5 Тэр чигээрээ миний алга болсон. Өнгөрсөн жил аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хоёр хүн ирж  групп хэзээ тогтоолгосон, хэзээ хасагдсан гэж баахан юм шалгаад чи ямар ч баримт бүрдүүлэлтгүй 3,330,000 төгрөг авсан байна, төлүүлнэ гэж гарын үсэг зуруулаад явсан.

2.6 Би дансандаа орж ирсэн мөнгийг авснаас биш хулгай хийгээгүй, хууль бус ямар ч зүйл хийгээгүй.

2.7 А гэдэг хүний хууль бус хийсэн зүйлийн төлөө мөнгө төлөхгүй.  Төлөх амьдралаас гадуур гарсан мөнгө ч байхгүй. Иймд уг мөнгийг бидний дансанд ямар журмаар орж ирсэн гэдгийг мэдэхийг гаргуулан байж төлүүлэхийг хүсэхээс гадна төлөх мөнгө байхгүй гэдгийг мэдэгдэж байна. Одоо зөвхөн хүүхдийн мөнгөөр амьдарч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41/АО460226/ДОА-2022/32-ШТА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт хавсралтын хамт,  2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, тус газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/43 дугаар албан бичгээр Д-д олгосон итгэмжлэл зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбарыг тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  хариуцагч Д.И-аас 3,330,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Д.И нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэврийн мөнгө авсан нь Төрийн аудитын газрын шалгалтаар илэрч тухайн иргэнд акт  тавигдсан. Д.И-т тухайн асуудлаар сонсох ажиллагаа явуулахад төлж өгөхийг зөвшөөрсөн боловч төлөхгүй байгаа тул гаргуулж  өгнө үү гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний бие 2010 оноос эхлэн бие өвдөж эмчийн магадлалаар хөдөлмөрийн чадвар алдалтын халамжийн тэтгэвэр авдаг байсан. 2020 оноос хойш бидний картыг А гэх хүн нэгдсэн журмаар хураан авч аймагт сунгуулан группт гарсан гэж дансанд мөнгө орж ирж байсан нь үнэн. Би дансанд орж ирсэн мөнгийг авсан болохоос хулгай хийж, хууль бусаар авсан зүйл байхгүй. А гэдэг хүний хууль бус хийсэн мөнгийг төлөхгүй, төлөх ямар ч боломж байхгүй гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд: 

7.1 Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 41/АО460226/ДОА-2022/32-ШТА-ГА дугаартай актаар Б аймгийн Б сумын халамжийн сангаас 2020-2021 онд хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр халамжийн тэтгэврийг хууль тогтоомж зөрчиж олгосныг илрүүлж уг актын хавсралтад заасан нэр бүхий этгээдээр нөхөн төлүүлж улсыг хохиролгүй болгохоор тогтоосон байх ба уг актын нэгдүгээр хавсралтын 26 дугаарт РД: 000000001, Д овогтой И, акт тогтоох дүн 3,330,000 төгрөг гэж тусгасан байна.

7.2 Дээрх актын дагуу Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга П,   хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д, Е, Халамжийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн О нар хариуцагч Д.И-тай биечлэн уулзаж халамжийн тэтгэвэрт 3,330,000 төгрөг авсан зөрчил илэрч нөхөн төлүүлэхээр акт  тогтоосон талаар сонсох ажиллагаа явуулсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлээр тогтоогджээ.

8.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

9.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3 дахь хэсэгт Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сар бүр олгоно гэж заажээ.

10.Мөн хуулийн 14 дүгээр зүйлд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацааны талаар зохицуулсан бөгөөд уг зүйлд зааснаар тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгч, сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлэхээр тогтоосон байна.

11.Хариуцагчаас нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авсан үе буюу 2020, 2021 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 2.1 дэх хэсэгт Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн энэхүү журмын 6 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө гэж заасан ба уг журмын  6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авах хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж өгөхөөр зохицуулсан байна. Үүнд: өргөдөл (маягтын дагуу), сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, 2 хувь зураг,  иргэний үнэмлэх, хуулбарын хамт,  16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт;  Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан тохиолдолд одой болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гэх зэрэг 8 төрлийн  баримт бичгийг бүрдүүлэхээр байна.

12.Хариуцагч Д.И нь Халамжийн сангаас халамжийн тэтгэвэрт 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд 3,330,000 төгрөгийг дээрх хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

14.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй байна.

15. Хариуцагч Д.И-т хөрөнгө бий болсон явдал нь хууль ёсны үндэслэлгүй буюу хуулийн дагуу, гэрээнд зааснаар үүсээгүй байх тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

16. Иймд хариуцагч Д овогтой  И-аас 3,330,000 төгрөг  гаргуулан Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгох нь зүйтэй байна.

17.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 68,230 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус  удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.И-аас 3,330,000 /гурван сая гурван зуун гучин мянган/ төгрөг  гаргуулан Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.И-аас улсын тэмдэгтийн хураамж 68,230 /жаран найман мянга хоёр зуун гучин/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.М