Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2024/00162

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******** аймгийн ******* сумын ****** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, **** банкны Баян-Өлгий салбар (Салбарын захирал Л.Ө, РД:*****, утас:*****,)

Хариуцагч: ****** аймгийн ****** сумын *** дүгээр  багт оршин суудаг,  утас:******, *** овогт З.Е,

Хариуцагч: ***** аймгийн ***** сумын *** дүгээр  багт оршин суудаг,  утас:******, ***** овогт Ж.Ө,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 5,292,106 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 633,757 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,345 төгрөг нийт 5,939,208 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч **** банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Р,

Хариуцагч З.Е,

Хариуцагч Ж.Ө,

Орчуулагч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч **** банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч З.Е, Ж.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 5,292,106 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 633,757 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,345 төгрөг нийт 5,939,208 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч **** банкны Баян-Өлгий салбар нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээлдэгч З.Е, Ж.Ө нар нь **** банкны Баян-Өлгий салбарын А тооцооны төвөөс 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр № ЗГ/202247482691 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 (арван сая) төгрөгийн малчны зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 267 толгой мал, эсгий гэр тус тус барьцаалуулан зээлийг авсан юм.

1.2.Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дахь хэсэгт заасны дагуу зээл хүүг төлбөрийн хуваарийн лагуу үндсэн зээлд 4,707,893.75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,927,984.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35,791.06 төгрөг, нийт 6,671,668.83 төгрөгийг төлж барагдуулсан болно.

1.3.Одоогийн байдлаар зээлийн гэрээний хугацаа нь дуусаж байгаа ба банкны зүгээс зээлдэгч нарт зээлээ хугацаандаа төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Одоо үлдэж байгаа төлбөр маань үндсэн зээлийн үлдэгдэл 5,292,106 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 633,757 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,345 төгрөг, нийтдээ 5,939,208 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

1.4.Хариуцагч нар нь бид нар малгүй гэж мэдүүлж байгаа боловч тухайн зээл авах үед өөрсдийн тооллогод байгаа мал болон эсгийн гэрийг барьцаанд тавьсан гэдгийг тус сумын тооцооны төвөөс бид нарт мэдүүлсэн байгаа.

1.5.Хариуцагч Есбол, Ж.Ө нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч, /711 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, гээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй болно.

1.6.Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт ,939,208 төгрөг гаргуулах, хариуцагч нар зээлийн гэрээг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох 267 толгой мал, эсгий гэр зэрэг хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.Хариуцагч З.Есен нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Миний бие А сумын 01 дүгээр багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, малчин өрх юм. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр **** банкны А сумын тооцооны төвөөс 2 жилийн хугацаагаар, 10,000,000 төгрөгийн малчны зээл авч хуваарийн дагуу төлж байсан боловч 2023 оны 9 дүгээр сараас энэ зээлийг төлөх санхүүгийн чадваргүй болсон.

2.2.Учир нь 2022-2023 онуудад болсон зудад маллаж байсан бүх малаа алдаж, ямар ч мал хөрөнгөгүй болж үлдсэн. Манай өрхөд малын ашиг шимээс өөр орох орлогогүй тул цаашид энэ зээлийг санхүүгийн эх үүсвэргүй тул миний энэ байдлыг харгалзан үзэхийг шүүхээс хүсэж байна.

2.3. Харин одоо эсгий гэр гэдэг зүйл надад ерөөсөө байгаагүй. Би зээл авахад, эсгий гэр байгаа гэдэг зүйл хэлээгүй. Тухайн үед зөвхөн малчны зээл авсан. Бид одоо ахын гэрт тэд нарын малыг маллахад нь тус дэм болж амьдарч байна. **** банкны зүгээс зээлийг төлөхийг удаа дараа шаардсан нь үнэн.

2.4.Мөн миний бие Улаанбаатар хотод очиж Эмээлтэд ажил хийсэн боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа тэнцээгүй тул ажлаас гараад энд ирсэн байгаа. Одоогийн байдлаар бид зөвхөн хүүхдийн мөнгө болон цалинтай ээжийн мөнгөөр л амьдарч байгаа. Цалинтай ээжийн 50,000 төгрөг орж ирэх үед шууд **** банк цутгаад авч байгаа болно.  

3.Хариуцагч Ж.Ө нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

3.1.Миний бие А сумын 01 дүгээр багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, малчин өрх юм. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр **** банкны А сумын тооцооны төвөөс 2 жилийн хугацаагаар, 10,000,000 төгрөгийн малчны зээл авч хамтран хариуцагчаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

3.2.Уг зээлээ хуваарийн дагуу төлж байсан боловч 2023 оны 9 дүгээр сараас энэ зээлийг төлөх санхүүгийн чадваргүй болсон.

3.3.Учир нь 2022-2023 онуудад болсон зудад маллаж байсан бүх малаа алдаж, ямар ч мал хөрөнгөгүй болж үлдсэн. Манай өрхөд малын ашиг шимээс өөр орох орлогогүй тул цаашид энэ зээлийг санхүүгийн эх үүсвэргүй тул миний энэ байдлыг харгалзан үзэхийг шүүхээс хүсэж байна гэв.

4.Нэхэмжлэгч **** банкны Баян-Өлгий салбараас газраас **** банк ХХК-ийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №ЗГ/202247482691 дугаартай “Малчны зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №БГХ202247482691 дугаартай “Барьцааны гэрээ”, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Зээл төлөх мэдэгдэл” зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч З.Е, Ж.Ө нар бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч **** банкны Баян-Өлгий салбар нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн 711 хонгийн хугацаа хэтрүүлсэн зээлийг буцаан дуудаж, гээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт 5,939,208 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

7.Хариуцагч З.Е, Ж.Ө нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Маллаж байсан бүх малаа зудад алдаж, ямар ч мал хөрөнгөгүй болж үлдсэн ба малын ашиг шимээс өөр орох орлогогүй тул цаашид энэ зээлийг санхүүгийн эх үүсвэргүй болно.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

8.1.Хариуцагч З.Е, Ж.Ө нар 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр **** банкны Баян-Өлгий салбарын А тооцооны төвөөс 10,000,000 төгрөгийн зээл /малчны/-ийг 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн  2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №ЗГ/202247482691 дугаартай “Малчны зээлийн гэрээ”-гээр нотлогдож байна.

8.2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба талуудын хооронд “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа үүссэн байна.

8.3.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байх ба нэхэмжлэгч **** банкны Баян-Өлгий салбарын А тооцооны төв болон хариуцагч З.Е, Ж.Ө нарын харилцан тохиролцож байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ/202247482691 дугаартай “Малчны зээлийн гэрээ”-ний 2.1.1.2-д “Олгосон зээлийн хэмжээ 10,000,000 төгрөг”, 2.1.2-т “Зээлийг малчны зээлийн зориулалтаар ашиглана”, 2.1.4-д зээлийн жилийн хүү 18 хувь, жилийн 365 хоног, 2.1.6-д “нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно”, 2.1.7-д “Зээлийн гэрээний хугацаа 24 сар. Энэхүү гэрээний гэрээний 21.1.2-т заасан зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацааг тоолно. Зээлдэгч зээлийн төлбөрийг энэ хугацааны дотор хэсэгчлэн төлөх хуваарийг “Банктай Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлнө” гэж тус тус заасан байна.

8.4.Энэхүү зээлийн гэрээний холбогдох заалтыг зээлдэгч З.Е, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Ө нар зөрчсөн болох нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Зээл төлөх мэдэгдэл”-ээр нотлогдож байна.

8.5.Хариуцагч нараас санхүүгийн эх үүсвэргүй гэх шалтгаанаар зээлийг төлөхөөс татгалзсан боловч холбогдох баримтаа гаргаж өгөөгүй, мөн хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

8.6.Иймд Баян-Өлгий салбарын А тооцооны төвийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ/202247482691 дугаартай “Малчны зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч З.Е, Ж.Ө нараас үндсэн зээлийн үлдэгдэл 5,292,106 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 633,757, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13,345 төгрөг нийт 5,939,208 төгрөг гаргуулан **** банкны Баян-Өлгий салбарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Е, Ж.Ө нараас 109,977 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

8.7.Хариуцагч З.Е, Ж.Ө нар зээлийн барьцаанд 17,454,500 төгрөгийн үнэтэй 10 адуу, 13 үхэр, 124 хонь, 112 ямаа, 2,000,000 төгрөгийн үнэтэй эсгий гэр зэргийг барьцаалуулсан болох нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №БГХ202247482691 дугаартай “Барьцааны гэрээ”-гээр нотлогдож байна.

8.8.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна”, 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж,

2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №БГХ202247482691 дугаартай “Барьцааны гэрээ”-ний 4.1.2-т “Барьцаалагч нь барьцаагаар хангагдах шаардлага үүссэн бол зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор  барьцааны зүйлийг энэхүү гэрээний 5дугаар зүйлд заасны дагуу худалдан борлуулах эрхтэй”, 5.1-д “Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бол барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ” гэж тус тус заасан байна.

8.9.Иймд хариуцагч З.Е, Ж.Ө нар зээлийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй бол дээрх барьцаанд тавьсан хөдлөх хөрөнгийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                           

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан **** банкны Баян-Өлгий салбарын А тооцооны төвийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ/202247482691 дугаартай “Малчны зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч У овогт З.Е, Ж овогт Х.Ө нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 5,939,208 төгрөг (таван сая есөн зуун гучин есөн мянга хоёр зуун найман)-ийг гаргуулан **** банкны Баян-Өлгий салбарт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч **** банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,977 (нэг зуун есөн мянга есөн зуун далан долоон) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Е, Ж.Ө нараас 109,977 (нэг зуун есөн мянга есөн зуун далан долоон) төгрөгийг гаргуулан **** банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан хариуцагч З.Е, Ж.Ө нар нь зээлийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд тэдний зээлийн барьцаанд тавьсан 17,454,500 төгрөгийн үнэтэй 10 адуу, 13 үхэр, 124 хонь, 112 ямаа, 2,000,000 төгрөгийн үнэтэй эсгий гэр зэргийг тус тус дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч **** банкны Баян-Өлгий салбарыг хохиролгүй болгохыг тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК