Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2024/00262

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын *** дүгээр багт оршин суудаг, “Х бүлэг”-ийн ахлагч, утас ******, Ө овогт Т.Д;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын Газар (дарга Х.Б, утас *******)

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээт ажил гүйцэтгэх явцад дутсан ажлын хөлс нийт 6,443,100 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б,

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Д хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гэрээт ажил гүйцэтгэх явцад дутсан ажлын хөлс нийт 6,443,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие малын эмчээр 33 дахь жилдээ ажиллаж байгаа малын бага эмч мэргэжилтэй хүн. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбоотойгоор мал эмнэлгийн бүх ажил үйлчилгээ цахимд шилжиж, бүх үйлчилгээ цахимд орох болсон. Гэтэл манай багийн хэмжээнд мал угаалгын стандартын шаардлага хангасан хашаа ванн байхгүйгээс малын угаалга хийгдэхгүй байсан.

1.2.Үүнтэй холбоотойгоор миний бие 2022 оны 4 дүгээр сард Б сумын 1 дүгээр багийн нутаг Хойд худагт баригдах мал угаалгын ванн барилгын ажлын төслийг 19,490,000 төгрөгөөр хийж, зардлыг нь малын хөлийн татвараас гаргуулахаар сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн. 

1.3.Сумын Засаг даргын тамгын газраас миний төслийг сумын ИТХ-ын хуралдаанд оруулсны дагуу Б сумын ИТХ-ын хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “хөрөнгө зарцуулахыг зөвшөөрөх тухай” 01 дугаартай тогтоолоор 1 дүгээр багт мал угаалгын ванн шинээр барихад 13,047,600 төгрөгийг малын тоо толгойн албан татвараас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

1.4.Миний бие дээрх шийдвэр гарсны дараа 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Мал угаалгын ванн барих төсөлд хамтран оролцох “Х” нэртэй бүлэг байгуулж холбогдох материалыг нь сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.

1.5.Сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Б бид хоёр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Х багийн Хойд судагт мал угаалгын ванн барих 10 дугаартай ажлын гэрээ байгуулсан. Тухайн үед ажлын гэрээг сумын ИТХ-аас шийдвэрлэсний дагуу 13047600 төгрөгөөр хийсэн ба ажлыг батлагдсан төсвийн хүрээнд хийх, илүү зардал гарсан тохиолдолд жич нэхэмжлэхээр амаар тохиролцсон. Гэрээ ёсоор ажлыг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эхэлж, 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгахаар  тохиролцсон.

1.6.Гэрээний дагуу урьдчилгаа 10,438,080 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлж өгсөн. Би урьдчилгаа мөнгийг авсны дараа ванн барих ажлыг эхэлсэн боловч Хнд дуусгаж чадаагүй. Учир нь, өвлийн улирал эхэлж, газрын хөрс хөлдсөн учир газар шорооны ажил хийхэд хүндрэлтэй болсон. Мөн сумын байгаль орчны байцаагчаас голын эрэг дагуу барьж болохгүй гэж хориглосон учир дахин өөр газарт газар шорооны ажил хийх болсон.

1.7.Дээрх шалтгаануудаас болж бид үндсэн ажлын 90 орчим хувийг хийж гүйцэтгээд ажлаа зогсоож, үлдсэн ажлыг намар хийж гүйцэтгээд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барилга, байгууламжийг хүлээн авч ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн.

1.8.Миний бие анх Тамгын газрын хамт олонд төсөв бичиж өгөхдөө 19,490,000 төгрөгийн төсөлтэй төсөв бичиж өгсөн. Надад зөвхөн цугларсан татварын хэмжээнд гэж 13,000,000 гаруй төгрөг өгсөн. Тэгээд би уг 13,000,000 төгрөг тухайн төсвийн ажлыг хийж гүйцэтгэхэд хүрэлцэхгүй гэдгийг Тамгын газарт хэлсэн. Гэхдээ тэд нар чи ажлаа зогсоохгүй хийж байгаарай бид үлдсэн мөнгөө өгнө хэмээн хэлдэг байсан. Тухайн төслийн ажлыг би хийж байх явцад Тамгын газрын дарга ч төлөөлөгч нар ч ирээд хянаж үзээд явдаг байсан.

1.9.Миний хүргүүлсэн 19,490,000 төгрөгийн дотор ус татах мотор, нэг тонн усны сав болон нэмж бариулсан хашаа зэрэг ороогүй байсан. Харин төлөөлөгч нар нь уг мөнгийг өгнө гэсэн учраас өгөх байх гэж бодсон. Гэхдээ надад мөнгөө өгнө гэж хэлсээр байгаад сүүлд өгөх боломжгүй гэдгийг хэлсэн. Тийм учраас надад шүүхэд хандахаас өөр арга байгаагүй байдалд орсон. Би өөрийн хийх ёстой ажлаа бүрэн хийсэн. Түүнийг Тамгын газарт журмын дагуу хүлээлгэж өгсөн. Одоо би өөрийн хувиасаа гаргаад илүү хийсэн ажлын мөнгийг авах хүсэлттэй. Би намын үзэл бодлоосоо болж хохирч байгаа гэж боддог.

1.10.Миний бие дээрх ажлыг нийтдээ 19,490,700 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн ба гэрээт ажил гүйцэтгэх явцад дутсан ажлын хөлс нийт 6,443,100 төгрөгийг шийдэж өгөхийг хүсэж сумын Засаг даргын Тамгын газрын даргад өргөдөл гаргасан. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/131 дугаартай албан бичгээр ажил гүйцэтгэх явцад дутсан болон хүрээгүй төсвийг нэмж өгөх эрх, төсөв Засаг даргын Тамгын газарт байхгүй гэсэн хариу өгсөн.

1.11.Мөн сумын ИТХ-ын даргад дутуу санхүүжилтийг баталж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан боловч 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/17 дугаартай албан бичгээр таны гаргасан хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 13-нд болсон сумын ИТХ-ын ээлжит VIII хуралдаанд оруулан нэг бүрчлэн танилцуулсан боловч төлөөлөгчдийн олонх дэмжээгүй тул хөрөнгө нэмж шийдвэрлэх боломжгүй болно гэсэн хариу өгсөн.

1.12.Миний бие тухайн ажлыг хийж гүйцэтгэхдээ мөнгө хүрэлцээгүй учир 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банкны Б салбараас 15,000,000 төгрөгийн зээл авч хийж гүйцэтгэсэн бөгөөд одоо хүртэл зээлээ төлж дуусаагүй байна.

1.13.Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т “Хэрэв санал зөрөлдсөнийг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүй бол хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна.

1.14.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Тамгын газраас гэрээт ажил гүйцэтгэх явцад дутсан ажлын хөлс нийт 6,443,100 төгрөг гаргуулан өгнө үү гэсэн байна.      

2.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын  Тамгын Газар нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

2.1.Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2022 оны 01 дүгээр тогтоолоор сумын малын хөлийн татвар орлогоос 1 дүгээр багийн газар нутаг “Хойд судаг” гэх газарт мал угаалгын ванн шинээр барихаар 13047600 төгрөг баталсан. Уг батлагдсан төсөл арга хэмжээний хүрээнд Засаг даргын Тамгын газар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ хийж ажилладаг хууль журамтай. (ТБОНӨБАҮХАТ хууль, орон нутгийн хөгжлийн журам)

2.2.”Хойд судаг”-т мал угаалгын ванн барих төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр үнийн санал авах зар нийтэд гаргаснаар иргэн, малын эмч Т.Д мал угаалгын ванн барих саналаа ирүүлсэн байсан. Т.Д нь “Х” нэртэй бүлэг байгуулж олон нийтийн оролцоогоор хийхээр саналаа ирүүлснийг захиалагчийн зүгээс хүлээн зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 18-нд Х багийн “Хойд судагт” мал угаалгын ванн барих гэрээ байгуулж, санхүүжилтийн 80% буюу 10438080 төгрөг олгосон.

2.3.Тухайн үед ганц Т.Д гэрээ хийгдээгүй мал угаалгын 3 ванны засвар үйлчилгээ, шинээр барих ажил байсан учир 3 гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан.

2.4.Иргэн Т.Д нь 2022 онд ажлаа дуусган хүлээлгэж өгөөгүй бөгөөд он дамжуулж 2023 оны 10 дугаар сарын 25-нд хүлээлгэн өгсөн. Захиалагчийн зүгээс тухайн үед удаа дараа шаардлага тавьж, мэдэгдэх хуудас хүртэл хүргүүлж байлаа.

2.5.Захиалагч Засаг даргын Тамгын газар нь батлагдсан төсвийн хүрээнд төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх, хууль журмын дагуу хяналт тавьж, хүлээж авах, орон нутгийн өмчид бүртгэх үүрэг бүхий байгууллага юм.

2.6.Уг байгууллага нь төсөв хөрөнгө баталдаггүй, нэмэлт өөрчлөлт хийдэггүй, хүрээгүй төсөлд нэмж төсөв баталдаг байгууллага биш. Хойд судагт баригдсан мал угаалгын ванн баригдаж дуусахад бид 13047600 төгрөгийн ажлаа хүлээж авсан болно.

2.7.Тухайн үед батлагдсан хөрөнгөнөөс илүү гарсан, эсвэл дутсан зэрэг 2 талаас ямар нэгэн байдлаар тооцоо гаргаж хэн хэн нь хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй.

2.8.Нэхэмжлэгчийн төсөлд бичигдсэн тэр малын ванн нь маш чухал хэрэгцээтэй зүйл байсан. Нэхэмжлэгч тэр ванныг байгуулъя гэж өчнөөн жил явсан. Нэхэмжлэгч өөрөө малын эмч учраас тэр талын асуудлыг маш сайн мэдэж байгаа. Т.Д нь өөрөө малын эмч учраас тухайн газарт малаа тарина, малаа угаана.

2.9.Мөн манай суманд бод малыг тарих гэж хүндрэлтэй ажил байдаг байсан. Тэрийг нэхэмжлэгчийн зүгээс үгүй болгож мал тарих хашаа барьсан байна. Тэр нь угаасаа гэрээнд байгаагүй ажил юм. Бид нарын зүгээс гэрээний дагуу ажил гүйцэтгэх үүрэгтэй. Бид нарт нэхэмжлэгчид өгөх илүү төсөвт тусгагдан мөнгө байхгүй. Бид нарын зүгээс эхний байдлаар байгаа мөнгийг шилжүүлсэн. Бүх зүйл гэрээний үндсэн дээр явагдах ёстой.

2.10.Нэхэмжлэгч тухайн төсвийг хэрэгжүүлэх явцад трактор авч ирээд ажиллуулж, их хөрөнгө зарцуулсан ажил хийсэн нь үнэн. Улмаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж дуусгасан ажлыг бүрэлдэхүүнээрээ очиж хүлээж авсан. Түүний хийсэн ажил дээр ямар нэгэн асуудал гараагүй. Ажил явагдаж байх явцад төлөөлөгч нарын зүгээс ч олон удаа очиж хянаж байсан байна.

2.11.Бод малыг тарих төхөөрөмжийг нэхэмжлэгчийн зүгээс өөрөө санаачлан хийсэн. Түүний хийсэн ажлыг бид нарын зүгээс үгүйсгэх боломжгүй байна. Мөн тэр газар шорооны ажил дээр техник ажиллуулж байгаа учраас түүний шатахуун, жолоочийн хөлс гээд их хэмжээний зардал гарсан байх.

2.12.Бас тэр ус гаргах насос, усны сав гэдэг зүйлүүд гарцаагүй шаардлагатай төхөөрөмжүүд юм. Түүнийг нэхэмжлэгч бас хувиасаа худалдаж авсан байна. Тэр бид нарын гэрээнд ороогүй, энэ бол зүгээр нэмэлт төхөөрөмжүүд.

2.13.Нэхэмжлэгчийн хуралд гаргасан өргөдөл гомдлыг зарим төлөөлөгч нар хэлэлцэхийг хүсэж дэмжсэн боловч олонхын санал авч чадаагүй болно. Манай Тамгын газарт илүү гаргах төсвийн мөнгө байхгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй байна. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд тэр төсөлд асар их хэмжээний хөдөлмөр зарцуулсан нь үнэн.

2.14.Бид нарын зүгээс зөвхөн гэрээний хүрээнд л ажил хийгдэх ёстой гэж үзэж байгаа. Миний зүгээс 6 сарын чуулган дээр нэхэмжлэгчийн материалыг албан ёсны аваачаад хурал дээр танилцуулсан. Тэнд бол ямар ажил хийх ёстой байсан, ямар ажил илүү санаачилгаар хийсэн гэдгийг би дэлгэрэнгүй хэлж танилцуулсан байгаа.

2.15.Мөн нэхэмжлэгч эхний ажлаа эхлүүлсэн газарт тухайн ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болоод дараа нь дахин өөр газарт хийсэн үйл баримт бас байгаа. Тийм учраас ч усны сав болон насос хэрэгтэй болсон байдаг. Зарим төлөөлөгч нар нь тэр илүү ажил, гэрээнд заасны дагуу хийгдэх ёстой гэдэг байдлаар тайлбар гаргасан учраас тэр асуудал хэлэлцэгдээгүй.

2.16.Би тухайн үед ядаж насос болон ус зөөх савны мөнгийг гаргаад өгөхийг ч санал болгосон. Гэхдээ тухайн үед төлөөлөгч нарын ихэнх нь дэмжээгүй учраас түүнтэй холбоотой төсөвт мөнгө батлагдаагүй. Одоо бид нарт нэхэмжлэгчийн мөнгийг төлөх илүү мөнгө байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгийг төлөх боломжгүй байна :

2.17.Иймд нэхэмжлэгч талаас гаргасан 6443100 төгрөгийг хариуцахгүй, иргэн Т.Дийн Б сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.     

3.Нэхэмжлэгчээс “Хойд судгийн аманд баригдах мал угаалгын ванн болон толгойн барилгын төсөл” 2021-2022 онд бичиж өгсөн гэх, Б сумын ЗДТГ-ын дарга Х.Бт гаргасан хүсэлт, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Иргэний бүлэг байгуулах тухай хурлын тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Х” бүлэг-ийн  “Хамтран ажиллах гэрээ”, Б.Б, Т.Д, Т.Д нарын Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, нэг талаас  Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар (цаашид “захиалагч” гэх), нөгөө талаас “Х” бүлэг (цаашид “гүйцэтгэгч” гэх) харилцан тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №10 дугаартай “Х багийн хойд судагт мал угаалгын ванн барих ажлын гэрээ”, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай “Барилга, байгууламж хүлээн авч ашиглалтад оруулах комиссын акт”, Гүйцэтгэгч “Х” бүлэг-ийн ахлагч Т.Дийн Х багийн хойд судгийн мал угаах ванны ажлын гүйцэтгэлийн тайлан”, Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/131 дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Баян-Өлгий аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/17 дугаартай  албан бичиг, Б.Б, Д.Б, А.Е, А.Т, А.Е, А.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, “Х” бүлгийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Зарлагын баримт”,  Х” бүлгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Зарлагын баримт”, “Х” бүлгийн ажлаа хийж гүйцэтгэж байсан үе болон хийсэн ажлаа бэхжүүлэн авсан гэрэл зураг 27 хуудас, газрын кадастрын зураг, Мэргэжсэн төсөвчин С.Сын хийсэн “Б сумын 1 дүгээр багт “Мал угаах ванн барих ажлын төсөв”  зэрэг бичгийн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн.

 4.Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт байхгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч Т.Д дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... Сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Б бид хоёр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Х багийн Хойд судагт мал угаалгын ванн барих 10 дугаартай ажлын гэрээ байгуулан, тухайн ажлыг сумын ИТХ-аас шийдвэрлэсний дагуу 13047600 төгрөгөөр хийсэн ба ажлыг батлагдсан төсвийн хүрээнд хийх, илүү зардал гарсан тохиолдолд жич нэхэмжлэхээр амаар тохиролцсон. Миний бие анх Тамгын газрын хамт олонд төсөв бичиж өгөхдөө 19,490,000 төгрөгийн төсөлтэй төсөв бичиж өгсөн. Надад зөвхөн цугларсан татварын хэмжээнд гэж 13,000,000 гаруй төгрөг өгсөн ба 13,000,000 төгрөг тухайн төсвийн ажлыг хийж гүйцэтгэхэд хүрэлцэхгүй гэдгийг Тамгын газарт хэлэхэд ажлаа зогсоохгүй хийж байгаарай бид үлдсэн мөнгөө өгнө хэмээн хэлдэг байсан боловч өөрийн хувиасаа гаргаад илүү хийсэн ажлын мөнгийг авч чадахгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

7.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:.. Иргэн Т.Д нь 2022 онд ажлаа дуусган хүлээлгэж өгөөгүй бөгөөд он дамжуулж 2023 оны 10 дугаар сарын 25-нд хүлээлгэн өгсөн. Захиалагчийн зүгээс тухайн үед удаа дараа шаардлага тавьж, мэдэгдэх хуудас хүртэл хүргүүлж байсан. Захиалагч Засаг даргын Тамгын газар нь батлагдсан төсвийн хүрээнд төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх, хууль журмын дагуу хяналт тавьж, хүлээж авах, орон нутгийн өмчид бүртгэх үүрэг бүхий байгууллага болохоос төсөв хөрөнгө баталдаггүй, нэмэлт өөрчлөлт хийдэггүй, хүрээгүй төсөлд нэмж төсөв баталдаг байгууллага биш. Хойд судагт баригдсан мал угаалгын ванн баригдаж дуусахад бид 13047600 төгрөгийн ажлаа хүлээж авсан болно. Манай Тамгын газарт илүү гаргах төсвийн мөнгө байхгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй байна. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд тэр төсөлд асар их хэмжээний хөдөлмөр зарцуулсан нь үнэн.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

 8.1.Нэхэмжлэгч Т.Д 2021-2022 онд бичсэн  “Хойд судгийн аманд баригдах мал угаалгын ванн болон толгойн барилгын төсөл”-д төслийн нийт зардал 19,490,000 төгрөг гэж тогтоож байсан байна.

8.2.Б сумын малын хөлийн татварын санхүүжилтээр Х багийн Хойд судгийн аманд баригдах “Мал угаалгын ванн барих” төсөлд оролцох зорилго бүхий иргэний бүлэг байгуулах хуралд Т.Д, Д.Ч, Б.Б, Х.А, Т.Д нар оролцож, хамтран бүлэг болж ажиллахаар, төслийн ажлыг ард иргэдийн хэрэгцээг хангахуйц чанартай сайн хийж гүйцэтгэхээр болж, бүлгийн нэрийг “Х”, бүлгийн ахлагчаар Т.Дийг томилсон нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  “Иргэний бүлэг байгуулах тухай” хурлын тэмдэглэл-ээр нотлогдож байна.

8.3.”Х” бүлгийн гишүүд Т.Д, Д.Ч, Б.Б, Х.А, Т.Д нар 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан ба  бүлгийн зорилт нь малын хөлийн татварын санхүүжилтээр хийгдэх 13,476,000 төгрөгийн өртөгтэй “Мал угаалгын ванн барим” ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллах гэсэн байна.

8.4.Улмаар “Х” бүлгийн гишүүд Т.Д, Д.Ч, Б.Б, Х.А, Т.Д нар тус суманд малын хөлийн татварын санхүүжилтээр хэрэгжүүлэх Х багийн хойд судагт баригдах “Мал угаалгын ванн барих төслийн арга хэмжээнд оролцуулж өгөхийг хүсэж Б сумын ЗДТГ-ын дарга Х.Бт бичгээр хүсэлт гаргасан байна.

8.5.Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар (“захиалагч”), нөгөө талаас “Х” бүлэг (“гүйцэтгэгч”) харилцан тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №10 дугаартай “Х багийн хойд судагт мал угаалгын ванн барих ажлын гэрээ” байгуулсан байна.

Энэхүү 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №10 дугаартай “Х багийн хойд судагт мал угаалгын ванн барих ажлын гэрээ”-ний 1.2-т “Гэрээний нийт дүн 13047600 төгрөг (цаашид гэрээний үнэ) байна. Захиалагч нь ОНХС данс дахь хөрөнгөөс санхүүжүүлнэ”, 2.2-т “Ажил нийлүүлэх ерөнхий Х 20 хоног байна”, 2.2.-т “Гүйцэтгэгч нь Б сумын Х багийн Хойд судагт баригдах мал угаах ванн барих ажлыг БӨАБУЯСЗДГ/202211011 ажлыг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгана”, 3.3-д “Ажлын хөлсийг хоёр үе шаттайгаар олгохоор тохиролцсон байна. Үүнд: Урьдчилгаа санхүүжилт 80 хувь-10,438,080; ажил хүлээлгэж өгсний дараа 20 хувь-2,609,520 төгрөг нийтдээ 13,047,600 төгрөг олгохоор тус тус заасан байна.

8.6.2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай “Барилга, байгууламж хүлээн авч ашиглалтад оруулах комиссын акт”-аар гэрээний дагуу гүйцэтгэгч нь Хойд судагт шинээр ванн барих ажлыг хийж гүйцэтгэж, ажлын хэсэг ажлын биелэлт, баригдсан байгууламжийн чанар, хэмжээг төсөв болон холбогдох акт, баримтуудтай тулган танилцаад газар дээр нь шалгаж хүлээн авсан байна.

Энэхүү 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай “Барилга, байгууламж хүлээн авч ашиглалтад оруулах комиссын акт”-ын 1.7.”Хойд судагт шинээр ванн барих” ажил А-10 гэрээний дагуу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бэлтгэн нийлүүлэхэд бэлэн болгосон байна. 2.1.”Хойд судагт шинээр ванн барих” ажлын гэрээ, төсөл, ажлын даалгавар болон холбогдох бусад баримтуудтай холбон шалгаад, комиссын хурлаар хэлэлцэн ашиглалтад оруулах тухай комиссоос Шийдвэрлэсэн нь: -Уг ажлыг техникийн тодорхойлолт, зураг төслийн дагуу хүлээн авч, ашиглагч байгууллага болох ЗДТГазарт хүлээлгэн өгч нийтийн хүртээл болгох, цаашдын засвар үйлчилгээг хариуцах ашиглагч байгууллага болох сумын Мал эмнэлгийн тасагт шилжүүлэн өгөх. 2.3.Комиссоос даалгах нь: Гүйцэтгэгч байгууллагад: Гүйцэтгэлийн тайланг гаргаж холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгөх. Дээрх байгууламжтай холбогдолтой баримт бичиг, холбогдох материалыг захиалагч болон ашиглагч байгууллагад өгөх гэж тусгасан байна.

8.7.Гүйцэтгэгч “Х” бүлэг-ийн ахлагч Т.Дийн “Х багийн хойд судгийн мал угаах ванны ажлын гүйцэтгэлийн тайлан”-нд:...Б сумын нийт мал сүргийн 60%-ийн эрүүл мэндийг хариуцан ажилладаг. 2022 онд малын хөлийн татварын мөнгөөр мал угаалгын ванн барих ажлыг гардан хариуцаж, “Х бүлэг”-ийн ахлагчаар ажиллахаар 19,490,000 төгрөгийн санхүүжилтийн төслийг зохих шаардлагын дагуу ХАА-н мэргэжилтэн Т.Мад өгсөн боловч шийдвэрлэгдээгүй болно. Гэрээт байгууллага болох ЗДТГ-т цугларсан татварын хэмжээ 13,046,600 төгрөг байсан ба үүнийг аваад ажлаа хийж дуусга гэсэн албан бус аман шийдвэрийн дагуу ажлаа эхлүүлсэн. Тухайн ажлыг хийж гүйцэтгэхээр 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10,438,080 төгрөгийн санхүүжилтийг авсан билээ. Санхүүжилт өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой хайрга ачих, газар ухах, газар хорооны ажил хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй байсан тул төсөвт тусгагдаагүй ажил хийгдсэн тул төслийн өртөг 19,490,000 төгрөг гэсэн байна.

8.8.Ийнхүү “Х багийн хойд судагт мал угаалгын ванн барих ажлын гэрээ”-ээр батлагдсан нийт өртөг 13,046,600 төгрөгөөс илүү 19,490,700 төгрөгийн ажил хийгдсэн тул дутуу олгогдсон санхүүжилтийн асуудлаар нэхэмжлэгч (гүйцэтгэгч) “Х” бүлэг-ийн ахлагч Т.Д нь хариуцагч (захиалагч) Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт хандахад Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/131 дугаартай албан бичгээр хариу өгсөн байна.

Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/131 дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичигт:...”Х” бүлэг нь Х багийн газар нутаг Баяннуурт шинээр мал угаалгын ванн барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ванн барих ажилд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 13 сая гаруй төгрөгөөр хийж гүйцэтгэхээр хөрөнгө баталж, уг төсөвт өртөгт багтаан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар ажил дууссаны дараа ажлыг комисс хүлээж авсан. Засаг даргын тамгын газар нь батлагдсан төсөвт өртөгт багтаан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлж хүлээн авдаг. Ажил гүйцэтгэх явцад дутсан болон хүрээгүй төсвийг нэмж өгөх эрх, төсөв Засаг даргын тамгын газарт байхгүй. Засаг даргын Тамгын газрын дарга Х.Б би Т.Д тантай аман гэрээ хийгээгүй болно. Би захиалагчийн хувьд бичгээр Мал угаалгын ванн барих гэрээг хийж ажилласан гэсэн байна.

8.9.Мөн энэхүү төсөвт өртгийн асуудлаар Баян-Өлгий аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/17 дугаартай  албан бичигт: Б сумын 1 дүгээр багийн иргэн Т.Д танай 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчдөд гаргасан хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 13-нд болсон сумын ИТХ-ын ээлжит VIII хуралдаанд оруулан нэг бүрчлэн танилцуулсан болно. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн олонх дэмжээгүй тул хөрөнгө нэмж шийдвэрлэх боломжгүй гэсэн байна.

8.10.Б сумын 1 дүгээр багийн “Мал угаах ванны ажилд гүйцэтгэсэн ажил”-ыг газар дээр нь очиж танилцаж, хэмжилт хийсэн мэргэшсэн төсөвчин М.Серикболын “Б сумын 1 дүгээр багт мал угаах ванн барих ажлыг төсөв”-ийн өртгийг 23,559,250 төгрөгөөр тогтоосон байна.

8.11.Нэхэмжлэгч “Х багийн хойд судагт мал угаалгын ванн барих ажлыг гүйцэтгэхэд блокоор барих хашааг төмөр тороор барьсан, хайрга цементээр цутгах ванныг листэн төмрөөр гагнуулсан, ванн байрлуулах газрыг устай ойрхон ухсан шалтгаанаар нөхөн сэргээлт хийх трактор, экскаваторын хөлс нэмж төлсөн нь, нэмж бод малыг тарих хашаа барьсан, газар шорооны ажил дээр техник ажиллуулж байгаа учраас түүний шатахуун, жолоочийн хөлс гээд их хэмжээний зардал гаргасан, ус гаргах насос, усны зөөх сав гэдэг зүйлүүд шаардлагатай төхөөрөмжүүдийг хувиасаа худалдаж авсан зэрэг нь Б.Б, Д.Б, А.Е, А.Т, А.Е, А.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, “Х” бүлгийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Зарлагын баримт”,  болон 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Зарлагын баримт”, “Х” бүлгийн ажлаа хийж гүйцэтгэж байсан үе болон хийсэн ажлаа бэхжүүлэн авсан гэрэл зураг 27 хуудас, газрын кадастрын зураг зэрэг баримтаар нотлогдож байна.

9.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд” захиалагч байна” гэж заасны дагуу захиалагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж заасан байна.

Иймээс талуудын байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №10 дугаартай “Х багийн хойд судагт мал угаалгын ванн барих ажлын гэрээ”-ээр төсөвт өртгийг 13,046,600 төгрөг баталсан боловч ажил гүйцэтгэх явцад 19,490,700 төгрөг буюу 6,443,100 төгрөгийн зайлшгүй илүү өртөг гарсан болох нь гүйцэтгэгч “Х” бүлэг-ийн ахлагч Т.Дийн Х багийн хойд судгийн мал угаах ванны ажлын гүйцэтгэлийн тайлан”, мөн мэргэжсэн төсөвчин С.Сын хийсэн “Б сумын 1 дүгээр багт “Мал угаах ванн барих ажлын төсөв”-ийн төсөл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “Манай суманд бод малыг тарих тэр нэг хүндрэлтэй ажил байдаг байсан. Тэрийг нэхэмжлэгчийн зүгээс үгүй болгож мал тарих хашаа барьсан байна. Тэр нь угаасаа гэрээнд байгаагүй ажил юм. Нэхэмжлэгч тухайн төсвийг хэрэгжүүлэх явцад трактор авч ирээд ажиллуулж, их хөрөнгө зарцуулсан ажил хийсэн нь үнэн. Бод малыг тарих төхөөрөмжийг нэхэмжлэгчийн зүгээс өөрөө санаачлан хийсэн. Түүний хийсэн ажлыг бид нарын зүгээс үгүйсгэх боломжгүй байна. Мөн тэр газар шорооны ажил дээр техник ажиллуулж байгаа учраас түүний шатахуун, жолоочийн хөлс гээд их хэмжээний зардал гарсан байх. Бас тэр ус гаргах насос, усны сав гэдэг зүйлүүд гарцаагүй шаардлагатай төхөөрөмжүүд юм. Түүнийг нэхэмжлэгч бас хувиасаа худалдаж авсан байна. Тэр бид нарын гэрээнд ороогүй, энэ бол зүгээр нэмэлт бөгөөд зайлшгүй хэрэгтэй төхөөрөмжүүд. Тухайн үед ядаж насос болон ус зөөх савны мөнгийг гаргаад өгөхийг санал болгосон ч төлөөлөгч нарын ихэнх нь дэмжээгүй....” гэсэн тайлбараар тус тус нотлогдож байна. 

10.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна” гэж заасан байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар (“захиалагч”), нөгөө талаас нэхэмжлэгч “Х” бүлэг (“гүйцэтгэгч”) харилцан тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №10 дугаартай “Х багийн хойд судагт мал угаалгын ванн барих ажлын гэрээ”  нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “ажил гүйцэтгэх гэрээ” байна. Энэ талаар талууд маргаагүй, тухайн үйл баримтыг зөвшөөрч байгаа болно.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч (ажил гүйцэтгэгч) нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, хариуцагч (захиалагч) нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-д “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасан байна

Иймд дээрх нотлох баримтаар гэрээт ажил гүйцэтгэх явцад дутсан ажлын хөлсийг хэрхэн төлөх талаар тохиролцоогүй боловч нэхэмжлэгч (гүйцэтгэгч)-ийн гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан хариуцагч (захиалагч) Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч (гүйцэтгэгч)-д гэрээт ажил гүйцэтгэх явцад дутсан ажлын хөлсийг төлөх үүрэгтэй болно.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ”зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.

Хариуцагч (захиалагч) Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар нь  нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дутуу олгогдсон ажлын хөлс нийт 6,443,100 төгрөгийг ажлын төсвийг төсөвт суулгаад өгөөгүй, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн олонх дэмжээгүй тул хөрөнгө нэмж шийдвэрлэх боломжгүй, ажил гүйцэтгэх явцад дутсан болон хүрээгүй төсвийг нэмж өгөх эрх, төсөв Засаг даргын тамгын газарт байхгүй гэж албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгсөн боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

12.Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2-ийг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын Газраас гэрээт ажил гүйцэтгэх явцад дутсан ажлын хөлс нийт 6,443,100 (зургаан сая дөрвөн зуун дөчин гурван мянга нэг зуун) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Дид олгох нь зүйтэй байна.

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118040 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 118040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2-ыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын Газраас гэрээт ажил гүйцэтгэх явцад дутсан ажлын хөлс нийт 6,443,100 (зургаан сая дөрвөн зуун дөчин гурван мянга нэг зуун) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Дид олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118040  (нэг зуун арван найман мянга дөчин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 118040  (нэг зуун арван найман мянга дөчин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Дид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.МАНГИЛИК