Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2024/00270

 

 

 

 

     2024            03            13     

                         130/ШШ2024/00270

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, М ХХК /захирал Х.Халиасхар/

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Төлек овогт Сатаны С

Нэхэмжлэлийн шаардлага: Үлдэгдэл улаан тоосгоны үнэ 3,300,000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Енар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК /захирал Х.Х/ нь хариуцагч С.Ст холбогдуулан үлдэгдэл улаан тоосгоны үнэ 3,300,000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөгч болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “М” ХХК нь барилгын материалын үйлдвэрлэл болон угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Манай компанийн эзэмшлийн тоосгоны үйлдвэрээс С.С 22,500 ширхэг улаан тоосгыг 6,300,000 төгрөгөөр авахаар болж харилцан тохиролцдог. Ингэхдээ 3,000,000 төгрөгийг тухайн үед өгч, үлдсэн мөнгийг башингаа барьж дуусгасны дараа зээл гаргуулан өгөхөөр болж тохиролцсон Зээлээр авсан тоосгоны үнийн үлдэгдлийг төлөх хугацааг нарийн тохиролцоогүй ч гэсэн С С нь байшингаа барьж дууссаны дараа төлнө гэдгээ хэлсэн. Үүний дагуу 2019 оны 6 дугаар сарын 20-ний өдөр мөн 7 дугаар сарын 14, 18-ны өдрүүдэд 22,500 ш улаан тоосгыг 3 удаагийн тээвэрлэлт хийж хүлээн авсан ба хэлэлцэн тохиролцсоны дагуу 3,000,000 төгрөгийг тухайн үед шилжүүлсэн. Үлдэгдэл 3,300,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчид 22,500,000 ширхэг улаан тоосгыг тээвэрлэж хүлээлгэж өгсөн нөхцөл байдал тогтоогдсон. Тэр талаар гэрч нарын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан. Тийм учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу худалдан авагч нь худалдан авсан эд зүйлийн үнийг төлөхгүй байгаа тул хуулийн дагуу үлдэгдэл төлбөр болох 3,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа:

2.1. Хариуцагч С.С би “М” ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр хэрэгцээний хирээр улаан тоосго худалдаж авах захиалга өгч, амаар тохиролцсоны үндсэнд 3,000,000 төгрөгийг “М” ХХК-ийн дансанд шилжүүлж өгсөн болно. Бэлтгэн нийлүүлэгч буюу худалдагч “М” ХХК нь худалдан авагч буюу захиалагч С.С надад 2019 оны 6 дугаар сарын 20-ний өдөр жолооч Хы эзэмшлийн ААААА БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 7,500 ширхэг улаан тоосго, мөн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр жолооч Хы эзэмшлийн АААА БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 7,500 улаан тоосго буюу нийт 15,000 ширхэг улаан тоосго тус тус хоёр удаагийн тээвэрлэлтээр хүлээлгэж өгсөн юм. Нэхэмжлэгч “М” ХХК нь эхний удаа 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч С.С надад 7,500 ширхэг улаан тоосго хүлээлгэн өгч 28 дугаартай Зарлагын баримт /падаан/ үйлдэж гарын үсэг зуруулж авсан байна. Хоёр дахь удаа буюу 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр мөн 7,500 ширхэг улаан тоосго хүлээлгэн өгч, мөн өдрийн 54 дугаартай Зарлагын баримт /падаан/ үйлдэж, худалдан авагч С.С надаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байгаа юм. Ингэж хариуцагч С.С би “М” ХХК-иас хоёр удаагийн үйлдлээр нийт 15,000 ширхэг улаан тоосго авсан ба үнэ 3,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн юм.

2.2. Тухайн үед буюу 2019-2020 онуудад улаан тоосгоны зах зээлийн ханш 150-180 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байсан учраас С.С миний урьдчилан төлсөн 3,000,000 төгрөгт тухайн үед (3,000,000:150=20,000) 20,000 ширхэг улаан тоосго, эсвэл (3,000,000:180=16,660) 16,680 ширхэг улаан тоосго тус тус авах бүрэн боломжтой байсан. Тийм учраас С.С миний бие “М” ХХК-иас хүлээж авсан нийт 15,000 улаан тоосгоны үнэ болгож урьдчилан төлсөн 3,000,000 төгрөг төлж өгсөн тул тооцоо дуусаж, “М” ХХК-д ямар ч өглөг байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

2.3. Нэхэмжлэгч “М” ХХК нь нотлох баримтаар 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай “Зарлагын баримт”-ыг нотлох баримтаар хавсаргаж, хариуцагч С.С надаас 7,500 улаан тоосгоны үнэ нэхэмжилжээ. Гэтэл тухайн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай “Зарлагын баримт”-д хүлээж авсан, хүлээлгэн өгсөн байдлыг нотлох, нотолгоо болох хариуцагч С.С миний гарын үсгийн баталгаажуулалт байхгүй учир энэ нь нотлох баримтыг эх сурвалж биш юм. Хариуцагч С.С би “М” ХХК-аас гурав дахь удаа улаан тоосго хүлээж авч байгаагүй учир 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 7,500 улаан тоосгоо өгсөн гэх 48 дугаартай нотлох баримтыг хууль ёсны нотлох баримт биш, өөрөө дур мэдэж үйлдсэн, хуурамч нотлох баримт гэж үзэж байна. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай “Зарлагын баримт” нь цаг хугацааны хувьд Монголын Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяртай давхцаж байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.6 дахь хэсэгт зааснаар 7 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдөр дуустал Ардын хувьсгалын баяр, наадмын бүх нийтийн амралтын өдөр тохиож байх тул нэхэмжлэгч “М” ХХК-ийн ажилчид наадмаар амраагүй байх, тухайн наадмын өдөр хариуцагч С.С би байшин барьж байх гэх асуудлууд бодит байдал, үнэнд нийцэхгүй юм.

2.4. Нэхэмжлэгч “М” ХХК нь нэхэмжлэлдээ “Хариуцагч С.С нь 22,500 ширхэг улаан тоосгыг 6,300,000 төгрөгөөр авахаар тохирсон” гэжээ. Нэхэмжлэгч “М” ХХК-ны захирал Х.Халиасхар, хариуцагч С.С бидний хооронд нийт 22.500 ширхэг тоосго авах, мөн түүний үнэ 6,300,000 төгрөгөөр тохирсон хэлцэл, гэрээ огт байхгүй. Энэ бол нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Х.Халиасхарын санаанаас зохиосон огт үндэслэлгүй зүйл юм. Хэрэв С.С би “М” ХХК-иас 22,500 ширхэг улаан тоосгыг 6,300,000 төгрөгөөр авах тохиролцоо хийж, үнэ өртгийг тохирсон байвал нотлох баримт гаргаж нотлох, нотолгооны хэрэгслээр батлах шаардлагатай байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох үүрэгтэй юм.

2.5. Хэрэв нэхэмжлэгч 22,500 ширхэг улаан тоосгыг 6,300,000 төгрөгийн үнэтэй гэж үзвэл 2019 оны 6,7 дугаар сард нэг ширхэг улаан тоосгоны үнэ (6,300,000:22,500ш=280) 280 төгрөг болох юм. Гэтэл Б аймгийн хэмжээнд 2019 оны 7, 8 дугаар сард нэг ширхэг улаан тоосгоны үнэ 150-180 төгрөгийн хооронд үнэлэгдэж байсан ба 4 жилийн дараа 2023 онд арай ядаж 250-300 төгрөгийн үнэ хүрсэн байдаг. Тухайн үеийн Зах зээлийн ханшийг судалж, орон нутгийн ханшийг баримтлан шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, шударга ёсонд нийцнэ. Харин хариуцагч С.С би тоосгоны үнэ 3,000,000 төгрөг урьдчилан “М” ХХК-д шилжүүлэн өгсөн ба мөнгөн дүнд дүйцүүлэн “М” ХХК нь хоёр удаагийн тээвэрлэлтээр 15,000 ширхэг улаан тоосго бэлтгэн нийлүүлсэн болно. Энэ нь (3,000,000:15,000=200) 200 төгрөгөөр ногдох буюу “М” ХХК нь үнэ өртгийг хангалттай буюу тухайн үеийн ханшны (тухайн үед нэг тоосгоны үнэ 150-180) үнээс 20-50 төгрөгөөр илүү худалдаж, нэмүү ашиг олсон гэж үзэж байна. Иймд шүүхээс нэхэмжлэгч “М” ХХК-ны нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 987 дугаартай лавлагаа, Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа, №48, №28, №54 дугаартай зарлагын падааны хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбарууд, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШЗ2023/01793 дугаартай захирамж /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, өмгөөлөгч С.Ныг авсан талаар хүсэлт, С.Нт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн С.Сийн хариу тайлбар /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох тухай баримт /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн антан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 130/ТМ2023/00633 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас Х.Зт олгосон итгэмжлэл, Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох тухай баримт /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

6.Нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөгч болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М ХХК тосгоны үйлдвэрээс иргэн С.С нь 22,500,000 ширхэг улаан тоосгыг нийтдээ 6,300,000 төгрөгөөр тохиролцож авсан юм. Харин иргэн С.Сийн хувьд тухайн үед 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан ч үлдсэн 3,300,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн байгаа. Иймд үлдэгдэл улаан тоосгоны үнэ 3,300,000  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: С.Сийн хувьд М ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 7,500,000 ширхэг улаан тоосго, 2019 оны 07 дугаар сарын 18-н өдөр 7,500,000 ширхэг улаан тоосго тус тус хүлээн авсан. Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар падан, 2019 оны 07 дугаар сарын 18-н өдрийн 54 дүгээр падаануудаар дээрх тоосгыг авсан болох нь нотлогдож байгаа. Уг хоёр падааныг хариуцагч хүлээж аваад, хүлээж авсан хэсэгт өөрийн гарын үсгээ зурсан байдаг. Харин нэхэмжлэгч байгууллагын зүгээс 3 дахь удаагийн 7,500 улаан тоосгыг үнийг нэхэмжилж байгаа. Гэхдээ үүнийг хариуцагч хүлээж аваагүй байдаг. Өөрөөр хэлбэл 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 48 тоот падаанаар хүлээлгэж өгсөн хэмээн хэлж буй улаан тоосгыг хариуцагч хүлээж аваагүй. Хүлээж авсан хэсэгт хариуцагч С гарын үсэг зураагүй. С.С нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн 3,000,000 төгрөг болохоор өмнөх 2 падаанаар хүлээлгэж авсан 15,000 ширхэг улаан тоосгоны үнэ юм. Иймд үндэслэлгүй нэхэмжилж буй 3,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8.1.Нэхэмжлэгч М ХХК нь нэхэмжлэлдээ ... зээлээр авсан тоосгоны үнийн үлдэгдлийг төлөх хугацааг нарийн тохиролцоогүй ч гэсэн С.С нь байшингаа барьж дууссаны дараа төлнө гэдгээ хэлсэн. Үүний дагуу 2019 оны 6 дугаар сарын 20-нд, мөн 7 дугаар сарын 14, 18-ны өдрүүдэд 22500 ш улаан тоосгыг 3 удаагийн тээвэрлэлт хийж хүлээн авсан ба хэлэлцэн тохиролцсоны дагуу 3 сая төгрөгийг тухайн үед шилжүүлсэн, үлдэгдэл 3,300,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа гэж нэхэмжлэлдээ үйл баримтын талаар дурдсан боловч энэхүү хариуцагчид 22,500 ш улаан тоосгыг 3 удаагийн тээвэрлэлт хийж хүлээлгэн өгсөн нь, үлдэгдэл 3,300,000 төгрөгийг төлөх үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

8.2. Хариуцагч С.С нь М ХХК-иас хоёр удаагийн үйлдлээр нийт 15,000 /арван таван мянган/ ширхэг улаан тоосго авсан ба үнэ 3,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн. М ХХК нь нотлох баримтаар 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай зарлагын баримтыг хавсаргаж, надаас 7,500 ширхэг улаан тоосгоны үнэ нэхэмжилжээ, үүнийг хүлээж авсан, хүлээлгэн өгсөн байдлыг нотлох нотлох баримтгүй, миний гарын үсгийг баталгаажуулалт байхгүй, хууль ёсны нотлох баримт биш, өөрөө дур мэдэж үйлдсэн, хуурамч нотлох баримт байна гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасныг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй болно. 

8.3. Нэхэмжлэгч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх,цуглуулах үүрэгтэй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгч нотолж чадаагүй болно. 

8.4.Нэхэмжлэгч М ХХК, хариуцагч С.С нар нь улаан тоосго худалдаж авахаар амаар тохиролцсоны дагуу худалдан авагч С.С нь 2 удаагийн тээвэрлэлтээр нийт 15,000 ширхэг уулан тоосго хүлээн авч, үүнийг төлсөн талаар тайлбарладаг ба нэхэмжлэгч М ХХК нь хэдэн ширхэг улаан тоосгыг хэдэн төгрөгөөр тохиролцож хариуцагчид хүлээлгэн өгсөн нь, хэдэн төгрөгийн үнэтэй тоосгыг хариуцагч С.С нь хүлээж авсан эсэх нь, үүнээс хэдэн төгрөгийг нь төлөөгүй талаар бичгийн ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй учир 3,300,000 төгрөгийг төлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

8.5. М ХХК-тай хариуцагч С.С тохиролцсон аман гэрээгээр 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 18-ний өдөр жолооч Хы эзэмшлийн АААА БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 15,000 /7500+7500/ ширхэг улаан тоосго тус тус хоёр удаагийн тээвэрлэлтээр хүлээлгэн өгч, уг гэрээний дагуу хариуцагч С.С нь худалдан авсан улаан тоосгоны үнэ 3,000,000 төгрөгийг  худалдагч тал буюу М ХХК-д урьдчилан төлсөн байх ба энэ талаарх зохигчид маргаагүй.   

8.6.Эдгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн тайлбараас харьцуулан дүгнэвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан улаан тоосго худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

9. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай зарлагын баримтад улаан тоосго 7,500 гэж бичигдсэн байх ба хариуцагч болон хүлээн авагчийн гарын үсэггүй, үнийн дүн бичигдээгүй, шалгасан нягтлан бодогчийн гарын үсэггүй, ямар нэгэн баталгаажуулсан тамга, тэмдэггүй энэхүү зарлагын баримтаар нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

9.1. Санхүүгийн анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно гэжээ.

Зарлагын баримт /НХМаягт БМ-3/-д Бараа, материалын үнэт зүйлсийг худалдан авагч байгууллагад ачуулах, нэг агуулах, эд хариуцагч, нярваас нөгөөд шилжүүлэх, өөрийн хэрэгцээнээс илүү буюу хэрэгцээнд тохирохгүй зүйлийг худалдан борлуулах, нэгжийн орц норм тогтоогдоогүй материал үнэт зүйлийг үйлдвэрт тавьж олгох, зохих шийдвэрийн дагуу өөр газар шилжүүлэхэд зарлагын баримтыг эд хариуцагч зөвшөөрөл шийдвэрийг үндэслэн 2 хувь бичиж, 1 хувийг өөртөө авч тайлангийн хугацаанд санхүүгийн албанд, үлдэх хувийг хүлээн авагчид “Материал үнэ бүхий зүйлийг гаргах зөвшөөрөл”-ийн хамт олгоно гэж санхүүгийн анхан шатны бүртгэлийн маягт тусгасан байна.

Ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог Анхан шатны баримт гэнэ.

            9.2. Иймд нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай зарлагын баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч С.Ст жолооч буюу гэрч Х нь тоосгыг хүлээлгэн өгсөн талаар гэрчээр мэдүүлдэг, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж тайлбарлаж байгаа боловч гэрч Хы мэдүүлэг нь маргаан бүхий нотолгооны эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй ба энэ нь бусад хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

11. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх, нэхэмжлэгч М ХК нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн гэх, хариуцагч нь тухайн хөрөнгийг олж авсан  гэх   үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

12. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч М ХХК-нийн хариуцагч С.Сээс үлдэгдэл улаан тоосгоны үнэ 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Улмаар нэхэмжлэгчээс талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбогдуулан М ХХК нь хариуцагч С.Сээс  6,300,000 төгрөг гаргуулахаар 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 130/ТМ2023/00633 дугаартай иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан байна.

14. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67750 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ны нэхэмжлэлтэй хариуцагч С.Сээс үлдэгдэл улаан тоосгоны үнэ 3,300,000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 /жаран долоон мянга долоон зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.БҮЛДИРГЕН