Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2024/00050/И |
Дугаар | 130/ШШ2024/00215 |
Огноо | 2024-02-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2024/00215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “Х” ХХК (РД:*****, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х),
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б суманд үйл ажиллагаа явуулах, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн төв (дарга О.С);
Нэхэмжлэлийн шаардлага: Эд барааны үнэ 13,368,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С,
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Серикжан,
Гэрч Х.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан эд барааны үнэ 13,368,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.“Х” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвтэй зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байсан юм. Тухайн үед ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Д-ын зөвшөөрснөөр “Х” ХХК-аас тус Эрүүл мэндийн төвийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах буюу гэрээний биелэлтийг жигд хангах үүднээс 6 удаагийн падаанаар 24 төрлийн эд зүйл, бараануудыг үнийг дараа тооцох нөхцөлөөр нийлүүлж байсан юм. Уг эд бараа, зүйлийн нийт өртөг нь 13,368,900 төгрөг гарч байгаа юм.
1.2.Өнгөрсөн хугацаанд тус компаниас нийлүүлсэн 24 төрлийн эд барааны үнийг шилжүүлэх талаар Б сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагад удаа дараа хүсэлт гаргасан боловч тус байгууллага нь санхүүгийн боломж байхгүй гэсэн үндэслэлээр өдий хүртэл төлж өгөхгүйгээр компанийг эдийн засгаар хохироож байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс эд барааны үнэ 13,368,900 /арван гурван сая гурван зуун жаран найман мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан “Х” ХХК-нд олгож шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга О.С нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбартаа:
2.1.“Х” ХХК нь Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв нь тус компаниас ажил гүйцэтгэх гэрээгээр 6 удаагийн үйлдлээр 24 төрлийн 13,368,900 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, барааг үнийг дараа төлөх нөхцөлөөр нийлүүлж авсан боловч тухайн барааг байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд авсан тухай баримт, материал байхгүй байна.
2.2.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 13,368,900 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг тус сумын Эрүүл мэндийн төв нэхэмжлэгч байгууллагаас зээлээр худалдаж аваагүй болно.
2.3.Иймд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон №211003097 дугаартай “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай Зарлагын баримт, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаартай Зарлагын баримт, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай Зарлагын баримт, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай Зарлагын баримт, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай Зарлагын баримт, “Х” ХХК-ийн захирал Ж.Алтынгүлийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х.Айымгүлд хандсан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай албан бичиг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх гэрээ, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00216 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00062 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/01789 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаал, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00586 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2020/00059 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2022/00951 дүгээр тогтоол зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.
4.Хариуцагч талаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримт байхгүй болно.
5.Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, гэрч Х.Агийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан “эд барааны үнэ 13,368,900 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
7.Нэхэмжлэгч “Х” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвтэй зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ байгуулан, 6 удаагийн падаанаар 24 төрлийн эд зүйл, бараануудыг үнийг дараа тооцох нөхцөлөөр нийлүүлж байсан боловч нийлүүлсэн эд бараа, зүйлийн нийт үнэ 13,368,900 төгрөгийг өдий хүртэл төлж өгөхгүйгээр компанийг эдийн засгаар хохироож байх тул Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс эд барааны үнэ 13,368,900 төгрөгийг гаргуулж өгнө үү.
8.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга О.С нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Х” ХХК-ийн нэхэмжилж буй 13,368,900 төгрөгийн үнэ бүхий гэх эд зүйлийг тус сумын Эрүүл мэндийн төв нэхэмжлэгч байгууллагаас зээлээр худалдаж аваагүй учир нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
9.1.Гүйцэтгүүлэгчийг төлөөлж Эрүүл мэндийн төвийн дарга Х.Айымгүл, гэрээгээр гүйцэтгэгч “Х” ХХК-ийн захирал Ж.Алтангүл гэж гарын үсэг зурж 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “Баян-Өлгий аймгийн Б сумын эрүүл мэндийн төвийн зарим, ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ”-г 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаатайгаар байгуулан, мөн 2017 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн “Гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээ”-г баталгаажуулсан байна.
9.2.Энэхүү 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “Баян-Өлгий аймгийн Б сумын эрүүл мэндийн төвийн зарим, ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ”-г Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Д 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай тушаалаар хүчингүй болгосныг “Х” ХХК нь эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.
Шүүхээс “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Баян-Өлгий аймгийн Б сумын эрүүл мэндийн төвийн зарим, ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцож, Баян-Өлгий аймгийн Б сумын эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” 04 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00216 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00062 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/01789 дүгээр тогтоол байна.
9.3.Улмаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай “Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ”-г 2019 оны 01 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаатайгаар гүйцэтгүүлэгчийг төлөөлж Эрүүл мэндийн төвийн дарга Д.Д, гүйцэтгэгч “Х” ХХК-ийн захирал Ж.Алтынгүл нар дахин байгуулсан байна.
9.4.Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Д 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” тушаалаар ...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай “Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, “Х” ХХК-тай холбогдох тооцоо хийж, гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг зохих журмын дагуу хүлээн авахыг ня-бо (Х.Хайв), эд хөрөнгө хариуцагч нярав (Х.А) нарт даалгасан байна.
9.5.Энэхүү Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Д 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай” тушаалыг эс зөвшөөрч “Х” ХХК нь шүүхэд гомдол гаргасан байна.
Шүүхээс “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2020/00059 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2022/00951 дүгээр тогтоол байна.
9.6.Иймд нэхэмжлэгч “Х” ХХК болон хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ” нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр цуцлагдсан нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгч “Х” ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаанд байна.
9.7.Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай “Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ”-тэй холбоотой 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 05,06,07,08 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 09, 10 дугаартай “Зарлагын баримт” тус тус бичсэн байна. Тодруулбал:
- Х ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №05 дугаартай “Зарлагын баримт”-д худалдан авагч Б ЭМТөв: 1.Үхэр хонины мах-85кг, нэгжийн үнэ 65; нийт дүн 5525; 2.Наранцэцэгийн тос-4ш, нэгжийн үнэ 3,5; нийт дүн 14,0; 3.Хуурай сүү-4ш, нэгжийн үнэ 10,0; нийт дүн 40,0; 4.Хогийн уут-2,5ш, нэгжийн үнэ 4,5; нийт дүн 1,125; дүн 719,0 гэж бичээд хүлээлгэн өгсөн эд хариуцагч Х, хүлээн авагч А, шалгасан нягтлан бодогч гарын үсэг зураагүй байна.
- Х ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №06 дугаартай “Зарлагын баримт”-д худалдан авагч: Б ЭМТөв: 1.Нүүрс-3тн, нэгжийн үнэ 85,0; нийт дүн 255,0; 2.Боодол мод-83 боодол, нэгжийн үнэ 5,5; нийт дүн 456,5; дүн 711,5 гэж бичээд хүлээлгэн өгсөн эд хариуцагч Х, хүлээн авагч А, шалгасан нягтлан бодогч гарын үсэг зураагүй байна.
- Х ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №07 дугаартай “Зарлагын баримт”-д худалдан авагч Б ЭМТөв: 1.Түлш нүүрсний склад-1ш; нэгжийн үнэ 8 сая;нийт дүн Найман сая; 2.Хүнс ба ногооны тавиур-1ш; нэгжийн үнэ 380,0; нийт дүн 380,0; 3.Орос цоож даруулгатай-1ш; нэгжийн үнэ 10,0; нийт дүн 10,0; 4.Муу усны цоног-1ш; нэгжийн үнэ 1,000,0; нийт дүн 1,000,0; 5.ЭХС-1ш; 500,0; нийт дүн 500,0; 6.Үнсний хогийн хашлага-1ш; нэгжийн үнэ 80,0; нийт дүн 80,0; дүн 9,970,0 гэж бичээд хүлээлгэн өгсөн эд хариуцагч Х, хүлээн авагч А, шалгасан нягтлан бодогч гарын үсэг зураагүй байна.
- Х ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №08 дугаартай “Зарлагын баримт”-д худалдан авагч Б ЭМТөв: 1.Хөлдөөгч-1ком; нэгжийн үнэ 500,0; нийт дүн 500,0; 2.Хөргөгч-1 ком; нэгжийн үнэ 300,0; нийт дүн 300,0; 3.Цахилгаан зуух-1ком; нэгжийн үнэ 500,0; нийт дүн 500,0; 4.Орос пүү-1ком; нэгжийн үнэ 400,0; нийт дүн 400,0; 5.Түмпэн-3ш; нэгжийн үнэ 10,0; нийт дүн 30,0; 6.Тогоо-2ш; нэгжийн үнэ 15,0; нийт дүн 30,0; 6.II-р хоолны таваг-8ш; нэгжийн үнэ 10,0; нийт дүн 80,0; Дүн 1840,0 гэж бичээд хүлээлгэн өгсөн эд хариуцагч Х, хүлээн авагч А, шалгасан нягтлан бодогч гарын үсэг зураагүй байна.
- Х ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №09 дугаартай “Зарлагын баримт”-д худалдан авагч Б ЭМТөв: 1.Гурил дээд -30кг; нэгжийн үнэ 1,2; нийт дүн 36,0; 2.Цагаан будаа-8кг; нэгжийн үнэ 2,8; нийт дүн 22,4; Дүн 58,4 гэж бичээд хүлээлгэн өгсөн эд хариуцагч Х, хүлээн авагч А, шалгасан нягтлан бодогч гарын үсэг зураагүй байна.
- Х ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №10 дугаартай “Зарлагын баримт”-д худалдан авагч Б ЭМТөв: 1.Гутал арчих мод-1ком; нэгжийн үнэ 40,0; нийт дүн 40,0; 2.Нүүрс зөөгч сав-1ш; нэгжийн үнэ 30,0; нийт дүн 30,0; Дүн 70,0 гэж бичээд хүлээлгэн өгсөн эд хариуцагч Х, хүлээн авагч А, шалгасан нягтлан бодогч гарын үсэг зураагүй байна.
9.8.Х ХХК-ийн дээрх 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05,06,07,08,09, 10 дугаартай “Зарлагын баримт”-ууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан анхан шатны баримт бөгөөд энэхүү анхан шатны баримтад шалгасан нягтлан бодогч гарын үсэг зураагүй тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно.” гэж заасны дагуу дээрх “Зарлагын баримт”-ууд хүчин төгөлдөр болоогүй байна.
Иймд нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд 13,368,900 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн нь хүчин төгөлдөр санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.
9.9.Түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай “Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээний “Гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээ”-г заасан хэсгийн 3.3-д “Зарим солих шаардлагатай эд хогшил, эдлэлийг дотоод нөөцөө ашиглан хангаж байх” гэж заасан болохоос түлш нүүрсний склад барих, муу усны цооног, үнсний хогийн хашлага, ЭХС хаягдал асгах нүх ухах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх талаар талууд харилцан тохиролцоогүй байна.
Иймд нэхэмжлэгч хэзээ хэний зөвшөөрлөөр, ямар төсөв хөрөнгөөр хэний захилгаар түлш нүүрсний склад барих, муу усны цооног, үнсний хогийн хашлага, ЭХС хаягдал асгах нүх ухах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн тухай холбогдох нотлох баримтаа нэхэмжлэгч шүүхэд нотолж чадаагүй болно.
9.10.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид худалдан авах гэрээ гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна гэж заасан байна.
10.Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан эд барааны үнэ 13,368,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
11.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,800 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан эд барааны үнэ 13,368,900 (арван гурван сая гурван зуун жаран найман мянга есөн зуун) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,800 (хоёр зуун хорин дөрвөн мянга найман зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНГИЛИК