Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 143/ШШ2024/00074

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 20 өдөр                                   Дугаар 143/ШШ2024/00074                                                     Д******* сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ө******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н овогт Ц-гийн М******* /РД: *******/, Ө******* аймаг, Д******* сум,  

 

Хариуцагч: Ө******* аймгийн Э******* газар, Улсын төсөвт үйлдвэрийн газар /РД: *******/, Ө******* аймаг, Д******* сум, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ө******* аймгийн Э******* газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагважанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хишигсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1999 онд Ө******* аймгийн Э******* газарт статистикч, бага эмчээр анх ажилд ороод 2002 оноос эхлэн хүний нөөцийн хангалтын мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар тэтгэвэрт тогтоолгох насанд хүрч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөгдсөн.

Ажлаас чөлөөлөгдсөний дараа ажил олгогч Э******* газраас та буцаад Хүний нөөцийн мэргэжилтний ажлыг үргэлжлүүлэн хийгээч гэх санал тавьсныг хүлээн авч харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн.

Тухайн ажил үүргийг гүйцэтгэж байтал Э******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Г******* нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн ба уг тушаалыг надад гардуулан өгөлгүй байсаар байгаад 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Э******* газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.М*******аас гардан авсан. Тушаал гарсан цаг хугацаанаас хойш тушаалаа гардан авч танилцах хүртэл хугацаанд тушаалын үндэслэл, яагаад хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгаан нөхцөлийг асууж лавлан уулзах гэхээр Г******* дарга уулздаггүй, утсаа авдаггүй байсан.

Тушаалыг миний хувьд хууль зүйн үндэслэлээ зөв баримтлан гаргаагүй, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болох нөхцөлүүдийг тодорхойлон зааж тохиролцсон ба гэрээгээр тохиролцсон зүйлүүдийн аль нэгийг тушаалдаа тусгаагүй, мөн Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах заалтуудын аль нэгийг үндэслэл болгон тушаалд заагаагүй нь тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй цаашлаад миний хувьд тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд өмнө нь ажлаасаа чөлөөлөгдсөн атал ахин Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтыг баримталсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар тусгайлан хуульчилсны дагуу би ажиллаж хөдөлмөрлөж байсан ба ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох тохиолдолд тус хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой байсан.

Иймд Ө******* аймгийн Э******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгон, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 8 446 804 төгрөгийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү. Цаашид нэхэмжлэлийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хугацааны цалинг тухай бүр нэмэгдүүлэн нэхэмжилнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс ажлын 45 хоногоор бодож ээлжийн амралтаа авсан, 04 дүгээр сарын 24-ний өдөр ажилдаа орох байсан боловч эмчилгээ хийлгэсэн учир 05 дугаар сарын 01-ний өдөр эмнэлгийн хуудас дуусаад ажилдаа орох болсон. Гэтэл 05 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн үед Б.Г******* дарга надтай холбогдоод та тэтгэвэртээ хэзээ гарах вэ, ажлаа хэзээ хүлээлгэж өгөх вэ гэсэн асуудал ярьсан. Бид дахин холбогдоогүй. Би 08 дугаар сарын 24-ний өдөр өөрөө очиж хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг авч танилцсан. Энэ тушаалийг хуулийн зүйл заалтаа зөв үндэслээгүй байна гэж би дүгнэсэн.

Учир нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан заалтуудыг заавал тусгах ёстой. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46.2 дахь заалтыг баримталсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн ч Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн дагуу ахмад настны хөдөлмөрийг эрхэлж байгаа гэж ойлгосон. Гэтэл энэ тушаалд ахмад настныг ажиллуулах талаар зохицуулсан заалтыг оруулаагүй байсан.

Тушаал гаргахдаа надад хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдээгүй, надад ийм үндэслэлээр чөлөөллөө, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тушаалаа танилцуулаагүй. Харин та ажлаа хүлээлцэх үү, хэзээ ажлаа хүлээлцэх вэ гэсэн. Өнөөдрийг хүртэл надад ажил хүлээлцэх тушаалаа танилцуулаагүй байгаа учраас энэ тушаал нь хуулийн үндэслэлгүй, зөв гараагүй тул нэхэмжлэл гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалинг 9 сар 13 хоногоор тооцож, 13 548 351 төгрөг нэхэмжилж байна.

Э******* газрын төрийн жинхэнэ албаны орон тоо гэдэг нь тус газрын хүний нөөцийн хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаал байгаа. Намайг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахдаа хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн орон тоон дээр авсан. Хоёр ялгаатай орон тоо байгаа. Түр орон тоо гэж яриад байна. Байгууллага надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээнд хугацаа зааж өгөөгүй. Сул орон тоо гэж байгаа нь миний албан тушаалаас гадна тэр сул орон тоо байсан гэж би үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1, 48.1, 49, 50 дугаар зүйлүүдэд заасан нийтлэг зохицуулалтаар Ц.М******* нь Э******* газрын Хүний нөөцийн мэргэжилтэн гэх албан тушаалд цалингийн шатлалыг ТҮЭМ-4-5-д зааснаар 759 541 төгрөгөөр тохиролцон ажиллаж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөр албан тушаал яриад байгаа учраас үүнийг тодотгож хэлнэ. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Ц.М*******ыг ажиллуулахгүй гэсэн бөгөөд тушаалыг нь гардуулаагүй, тушаалынхаа үндэслэлийг тайлбарлаагүй, шийдвэрийн нэг хувийг гардуулаагүй нөхцөл байдал үүссэн. Ингэж явсаар 08 дугаар сард тушаалаа гардаж авсан.

Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ингэхдээ уг ажлаас халсан тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дугаар зүйл гэсэн хоёр зүйл заалтыг үндэслэн гаргасан. Э******* газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгоод урьд эрхэлж байсан Хүний нөөцийн мэргэжилтэн гэх албан тушаалдаа эгүүлэн тогтоолгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2, 61.2 дахь хэсэгт зааснаар үндэслэлээ тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин нийт 13 548 351 төгрөг нэхэмжилж байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа албан тушаалын нэршлийг буруу бичсэн байдаг. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 тушаалаар Хүний нөөцийн мэргэжилтнээр ажилд авсан байдаг. Харин хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохдоо өөрийн хийж байснаас өөр албан тушаалаас чөлөөлөгдсөн. Энэ тушаал хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Бид Хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг дээр ярилцаж, энэ маргааныг шийдвэрлүүлэх гэж байгаа учраас мэргэшил буюу ажлын нэршлийг өөр нөхцөл байдлаар хариуцагч талаас маргаад байгааг дурдъя.

Хөдөлмөрийн тухай хуулийн 145.1 дэх хэсэгт ахмад настан хөдөлмөр эрхэлж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл ахмад настан Ц.М*******ад санал тавьж байгаа байдал хууль зөрчөөгүй. Эндээс дүгнэхэд уг харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар байна. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бий болоод цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулиараа зохицуулах тухай хууль эрх зүйн зарчимдаа тусгасан байна. Ажил олгогчийн зүгээс Ц.М*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох саналыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хэд хэдэн үндсэн нөхцөлийн аль нэгийг баримталж ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн харилцааг дуусгавар болгох байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулиа баримталж тушаалаа гаргаагүй байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэлтэй байна.

Ц.М******* нь Хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа гэдэгтэй маргахгүй байгаа үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдсон. Албан тушаалын нэршлийг Хүний нөөцийн мэргэжилтэн гэдгээр тайлбарлаж, хүлээн зөвшөөрөөд байдаг. Харин түр хугацаа гэдгийг сул орон тоон дээр Ц.М*******ыг ажиллуулж байсан гэх талаар бас маргахгүй. Бидний зүгээс сул орон тоо гэдгээр маргаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.5 дахь хэсэгт түр ажлын байранд ажиллуулах зохицуулалт байдаг. Б/04 тушаалынхаа үндэслэлийг хариу тайлбартаа хэлэхдээ Коронавируст халдварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэж шийдвэрлэсэн бөгөөд хууль нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл хууль хүчингүй болсон учраас Ц.М*******ыг түр хугацаагаар авсан учраас ажиллуулах шаардлага байхгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндсэн нөхцөл бүрдсэн гэх тайлбар хэлдэг.

Үүнд хариу тайлбар хэлэхэд нэгэнт хууль хүчингүй болсон бол тухайн холбогдох зүйл заалтаа баримтлаад явах тухай хуульд хуульчилж өгсөн байдаг. Хөдөлмөрийн гэрээний тушаалд заасан түр хугацаа дууссан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхад өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэж эрх зүйн харилцааг дуусгавар болгож байгаа нь өөрөө эрх зүйн үндэслэлгүй. Дараа нь тогтоол дээр төрийн захиргааны албан тушаал, Э******* газрын хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр М******* гэх хүний нэрийг дэвшүүлсэн гээд байгаа нь Хүний нөөцийн менежер гэх албан тушаалд М*******ыг дэвшүүлээгүй байна. Тэгэхээр Хүний нөөцийн менежер гэх сул орон тоонд захиалга өгөөд, нэр дэвшүүлж байна уу гэхээр үгүй юм. Тэгэхээр хариуцагч талын хэлж байгаа Ц.М*******ыг хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ тушаал дээрээ тусгаж өгөөгүй байгаа нь энэ тушаал эрх зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл тушаалдаа төрийн албаны шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй гэх үндэслэлээ зааж өгөөгүй. Эдгээр нөхцөл байдлаас харахад хариуцагчийн зүгээс хэргийн хүрээнд шүүх хуралдаанд гаргаж байгаа нөхцөл байдлууд хуульд нийцээгүй, тушаал дүрэм журмын дагуу гараагүй, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг эрх зүйн үндэслэлгүй цуцалсан. Нэхэмжлэгч нь Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэшлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаалд томилогдох гээд байгаа биш. Энэ албан тушаал дээр нэхэмжлэлээ гаргаагүй, захиргааны хэрэгт хамааралгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө******* аймгийн Д******* сумын **-р багийн иргэн Ц овогтой М*******ын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч Ц.М******* нь Ө******* аймгийн Э******* газарт Төрийн захиргааны албан тушаалын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Э******* газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалтад зааснаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөний дараа Э******* газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар хүний нөөцийн мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан түр хугацаагаар томилогдсон.

Уг тушаал нь Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэсэн бөгөөд тус хууль нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон. Мөн нэхэмжлэгч Ц.М******* нь Төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр тэтгэврээ тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн тул Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27.1.2 дахь заалт, 27.2 дахь хэсэгт заасны дагуу Ө******* аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл рүү сул орон тооны захиалгыг хүргүүлсэн.

Захиалгын дагуу төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтад орж тэнцэн хамгийн өндөр оноо авсан Г.М*******ыг Э******* газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай Ө******* аймаг Төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, 20 дугаартай тогтоолын хамт ирүүлсэн. Энэхүү тогтоолын дагуу Э******* газрын хүний нөөцийн мэргэжилтнийг түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэж байсан Ц.М*******ыг ажлаас чөлөөлж, төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтад тэнцэн, хамгийн өндөр оноо авсан Г.М*******ыг Э******* газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон. Нэхэмжлэгч Ц.М******* нь энэ талаар нэхэмжлэлийн утгад огт дурдаагүй, мөн Э******* газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаал нь Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг үндэслэсэн буюу хүчингүй болсон хуулийн заалттай, Төрийн захиргааны албан тушаалыг хөдөлмөрийн гэрээ байгуулж түр хугацаагаар гүйцэтгэж байсан нь анхнаасаа хууль зөрчсөн томилгоо байсан.

Төрийн захиргааны албан тушаалыг хөдөлмөрийн гэрээ байгуулж түр хугацаагаар томилдоггүй бөгөөд зөвхөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27.1.2 дахь заалт, 27.2 дахь хэсгийн дагуу сул орон тоог нөхөх тусгай шалгалтын дагуу сонгон шалгаруулж Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн нэр дэвшүүлэх тухай тогтоолын дагуу томилдог. Иймд Ц.М*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М*******ын эрхэлж байсан албан тушаал нь Төрийн албаны хуулиар төрийн жинхэнэ албан тушаал болох Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан гэсэн албан тушаал юм. Төрийн жинхэнэ албан тушаалыг яаж нөхдөг вэ гэхээр эхлээд тухайн байгуулагад ажиллаж байгаа хүнээс, байхгүй бол өөр газар ажиллаж байгаа хүнээс албан тушаалын тодорхойлолт таарч байвал шилжүүлэн томилох, дараа нь төрийн албаны нөөцөд байгаа хүнээс томилох, хэрвээ эдгээрт байхгүй бол тухайн байгууллага төрийн албаныхаа салбар зөвлөл рүү сул орон тооны захиалгаа хүргүүлж, үүний дагуу тусгай шалгалт явуулж сул орон тоог нөхдөг. Нэхэмжлэгч Ц.М*******ын албан тушаал төрийн захиргааны албан тушаал учраас Төрийн албаны тухай хуулиараа сонгон шалгаруулалт явуулж нөхөх байсан.

Манай байгууллагад хүний нөөцийн албан тушаалын сул орон тоо гарахад Төрийн албаны салбар зөвлөл рүү тухай бүрт нь сул орон тооны захиалга хүргүүлж байсан. 2023 оны 01 дүгээр улиралд сул орон тооны захиалга хүргүүлээд, Төрийн албаны салбар зөвлөлөөс бүртгүүлсэн хүмүүсийн албан тушаалын тодорхойлолт, нийтлэг болон тусгай шаардлага хангаж байгаа эсэхийг нягтлан үзээд шаардлага хангахгүй бол шалгалтад оруулахгүй. Шаардлага хангасан хүмүүсийг шалгалтад оруулж, хамгийн өндөр оноо авч тэнцсэн хүнийг тухайн байгууллага руу нэр дэвшүүлэх тогтоол хүргүүлдэг. Үүний дагуу нэг хүн тэнцээд Төрийн албаны салбар зөвлөлөөс тогтоол болон чиглэл хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн. Шийдвэрээ 30 хоногийн дотор Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлхийг тогтоолдоо дурдсан байсан. Үүний дагуу манай сул орон тоо нөхөгдөж байгаа учраас хөдөлмөрийн гэрээ байгуулан түр ажиллаж байсан Ц.М*******ыг чөлөөлөхөөс өөр аргагүй болсон. Ц.М******* нь 02 дугаар сард ээлжийн амралтаа аваад 04 дүгээр сарын 21-ний өдөр орж ирэх байсан. Үргэлжлүүлээд 10 хоногийн акт өгсөн. 05 дугаар сарын 01-ний өдөр ирэх байсан ажилдаа ирээгүй. Төрийн албаны салбар зөвлөл рүү 30 хоногийн дотор хариугаа явуулах байсан хугацаа хэтэрсэн байсан тул тухайн хүнийг албан тушаалд нь аваад Ц.М*******ыг чөлөөлсөн. 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж түр хугацаагаар авсан. Түр хугацаа гэдэг нь тухайн сул орон тоо нөхөгдөх хүртэл хугацаа гэж ойлгож болно. Иймд тухайн үед түр ажилллаж байсан Ц.М*******ыг чөлөөлсөн асуудал бий болсон.

Манайд Хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн орон тоо байдаггүй. Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо л байгаа. Энэ нь төрийн захиргааны албан тушаал. Төрийн захиргааны албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөл баталдаг. Энэхүү Төрийн албаны зөвлөлөөр батлуулсан албан тушаалын тодорхойлолт хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан байгаа. Үүнд Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаал ТЗ-5 дугаар шатлалаар цалинжина гэж тодорхой заасан. Угаас манай бүтэц орон тоонд байхгүй Хүний нөөцийн мэргэжилтэн гэх шинэ орон тоон дээр авсан байсан. Хавтаст хэргийн 56, 57 хуудаст авагдсан Э******* газрын даргын бүтэц орон тоог баталсан тушаал дээр 58 дугаар хуудсанд Хүний нөөцийн мэргэжилтэн, ард талд нь ТЗ-5 гэж бичсэн байгаа. Гэтэл цалингаа ТҮЭМ-5 шатлалаар өгөөд байсан. Энэ албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаал биш. Иймд төрийн жинхэнэ албан тушаал нь төрийн албаны шалгалт өгөх, сул орон тоо нөхөгдөх гэж өмнөх тайлбартаа хэлсэнээр Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана. Хөдөлмөрийн тухай хуулиар энэ албан тушаал зохицуулагдахгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагважанцан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хөдөлмөрийн тухай хуульд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулснаас гадна Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлд ч гэсэн зохицуулсан. Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Энэ утгаараа Төрийн албаны тухай хууль Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөөд хамт хэрэглэх нь хэм хэмжээний нэг арга. Мөн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ө******* аймгийн Э******* газрын даргын Б/62 тушаалаар Ц.М******* нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөөлөгдсөн талаар талууд маргадаггүй. Маргаагүй үйл баримтыг тогтоогдсон үйл баримт гэж үздэг. Энэ ажлаас чөлөөлсөн тушаал өнөөдөр хүчин төгөлдөр бөгөөд талууд маргаагүй. Энэхүү тушаал хүчин төгөлдөр байхад буцаад төрийн албанд томилогдох боломжгүй. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлага хангасан иргэнийг томилно гэж заасан. Тус хуулийн 22.1.6 дахь хэсэгт энэ хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч маань Төрийн албаны тухай хуулийн 46.2.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөгдсөн буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тушаал нь хүчин төгөлдөр байгаа тул ажил албан тушаалд эргүүлж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагадаа Хүний нөөцийн мэргэжилтэн ажил, албан тушаалд томилуулна гэж тайлбарласан. Гэтэл ийм ажлын байрны тодорхойлолт буюу сул орон тоо Ө******* аймгийн Э******* газарт байхгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хувийн эрх зүйн харилцаа гэж тайлбар гаргадаг бол хариуцагчийн зүгээс нийтийн эрх зүйн харилцаа гэж хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгтээ дурддаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Ө******* аймгийн Э******* газрын Хүний нөөцийн мэргэжилтэн ажил, албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах шаардлага гаргадаг. Гэтэл дээрх албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь хэсэгт заасан Төрийн захиргааны албан тушаал буюу тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан Төрийн жинхэнэ албан тушаал. Төрийн жинхэнэ албан тушаалтныг ажилд эргүүлэн томилох асуудлыг харъяаллын дагуу Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж хариуцагчийн өмгөөлөгч би үзэж байна.

Хэрэв хувийн эрх зүйн маргаан гэж үзэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа буюу шаардах эрхийн хугацаа дууссан байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаалыг эс хүлээн зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаад, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооноос 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 376 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн байдаг. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад 2023 оны  09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Иймд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

...Түүнчлэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Ө******* аймгийн Э******* газрын Б/62 тоот тушаалаар өөрийнх нь хүсэлтээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ө******* аймгийн Э******* газрын Төрийн албаны салбар зөвлөл рүү төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны мэдээллийг 2022 оны 01 дүгээр сард хүргүүсэн байдаг. Тус сул орон тоон дээр Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх санал ирэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч Ц.М*******ыг ажиллуулахаар ажил олгогч, ажилтан хоёр тохиролцсон. Нэгэнт тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн учраас өмнөх ажлын байрны тодорхойлолтоор тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас хөдөлмөрийн гэрээ байгуулаад авсан. Өөрөөр хэлбэл төрийн албаны байгууллага хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр харилцаа явагдах учиргүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манайх энэ тал дээр алдаа гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан байна гэж тайлбарласан.

Маргаан бүхий акт буюу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож байгаа тогтоол маань энэ алдаатай зүйлээ засаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалаа хэрэгжүүлээд явах нөхцөл байдал үүссэн байдаг. Ө******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр сул орон тоонд нэр дэвшүүлэх тухай тогтоолоор Г.М*******ыг Э******* газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр нэр дэвшүүлж санал ирүүлсэн. Энэ санал ирснээр Ц.М*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нөхцөл байдал бүрдсэн учраас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байгаа. Нэхэмжлэгч төрийн албанд ажиллах насны дээд хязгаар хүртлээ ажиллах хүсэлтээ төрийн албанд гаргаагүй, ажил олгогч санал тавиад ажилласан гэх тайлбар хэлсэн. Нэгэнт Төрийн албаны зөвлөлөөс сул орон тоонд нэр дэвшүүлээд явуулсан учраас нэхэмжлэгчтэй байгуулсан түр хугацаа хэрэгжсэн учраас хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна.

Тиймээс нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан гэх нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа нөхцөл байдал үүсээгүй. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалт нь хэрэв төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлт гаргасан бол байгууллага хүсэлтийг хүлээн авч мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, э******* байдал зэргийг харгалзан дээд хязгаар хүртэл ажиллуулж болно. Ажиллуулахгүй ч байх боломжтой зохицуулалт байгаа. Гэтэл Ц.М******* нь өөрөө үргэлжлүүлж ажиллах хүсэлтээ өгөөгүй учраас төрийн албанаас чөлөөлсөн буюу Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн лавлагаа, Ө******* аймгийн Э******* газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаартай “Ц.М*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах тухай” тушаалын хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, Ө******* аймгийн Э******* газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаартай “Ц.М*******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалын хуулбар, Ө******* аймгийн Э******* газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 481 дугаартай тодорхойлолт, Ц.М*******ын цалингийн карт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын лавлагаа, Ө******* аймгийн Д******* сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 595, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 756 дугаартай албан тоотууд, Ө******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1583 дугаартай захирамж, Ө******* аймгийн Э******* газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 627 дугаартай албан тоот, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,  

Хариуцагчаас: Ө******* аймгийн Э******* газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 742 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, Ө******* аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай албан тоот, 20 дугаартай тогтоолын хуулбар, албан тушаалын тодорхойлолт, Ө******* аймгийн Э******* газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаартай албан тоот, Ө******* аймгийн Э******* газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаартай тушаалын хуулбар, түүний нэгдүгээр, хоёрдугаар хавсралтын хуулбарууд, Ө******* аймгийн Э******* газрын гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны захиалгын хуулбар, Ө******* аймгийн Э******* газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/62 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.М******* нь Ө******* аймгийн Э******* газарт холбогдуулан тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Э******* газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

“...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан, тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд өмнө нь ажлаасаа чөлөөлөгдсөн атал дахин Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтыг баримталсан нь үндэслэлгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд зааснаар ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн дагуу ажиллаж байсан тул дээрх зүйлд заасан үндэслэл, журмыг баримтлах ёстой. Мөн Э******* газрын төрийн жинхэнэ албаны орон тоо гэдэг нь тус газрын хүний нөөцийн хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаал байгаа. Намайг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахдаа хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн орон тоон дээр авсан. Хоёр ялгаатай орон тоо” гэж тайлбарладаг.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

“...Ц.М******* нь төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр тэтгэврээ тогтоолгон ажлаас чөлөөлөгдсний дараа хөдөлмөрийн гэрээ байгуулан түр хугацаагаар томилогдсон. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.2-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл рүү сул орон тооны захиалгыг хүргүүлсний дагуу төрийн албаны тусгай шалгалтад Г.М******* орж тэнцэн хамгийн өндөр оноо авсан тул сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолын дагуу Э******* газрын хүний нөөцийн мэргэжилтнийг түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэж байсан Ц.М*******ыг ажлаас чөлөөлж, Г.М*******ыг тус газрын хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж эс зөвшөөрч маргадаг.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т ажилтан хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад шүүхээс өмнө х******* эрхтэй талаар заасан.

 

Ө******* аймгийн Э******* газарт хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Д******* суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо тус тус байгуулагдаагүй болох нь хэрэгт авагдсан тус газрын албан бичгүүдээр тогтоогдож байна. 

 

Ц.М******* ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон э******* даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай гомдлоо тус шүүхэд 2023 оны 09 сарын 26, 11 сарын 27-ны өдрүүдэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.8-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх, мөн хэргийн харьяаллын талаар талууд маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд х******* эрхтэй талаар заажээ. Энэ нь хөдөлмөрийн эрхийн дээрх төрлийн маргааныг шийдвэрлүүлэх харьяаллыг ажилтан өөрөө сонгох боломжийг олгосон зохицуулалт юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөний дараа ажиллаж байсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосныг эс зөвшөөрч тус шүүхэд хандсан тул харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 

5. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ц.М******* нь 1999 онд Ө******* аймгийн Э******* газарт ажилд орсноос хойш 22 жил ажиллаж байгаад тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн хүний нөөцийн хангалт мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэний албан тушаалаас өөрийн хүсэлтээр 2021 оны 12 сарын 31-ний өдрөөс чөлөөлөгджээ.

 

Төрийн жинхэнэ албан хаагч Ц.М******* нь дээрх 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан үндэслэлээр буюу тэтгэвэрт тогтоолгох насанд хүрч өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.

 

Гэвч Ө******* аймгийн Э******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар Ц.М*******ыг Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэний албан үүргийг гүйцэтгүүлэхээр түр хугацаагаар томилж, талууд мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

Улмаар Ө******* аймгийн Э******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалаар Ц.М*******ыг Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэний албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

 

Зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

6. Зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хугацаа дуусгавар болсон эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Мөн талууд Ө******* аймгийн Э******* газрын Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн “Хүний нөөцийн мэргэжилтэн”, “Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн” гэх албан тушаалууд нь өөр хоорондоо ялгаатай гэж маргаж байна.

 

7. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.8, Ө******* аймгийн Э******* газрын даргын 2022 оны 01 сарын 03-ны өдрийн А/01 дугаартай тушаал, түүний хавсралтад зааснаар Э******* газрын Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаал нь төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаал бөгөөд дэс түшмэлийн ангилалд хамаарна.

 

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 287 дугаартай тогтоолын 14 дүгээр хавсралтаар Ө******* аймгийн Э******* газрын Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн албан тушаал нь дэс түшмэл, ТЗ-5 ангилалд хамаарч байна.

 

Иймд ажил олгогч нь Ө******* аймгийн Э******* газрын Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн /хүний нөөцийн мэргэжилтэн/ буюу төрийн захиргааны албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйл, мөн зүйлийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан болзол шаардлагыг хангасан иргэнийг томилох үүрэгтэй.

 

Гэвч Ө******* аймгийн Э******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар Ц.М*******ыг Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтнээр түр хугацаагаар ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан ба ингэхдээ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэжээ.

 

8. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, мөн зүйлийн 33.7-д “Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулна”, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т “Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл ажил олгогчоос Ц.М*******ыг Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтнээр 2022 оны 01 сарын 03-ны өдрөөс түр хугацаагаар томилсон буюу төрийн албаны тусгай шалгалт явагдаж, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.5, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлсон хугацаатай хөдөлмөрийн харилцаа үүсэж, хугацааг сунгахгүй тохиолдолд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох агуулгатай байна.

 

Учир нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан нөхцөл байдлын улмаас ажил олгогч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага хангаагүй Ц.М*******ыг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж, хугацаатай томилсныг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зйүлийн 28.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо тодорхой хугацаа заахгүй” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн хугацаа тоолох журмыг зохицуулан хуульчилжээ.

 

Ийнхүү ажил олгогчоос Төрийн албаны салбар зөвлөлд тус газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны захиалгыг хүргүүлж, Ө******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолд Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан Г.М*******ыг Э******* газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тул 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс Г.М*******ыг томилж, мөн өдрөөс Ц.М*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

 

9. Ө******* аймгийн Э******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасныг үндэслэн Ц.М*******тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс эхлэн дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

 

Ц.М******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа зохих зүйл заалтыг баримтлаагүй, мөн хуулийн 145 дугаар зүйлд заасан ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох зохицууллалтыг хариуцагч зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон боловч уг хуулийн зохицуулалтууд энэхүү маргаанд хамаарахгүй, энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа нэгэнт хугацаатай байгуулагдсан тул уг хугацаа болсноор дуусгавар болох учиртай, хугацаа дуусах нь талуудын хүсэл зоригоос үл шалтгаалсан үйл явдал ба дээрх үндэслэлээр гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн ажил олгогчийг буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэгч Ц.М*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан тул нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ө******* аймгийн Э******* газарт холбогдох “Ө******* аймгийн Э******* газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай Ц.М*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.М******* улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Ө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Б.ОТГОНСҮРЭН