| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2026/0320/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/482 |
| Огноо | 2026-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/482
2026 02 13 2026/ШЦТ/482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,
улсын яллагч Б.Амармөрөн,
хохирогч П.Ч,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М холбогдох 2509 00000 1782 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.М, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2025 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гэх газарт архи согтууруулах ундааны зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алим, зовхи, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, уруул, хүзүү, баруун суганд цус хуралт, дух, баруун хацар, уруул, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч П.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хамрын хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Гэмтэл авснаас хойш бүрэн эдгэрсний дараа хагалгаа хийдэг талаар мэдээлэл авсан. Тухайн үед ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөг гаргуулах саналтай байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч П.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд өдөр нь 14 цагийн үед М-тай хамт хорхог хийх гээд арьсыг нь хуулаад бэлдэж байх үедээ бид хоёр 0.75 литрийн хэмжээтэй архи 1 шилийг хувааж уугаад бид хоёр урьдын жижигхэн үл ойлголцолтой байсан бөгөөд тэрийгээ ярилцаж шийдээд тэгээд хамт олонтойгоо нийлсэн. Тэгээд үргэлжлүүлэн арга хэмжээ болоод нэмж уугаад нэлээн согтолтын байдалтай болсон. Тэгээд нэг мэдэхэд бид хоёр нөгөө үл жижигхэн үл ойлголцсон асуудлаа дахин яриад маргалдчихсан байсан. Тэгээд би, чи надтай маргалдах гээд энэ асуудлыг дахин дахин асуугаад байгаа юм уу гэхэд тэр хүн би ер нь тэгсэн ч яадаг юм гээд байсан. Тэгэхээр нь би за хоёулаа эвлэрье нэг газар ажилладаг юм чинь таарахгүй хүн биш гээд гар барихаар баруун гараа өгөхөд миний гараас барьсан хэр нь тэр чигтээ намайг миний шанаа хэсэг рүү цохисон байх би цохиулаад унасан. Тэгээд нэг мэдэхэд миний толгой дээр дэвссэн байсан. Тэгээд манай ажлынхан ирэхэд миний толгой манараад боссон бөгөөд миний хамар амнаас цус гараад тогтохгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энд тэнд хоёр гурваараа ярилцаад байж байгаад би гаднаа орж ирэхэд М босоод зогссон үзэх үү чи, босоод ир гээд Ч-тай маргалдаад байсан. Би хоорондоо маргалдаад больцгоо гэж хэлээд М-г холдуулсан. Тэгтэл манай захирал за ахын дүү байж бай энэ хоёр гаагүй ээ, элдэв янзын юм болохгүй, чи хажуу гэр лүү ороод байж бай гэхээр нь би хажуу гэр лүү орсон. Хажуу гэрт ороод байж байтал гаднаас ажилд орсон шинэ охин уйлаад орж ирээд нойтон салфетка аваад гарсан. Тэгээд араас нь гартал Ч гадаа зодуулсан байдалтай нүүр ам нь улаан нялга болчихсон мөлхөөд явж байсан. Ч-ийг манай 2-3 ажилтан Эмнэлэг дагуулаад явсан. М үлдсэн хэд рүү бас дайраад үзье гээд дайраад лаазтай пиво авч шидээд байсан. Тэгээд эрчүүдийн гэр лүү захирал М-г дагуулаад орсон захирлыг бас хоёулаа үзэх үү гээд байсан. Тэгээд сууж байтал цагдаа ирээд аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),
Гэрч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хажуу гэрт байсан охидын нэг нь гэрт ороод удаагүй 5-10 минутын дараа манай ажлын шинээр орж ирсэн охин А гэх охин орилоод байхаар нь гартал М Ч-ийг зодоод зогсож байсан. Тэгээд бид нар очоод болиулсан. Тэгээд хамар, нүүр нь аймар болчихсон амьсгалж чадахгүй байна гэсэн болохоор гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Тэгээд М хүн болгон руу агсраад тайвшрахгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №ЕГ0725/12717 дугаар: “...П.Ч-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алим, зовхи, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, уруул, хүзүү, баруун суганд цус хуралт, дух, баруун хацар, уруул, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),
Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 51-57, 69-70 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),
Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 22 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.М нь 2025 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гэх газарт архи согтууруулах ундааны зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алим, зовхи, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, уруул, хүзүү, баруун суганд цус хуралт, дух, баруун хацар, уруул, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.М нь 2025 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гэх газарт архи согтууруулах ундааны зүйлээс болж хохирогч П.Ч-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодож гэмтэл учруулсан байна.
Хохирогч П.Ч-т Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №ЕГ0725/12717 дугаар дүгнэлтээр “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алим, зовхи, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, уруул, хүзүү, баруун суганд цус хуралт, дух, баруун хацар, уруул хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Б.М нь хохирогч П.Ч-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж зодож, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч П.Ч-т Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №ЕГ0725/12717 дугаар дүгнэлтээр “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алим, зовхи, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, уруул, хүзүү, баруун суганд цус хуралт, дух, баруун хацар, уруул хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.М нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогчид учирсан бодит хохиролд 260.000 төгрөг, хохирогч П.Ч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 124.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.М-аас 384.000 төгрөгийг гаргуулан 260.000 төгрөгийг хохирогч П.Ч-т , 124.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч П.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алим, зовхи, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, уруул, хүзүү, баруун суганд цус хуралт, дух, баруун хацар, уруул хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учирсан, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Б.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.М-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 384.000 төгрөгийг гаргуулан 260.000 төгрөгийг хохирогч П.Ч-т , 124.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
5. Хохирогч П.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.М-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ