| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/00403/И |
| Дугаар | 137/ШШ2024/00030 |
| Огноо | 2024-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 137/ШШ2024/00030
2024 02 05 ....
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод оршин суух, Ч овогт Б-ын С /РД: ..., утас:.../-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжэгдсэн төлөөлөгч: Дорноговь аймгийн ... тоотод бүртгэлтэй, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод оршин суух, А овогт С-ын Э /утас: .../
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод оршин суух, Б овогт Г-ын Г /РД: ..., утас: .../-д холбогдох
20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагч Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Миний бие өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ... тоот данснаас Г.Г-ийн эзэмшлийн ... тоот дансанд 2021 оны 04 сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг “...” утгаар нь шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаад буцааж өгөхгүй байгаа. Хариуцагч нь зээлсэн 20,000,000 төгрөгөө төлөхөөс, буцаан өгөхөөс зайлсхийж байгаа тул Г.Г-аас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 04 сарын 05-нд Г.Г-ийн эзэмшлийн ХААН банкны данс руу С нь өөрийн данснаас 20 сая төгрөгийг 2 удаагийн гүйлгээрээ шилжүүлсэн. Одоо болтол авч чадаагүй тул гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.С-ын нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б.С-ын зээл хэмээн нэхэмжилж байгаа энэхүү маргааны эх үүсэл нь танил Б.Н-ын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс үүдэлтэй. ...Б.Н нь 2021 оны 04 дүгээр сарын 05-аас 06-ны өдрүүдэд дансаа ашиглуулаач, данс руу чинь ах болон дүүгээс мөнгө орж ирнэ. тоглоом тоглоод мөнгө олоод нөгөө хүний чинь мөнгийг гаргаж өгье гэсэн тул итгэж өөрийн дансыг хэлж өгсөн. Миний ХААН банкны "..." тоот данс руу 10,000,000 төгрөгөөр 2 удаа, 10,500,000 төгрөгөөр 1 удаа, нийт 30,500,000 төгрөгийг орж ирсэнийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000, 300,000, 700,000, 2,000,000, 10,000,000, 10,000,000, 18,000,000, 500,000 нийт 42,000,000 төгрөгийг бусдын буюу тоглоомын данс руу ... гэх өөрийн хоч, нэрээр шилжүүлсэн. Энэ бүх гүйлгээнүүд нь мөнгө орж ирсэн даруй болж байгаа ба дээрхи мөнгөний захиран зарцуулалтыг Б.Н дур мэдэн хийсэн. ...2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр миний ХААН банкны "..." тоот данс руу Хаан банкны "..." данснаас 16 цаг 45 минутанд 10,000,000 төгрөг "..." гэх утгатай, 17 цаг 30 минутанд 10,000,000 төгрөг "..." гэх утгатай нийт 20,000,000 төгрөгийн орлого орж ирсэн ба Б.Н нь тухайн өдрөө "...” гэх утгатай орж ирсэн эхний 10,000,000 төгрөгийг Хаан банкны "..." Б.З гэх данс руу өөрийнх нь дууддаг нэр болох ".." гэх утгатай дараагийн мөнгийг миний тухайн өдрийн лимт хэтэрсэн байсан тул Б.Н нь картын дугаараар гүйлгээг хийж, нийт 20,000,000 төгрөгийг "..." гэх утгатайгаар мөрийтэй тоглоомын данс руу шилжүүлсэн. ... Мөн нэхэмжлэгч Б.С-тай миний бие 2021 оны 04 сарын 05-ны өдөр утсаар холбогдсон, уулзсан зүйл огт байхгүй бөгөөд түүнтэй эрх зүйн болон эдийн засгийн харилцаанд орж байгаагүй тул шүүхэд илт худал тайлбарыг гаргасан байна. Харин Б.Н нь Б.С-тай өөрөө утсаар холбогдож, миний дансаар мөнгө дамжуулан авсан болох нь тогтоогдоно. Б.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь Б.Н-ын гэр бүлийн хүн буюу эхнэр нь бөгөөд түүний бусдаас үндэслэлгүйгээр олж авч хохироосон мөнгийг надаас гаргуулах санаа зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан байна. Иймд хариуцагч Г.Г би Б.С-аас зээл болон бусад зорилгоор бэлэн болон бэлэн бусаар авч байгаагүй, авахаар харилцан тохиролцож байгаагүй ба харин Б.Н, Б.С нар нь хоорондоо харилцан тохиролцож 20,000,000 төгрөгийг өгч, авалцсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзаж байна. С гэдэг хүнийг Н-ын дүү гэдэг утгаар нь таньдаг. С-тай нэг ч уулзаж байгаагүй, түүнээс зээл авч байгаагүй. Ах Н нь гуйгаад ах, дүү хоёроос мөнгө орж ирнэ гэж хэлээд миний дансыг ашигласан. Тэгээд би тэр мөнгийг нь Н-ын хэлснээр “...” гэх утгаар шилжүүлсэн. Энэ мөнгийг би авч ашиглаагүй. Н нь ашигласан. Н нь мөрийтэй тоглодог. Миний дансаар бусдаас мөнгө авч ашиглаж байсан гэв.
Нэхэмжлэгч талаас:
Улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг төлсөн баримт
2023 оны 10 сарын 20-ны өдрийн ... дугаартай итгэмжлэл
Б.С-ын ХААН банкны .... дугаартай депозит дансны хуулга
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 06 сарын 02-ны өдрийн ... дугаартай тогтоол, мөнгө шилжүүлсэн баримт, ... дугаартай төлбөрийн даалгавар
Б.С-ын ХААН банкны ... дугаартай дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч талаас
2022 оны 06 сарын 15-ны өдрийн ... дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шийдвэр
Г.Г-ийн ХААН банкны ... дугаартай депозит дансны хуулга
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын прокурорын газрын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн ... дугаартай тогтоол
Б.Н-ын ХААН банкны ... дугаартай дансны хуулга
Бичлэг бүхий СД 1 ширхэг зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч Г.Г-ийн хүсэлтийн дагуу Б.Н-ыг 2024 оны 01 сарын 05-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон:
Г.Г-ийн эзэмшлийн ... тоот дансанд 2021 оны 04 сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг “...” утгаар шилжүүлж зээлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй байгаа тул Г.Г-аас 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь “нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөгийг зээлсэн асуудал байхгүй, Б.Н нь миний дансыг ашиглаж Б.Н, Б.С нар нь хоорондоо харилцан тохиролцож 20,000,000 төгрөгийг өгч, авалцсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Нэхэмжлэгч Б.С-ын ХААН банкны ... дугаарын данснаас 2021 оны 04 сарын 05-ны өдөр “...” гэсэн утагтайгаар ... дугаарын данс руу 2 удаа тус тус 10,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд 20,000,000 төгрөг орж ирсэн ... дугаарын данс нь хариуцагч Г.Г-ийн эзэмшлийн ХААН банкны данс болох нь ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 07, 34/-уудаар тогтоогдож байна.
Хариуцагч Г.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа “Н гэх хүн миний дансаар дамжуулж С-аас мөнгө авсан, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг “...” гэх утгаар Н-д шилжүүлсэн” гэх боловч С нь хариуцагчийн дансыг ашиглаж бусдад мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Г.Г нь өөрийн дансанд орж ирсэн мөнгийг зөвхөн өөрөө л гүйлгээ хийх, захиран зарцуулах эрхтэй болно. Хэргийн оролцогчдийн тайлбар, хэргийн нөхцөл байдлаар Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой харилцаа зохигчдын хооронд үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны ... дугаартай шийдвэр /хх-ийн 24-32/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын прокурорын газрын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн ... дугаартай тогтоол /хх-ийн 87-88/ “гэрч Б.Н-ыг мөрийтэй тоглох зорилгоор Г.Г-ийн дансыг ашигласан...” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч Б.С-ын хариуцагчаас 20,000,000 төгрөгийг шаардах эрхийг хязгаарлахгүй болно.
Хариуцагч Г.Г нь нэхэмжлэгч Б.С-аас шилжүүлэн авсан 20,000,000 төгрөгийг гэрч Б.Н-ын хэлсэнээр 10,000,000 төгрөгийг 5400516105 дансанд, 10,000,000 төгрөгийг нь карт руу тус тус шилжүүлсэн болох нь үгүйсгэгдээгүй боловч 20,000,000 төгрөгийг хариуцагч Г.Г биш гэрч Б.Н авсан, зөвхөн түүний банкны дансыг ашигласан гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй болно.
Мөн хариуцагч Г.Г нь уг 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авах талаар ямар нэгэн байдлаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, гэх боловч нэхэмжлэгч Б.С-аас шилжүүлсэн мөнгөн хөрөнгө хариуцагчийн эзэмшлийн дансанд орж, уг мөнгөн хөрөнгийг хариуцагч Г.Г л захиран зарцуулах эрхийг эдэлнэ.
Зохигчдын хооронд гэрээний харилцаа үүсээгүй боловч нэхэмжлэгчээс хариуцагч Г.Г-ийн өмчлөлд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон, хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэггүй болохоо нотлоогүй.
Хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-д зааснаар “үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хөрөнгийг авсан гуравдагч этгээд болох Н нь уг мөнгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан. Хариуцагч Г.Г-ийн ХААН банкны .... дугаартай депозит дансны хуулга /хх-ийн 33-35/-аар 2021 оны 04 сарын 05-нд 10,000,000 төгрөгийг “...” гэх утгаар шилжүүлсэн ... дугаартай данс, 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн “...” гэх шилжүүлэг нь хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй, хариуцагч хэнд шилжүүлсэнээ тодорхойлж чадаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Г-г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн, нэхэмжлэгч Б.С-ын шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Г-аас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-аас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хадгалсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б