Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1687

 

МАГАДЛАЛ

 2019.09.13                                                Дугаар 1687

Б.С-н нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/01290 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.С-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.А-д холбогдох

          12 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О,

Хариуцагч Б.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.А-тай танилцаж улмаар 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хуримаа хийж нэг гэрт орсон юм. Хамтран амьдрах хугацаандаа “Ш Г Т” ХХК-ийн шинэ гэр хотхоны 2 дугаар ээлжийн орон сууцны 7 давхар 54 тоот 1 өрөө 33.5 м.кв талбайтай орон сууцанд 2 талаасаа мөнгө цуглуулан 2017 оны 9 сард захиалга өгсөн. Тус орон сууц ашиглалтад орсны дараах зах зээлийн үнэ 1 м.кв 1 650 000 төгрөг нийт 55 275 000 төгрөгөөр үнэлэгдэх ба тухайн захиалга өгөх хугацаанд 1 м.кв 990 000 төгрөг нийт 33 165 000 төгрөг болох хямдралтай үнээр захиалж байсан юм. Миний бие орон сууцанд цалингийн зээл 7 500 000 төгрөг, хуримын бэлэг 4 000 000 төгрөг, 1 000 000 төлбөртэй сургалт, 1 300 000 төгрөгийг аав, ээжээс, нийт 13 800 000 төгрөг, Б.А-н орон сууцанд цалингийн зээл 10 000 000 төгрөг, хуримын бэлэг 4 000 000 төгрөг, 2 000 000 төгрөгийг байгууллагаас, түлхүүр гардахад 3 663 000 төгрөг, нийт 19 663 000 төгрөг байсан. Хоёр талаасаа мөнгө нийлүүлж хамтран авсан тус байрыг Б.А ашиглалтад оронгуут 2019 оны 2 дугаар сард хэлэлгүй зарж борлуулсан бөгөөд чиний оруулсан мөнгө 15 000 000 төгрөгийг өгч, миний өмч гал тогооны тавилга, мөнгөн аяга зэргийг далдуур зарж борлуулан сураггүй алга болсон. Би хуримаа хийхээсээ өмнө 2017 оны 8 дугаар сард бие давхар болсон бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрөх ёстой эмчийн хяналтанд бойжиж байсан. Гэдсэнд хүүхэд томрох хэрээр нөхөр Б.А уур уцаартай болж ажлаасаа оройтож ирдэг болсон. Мөн байр авах чиний санаа хэмээн би цалингийн зээл авсан ар гэрийн ахуй хэрэглээ бүхий л санхүүг дааж амьдрахыг шаардаж байсан учраас миний бие давхар, жирэмсэн хордлоготой байхдаа 2 байгууллагатай гэрээ хийн маш их ачаалалтай амрах завгүй ажиллах нь надад хэцүү байсан. Дээрх хугацаанд ар гэрийн санхүүг хариуцаж 10 100 000 төгрөгийн орлого олсон. Б.А бидний хамтран авсан орон сууцыг 50 000 000 төгрөгөөр зарсан тул үүний 25 000 000 төгрөгийг би авах ёстой бөгөөд үүнээс би 15 000 000 төгрөгийг авсан бөгөөд үлдэх 10 00 000 төгрөгийг, Б.А-тай хамт амьдарч байх хугацаанд олсон орлого 2 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С-тай 2016 онд танилцаж, 2017 онд хуримаа хийсэн. Бид Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 33.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 33 500 000 төгрөгөөр захиалж худалдан авсан бөгөөд Б.С тухайн үед цалингийн зээл 4 000 000 төгрөг, ар гэрээс 4 000 000 төгрөг, ажлаас нь 1 500 000 төгрөг гаргасан. Харин миний бие 24 000 000 төгрөгийг гаргасан болно. Бид хамтран амьдрах хугацаанд таарч тохироогүй бөгөөд хүүхэд маань 2018 оны 5 дугаар сард зулбасанд эх Б.С буруутай. Тэрээр өндөр өсгийтэй гутал байнга өмсдөг, тамхи татдаг, дулаан хувцас өмсдөггүй өөртөө анхаарал тавьдаггүй байснаас болж хүүхэд эндсэн. Гэтэл намайг зулбуулсан гэж гүтгэж байна. Миний бие тухайн үед Б.С-д анхаарал тавьж, хоол хийж, тэжээн тэтгэж байсан. Гэвч түүний ааш, зан хамт байхын аргагүй болсон тул бид хоёр тийшээ болсон 1 өрөө байраа тухайн үед 35 000 000 төгрөгөөр зарсан бөгөөд Б.С-н гаргасан 9 500 000 төгрөг дээр 5 500 000 төгрөг нэмж, нийт 15 000 000 төгрөгийг бид гэрээ байгуулж харилцан тохиролцож 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төлж дуусгавар болсон. Миний хувьд мөнгөн аяга, тавилгыг зарж борлуулж хувьдаа завшаагүй. Гэтэл Б.С надаас дахин мөнгө шаардаж, мөнгө өгөхгүй бол чамайг цагдаад өгнө гэж дарамталж намайг өөрийг нь хүчирхийлсэн гэж гүтгэж Баянзүрх дүүргийн цагдаад өгсөн боловч цагдаагаас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл дахин үндэслэлгүйгээр мөнгө шаардаж байна. Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл 14, 82 дугаар сургуульд хүүхдүүдэд сургалт орж 10 000 000 төгрөг олсон, үүний тал хувь 4 000 000 төгрөгийг надаас шаардаж байгаад гайхаж байна, тэр мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, надад хамаагүй байхад надаас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мөн орон сууцны үлдэгдэл ногдол төлбөр 7 770 000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-с 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.С-н тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-с 174 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.С анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “орон сууц худалдан авахад 18 800 000 төгрөгийг гаргасан, хариуцагч Б.А 19 663 000 төгрөгийг гаргасан” гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс харахад хариуцагч Б.А орон сууц анх худалдан авахад илүү мөнгө буюу 6 000 000 төгрөг гаргасан болох нь тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүх орон сууцыг 50 000 000 төгрөгөөр зарсан, 50 хувиар хувааж авах ёстой гэх агуулгаар нэхэмжлэлийг хангаж 10 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь логик, шударга ёсны зарчмын хувьд ойлгомжгүй үндэслэлгүй дүгнэлт болсон. Учир нь Б.А орон сууц анх авахад илүү төлбөр гаргасан болох нь нэхэмжлэгч тайлбартаа бичсэн байхад тэнцүү хувааж авах ёстой гэж шийдвэрлэж байгаа нь илт үндэслэл муутай байна. Б.А орон сууцыг 50 000 000 төгрөгөөр зарсан байлаа ч илүү төлбөр анх гаргасан учраас орон сууц зарсан төлбөрөөс ипүү авах нь шударга болно. Орон сууцны төлбөрөөс 15 000 000 төгрөгийг Б.С-д өгч бидний хоорондын асуудал дуусгавар болсон болно.

Орон сууцыг гэрч Ч.Г, түүний эхнэрт зарахад 33 500 000 төгрөгийн орон сууцыг 40 000 000 төгрөгөөр зарахаар болсон бөгөөд худалдан авагч нар тухайн үед надаас орон сууцыг жаахан үнэд хүргээд 50 000 000 төгрөгийг гэрээндээ тусгачия гэж гуйсан. Миний хувьд ийм асуудал үүснэ гэж бодоогүй тул би зөвшөөрсөн болно. Үүнийг гэрч анхан шатны шүүхэд нотолсон байхад үүнийг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Миний бие тухайн байрыг анх худалдан авахад 24 000 000 төгрөгийг гаргасан, харин Б.С 9 500 000 төгрөгийг гаргасан байхад орон сууцыг 50 000 000 төгрөгөөр зарсан гэж үзэн 50 хувиар бодож анхан шатны шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Б.С хариуцагч Б.А-д холбогдуулан 12 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хамтран амьдарч байх хугацаандаа худалдан авсан орон сууцыг худалдан борлуулснаас оногдох орлого                         10 000 000 төгрөг, олсон орлого 2 000 000 төгрөг нийт 12 000 000 төгрөг гаргуулах” гэж үндэслэж, хариуцагч нь “орон сууцыг 40 000 000 төгрөгөөр зарж, нэхэмжлэгч Б.С-д 15 000 000 төгрөгийг өгсөн, хамтран амьдрах хугацаандаа олсон орлого гэж 2 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг би аваагүй” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд хамтран амьдарч байх хугацаандаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, Да хүрээ гудамж, 55а байр, 54 тоот хаягт байршилтай 34.28 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг худалдан авсан байна. Түүнчлэн, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч нь 50 000 000 төгрөгөөр Д.Д, Ч.Г нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж бусдад худалдан борлуулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээнд зааснаар 50 000 000 төгрөгөөр худалдагдсан тул нэхэмжлэгч, хариуцагч нараас хэн нь хэдэн төгрөг төлснөөс үл хамааран гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг адил тэнцүү хэмжээгээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй тул худалдан борлуулсанаас орсон орлогыг тэнцүү хуваарь авах эрхтэй.

Хэдийгээр шүүх хуралдаанд гэрч Ч.Г нь мэдүүлэхдээ дээр орон сууцыг 40 000 000 төгрөгөөр худалдан авсан...” гэх боловч энэ нь нэхэмжлэгчийн тайлбарыг, үгүйсгэх хэмжээний баримт болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж чадаагүй байна.

Тиймээс орон сууц худалдах, худалдан авах гэрээнд зааснаар талууд гарын үсэг зурж, 50 000 000 төгрөгөөр худалдсан гэх нотлох баримт нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хийгдсэн бичгийн хэлцэл гэж үзнэ.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/01290 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 175 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

            ШҮҮГЧИД                                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ