Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/00881

 

2024 оны 2 сарын 26-ний өдөр

Дугаар 183/ШШ2024/00881

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч дүүргийн ...-р хороо, ...... тоотод байрлах Т ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х дүүргийн ...-р хороо, ..... гудамж, ..... тоотод оршин суух А овогт Ё.Ц /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 78,754,689.19 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

Гуравдагч этгээд Ө.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХК нь Ё.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78,754,689.19 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч Ё.Ц, нь Т-тай 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 106300242860 тоот зээлийн гэрээ байгуулан 45,000,000.00 төгрөгийг сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээлж авсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 106300242883 тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй 40 сарын хугацаатайгаар зээлж авсан. Т ХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлдэгч Ё.Ц-ийн зээлийн дансанд 2021 оны 01 дугаар сарын 19-ний өдөр 25,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 45,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг харилцах дансанд шилжүүлсэн. Т ХК болон Ё.Ц нарын хооронд 2021 оны 01 дугаар сарын 19-ний өдөр дугаар 106300242860 тоот Барьцааны гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд:1.Нийслэлийн Х дүүргийн .... хороо, .... гудамж .... тоот хаягт байршилтай, 66 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- № гэрчилгээ бүхий хувийн сууц; 2.Нийслэлийн Х дүүргийн ...-р хороо, .... гудамж .... тоот хаягт байршилтай, 435 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэлтэй № дугаар бүхий өмчлөх эрхтэй газар: 3.Нийслэлийн Х дүүргийн .....-р хороо, ... гудамж ..... тоот хаягт байршилтай, 342 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэлтэй № дугаар бүхий өмчлөх эрхтэй газар барьцаалсан. ХК болон Ё.Ц нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дугаар 106300242883 тоот Барьцааны гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дараах хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд:

1. Тоосго, цемент, хайрга-12,500,000 төгрөг

2. Гэрийн эд хогшил /жагсаалтаар/ -4,360,000 төгрөг

3. Хөнгөн блокны машин-1ш-5,000,000 төгрөг,

4. Монгол гэр-1ш-540,000 төгрөг

5. Чингэлэг-Зш-4,000,000 төгрөг нийт 26,400,000 төгрөгийн бараа материал барьцаалсан болно. Зээлдэгч Ё.Ц, нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх байсан боловч төлөлгүй зээлийн гэрээг ноцтой зөрчсөн тул банкны зүгээс гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэл хүргүүлж, биечлэн уулзаж байсан боловч өөрийн гаргаж өгч байсан хүсэлтэд заасан хугацаанд зээлээ төлөлгүй өнөөдрийг хүртэл банкийг хохироож байна. Зээлдэгч Ё.Ц нь Т банктай байгуулсан тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй бөгөөд 106300242860 тоот гэрээтэй зээл 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 38,139,265.47 төгрөг, үндсэн хүү 1,847,506.46 төгрөг, хуримтлагдсан хүү 100,311.49 нэмэгдүүлсэн хүү 261,174.64 төгрөг нийт 40,348,258.06 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Ё.Ц нь Т банктай байгуулсан тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй бөгөөд 106300242883 тоот гэрээтэй зээл 2023 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 24,353,633.89 төгрөг, үндсэн хүү 12,855,729.54 төгрөг, хуримтлагдсан хүү 243,402.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 953,664.81 төгрөг нийт 38,406,431.13 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Ё.Ц-с 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 78,754,689.19 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах 70,200 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр гаргасан нэхэмжлэлээ дэмжинэ, миний хувьд яг хариуцсан эдийн засагч нь бөгөөд Б ах руу үргэлж холбогдож ярьдаг, тэгэнгүүт төдийд өдийд өгнө гэх мэт тайлбар хэлсээр одоог хүрсэн, хөдлөх барьцаанууд нь одоо байгаа эсэхийг мэдэхгүй тул түүгээр шаардлага хангуулах шаардлагагүй, өөрөөр хэлбэл 25 саяын зээлийн гэрээнд нэг л удаа 646,366 төгрөг төлснөөс өөрөөр төлөлт хийгээгүй, байнга л мэдэгдэл өгч байсан, гэрээр нь ч очиж байсан, ковидын үеэр утсаар ч тэр мэйлээр ч тэр хүүгээ хойшлуулах хүсэлт өгч байгаагүй, шүүхэд өгснөөс ч хойш төлөх оролдлого хийгээгүй тул нэхэмжлэлээ дэмжиж байна, надад эвлэрэх эрх өгдөггүй гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээтэй маргахгүй, зээл авсан нь үнэн боловч Ө.Б энэ мөнгийг хэрэглэсэн, хариуцагч огт авч хэрэглээгүй. Энэ бол ковидын үед олгогдсон зээл байдаг бөгөөд гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1 т зээл төлөх хуваарийг ноцтой зөрчсөн бол гэрээг нэг талаас цуцалж болно гээд заачихсан байхад 2024 он хүртэл яагаад цуцлахгүй ийм их хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өрөнд оруулаад байдгийг асуумаар байна, дуусгавар болгох эрх нь банканд байсаар байхад ийм хуримтлал үүсгэсэндээ банк хариуцлага хүлээх учиртай. Хэдэн удаагийн зөрчлийг ноцтойд тооцох юм, яагаад нийтийг хамарсан цар тахлын үед зээл олгох болов, одоо ч цар тахлын сөрөг нөлөө арилаагүй л байна. Иймээс хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгөхөөс гадна жинхэнэ зээлдэгч нь Ө.Б гэдгийг анхаарч өгнө үү гэв.

 

4. Гуравдагч этгээд Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зээлийг авч ашигласан нь үнэн, миний хувьд зээлийн хүүг хойшлуулах талаар банканд хэлж л байсан гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатын төлбөрийн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 106300242860 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 106300242860 дугаартай барьцааны гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 106300242883 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 106300242883 дугаартай барьцааны гэрээ, 11-1818932 дугаартай барьцаалбар бүртгэгдсэн баримт, Ё.Ц-ийн орлого, зарлагын баримт, зээлийн өргөдөл, зээлдэгчийн анкет, Ё.Ц-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Т банкны хур мэдээллийн системээс Ё.Ц-ийн хувийн мэдээллийн хуулбар, бараа материалын үлдэгдлийн жагсаалт, 000839222 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000116761 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ....... дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т банкны хур мэдээллийн системээс авсан ү2206072029, Ү, ү дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 0021, 0022 дугаартай итгэмжлэл, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

6. Хариуцагч талаас Ө.Б олгосон итгэмжлэл, А.А олгосон итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

7.Гуравдагч этгээдээс иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Ё.Ц, нь Т банктай 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 106300242860 тоот зээлийн гэрээ байгуулан 45,000,000.00 төгрөгийг сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээлж авсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 106300242883 тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй 40 сарын хугацаатайгаар зээлж авсан. Т ХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлдэгч Ё.Ц-ийн зээлийн дансанд 2021 оны 01 дугаар сарын 19-ний өдөр 25,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 45,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг харилцах дансанд шилжүүлсэн. Т ХК болон Ё.Ц нарын хооронд 2021 оны 01 дугаар сарын 19-ний өдөр дугаар 106300242860 тоот Барьцааны гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан болно.

Зээлдэгч Ё.Ц нь Т банктай байгуулсан 106300242860 тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй бөгөөд 106300242860 тоот гэрээтэй зээл 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 38,139,265.47 төгрөг, үндсэн хүү 1,847,506.46 төгрөг, хуримтлагдсан хүү 100,311.49 нэмэгдүүлсэн хүү 261,174.64 төгрөг нийт 40,348,258.06 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Уг зээлийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна. Харин 106300242883 тоот гэрээтэй зээл 2023 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 24,353,633.89 төгрөг, үндсэн хүү 12,855,729.54 төгрөг, хуримтлагдсан хүү 243,402.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 953,664.81 төгрөг нийт 38,406,431.13 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд Ё.Ц-оос 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 78,754,689.19 төгрөг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн . Үүнд: Зээлийн гэрээтэй маргахгүй, зээл авсан нь үнэн боловч Ө.Байнга энэ мөнгийг хэрэглэсэн, хариуцагч огт авч хэрэглээгүй. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1 т зээл төлөх хуваарийг ноцтой зөрчсөн бол гэрээг нэг талаас цуцалж болно гээд заачихсан байхад 2024 он хүртэл яагаад цуцлахгүй ийм их хуримтлагдсан хүү үүсгэснийг ойлгохгүй байна, иймээс нэмэгдүүлсэн хүү, хүүг төлөхгүй гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ё.Ц нь Т ХК-тай 2021 оны 1 дугаар сарын 19 ны өдөр зээл болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, сарын 1,60 хувийн хүүтэй, том машин худалдан авах зориулалтаар зээлж, Ө.Байнгын өмчлөлийн Нийслэлийн Хан Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 12 гудамж 563 тоот хаягт байршилтай, 66 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206072029 №000839222 гэрчилгээ бүхий хувийн сууц, мөн Нийслэлийн Хан Уул дүүргийн 10-р хороо, Морингийн 12 гудамж 563 тоот хаягт байршилтай, 435 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй №000116761 дугаар бүхий өмчлөх эрхтэй газар, Ё.Ц-ийн өмчлөлийн Нийслэлийн Х дүүргийн ....-р хороо, .... гудамж ....... тоот хаягт байршилтай, 342 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй № дугаар бүхий өмчлөх эрхтэй газар ,

Ё.Ц нь Т ХК-тай 2021 оны 1 дугаар сарын 19 ны өдөр зээл болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, сарын 1,60 хувийн хүүтэй, бараа худалдан авах зориулалтаар зээлж, тоосго цемэнт хайрга, гэрийн эд хогшил, хөнгөн блокны машин, монгол гэр, чингэлэг зэрэг хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан 2021 оны 1 дугаар сарын 19-ны өдрийн 106300242860,106300242883 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр тус тус тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т зааснаар бичгээр байгуулагдаж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүргүүлж хуульд нийцүүлж хийсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Улмаар талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 45,000,000 төгрөгийн гэрээний хугацаа 2024-04-17 ний өдөр, 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2024-05-03 ний өдөр дуусах ба Т ХК нь 2023-11-24 ний өдөр шүүхэд хандсанаар гэрээ цуцлагдсан мөн 45,000,000 төгрөгийн 106300242860 тоот гэрээнд үндсэн зээлд 6,860,734 төгрөг, хүүд 16,034,747 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,374,753 төгрөг төлөгдсөн , 25,000,000 төгрөгийн 106300242883 тоот гэрээнд үндсэн зээлд нэг удаа 646,366 төгрөг төлөгдсөнтэй талууд маргадаггүй. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, 2023 оны 08 дугаар сараас хойш төлөлт огт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах шалтгаан болсон байх ба энэ нь зохигчдын тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх... гэж заасны дагуу нэхэмжлэгч тал төлөөгүй хугацааны хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, гэрээний дагуу зээлийн үнийг шилжүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Т ХК-ийн ирүүлсэн зээлдэгчийн харилцагчийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн 106300242860 тоот гэрээтэй зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 38,139,265.47 төгрөг, үндсэн хүү 1,847,506.46 төгрөг, хуримтлагдсан хүү 100,311.49 нэмэгдүүлсэн хүү 261,174.64 төгрөг нийт 40,348,258.06 төгрөг, 106300242883 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрт 24,353,633.89 төгрөг, үндсэн хүү 12,855,729.54 төгрөг, хуримтлагдсан хүү 243,402.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 953,664.81 төгрөг нийт 38,406,431.13 төгрөг, 2 гэрээний үүрэгт нийт 78,754,689.19 төгрөгийн үлдэгдэлтэй нь үндэслэл бүхий тооцоолол байх тул хариуцагч Ё.Ц-оос 78,754,689.19 төгрөгийг гаргуулж, Т ХК-д олгох нь зүйтэй гэж үзэв. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч банкийг гэрээний үүрэг ноцтой зөрчигдсөөр байхад гэрээг цуцлах үүргээ хэрэгжүүлээгүйгээс их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан тул төлөхгүй гэж тайлбарлаж байгаа ч энэ тохиолдолд банкийг буруутгах боломжгүй. Учир нь зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа тохиолдолд зээлдүүлэгч тал гэрээг цуцлах эрхтэй талаар тухайн гэрээгээр зохицуулсан байх боловч энэ нь гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах буюу банкны үүрэг бус эрхийн асуудал юм.

Хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан  106300242860 тоот барьцааны гэрээгээр Нийслэлийн Хан Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 12 гудамж 563 тоот хаягт байршилтай, 66 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206072029 №000839222 гэрчилгээ бүхий хувийн сууц, Нийслэлийн Х дүүргийн ....-р хороо, ... гудамж ... тоот хаягт байршилтай, 435 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2206006722 дугаарт бүртгэлтэй № дугаар бүхий өмчлөх эрхтэй газар, Нийслэлийн Х дүүргийн ...-р хороо, ... гудамж .... тоот хаягт байршилтай, 342 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй № дугаар бүхий өмчлөх эрхтэй газрыг тус тус үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 78,754,689.19 төгрөг гаргуулж, Т ХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй эсхүл, өөр аргаар хангаж дуусгавар болгоогүй тохиолдолд үлдсэн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар нэхэмжлэгч банк нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 551,723 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Ц-оос зээлийн гэрээний үүрэгт 78,754,689.19 төгрөгийг гаргуулж Т ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Нийслэлийн Х дүүргийн  хороо,  гудамж  тоот хаягт байршилтай, 66 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү № гэрчилгээ бүхий хувийн сууц, Нийслэлийн Х дүүргийн -р хороо,  гудамж  тоот хаягт байршилтай, 435 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэлтэй №0 дугаар бүхий өмчлөх эрхтэй газар, Нийслэлийн Х дүүргийн ...р хороо, ..... гудамж .... тоот хаягт байршилтай, 342 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэлтэй № дугаар бүхий өмчлөх эрхтэй газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 551723 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ