Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2024/00184

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийнӨ сумын *** дүгээр багт оршин суудаг, Ж овогт У.Е (утас:*************),

Хариуцагч: Б аймгийнӨ сумын *** дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, Б аймгийн Эрүүл мэндийн газар(дарга Н.С, утас:**************);

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй ажлаас халагдсан 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11,032,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А,

Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.

(Нэхэмжлэгч У.Е-д шүүх хуралдааны товыг Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай Баримт №9-ээр мэдэгдэхэд өмгөөлөгчөөрөө дамжуулаад өөрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч У.Е нь хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан үндэслэлгүй ажлаас халагдсан 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11,032,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Миний бие Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ний өдөр Б/29 дугаартай тушаалаар ямар ч үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөнийг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргасан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00336 дугаартай шийдвэрээр миний гомдлыг хангаж намайг манаачийн ажилд минь эгүүлэн тогтоосон юм.

1.2.Хариуцагч энэхүү анхан шатын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шат шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг нь  хангаагүй тул намайг шүүхийн шийдвэрийг үндэслээд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний урьд өмнө хийж байсан тус Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн томилсон юм.

1.3.Харин газрын дарга маань ажилгүй байсан хугацааны цалинг өгөхгүй байгаа тул өөрт нь өргөдөл өгсөн мөн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хүсэлт гаргахад ч дарга маань “Шүүхдээ очиж нэхэмжлэлээ гарга!” гэснээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.4.Миний бие сарын цалин 625162 төгрөг авч байсан юм. Би 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хооронд ажилгүй байсан 14 сарын цалин сарын цалин 626162 төгрөгөөр үржүүлэн тооцоход 1103200 төгрөг болж байна.

1.5.Иймд миний бие үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдөж ажилгүй байсан хугацааны цалин нийт 11032000 төгрөгийн хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газраас нэхэмжилж байна гэсэн байна гэв.

 

2.Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Б аймгийн Эрүүл мэндийн газар нь нэхэмжлэгч У.Ег 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус газрын манаачийн ажилд эгүүлэн томилж одоо хүртэл ажиллуулж байгаа. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу бодоогүй байна.

2.2.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалтад “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно”, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалтад “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ”, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”; Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход энэхүү журмыг баримтална”, 1.3 дахь хэсэгт “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно”, 1.5 дахь хэсэгт “Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй”, 1.7 дахь хэсэгт “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байна” гэж заасан.

2.3.Дээрх хуулийн заалтууд болон сайдын тушаалын дагуу нэхэмжлэгчид олгох нөхөн олговрыг нэхэмжлэгчийн авсан сүүлийн 3 сарын цалингийн дунджаар бодно. Нэхэмжлэгч нь үүрэгт ажлаасаа 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба 08 дугаар сард ээлжийн амралтын цалин авсан тул дундаж цалинг 2022 оны 06, 07, 08 дугаар сарын дундаж цалингаар бодох нь зүйтэй байна. Ажилтны цалин хөлсний цэст нэхэмжлэгч У.Есентэй нь 2022 оны 06 дугаар сард 546,162 төгрөг, 07 дугаар сард 24,826 төгрөг, 08 дугаар сард 384,414 төгрөгийг тус тус авсан байна.

2.4.Нэхэмжлэгчийн дундаж сарын цалин  нь (546,162+24,826+384,414)/3=318,467 төгрөг, нэг өдрийн дундаж цалин нь 318,467/21=15,165 төгрөг байна.

2.5.Иймд нэхэмжлэгчид 318,467*13 сар=4,140,071 төгрөг, үүнд 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 15,165*15хоног=227,475 төгрөг, нийт 4,140,071+227,475=4,367,546 төгрөгийн нөхөн олговор олгохоор байна  гэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2022/00336 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2023/00086 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2023/00224 дугаартай тогтоол, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас Эрүүл мэндийн газрын гэрээт ажилчдын 6, 7, 8 дугаар сарын цалингийн хүснэгтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж заримыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч У.Е дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б/29 дугаартай тушаалаар ямар ч үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн ба тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00336 дугаартай шийдвэрээр тус газарт манаачийн  ажилд эгүүлэн тогтоосон. Энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслээд хариуцагч намайг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манаачийн ажилд эгүүлэн томилсон. Миний сарын цалин 625162 төгрөг. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны хүртэлх хугацааны авч чадаагүй цалин хөлстэй тэнцэх олговор 11,032,000 төгрөг нэхэмжилсэн байна..

7.Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу бодоогүй байна.  Нэхэмжлэгч нь үүрэгт ажлаасаа 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба 08 дугаар сард ээлжийн амралтын цалин авсан тул дундаж цалинг 2022 оны 06, 07, 08 дугаар сарын дундаж цалингаар бодоход нэхэмжлэгчийн дундаж сарын цалин нь 318,467 төгрөг, нэг өдрийн дундаж цалин нь 15,165 төгрөг байна. Иймд нэхэмжлэгчид 318,467*13 сар=4,140,071 төгрөг, үүнд 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 15,165*15хоног=227,475 төгрөг, нийтдээ 4,367,546 төгрөгийн нөхөн олговор олгохоор байна. 

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

8.1.Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/29 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар У.Е нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 18-ны өдөр ээлжид гарах өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, албаны үүрэгт ажлаа гүйцэтгээгүй гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

8.2.Нэхэмжлэгч У.Е энэхүү Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/29 дүгээр “Ажлаас халах тухай” тушаалыг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна.

8.3.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00336 дугаартай шийдвэрээр У.Ег Б аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоосон ба энэ шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон нь Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2023/00086 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2023/00224 дүгээр тогтоолоор тус тус нотлогдож байна.

8.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2-т зааснаар хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй.

Иймээс хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч У.Ег тус газрын манаачийн ажилд эгүүлэн томилсон гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй болно.

8.5.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч У.Е 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нэхэмжлэх эрхтэй байна.

8.6. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталсан ба тус журмын 2.3-т “хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэсэн бол 2.3.5-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор олгоно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч У.Е-н 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгч У.Е нь ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сард буюу 2022 оны 6 дугаар сард 626,162 төгрөг, 2022 оны 5 дугаар сард 626,162 төгрөг, 2022 оны 4 дүгээр сард 626,162 төгрөгийн цалин авч байсан нь Төрийн Үйлчилгээний нэгдсэн системээс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж авсан У.Е-н “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-оор нотлогдож байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгч У.Е нь 2022 оны 6 дугаар сард үндсэн цалин 546162 төгрөг, манаачийн үүрэгт ажлаасаа 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр чөлөөлөгдсөний  дараа буюу 2022 оны 7 дугаар сард 28,462 төгрөг, 2022 оны 8 дугаар сард олгосон ээлжийн амралтын нөхөн олговор 384,414 төгрөгийг тус тус олгосон тул түүний дундаж цалинг 2022 оны 6, 7, 8 дугаар сарын дундаж цалингаар бодох нь зүйтэй гэж маргасан нь дээрх Хөдөлмөр нийгмийн Хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-д нийцэхгүй байна.

8.7.Иймд Төрийн Үйлчилгээний нэгдсэн системээс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж авсан У.Е-н “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ыг үндэслэн нэхэмжлэгч У.Е-н ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сарын дундаж цалинг 2022 оны 6 дугаар сард 626,162 төгрөг, 2022 оны 5 дугаар сард 626,162 төгрөг, 2022 оны 4 дүгээр сард 626,162 төгрөгөөр тооцоход дундаж цалин хөлс нь 626,162 төгрөг байна. /(626,162 төгрөг+626,162 төгрөг+626,162 төгрөг):3=626,162 төгрөг/.

Нэхэмжлэгч У.Е-н 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаа нь 15 сар 2 хоног байгаа боловч нэхэмжлэгч 14 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжилсэн тул сарын дундаж цалин 862162 төгрөгийг 14 сараар үржүүлэхэд 8766268 нь төгрөг байна. /сарын дундаж цалин 626,162 төгрөг х 14 сар = 8,766,268 төгрөг;

Иймд нэхэмжлэгч У.Е-н нэхэмжилсэн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 11,032,000 төгрөгөөс 8,766268 төгрөгийг хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,265,732 төгрөгийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч У.Е-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,462 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчийн өөрт нь буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газраас 8,766,268 (найман сая долоон зуун жаран зургаан мянга хоёр зуун жаран найм) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Е-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,265,732  (хоёр сая хоёр зуун жаран таван мянга долоон зуун гучин хоёр) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч У.Е-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,462 (нэг зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч У.Ед буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газраас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК