Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2024/00114

 

 

 

 

 

 

 

2024 01 30

130/ШШ2024/00114

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суудаг, Ж овогт Шаравын Х,

 

Хариуцагч: Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль (захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б),

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Ажлын байрыг өөрчлөх тухай Б/63 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгч Х,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С,

 

Хариуцагч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч С

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

1.Нэхэмжлэгч Х хариуцагч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Ажлын байрыг өөрчлөх тухай Б/63 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1.Миний бие Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлын 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар бага ангийн сургалт хариуцсан менежерээр томилогдсон бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хүртэл ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгууллагад хохирол учруулж байгаагүй.

 

1.2.Гэтэл Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирал Е нь 2023 оны 10-р сарын 11-ний өдөр намайг ажлаас чөлөөлж, бага ангийн багшаар томилон ажиллуулахаар шийдвэр гаргасан байна. Миний бие сургуулийн захиргаанаас яагаад миний ажлыг өөрчилсөн шалтгааныг асуухад Боловсрол, шинжлэх ухааны газраас ажлын хэсэг ажиллаж бага ангийн сургалт хариуцсан менежерийг солих хэрэгтэй, иймээс ажилдаа хайнга хандан удаа дараа зөрчил гаргасан таныг өөр ажилд шилжүүлэх болсон гэсэн агуулгатай тайлбар өгсөн.

 

 

 

1.3.Угтаа бол миний бие зөрчил гаргаж байгаагүй, Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 тоот албан бичгийн хавсралт ажлын хэсгийн зөвлөмжтэй танилцаж үзэхэд бага ангийн сургалт хариуцсан менежер болон бага ангийн багш нарыг хооронд нь солихоор чиглэл болгосон, эсхүл үүрэг болгосон, эсхүл шаардсан зүйл огт байхгүй байна. Түүнчлэн, маргаан бүхий тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн агуулгаас үзвэл сахилгын шийтгэл оногдуулах тухай зохицуулалт байна. Үүнээс үзвэл тушаал хууль бус болох нь харагдаж байна.

 

1.4.Миний бие зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргатал тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 130/Ш32023/03036 дугаар захирамжаар шүүхэд гомдол гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймээс шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах зорилгоор Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Гэтэл тус хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 55 дугаартай хуралдааны тэмдэглэлээр Ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

 

1.5.Иймд Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Ажлын байрыг өөрчлөх тухай Б/63 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан.

 

2.Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал асан Е нэхэмжлэгч Х-ын ажлын байрыг өөрчлөх тухай шийдвэрийг хуулийн хүрээнд гаргасан гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л шүүх хуралдаан гаргасан тайлбарт:

 

3.1.Нэхэмжлэгч Х-ын нэхэмжлэлтэй Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох Ажилд эгүүлэн томилох тухай иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан Л би нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

 

3.2.Миний бие тус сургуульд 1995 оноос эхлэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байгаад сургуулийн захирал тушаал гарган намайг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс бага ангийн сургалт хариуцсан менежерийн ажилд томилсон ба одоо тус сургуульд бага ангийн сургалт хариуцсан менежерээр 4 дэх сардаа ажиллаж байна.

 

3.3.Урьд нь тухайн албан ажлыг эрхэлж байсан Х нь эрхэлсэн ажилдаа хайнга хандаж, удаа дараа зөрчил гаргасан тул Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 дугаартай албан бичгийг үндэслэн албан тушаал бууруулсан болно. Ер нь Х нь тус сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажлыг эрхэлж байхад эрхэлсэн ажилдаа хайнга ханддаг, удаа дараа зөрчил гаргаж байсан байдал нь хамгийн сүүлд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 тоотоор тус сургуулийн захиралд ирүүлсэн зөвлөмжид дэлгэрэнгүй дурдагдсан гэдгийг тэмдэглэн хэлж байна.

 

3.4.Түүнчлэн Х нь 2021-2022 оны хичээлийн жилд 1-р ангийн А бүлэгт элсэн орсон Н.Инкар нь одоо тус сургуулийн 3 дугаар ангид суралцаж байгаа боловч боловсролын системд бүртгээгүй зөрчил гаргасан юм.

 

3.5.Иймд ажил олгогчоос Х-д Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтад зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хууль зөрчөөгүй эрхийн акт тул нэхэмжлэгч Х-ын ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

 

4.Нэхэмжлэгчээс Б сумын Ахлах сургуулийн захирлын 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 46 дугаартай тушаал, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Ажлын байрыг өөрчлөх тухай Б/63 дугаартай, Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/251 тоот албан бичиг, Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 дугаартай албан бичиг, Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд ажилласан ажлын хэсгийн зөвлөмж, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 55 дугаартай хуралдааны тэмдэглэл, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШЗ2023/03036 дугаартай шүүгчийн захирамж, Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хариуцагч Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б нь Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/80 дугаартай тушаалыг гаргаж өгсөн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л-аас Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/64 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам, иргэн Н-ийн өргөдөл, Х-ын тодорхойлолт, багш М-ийн тодорхойлолт, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаартай тодорхойлолт, Л-ийн 0104174 дугаартай Диплом хавсралтын хамт, 00000000 дугаартай Бакалаврын диплом хавсралтын хамт тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

5.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч Х-ын Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан бага ангийн сургалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн гомдол нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

 

6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалт хариуцсан менежерээр ажилласан. Тус сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр намайг эрхэлж байсан ажлаас чөлөөлж бага ангийн багшаар ажиллуулахаар шийдвэр гаргасан. Миний бие ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, намайг өөр ажилд шилжүүлэх талаар эрх бүхий байгууллагаас шаардсан зүйл байхгүй байгаа тул ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

7.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Х нь одоо мэргэжлийн дагуу багшилж байгаа ба сургалтын менежерээр ажиллаж байгаа үед ажлын хариуцлага алдсан тул түүнийг эргүүлэн томилох боломжгүй байна.

 

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

8.1.Б аймгийн Б сумын Ахлах сургуулийн захирлын 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай тушаалаар Х-ыг бага ангийн сургалтын менежерээр томилсон байна.

 

8.2.Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/69 дугаартай Ажлын байрыг өөрчлөх тухай тушаалаар Боловсролын Ерөнхий уулийн 33 дугаар зүйлийн 33.3.1, 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасныг баримтлан Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 албан тоотын дагуу бага ангийн сургалт хариуцсан менежер Х нь ажилдаа хайнга хандан, удаа дараа зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, бага ангийн багшаар томилон ажиллуулсан байна.

 

8.3.Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 албан бичгээр Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Е-д Б сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд ажилласан ажлын хэсгийн зөвлөмжийг хүргүүлж, зөвлөмжийн дагуу ажил зохион явуулж биелэлтийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ирүүлэхийг мэдэгдсэн байна. Дээрх албан бичгээр хүргүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд ажилласан ажлын хэсгийн зөвлөмжөөр цаашид анхаарч хийх 29 төрлийн ажлуудыг тусгажээ.

 

8.4.Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/64 дугаартай тушаалаар Л-ийг бага ангийн сургалт хариуцсан менежерээр авч ажиллуулсан байх ба А.Л-г өөрийнх нь хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд гуравдагч этгээдээс Б сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам, тус сургуулийн сурагч Н.Инкарын эцэг М.Нурболатын ... Инкарыг боловсролын системд 3-р ангид бүртгэж өгөх тухай өргөдөл, Х-ын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, багш М-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт, Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолтуудыг гаргаж ирүүлсэн байх ба уг баримтуудаар Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Н.Инкарыг боловсролын системд 3 дугаар ангид бүртгэж өгөхийг хүссэн үйл баримт тогтоогджээ.

 

8.5.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

8.6.Ажил олгогч Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/69 дугаартай Ажлын байрыг өөрчлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасныг үндэслэн Х-ыг бага ангийн сургалтын менежерийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, бага ангийн багшаар томилон ажиллуулсан байгаа тул ажил олгогчоос ажилтан Х-д Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж дүгнэлээ.

 

8.7.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно, 123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, 123.2.4-т албан тушаал бууруулах; гэж тус тус заасан байна. Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн, ажил, үүрэгтэй холбоотой журам, дүрэм зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

 

8.8.Ажил олгогч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь ажилтан Х нь сахилгын зөрчил гаргасныг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

8.9.Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 албан бичгээр Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Е-д хүргүүлсэн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд ажилласан ажлын хэсгийн зөвлөмжийг нэхэмжлэгч Х-ын сахилгын зөрчил гаргасныг болон ажил мэргэжилдээ тэнцэхгүй болсныг тогтоосон нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

 

8.10.Мөн нэхэмжлэгч Х-д ажил ологчийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ заасан байх тул энэхүү журмыг хэрэгжүүлээгүй байна

 

8.11.Иймд нэхэмжлэгч Х-ын гомдлыг хангаж, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрлэж байсан бага ангийн сургалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

8.12.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ болох 70,200 төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х-ын гомдлыг хангаж, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х-ыг тус сургуулийн бага ангийн сургалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулиас 70,200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М