Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2024/00227

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын *** дугаар багт оршин суудаг, тус сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд математикийн багшаар ажилладаг, утас ******,  С овогт Х.Е,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын *** дугаар багт оршин суудаг, тус сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд физикийн багшаар ажилладаг, утас 95944343, М овогт Б.М,

Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Ц сумын *** дугаар багт оршин суудаг, тус сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд англи хэлний  багшаар ажилладаг, утас ******, С овогт С.С,

Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Ц сумын *** дугаар багт оршин суудаг, тус сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд нийгмийн багшаар ажилладаг, утас ******, Т.О,

Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Ц сумын *** дугаар багт оршин суудаг, тус сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд биологийн багшаар ажилладаг, утас *****, С овогт Т.Н,

Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Ц сумын *** дугаар багт оршин суудаг, тус сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд газар зүйн багшаар ажилладаг, утас *****, А.Ж,

Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Ц сумын *** дугаар багт оршин суудаг, тус сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд химийн багшаар ажилладаг, утас ******, С овогт Ө.А,

Хариуцагч:Баян-Өлгий аймгийн Ц сумын төвд үйл ажиллагаа явуулдаг тус сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургууль (захирал Ж.А, утас ******),

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/75 дугаартай “Хариуцлага тооцох тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.М, С.С, Т.О, Т.Н, Ө.Анар,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Т,

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.Е, Б.М, С.С, Т.О, Т.Н, А.Ж, Ө.А нар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захиралд холбогдуулан, тус сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/75 дугаар “Хариуцлага тооцох тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Ц сумын ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирал Ж.Ан нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/75 дугаартай “Хариуцлага тооцох тухай” тушаалаар англи хэлний багш С.С, нийгмийн багш Т.О, газар зүйн багш А.Ж, математикийн багш Х.Е, физикийн багш Б.М, химийн багш Ө.А, биологийн багш Т.Н бидэнд 2022-2023 оны хичээлийн жилд буюу 2023 оны 06 дугаар сард явагдсан элсэлтийн ерөнхий шалгалтаас аймаг, улсын дунджийг хангаагүй гэх үндэслэлээр 3 сар 15 хувиар үндсэн цалинг буруулах арга хэмжээ авсан.

1.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж тодорхой заасан. Гэвч ажил олгогч элсэлтийн ерөнхий шалгалт 6 сард явагдсан болохыг тухайн үед мэдэж байсан мөөртлөө 6 сарын дараа багш нараас арга хэмжээ авсан нь хууль бус юм.

1.3.Мөн тус сургуулийн захирал Ж.А нь Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, 33.3.3 дугаар заалтуудыг үндэслэл болгосон ба уг заалтуудад багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх, багш, ажилтан, суралцагчийг удирдан чиглүүлэх, тасралтгүй хөгжлийг хангах, үнэлэх, дэмжлэг үзүүлэх тухай заагдсан болохоос хариуцлага тооцох тухай заагдаагүй байна.

1.4.Түүнчлэн Сургуулийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтыг үндэслэл болгосон ба манай сургуульд 2019 оноос хойш дотоод журам хэлэлцэгдэн батлагдаагүй юм. Сургуулийн захирал нь 2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хурлаар өөрчлөлт оруулж батлав гэсэн дотоод журмын заалтыг үндэслэл болгосон ба 2022 онд 04 дүгээр сар 30-ны өдрөөр дуусгавар болсон байхад хуанлид байхгүй өдрөөр хурал хийсэн болгож, өөрөө дотоод журам боловсруулсан асуудлыг багш нар бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

1.5.Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д “Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана” гэж заасан ба хуулийн энэхүү заалтыг сургуулийн захирал зөрчиж байна. Одоо хүртэл тус сургуулийн багш нар “2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хурлаар өөрчлөлт оруулж батлав” гэсэн дотоод журамтай танилцаагүй.

1.6.Сургуулийн захирал Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-д “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэх заалтын зарим хэсгийг үндэслэл болгосон боловч хуулийн тодорхой заалтыг тушаалд дурдаагүй, гаргасан эрхийн акт нь хуулийн хүчин төгөлдөр биш эрхийн акт буюу тушаал байна.

1.7.Иймд холбогдон нотлох баримтуудыг үндэслэн Ц сумын ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/75 дугаартай “Хариуцлага тооцох тухай” тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсье  гэсэн байна.

2.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирал Ж.Ан шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

2.1.Нэхэмжлэгч нар Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлдээ “...Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байхад хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “Сахилгын зөрчил гаргасан өдрөө, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж хуульчилжээ. Хариуцагч миний бие хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч нарт хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан.

2.2.Мөн нэхэмжлэгч нар “...Сургуулийн захирал нь 2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хурлаар өөрчлөлт оруулж батлав гэсэн дотоод журмын заалтыг үндэслэл болгосон ба 2022 онд 04 дүгээр сар 30-ны өдрөөр дуусгавар болсон байхад хуанлид байхгүй өдрөөр хурал хийсэн болгож, өөрөө дотоод журам боловсруулсан асуудлыг багш нар бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэжээ. Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургууль 2019 онд “Сургуулийн дотоод журам” баталсан ба 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дотоод журмын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулсан.

2.3.Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Нэхэмжлэгч нараас Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/75 дугаар “Хариуцлага тооцох тухай” тушаал, Х.Е, Б.М, С.С, Т.О, Т.Н, А.Ж, Ө.Анараас Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан өргөдөл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар тэмдэглэл, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 01 дүгээр “Өргөдөл гомдлын бүртгэл”, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар тэмдэглэл, Ө.А, Б.М нараас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан хүсэлт, Багш нарын 2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хурлаар өөрчлөлт оруулж батлав гэх гарчигтай “Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”, Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн нягтлан бодогч Р.Шакерханы тодорхойлолт,

4.Хариуцагчаас Багш нарын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар өөрчлөлт оруулж батлав гэх гарчигтай “Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”, Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 85 дугаар “Урамшуулал олгох тухай” тушаал, Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаал, Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын №37 дугаар тушаалаар урамшуулал авсан багш нарын жагсаалт, Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаал, Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаал, Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн 12 дугаар ангийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хүснэгт, Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын “Цалингийн карт”-ууд Т.Гүлжаны 2022 оны цалингийн карт, Ө.Агийн 2022 оны, 2021 оны цалингийн карт, Т.Айсауле 2022 оны цалингийн карт, Т.Нгийн 2022 оны, 2021 оны цалингийн карт, Б.М 2021 оны цалингийн карт, С.С 2021 оны цалингийн карт, Х.Е 2021 оны цалингийн карт, А.Ж 2021 оны цалингийн карт, Т.Оийн 2021 оны цалингийн карт, Багш нарын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл,  “Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн БНЗАН, Ажилчид, ЗДЗ-ийн хурлын тэмдэглэлийн дэвтэр (2020.09.03.Том ногоон хавтастай, туушин)   зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч Х.Е, Б.М, С.С, Т.О, Т.Н, А.Ж, Ө.Анар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Ажил олгогч элсэлтийн ерөнхий шалгалт 6 сард явагдсан болохыг тухайн үед мэдэж байсан мөөртлөө 6 сарын дараа багш нараас арга хэмжээ авсан нь хууль бус, Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, 33.3.3 дугаар заалтуудад хариуцлага тооцох тухай заагдаагүй, манай сургуульд 2019 оноос хойш дотоод журам хэлэлцэгдэн батлагдаагүй, 2022 онд 04 дүгээр сар 30-ны өдрөөр дуусгавар болсон байхад хуанлид байхгүй өдрөөр хурал хийсэн болгож, өөрөө дотоод журам боловсруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, тус сургуулийн багш нар “2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хурлаар өөрчлөлт оруулж батлав” гэсэн дотоод журамтай танилцаагүй.

7.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирал Ж.Ан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч нарт хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан, Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургууль 2019 онд дотоод журам баталсан ба  2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дотоод журмын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулсан. Иймд 2022-2023 оны хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтаас аймаг, улсын дунджийг хангаагүй тул зохих дотоод журмын дагуу хариуцлага тооцсон тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8.1.Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/75 дугаар “Хариуцлага тооцох тухай” тушаалаар Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 33.3.2 дахь заалт, Сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтуудыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор 2022-2023 оны хичээлийн жилд Элсэлтийн ерөнхий шалгалтаас аймаг, улсын дунджийг хангаагүй, англи хэлний багш С.С, нийгмийн багш Т.О, газар зүйн багш А.Ж, математикийн багш Х.Е, физикийн багш Б.М, химийн багш Ө.А, биологийн багш Т.Н нарын үндсэн цалинг 2023 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлэн 3 сар 15 хувиар буруулах арга хэмжээ авсан байна.

8.2.Нэхэмжлэгч нар энэ тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан хугацаандаа буюу 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан болох нь нэхэмжлэгч нарын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдлын хуулбар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нээсэн “Өргөдөл гомдлын бүртгэл”-ийн дэвтрийн 66-д бүртгэгдсэн байдлаар нотлогдож байна.  

8.3.Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаартай тэмдэглэлээр “...Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариуцлага тооцох тухай” Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж” шийдвэрлэсэн ба тэмдэглэлийг  2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дэх хэсэгт заасан хугацаандаа нэхэмжлэгч нар тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

8.4.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирал 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/75 дугаар “Хариуцлага тооцох тухай” тушаалд  тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.4 дэр заалтыг баримталсан байна.

 Хариуцагчаас гаргаж өгсөн Багш нарын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар өөрчлөлт оруулж батлав гэсэн “Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1.4-д “ЭША-аас аймаг улсын дунджийг хангаагүй багшаас үндсэн цалингийн 15 хувийг 3 сар хасах сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан Багш нарын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлд: Хэлэлцэх асуудлын 3-д “Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын зарим заалтуудыг өөрчлөх тухай” гэж заасан ба хурлын шийдвэрийн 3-д “Сургуулийн дотоод журмын цалин, нэмэгдэл хөлс, шагнал, урамшуулал, тэтгэмж, түр чөлөөний тухай 10-р зүйлийг дахин хэлэлцэж, тохиролцохоор болж, бусдыг нь ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн болно” гэсэн байна.

Энэ нь хариуцагчаас гаргаж өгсөн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн БНЗАН, Ажилчид, ЗДЗ-ийн хурлын тэмдэглэлийн дэвтэр (2020.09.03.Том ногоон хавтастай, туушин)-ийн 50-53 дугаар талд авагдсан 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлийн гар бичмэлтэй мөн тохирч байна.  

Үүгээр “Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-д өөрчлөлт оруулах тухай 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн багш нарын хурлаар хэлэлцэн  дотоод журмын 10.1.4 дэх заалтыг дараа дахин хэлэлцэхээр  болж бусад заалтыг хэвээр үлдээсэн гэсэн нэхэмжлэгч нарын тайлбар нотлогдож байна.

8.5.Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т “Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ” гэж заасан байна.

Иймд сургуулийн дотоод журмын цалин, нэмэгдэл хөлс, шагнал, урамшуулал, тэтгэмж, түр чөлөөний тухай 10-р зүйлийг дахин хэлэлцээгүй, багш нарын саналыг харгалзаагүй мөөртлөө хариуцагч талаас гаргаж өгсөн Багш нарын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар өөрчлөлт оруулж батлав гэсэн “Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-ийг зөрчсөн байна.

Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн Багш нарын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар өөрчлөлт оруулж батлав гэсэн “Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ыг нэхэмжлэгч нарт танилцуулаагүй, сургуулийн харагдахуйц газар байршуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн байна.

Энэхүү Хөдөлмөрийн дотоод журамтай холбоотой нэхэмжлэгч нар Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өргөдөл гаргаж байсан байна.

8.6.Нэхэмжлэгч нар 2022-2023 оны хичээлийн жилийн 12 дугаар ангийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 6 дугаар сард дууссан байхад хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариуцлага тооцох тухай” тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх заалтыг зөрчсөн гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан.

“Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн 12 дугаар ангийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн”-г тус сургуулийн сургалтын менежер С.Жархынгүл нэгтгэж гаргасан боловч огноо бичигдээгүй, хэзээ, ямар эрх сурвалжийг үндэслэн дүнг нэгтгэсэн нь тодорхой бус байна.

Иймд хариуцагч сахилгын зөрчлийг хэзээ хэрхэн ямар арга замаар илрүүлэн, тогтоосон тухай холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

8.7.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана” гэж заасан байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирал нь сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй, тайлбар аваагүй нь хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.

8.8.Мөн Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирал нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариуцлага тооцох тухай” Б/75 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байна.

9.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 85 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаал, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаал, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаал-ууд, “Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын №37 дугаар тушаалаар урамшуулал авсан багш нарт 2020 оны 10-12-р сард урамшуулал олгосон тухай” тус сургуулийн ня-богийн судалгаа, мөн Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын “Цалингийн карт”-ууд Т.Гүлжаны 2022 оны цалингийн карт, Ө.Агийн 2022 оны, 2021 оны цалингийн карт, Т.Айсауле 2022 оны цалингийн карт, Т.Нгийн 2022 оны, 2021 оны цалингийн карт, Б.М 2021 оны цалингийн карт, С.С 2021 оны цалингийн карт, Х.Е 2021 оны цалингийн карт, А.Ж 2021 оны цалингийн карт, Т.Оийн 2021 оны цалингийн карт зэрэг материал нь энэ нэхэмжлэлийн шаардлагад тус тус хамааралгүй болно.

10.Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тус шүүхийн архивд байгаа хэргээс  хуулбарлан өгсөн гэх “Багш нарын 2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хурлаар өөрчлөлт оруулж баталсан Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ын хуудаснууд бүрэн биш, мөн Багш нарын 2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хуралдсан гэх холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

11.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирал дээрх бүх тушаалуудад нэрээ “Ж.А”, бусад бичгийн баримтууд “Ж.Аа”, “Ж.Ан” гэж янз бүрээр бичигдсэн ба түүний 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон Монгол Улсын Иргэний үнэмлэхэд нэр нь Алиман гэж бичигдсэн тул шүүхийн шийдвэрт хариуцагчийн нэрийг Алиман гэж зөвтгөн бичих нь зүйтэй байна.

12.Дээрх нотлох баримтуудаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариуцлага тооцох тухай” Б/75 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан хариуцагч Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариуцлага тооцох тухай” Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулиас 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/75 дугаартай “Хариуцлага тооцох тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулиас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МАНГИЛИК