Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2023/0320

 

 

 

 

 

 

 

   2023           04           03                                   128/ШШ2023/0320

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Б.Б*******, /РД:ХИ*******, Хаяг:Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, ******* дүгээр байр, ******* тоот;

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Хаяг:Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Денверийн гудамж-13;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Г.З******* нарын хооронд үүссэн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг шаардсан маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа, нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З******* нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлагын талаар:

1.1.Энэ хэргийн маргааны зүйл нь “жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хязгаарласан эсэх” үйл баримт болно.

1.2.Энэхүү хэрэг нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн   10 дугаар зүйлийн З дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлыг шүүгч ажлын 6 өдрийн дотор багтаан хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүхийн тусгай ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг маргаан болно.

1.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

Хоёр.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд:

2.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд

Б.Б******* миний бие нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16-р заалт " итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно", Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй" гэж заасан эрхийнхээ дагуу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 24-ны өдрийг дуустал өдөр бүр 10.00-16.00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамж, Авлигатай тэмцэх газрын хашааны урд нийтийн эзэмшлийн жагсаал, цуглаан хийхээр болсныг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9-р зүйлд заасны дагуу бүртгүүлэхээр дүүргийн Засаг даргад хүсэлт өгсөн боловч бүртгэхээс татгалзсанаа 2023 оны 03-р сарын 16-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр мэдэгдлээ.

Татгалзсан хариунд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зорилгыг агуулаагүй тул бүртгэж авахаас татгалзсан гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь миний хүсэлтэд "Б.Б******* миний бие нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16-р заалт "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй" гэж заасан эрхийнхээ дагуу цуглаан хийхээр болсныг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9-р зүйлд заасны дагуу бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байна. Цуглааны шаардлага нь 2017 оны 02-р сарын 20-ны өдөр эрүүгийн журмаар гаргасан гомдлын талаар олон нийтэд мэдээлэх, "Авлигатай тэмцэх  газар АЖЛАА ХИЙ" шаардлага хүргүүлэх, Цуглаан хийх хугацаа нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2023 оны 03-р сарын 24-ний өдрийг дуустал өдөр бүр 10.00-17.00 цагийн хооронд,  цуглаанд оролцогчдын тоо 5, Техник хэрэгсэл нь цагаан хоолой, өсгөгч, уриа лоозон, шүгэл" гэж бичсэн нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасан жагсаал цуглаан хийх шаардлагыг хангаж байхад үндэслэлгүй хариу өгсөнд гомдолтой байна.

"С*******" сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан Улсын комиссын үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм журам зөрчсөнийг төрийн байгууллагууд манай гаргасан гомдлыг шийдвэрлэх явцдаа эхнээсээ тогтоосон юм.

Д/Д

ХЭН, ЮУ?

ТАЙЛБАР

ХЭН, ХААНААС ТОГТООСОН

1.

Ерөнхий гүйцэтгэгчээр хүлээлгэн өгсөн “Г******* к*******” ХХК, “С******* сургуулийн хооронд байгуулсан гэрээ,”

“Г******* к*******” ХХК нь тухайн өргөтгөлийн барилгад огт ажиллаж байгаагүй, ширхэг тоосго ч өрөөгүй, шанага шавар ч зураагүй өгөөд Улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу Барилга угсралтын ажил гүйцэтгэх хуурамч гэрээ байгуулсан байдаг.

Монгол Улсын Ерөнхий  прокурорын газрын 2017.12.07-ны өдрийн

Хариу мэдэгдэх хуудас

2.

Барилгын ажлын тэмдэглэл

Хуурамч.

Монгол Улсын Ерөнхий  прокурорын газрын 2017.12.07-ны өдрийн

Хариу мэдэгдэх хуудас

3.

“С*******” сургуулийн өргөтгөлийн барилгыг “Г******* контсракшн” ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгчээр хүлээн авсан нь,

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 48.7, 48.8 дах заалтуудтай нийцэхгүй.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020.04.29-ний өдрийн 183/ШТ2020/00214 дугаартай тогтоол.

4.

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн сунгалтыг “Бц” ХХК-ийн нэр дээр хийсэн нь,

 

 

Хууль бус болох.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.28-ны өдрийн 0610 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2019.02.25-ны өдрийн 55 дугаартай тогтоол.

5.

Байнгын ашиглалтад хүлээн авах комиссын 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2016/340 дугаартай актыг баталгаажуулсан нь,

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэлийг баталгаажуулсан...барилга байгууламжийг ашиглалтад оруулна” заалтад нийцээгүй.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн албан бичигт дурдсан.

6.

“С*******” сургууль

Өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисст хүлээлгэн өгөөгүй байж, сургалтын үйл ажиллагаа явуулж байсан.

Барилгын ашиглалтыг зогсоох тухай” Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт 2016.03.03

7.

Барилгын ажлын тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын тэмдэглэлийн хуулбар Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.16, 37.1.19 дэх заалтууд, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.13.3-4.13.8-т заасан заалтуудад нийцээгүй.

Архивын хэрэг хөтлөлтийн Улсын байцаагчийн 2017.02.03-ны өдрийн 05/01 дугаартай дүгнэлт

8.

Улсын комисст хэрэглэсэн “Бц” ХХК-ийн инженерийн бичсэн Барилгын ажлын тэмдэглэл, ил далд ажлын актууд

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч “Бц” ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт болох Барилгын ажлын тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын тэмдэглэл”-ийг хариуцагч “С*******” сургуульд хууль бусаар өгч, ажлын хариуцлага шүүгчийн туслах Н.Ундармаа ажлаасаа халагдсан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2017 оны.03.13-ны өдрийн №241 албан бичиг.

9.

Сүхбаатар дүүргийн 2-р хороо “С*******” сургуулийн өргөтгөлийн барилга бохирын шугам дээр байрласан нь,

“Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.7 дахь заалт, “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” /БНБД-ийн 30.01.04/-ийн 7.10-р заалтын 14-р хүснэгтэд заасан зайн хэмжээ болон Ус сувгийн удирдах газраас 2013 онд олгосон 60/13 дугаартай техникийн нөхцөлийн 15.3 дахь заалт, 2013 оны 05-р сарын 10-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтийн 2-р хавсралтыг тус тус зөрчсөн.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019.01.15-ны өдрийн 02-03/207 дугаартай албан бичиг

10.

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд “С*******” сургуулийн өргөтгөлийн барилга барих нь,

Хот байгуулалтын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.3-д “хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах” “Барилгын тухай” хуулийн 9-р зүйлийн 9.1.1-д “хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан” байх шаардлага болон “Хот төлөвлөлт барилгажилт” БНбД 30-01-04, “Хот суурины гудамж талбайн төлөвлөлт” БНбД 32-04-09 зэрэг хууль, норм дүрэмтэй нийцээгүй.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2013.05.30-ны өдрийн 02-02/1160 тоот албан бичиг

11.

“С*******” сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгэж, Улсын комисст хүлээлгэн өгсөн “М Э” ХХК,

Төрийн захиргааны мэргэжлийн байгууллагаас хууль журмын дагуу тусгай зөвшөөрөл аваагүй байж, “С*******” сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажлыг ийж гүйцэтгэсэн,

Улсын ерөнхий прокурорын газрын 2020.03.06-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас

 

Дээрх төрийн байгууллага, шүүх, прокурорын шийдвэрүүдээс харахад Улсын комиссын гишүүд үндсэндээ төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж, төрөөс цалин авч ажиллаж байгаа эрх бүхий албан тушаалтнууд нь хууль болон гэрээгээр хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Барилгын тухай хуулийн дээрх маш тодорхой заалтуудыг зөрчин байж, “С*******” сургуулийн барилгыг ашиглалтад оруулсан, уг үйлдлээрээ манай “Бц” ХХК-ийн эрх ашиг, сонирхлыг хохироосон, мөн "С*******” сургуульд давуу байдал олгосон болох нь тогтоогдож байгаа юм.

Мөн Авлигатай тэмцэх газраас томилогдсон Шинжээчийн 2021 оны 07-р сарын 19-ний өдрийн 07/020/02 дугаартай дүгнэлтээр "Бц” ХХК нь "С*******” сургуулийн өргөтгөлийн барилгад Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн, "Г******* к*******" ХХК-аар “С*******” сургуулийн өргөтгөлийн барилгыг Ерөнхий гүйцэтгэгчээр хүлээн авсан нь 2008 оны Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 16.9 дэх заалт болон “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1.2.1, 1.2.3 дах заалтыг зөрчсөн, “С*******” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын бүрэлдэхүүн Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.2-д заасныг зөрчсөн талаар дүгнэсэн юм.

 Авлигын эсрэг хуулийн 3-р зүйлийн 3.1.4-д "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг" гэж хуульчилсан ба “С*******” сургуулийг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын дарга, гишүүд бусад албан хаагчид  албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаа Монгол Улсын хууль дүрмийг илэрхий зөрчиж байхад ашиглалтад оруулж, "С*******” сургуульд давуу байдал олгосон нь олон нотлох баримтуудаар тогтоогдож байхад хэрэг бүртгэлтийн хэргийг удаа дараалан хааж шийдвэрлэсэнд гомдолтой байдаг учраас энэхүү жагсаал цуглаан хийхээр хүсэлт гаргасан боловч бүртгэж авахаас татгалзсан юм.

Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 03-р сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгосноор Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 12-д "иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй. Гаргасан өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй” гэж баталгаатай эдлэхээр олгогдсон эрх сэргэж, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу иргэн миний хийх жагсаал цуглааныг бүртгэснээр миний бие энэхүү эрхээ эдэлнэ. Иймд жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, мөн хуулийн 10.3-д заасан хугацаанд шийдвэрлэж, СБД-ийн Засаг даргын 2023 оны 03-р сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2.Нэхэмжлэгч Б.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

2017 оны 02 сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, С******* сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисст хүлээн авсан улсын комиссын албан хаагчдын талаар гомдол гаргасан.

Гэвч өнөөдрийг хүртэл гомдлоор үүссэн хэрэг бүртгэлтийг нийт 12 удаа хаагдах саналыг Авлигатай тэмцэх газраас гаргаж, Улсын Ерөнхий прокуророос буцаж 3 удаа сэргээгээд явж байгаа. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газар ажлаа хийхгүй байгаа гэсэн үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйл, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу 2023 оны 03 сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэл өдөр бүр 10-16 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Авлигатай тэмцэх газрын хашааны урд нийтийн эзэмшлийн талбайд жагсаал цуглаан хийхээр болсныг хуульд заасны дагуу бүртгүүлэхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч 2023 оны 03 сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр бүртгэхээс татгалзсан хариу албан бичиг ирсэн. Татгалзлын хариу нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зорилгыг агуулаагүй тул бүртгэж авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна. 

Цуглааны шаардлага маань 2017 онд эрүүгийн журмаар гаргасан гомдлын талаар олон нийтэд мэдээлэх, Авлигатай тэмцэх газар ажлаа хий гэсэн шаардлага хүргүүлэх, цуглаан хийх хугацаа 03 сарын 20-24-ний өдөр, цуглаанд оролцогчдын тоо 5, техник хэрэгсэл цагаан хоолой, өсгөгч, уриа лоозон, шүгэл гэж бичсэн нь хуульд заасан жагсаал цуглааны шаардлагыг хангаж байхад үндэслэлгүй хариу өгсөнд гомдолтой байна. Иймд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 03 сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгож өгнө үү. Хүчингүй болгосноор Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх, гаргасан өргөдөл гомдолдоо хариу авах, мөн зүйлийн 16 дахь хэсэгт заасан жагсаал цуглаан хийхээр олгогдсон эрх маань сэргээгдэх юм.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол санал шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж буй үйл ажиллагааг цуглаан гэж заасан. Иргэд хот суурингийн гудамж талбайгаар зохион байгуулалттай жагсан явж энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар үзэл бодол, санал шаардлагаа илэрхийлж байхыг жагсаал гэж заасан. Энэ хуулийн зорилт нь тайван жагсаал, цуглаан хийх иргэдийн Үндсэн хуулийн эрх чөлөөг баталгаажуулах, жагсаал цуглаан хийх журмыг тогтоох, уул арга хэмжээний үед нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж нарийвчлан заасан. Би Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэсэн үүргээ Авлигатай тэмцэх газар биелүүлэхгүй байна гэсэн шаардлага хүргүүлж олон нийтэд мэдээлэх зорилгоор жагсаал цуглаан хийхээр бүртгүүлэх гэж байгаа. Хүсэлт, зорилго маань Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд бнийцэж байгаа. 2019 онд миний бие яг адилхан шаардлагаар жагсаал цуглаан хийхээр бүртгүүлж байсан. Нэг асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2 өөр шийдвэр гаргасан. Сүүлийн хариу нь бүр үндэслэлгүй байна. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол, 2 дахь хэсэгт энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол гэж байна. 3-т энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол гэсэн байна. Хориглосон дээрх 3 үндэслэл байвал бүртгэхээс татгалзах ёстой. Гэтэл энэ үндэслэл байхгүй байхад татгалзсан нь үндэслэлгүй байна” гэв.

 

            Гурав.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Иргэн Б.Б*******ийн гаргасан 2017 оны  02 дугаар сарын 10-ны өдрийн эрүүгийн журмаар гаргасан гомдлын талаар олон нийтэд мэдээлэх, “Авлигатай тэмцэх газар ажлаа хий” шаардлага хүргүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын байрны урд нийтийн эзэмшлийн талбайд 2023 оны 03 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд цуглаан хийх мэдэгдэл нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудал биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

          ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэг.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            1.1.Нэхэмжлэгч  Б.Б******* нь  Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан 2023 оны 03 дугаар сарын 14-ний  өдөр  бичгээр “2017 оны  02 дугаар сарын 10-ны өдрийн эрүүгийн журмаар гаргасан гомдлын талаар олон нийтэд мэдээлэх, “Авлигатай тэмцэх газар ажлаа хий” шаардлага хүргүүлэх мэдэгдэл”-ийг хүргүүлж, мэдэгдэлдээ цуглаанд оролцогчдын тоог 5 гэж, хэрэглэх техник хэрэгслээ цагаан хоолой, өсгөгч, уриа лоодон, шүгэл гэж тодорхойлсон   /ХХ-н 9  дэх  талд/ байна.

            1.2. Б.Б*******ийн мэдэгдлийг Сүхбаатар дүүргийн Засаг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зорилгыг багуулаагүй” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан /ХХ-н 32 дахь тал/ байна.

Хоёр.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

2.1.Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана” гэжээ.

2.2. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлээр жагсаал цуглаан хийхийг хориглох газрыг, 8 дугаар зүйлээр жагсаал, цуглаан өлсгөлөн зохион байгуулах  зорилгуудыг хориглон тус тус хуульчилсан байна.

2.3.Нэхэмжлэгч Б.Б*******ийн  Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан гаргасан цуглаан хийх мэдэгдэл, цуглааны зорилго, зохион байгуулах газар, хэрэглэх техник хэрэгсэл зэрэг нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтад нийцсэн, хууль ёсны байна.

2.4.Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ” гэж, 9 дүгээр зүйл 4 дэх хэсэгт “Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй” гэж заажээ.

2.5.Б.Б*******ийн “Авлигатай тэмцэх газрыг ажлаа хийхийг шаардсан шаардлага нь төрийн байгууллага, албан тушаалтанд шаардлага хүргүүлэх агуулгатай байгаа тул иргэдээс өөрийн үзэл бодлоо илэрхийлэх буюу Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэм, хүний эрхтэй холбоотой шаардлага мөн байна.

2.6.Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргад Б.Б*******ийн цуглаан хийх зорилго, агуулга нь ойлгомжгүй, ббиш байсан бол уг тодорхойгүй асуудлыг нэмж тодруулах  боломжийг энэхүү хуулийн  9 дүгээр зүйл 4 дэх хэсгээр олгосон байхад ийм зохицуулалтыг хийх арга хэмжээг аваагүй атлаа шууд татгалзсан нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй хууль бус байна.

2.7.Дээрх хуулийн 7, 8 дугаар зүйлд зааснаас бусдаар жагсаал цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс шууд татгалзах эрхийг аливаа Засаг даргад олгоогүй байгаа /энэ тохиолдолд “байгууллага, албан тушаалтанд хуулиар эрх олгоогүй бол хориглоно” гэдэг эрх зүйн зарчим үйлчилнэ/, нөгөө талаас  Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйл  4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг дарга нь асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал  зохион байгуулагчтай харилцаж зохицуулах, шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй байхад энэ ажиллагааг хийгээгүй байгаа тул  жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэдээс улс төр, нийгэм,эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудал биш” гэх үндэслэлээр жагсаалыг бүртгэхээс татгалзсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын татгалзлыг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй байна.

2.8.Шүүхэд хандан нэхэмжлэлийг шийдвэрлүүлэх хугацаанд Б.Б*******ийн 03 дүгээр сарын 20-24-ний өдөр “Авлигатай тэмцэх газар ажлаа хий” цуглаан хийхээр төлөвлөсөн хугацаа нь өнгөрсөн байна.

2.9.Гэвч шүүхэд хэргийг шийдвэрлэх үед хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрхийг сэргэхгүй гэж үзэх боломжгүй юм.

2.10.Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Б.Б*******ийг дахин энэ агуулгаар цуглаан хийх мэдэгдлийг ирүүлбэл дахин цуглааныг бүртгэхээс татгалзана” гэсэн  тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

2.11.Нэхэмжлэгчээс “Шүүхийн шийдвэрийн дараа дахин цуглаан хийхээр, бүртгүүлэх хүсэлтээ гаргана. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шүүгч жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон бол зохион байгуулагч нь шүүгчийн захирамжийг хүлээн авсны дараа энэ тухай тухайн Засаг даргад урьдчилан мэдэгдэж жагсаал, цуглаан хийх цаг, хугацааг тохиролцож төлөвлөсөн арга хэмжээгээ зохион байгуулж болно гэж заасны дагуу би хүсэлтээ гаргаж Засаг даргад хандах боломжтой” гэж тайлбарласан болно.

2.12.Иймд анхан шатны шүүх нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан хууль бус татгалзлын улмаас  нэхэмжлэгчийн  “жагсаал цуглаан хийх эрх чөлөө” хөндөгдсөн бөгөөд жагсаал цуглаан хийх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол байгаа болох  нь тогтоогдож байгаа тул Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн   16 дахь хэсэгт заасан “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх” нэхэмжлэгчийн эрх чөлөөг хангаж, сэргээн эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

2.13.Дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгээр цуглааныг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг нь хүчингүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Гурав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

3.1.Шүүх нь энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажлын  6 хоногийн хугацаа дууссан тул маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд  дүгнэлт өгч, талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг хэрхэн үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах ёстой болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн  3 дугаар зүйл 1, 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Б.Б*******ээс гаргасан цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, мөн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг 70200 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ