Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2024/00186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Е” банк бус санхүүгийн байгууллага (РД:*****, захирал К.Б),

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суух, Ө овогт Д-ийн Б (утас:*****);

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр багт оршин суух, У овогт Д-гийн З (утас:*****);

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 1,411,879 төгрөг, хүү 546,397 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 811,800 төгрөг, нийт 2,770,076 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Д.Б (Улаанбаатар хотоос цахимаар)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.

 

(Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч “Е” банк бус санхүүгийн байгууллагын захирал К.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хамаатан хүний оршуулгын үйл явдалд нь оролцох болсон тул өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх тухай” хүсэлтээ илэрхийлсэн, хариуцагч Д.Зд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “эрүүл мэндийн шалтгаанаас болоод шүүх хуралдаанд оролцож чадахгүй талаар бичгээр тайлбар гаргасан” тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч Д.З нарыг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Е” банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Д.Б, Д.З нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 1,411,879 төгрөг, хүү 546,397 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 811,800 төгрөг, нийт 2,770,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч Д.Б нь “Е” банк бус санхүүгийн байгууллагаас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хэрэглээний зориулалтаар 1,480,000 төгрөгийг 4,5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлж авч 003484 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан.

1.2.Тус зээлийн гэрээнд иргэн Д.З нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд гарын үсэг зурсан. Хариуцагч нартай зээлийн гэрээний хамт 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулснаар харилцан тохирч зурагт, хөргөгч, хөлдөөгч зэрэг гэрийн эд хогшлыг зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зээл олгох ажиллагаа холбогдох хуулийн дагуу явагдсан юм.

1.3.Зээлийн төлбөрийг сар бүр төлж байхаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргасан боловч зээлдэгч нар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 288,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 149,000 төгрөг зээлийн үндсэн төлбөрт тус тус төлсөн.

1.4.Зээлдэгч нар зээлийн төлбөрийг гэрээнд засаан хугацаанд төлөөгүй, зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн. Гэрээний төлбөр төлөх үүргийг зээлдүүлэгч талаас удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй тул шүүхэд хандаж байна.

1.5.Тухайн үедээ зээлдэгч нартай зээлийн гэрээг хуульд заасан журмаар бичгээр байгуулж, хүү болон гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон.

1.6.Одоогоор төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр 1,411,879 төгрөг байгаа ба зээлийн гэрээний сүүлийн хугацаагаар тооцоход үндсэн хүүд 546,397 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 811,800 төгрөг бодогдсон.

Иймд зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 2,770,076 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 2022 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 003384 дугаартай зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.12, 1.13-т заасан үндэслэлээр хариуцагч Д.Б, Д.З нараас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1.Миний бие “Е” банк бус санхүүгийн байгууллагаас 1,480,000 төгрөгийг зээлж авсан. Баян-Өлгий аймгаас 17,000,000 төгрөгөөр хашаа байшин худалдаж авсан. Боловч мөнгийг нь төлж чадахгүй байгаа учраас нөхөр бид хоёр Улаанбаатар хотод ирээд ажил хийж байна.

2.2.Бид 14 настай хүүхдээ 2023 оны 04 дүгээр сард эмчлүүлэхээр Улаанбаатар хотод авч ирсэн. Одоо Эх нялхсын эрүүл мэндийн төвд хүүхдээ эмчлүүлж байна. Одоогийн байдлаар хүүхэд маань 2 дахь удаагаа хагалгаанд орж байна. Түүнд зарцуулж байгаа эм, тариа нь маш үнэтэй. Тийм учраас ч нэхэмжлэгчээс зээлж авсан мөнгийг төлж чадахгүй байна. Түүнээс биш миний зүгээс уг мөнгийг төлөхгүй гэж хэлэхгүй.

2.3. Тухайн үед гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурах насанд хүрсэн хүн хэрэгтэй гэхээр нь Д.З-г дагуулж очиж гэрээнд гарын үсэг зурсан болохоос миний “Е” банк бус санхүүгийн байгууллагаас зээлж авсан 1,480,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Хүүхдээрээ гарын үсэг зуруулах гэсэн боловч насанд хүрээгүй тул гарын үсэг зуруулж болохгүй гэсэн. Түүнээс биш Д.З нь уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй.

2.4.Өнөө маргаашдаа наадаас нэхэмжилж байгаа мөнгийг төлөх санхүүгийн боломжгүй байна. Олсон мөнгөөрөө хүүхдээ эмчлүүлж байна. Хүүхдийн маань нэг өдрийн эмчилгээний мөнгө 500,000 гаруй төгрөг гардаг.

2.5.Гэхдээ миний бие “Е” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн мөнгөө хүүгийн хамт төлөхөд татгалзах зүйл. Харин дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэмэгдүүлсэн хүүгээс нь чөлөөлж өгнө үү гэсэн байна.

3.Хариуцагч Д.З шүүхэд бичгээр гаргасан  тайлбартаа:

3.1.Миний бие “Е” банк бус санхүүгийн байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн зээлээр авсан мөнгийг би авч хэрэглээгүй тул, төлөх үндэслэлгүй. Тус зээлийг Д.Б авсан тул хариуцан төлөх үүрэгтэй,

3.2.Миний бие элэгний цироз хүнд өвчтэй учраас байнга эмчилгээ хийлгэдэг. Хавар хагалгаа хийлгээд ирсэн боловч удахгүй Улаанбаатар хотод очиж дахин хагалгаа хийлгэх болж байна. Тиймээс цаашид миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна.

3.3.Нэхэмжлэгч  “Е” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн мөнгийг Д.Бээс зохих журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэсэн байна.

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Е” банк бус санхүүгийн байгууллага болон үндсэн зээлдэгч Д.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.З нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан  №034484 дугаартай “Зээлийн гэрээ”, мөн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 03484/3484 дүгээр барьцааны гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Д.З-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, “Е” банк бус санхүүгийн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.Зд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч “Е” банк бус санхүүгийн байгууллага дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Иргэн Д.Б нь “Е” банк бус санхүүгийн байгууллагаас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хэрэглээний зориулалтаар 1,480,000 төгрөгийг 4,5 хувийн хүүтэй нөхцөлөөр 6 сарын хугацаатайгаар зээлж авч зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээнд иргэн Д.З хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан боловч 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 288,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 149,000 төгрөг зээлийн үндсэн төлбөрт тус тус төлж, зээлийн төлбөрийг гэрээнд засаан хугацаанд төлөөгүй, зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн тул зээлдэгч нараас зээлийн үлдэгдэл 1,411,879 төгрөг, хүү 546,397 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 811,800 төгрөг, нийт 2,770,076 төгрөг нэхэмжилж байна.

7.Хариуцагч Д.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...миний бие “Е” банк бус санхүүгийн байгууллагаас 1,480,000 төгрөгийг зээлж авсан. Хариуцагч Д.З нь миний “Е” банк бус санхүүгийн байгууллагаас зээлж авсан 1,480,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Тухайн үед гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурах насанд хүрсэн хүн хэрэгтэй гэхээр нь Д.Зг дагуулж очсон. Би авсан мөнгөө хүүгийн хамт төлөх болно. Миний дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэмэгдүүлсэн хүүг чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна.

8.Хариуцагч Д.З нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Тухайн зээлээр авсан мөнгийг би авч хэрэглээгүй тул Д.Б хариуцан төлөх үүрэгтэй.

9.Хавтаст хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч “Е” банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгч Д.Б, гүйцэтгэгч Д.З нартай 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр №034484 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулан, үндсэн зээл 1,480,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар зээлдүүлж, зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн байна.

9.1.Мөн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 034484/3484 дугаартай “Барьцааны гэрээ”-ээр зурагт, хөргөгч, хөлдөөгч, гэрийн эд хогшлыг барьцаалсан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

9.2.Нэхэмжлэгч “Е” банк бус санхүүгийн байгууллага нь 1,480,000 төгрөгийн хэрэглээний зээлийг зээлдэгч (хариуцагч) Д.Бд олгохдоо зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдэд зээлдэгчээр Д.Б, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.З нараар тус тус гарын үсэг зуруулсан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэгт Д.З гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн болохоос мөнгө зээлдэх зорилго байгаагүй, зээлийн мөнгөнөөс ашиглаагүй, ямар эрх үүрэг хүлээж тухай зээлийн гэрээнд хамран үүрэг гүйцэтгэгч гэж гарын үсэг зурснаа мэдэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт Д.Б өөрөө гарын үсэг зурсан  гэж маргасан байна.

 Бодит байдалд нэхэмжлэгч “Е” банк бус санхүүгийн байгууллагаас хариуцагч Д.Б 1,480,000 төгрөгийг зээлж авсан авч, энэ мөнгийг өөрөө хэрэглэсэн нь хариуцагч Д.Бийн хүлээн мэдүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

9.3.Нэхэмжлэгч “Е” банк бус санхүүгийн байгууллага болон үндсэн зээлдэгч Д.Б нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан ба үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл олгох эрх бүхий байгууллагаас зээл олгох гэрээгээр “Е” банк бус санхүүгийн байгууллага нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

9.4.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан.

 9.5.Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 1.13-т “зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон”, 3.10-д “үүргээ зөрчсөн, энэ талаар зээлдүүлэгчээс удаа дараа мэдэгдэж байсан боловч зээлдэгч нар зөрчлөө арилгаагүй байх тул нэхэмжлэгч “Е” банк бус санхүүгийн байгууллага нь гэрээг дангаар цуцалж үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө зээлдэгч болох хариуцагч Д.Бээс шаардах нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

10.Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 810,000 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.12 дахь заалтад зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүнийг хүүг төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хугацааны хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон бөгөөд талуудын энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул хариуцагч Д.Б нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээсээ чөлөөлөгдөхгүй.

11.Иймд хариуцагч Д.Бээс зээлийн үлдэгдэл 1,411,879 төгрөг, хүү 546,397 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 811,800 төгрөг, нийт 2,770,076 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Е” банк бус санхүүгийн байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Зд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

12.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 59,271 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Бээс үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийтдээ 2,770,076 (хоёр сая долоон зуун далан мянга далан зургаа) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Е” банк бус санхүүгийн байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Зд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,271  (тавин есөн мянга хоёр зуун далан нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 59,271  (тавин есөн мянга хоёр зуун далан нэг) төгрөгийг гаргуулан “Е” банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлӨч буюу өмгӨч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК