| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/01335/И |
| Дугаар | 101/ШШ2024/01647 |
| Огноо | 2024-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2024/01647
| 2024 03 26 | 101/ШШ2024/01647 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ,,тоотод оршин суух, Боржигон овогт ийн ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн *******,*******, тоотод оршин суух, Тумбааш овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 13,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Н.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч С.******* нь Да хүрээ захад автомашины туслах материал, холбогдох сэлбэг худалддаг ажил эрхэлдэг. Н.******* нь бараа материал худалдаж авдаг, заримдаа зээлээр ч авдаг байсан. Н.******* нь 2022 оны 4 дүгээр сард 13,800,000 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг сав моторын тос уурхай руу явуулах гэж байгаа юм, таньдаг ахдаа өгнө гээд зээлж авсан. Тосны үнэ 13,800,000 төгрөгийг 10 хоногийн дотор өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр төлөөгүй. Н.*******тай уулзахад төлбөрийг хэсэгчилж төлнө гээд 7 хоног, 1 сарын баталгаа бүхий бичиг гаргаж өгсөн. Иймд 13,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.*******ээс 7 сав бүхий моторын тос авсан нь үнэн. Энэ тосыг би худалдаж аваагүй, би өөрийн танил н.Ариука ахад худалдахаар зуучилж өгсөн. С.******* эгч бид хоёр 10,300,000 төгрөгийн үнэтэй 7 сав моторын тосыг н.Ариука ахад 13,800,000 төгрөгөөр зарж, дундаас нь ашиг олохоор тохирсон юм. Уг тосыг н.Ариука ахын үйлдвэр дээр нь С.*******ийг дагуулж очоод мөнгийг энэ хүн төлнө хэмээн зааж өгсөн. С.******* мөнгөө нэхээд байхаар нь би өөрт байсан 1,800,000 төгрөг өгсөн. Та төлбөрөө авахаараа над руу буцаагаад шилжүүлчихээрэй гээд хэлсэн. Би өөрийн гараараа 13,800,000 төгрөгийг төлнө гэж бичиж өгсөн. Уг бичгийг намайг дарамталж байж бичүүлээгүй, би өөрийн сайн дураар бичсэн. Гэхдээ уг тосыг би худалдаж аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 Нэхэмжлэгчээс гаргасан Н.*******аас бичсэн гэх гараар бичсэн бичвэрүүдийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан 13,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Н.******* нь 2022 оны 04 дүгээр сард 13,800,000 төгрөгийн үнэ бүхий 7 сав бүхий моторын тосыг зээлээр худалдан авсан, төлбөрөө төлөхгүй байна гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...7 сав бүхий моторын тосыг би худалдан аваагүй, цаашаа хүнд зарж өгөхөөр зуучилсан гэж тус тус тайлбарлаж, маргаж байна.
3.1. Хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтад ...хүсэлт бичих нь ******* ******* би 2022 оны 04 сард өөрийн танил ******* эгчээс 13,800,000 төгрөгийн 7 поошиг тос зээлээд одоо хүртэл өгөөгүй байгаа учраас төлөх хугацааг 1 сар буюу 09 сарын 24-ний өдөр өгнөө. ******* ******* *******, 2023-08-24 гэж, мөн хэргийн 5 дугаар талд авагдсан баримтад ...Хүсэлт. ******* ******* би 2022 онд өөрийн танил ******* эгчээс 7 поошиг тос буюу 13,800,000 төгрөгийн өртэй нь үнэн. Иймд энэ өрийг ******* эгчийн охин *******т шилжүүлэн өгөх болно гэж тус тус гараар бичсэн баримт байна.
Шүүх хуралдаанд хариуцагч Н.*******аас ...дээрх гараар бичсэн баримтуудыг би бичсэн нь үнэн. Дарамт шахалтанд орж бичээгүй, өөрийн хүсэл зоригийн дагуу бичиж өгсөн гэж тайлбарласан.
Мөн хэргийн 6 дугаар талд авагдсан баримтад ...С.******* миний бие нь Да хүрээ зах дээр тос тосолгооны бүтээгдэхүүн зардаг бөгөөд 2022 оны 04 сард ******* овогтой Батцэнгэлд /*******/ 13,800,000 төгрөг бүхий бараа бүтээгдэхүүн буюу 7 почик тос тосолгооны бараа зээлээр 7 хоногийн хугацаатай авсан. Үүнээс хойш одоог болтол өгөөгүй байгаа нь үнэн. С.*******, Н.******* гэжээ.
Хариуцагч нь уг баримтад мөн өөрийн нэр, гарын үсгээ зурсан болохоо тайлбарлаж маргаагүй.
3.2 Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.*******, хариуцагч Н.******* нар нь харилцан тооцоо нийлж, Н.*******ын барааны үнэд төлвөл зохих төлбөрийн үлдэгдэл 13,800,000 төгрөг болохыг тогтоосон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Н.******* нь гэрээний зүйл болох моторын тосыг худалдаж авах зорилго байгаагүй, өөр хүнд худалдахаар зуучилж өгсөн гэж маргах боловч тэрээр барааны үнэ болох 13,800,000 төгрөгийг төлөхөө өөрөө илэрхийлж бичгээр баримт үйлдсэн байх тул түүний уг татгалзал үндэслэлгүй, уг татгалзлаа тэрээр баримтаар нотлоогүй.
3.3 Хариуцагч Н.******* нь бараа хүлээн авсанаас хойш 7 хоногийн дараа нэхэмжлэгч С.*******т 1,800,000 төгрөгийг төлсөн гэж маргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ...барааны үнэд 1,800,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан ба энэ тохиолдолд төлбөр төлсөн болохоо хариуцагч нь баримтаар нотлох үүрэгтэй.
Түүнчлэн хариуцагч Н.******* нь моторын тосыг худалдаж аваагүй гэж тайлбарлах атлаа тосны үнэд 1,800,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа нь зөрүүтэй, уг тайлбараа шүүхэд үндэслэл бүхий тайлбарлаагүй.
4. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч Н.*******аас 13,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгож шийдвэрлэх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасантай нийцнэ гэж шүүх дүгнэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 226,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 226,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*******аас 13,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 226,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 226,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ