Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 88

 

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,

Шүүгдэгч М.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартан овогт М.М-д холбогдох 1730000690054 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн харьяат, 1980 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй,  ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг гэх газар оршин суух, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 05 сарын 09-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, регистртэй, Сартан овгийн М.М

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч М.М- нь 2017.07.28-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4-р багийн нутаг дэвсгэр, Өрнө-Дэрс гэх газраас иргэн О.Гансүхийн хонгор гүү, хүрэн азарга, хүрэн гүү, хар гүү, хүрэн даага нийт 5 тооны адуу хулгайлж, 5.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 7 сарын 31-нд Гансүхийн адуунаас  им тамгагүй  хүрэн даагаыг Энхбаатарт өгсөн. Уг даага нь үхсэн гэсэн. Мөн гэр гуяандаа М тамгатай хүрэн гүүг Энхбаатарын алдсан гүүг байна гэж бодоод өгсөн. Нөгөө 3-н тооны адууг усруу хөөсөн. Гэтэл Гансүх  сумын төвд байсан адууг авлаа гээд нэхэмжилсэн. Би эрж байгаад нөгөө 3 адууг нь олж өгсөн. Авсан адуугаа төлж барагдуулсан. Дахин хулгай хийхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

- Хохирогч О.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 07 сарын 31-ний өдөр Л.Энхбаатар гэх хүний хашаан дотор адуу байхаар нь очоод харахад манай алдсан 5 тооны адууны нэг болох М үсгэн тамгатай хонгор гүү байхаар нь Энхбаатар гэх айл руу явах замдаа Энхбаатарын төрсөн ах Батцэнгэл гэх хүнтэй таарч гүү байгаа талаар асуухад Энхбаатар нь Мягмарсүрэн гэх хүнээс хоёр тооны адуу ирсэн байх гэхээр нь Энхбаатартай  очиж уулзахад танай адуу биш М үсгэн тамгатай хонгор гүү хэдэн жилийн өмнө Гансүх гэх хүнээс авч байсан тэгээд алдаад сая олж авчирсан гэхээр нь би мордоод Энхбаатарын зүүн доогуур ороход манай алдсан им тамгагүй хүрэн даага байхаар нь эргэж ирээд Энхбаатараас асуухад Гангад нутаглах Мягмасүрэнгээс авчирсан гэж хэлсэн. Тухайн үед хоёр адуугаа Энхбаатарт орхиод явахад Энхбаатар нь миний хонгор гүүг надад авчирч өгсөн. Би нөгөө даагаа асуухад адуунд дарагдаад хэмхэрсэн гэх шалтгаанаар надад өгөөгүй. Хэд хоногийн дараа М.Мягмарсүрэнтэй уулзаж чи миний гүү даага хоёрыг хүнд өгсөн байна, ямар учиртай юм бэ, одоо нөгөө гурван адууг өгөхгүй бол цагдаад мэдэгдэнэ гэсэн чинь та цагдаад хэлж болохгүй шүү, би анх удаагаа хулгай хийж байгаа юм гэсэн. Тэгээд 2017 оны 08 сарын 10-ны үед миний гурван адууг авчирч өгсөн, тэгээд надад М.Мягмарсүрэн нь хохирлоо бүрэн өгсөн учир одоо надад нэхэмжлэх зүйлгүй, хохирлын маргаангүй болсон... гэх мэдүүлэг / хх-н 11-12 х /, 

 

       - Гэрч Л.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 08 сарын 01-ний өдөр М.Мягмарсүрэн надад чиний алдсан гүүг олоод авлаа чи ирж ав гэхээр нь очиж авахад надад гэр гуяандаа М үсгэн тамгатай хонгор гүүг өгсөн. Мягмарсүрэн надад нэг адуу өгөх байсан, тэр адууны оронд им тамгагүй охин хүрэн даага өгөхөөр нь хонгор гүүтэй хамт гаднаа авчирсан юм. Тухайн үед би адуугаа хашсан байсан юм. Хүрэн даагийг гэрийн зүүн талд чөдөрлөөд тавьсан чинь О.Гансүх ирээд манай адуу байна гэхээр нь хонгор гүүг аваачиж өгсөн... гэх мэдүүлэг,/ хх-н 5 х / 

 

- Иргэний нэхэмжлэгч, хохирогч О.Гансүхийн мэдүүлэг /хх-9-12/

 

- М.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-17/ 

-

- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-19/

 

- Эд зүйлийн үнэлгээ /хх-8/ зэрэг болно.

                     

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

         Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул М.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

         Шүүгдэгч М.М нь 2017.07.28-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4-р багийн нутаг дэвсгэр, Өрнө-Дэрс гэх газраас иргэн О.Гансүхийн хонгор гүү, хүрэн азарга, хүрэн гүү, хар гүү, хүрэн даага нийт 5 тооны адуу хулгайлж 5.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч М.Мягмарсүрэнгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч О.Гансүх, гэрч Л.Энхбаатар нарын мэдүүлэг, Дарьганга сумын 2017 оны 09 сарын 05-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

         Хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулбал, шүүгдэгч М.Мягмарсүрэн нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэн О.Гансүхийн адуунаас хулгайлан авсан 5 тооны  адуунаас даагатай хүрэн халзан гүүг  Энхбаатарт өгсөн  болох нь түүний өөрийнх нь мэдүүлэг, хохирогч О.Гансүхийн ...” Энхбаатар нь Мягмарсүрэн гэх хүнээс хоёр тооны адуу ирсэн байх гэхээр нь Энхбаатартай  очиж уулзахад танай адуу биш “М” үсгэн тамгатай хонгор гүү хэдэн жилийн өмнө Гансүх гэх хүнээс авч байсан тэгээд алдаад сая олж авчирсан гэхээр нь би мордоод Энхбаатарын зүүн доогуур ороход манай алдсан им тамгагүй хүрэн даага байхаар нь эргэж ирээд Энхбаатараас асуухад Гангад нутаглах Мягмасүрэнгээс авчирсан гэж хэлсэн” гэх, гэрч Л.Энхбаатарын ...“2017 оны 08 сарын 01-ний өдөр М.Мягмарсүрэн надад чиний алдсан гүүг олоод авлаа чи ирж ав гэхээр нь очиж авахад надад гэр гуяандаа “М” үсгэн тамгатай хонгор гүүг өгсөн. Мягмарсүрэн надад нэг адуу өгөх байсан, тэр адууны оронд им тамгагүй охин хүрэн даага өгөхөөр нь хонгор гүүтэй хамт гаднаа авчирсан юм. Тухайн үед би адуугаа хашсан байсан юм. Хүрэн даагийг гэрийн зүүн талд чөдөрлөөд тавьсан чинь О.Гансүх ирээд манай адуу байна гэхээр нь хонгор гүүг аваачиж өгсөн” гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.

 

         М.М-г гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлдсэн гэж үзнэ. Тэрээр бусдын эд хөрөнгийг нууцаар авч буй үйлдлээ хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, адууг хулгайлан бусдад  хохирол учруулсан байна.

 

         Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй ба прокуророос ирүүлсэн шүүгдэгч М.Мягмарсүрэнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч М.М-ийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан  хохирол буюу хээр зүсмийн давхар саран тамгатай хязаалан насны морийг буцаан өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

         М.М нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг  төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

         Шүүгдэгч М.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хулгайлсан адууг хохирогчид буцаан өгсөн, хохирогч О.Гансүх нэхэмжлэх зүйлгүй, гэснийг дурьдаж шийдвэрлэв.

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Сартан овогт М.М-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-г 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн 5.4 дугээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.М-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

  4. Ялтан М.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд хохирогч О.Гансүхэд адуу буцаан олгогдсон, тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.М-йд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР