Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2024/01658

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 26

101/ШШ2024/01658

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ,,, тоотод оршин суух, Шарнууд овогт ийн ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх *******,*******,, тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/-д холбогдох

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 3,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.******* оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

Хариуцагч шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2021 оны 6 дугаар сард ******* ХХК-ийн байгаль орчин хариуцсан ажилтнаар ажилд орсон. ******* ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нүүрсний уурхайд ******* ХХК-ийн уурхайн ажил гүйцэтгэдэг компани байгаа. Уг компанид 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан. Уул уурхайн ажил нь улирлын чанартай тул 11 сар хүртэл ажиллаад би өөр ажилд орсон. Нэг сарын цалинг 1,600,000 төгрөгөөр тохирсон. Би ажиллаж байх хугацаандаа 2021 Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон төлөвлөгөөг нь батлуулж өгсөн. Уг ажлын хөлс нь 2021 оны 10, 11 сарын ажлын хөлсөнд тооцогдож орсон. Гэтэл уг компани миний 2021 оны 10, 11 сарын цалин болох нийт 3,200,000 төгрөгийг өгөөгүй.

Мөн ажиллаж байх хугацаандөө илүү цагаар буюу шөнийн ээлжинд 2021 оны 10, 11 саруудад нийт 17 өдөр уулын мастераар ажилласан. Шөнийн ээлжинд ажиллавал нэг өдрийн 100,000 төгрөгийн хөлс өгөхөөр тохирсон юм. Нийт 17 өдрийн буюу 1,700,000 төгрөгийг өгөх ёстойгоос 2022 оны 02 сард 1,000,000 төгрөгийг өгч үлдэх 700,000 төгрөгийг өгөөгүй.

******* ХХК-ийн захирал Ц.*******аас цалингаа нэхэхээр удахгүй өгнө, ойлгож байгаа, мөнгө орж ирэхээр өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. ******* ХХК-иас 2021 оны 10, 11 сарын цалин 3,200,000 төгрөг, шөнийн ээлжийн цалингийн үлдэгдэл 700,000 төгрөг, нийт 3,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нь 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны бичиг, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, дансны хуулга,

3.2 Хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 3,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ХХК2021 оны 06 дугаар сараас 2021 оны 11 сарыг дуустал хугацаанд байгаль орчны ажилтнаар ажилласан, сарын цалинг 1,600,000 төгрөгөөр тохирсон, ажиллаж байх хугацаандаа уг компанийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг гаргаж, эрх бүхий байгууллагаар батлуулсан гэж тайлбарлаж байна.

Уг тайлбар нь нэхэмжлэгчээс хэрэгт гаргасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний баримтууд, М.*******ийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2021 оны 7 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл ******* ХХК-иас цалин гэх гүйлгээний утгаар 1,440,000 төгрөг, 1,200,000 төгрөг, 1,760,000 төгрөг, 1,600,000 төгрөг тус тус шилжүүлсэн үйл баримтаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчээс гаргасан ...миний гүйцэтгэж байсан ажил нь улирлын чанартай ажил байсан. 2021 оны 12 сард өвөл болж би өөр ажилд орсон гэх тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.1 Хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан, хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч шүүхэд хариу тайлбар, нэхэмжлэлийг үгүйсгэж няцаасан нотлох баримтыг ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2021 оны 10, 11 дүгээр сарын ажлын хөлс 3,200,000 төгрөг, 2021 оны 10, 11 дүгээр сард шөний ээлжинд нэмэлтээр ажилласны хөлсний үлдэгдэл 700,000 төгрөг, нийт 3,900,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлж шаардсаныг хариуцагч үгүйсгээгүй.

 

3.2 Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Ц.*******ад шүүх хуралдааны товыг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

4. Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний баримтуудад Хянасан: БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын мэргэжилтэн Ч.*******, Хэрэгжилтийг гаргасан: ******* ХХК-ийн БО-ны мэргэжилтэн М.*******, 2021 он гэж тус тус тусгагдсан болох нь тогтоогдож байна.

Мөн ******* ХХК-иас М.*******ид олгосон цалингийн гүйлгээний баримтаар уг компани нь нэхэмжлэгчийг байгаль орчны ажилтнаар ажиллуулж байсан үйл баримт тогтоогдсон.

Нэгэнт хариуцагч ******* ХХК нь шүүхэд нэхэмжлэлийг үгүйсгэсэн, няцаасан хариу тайлбар болон 2021 оны 10, 11 дүгээр сарын цалин олгосон, илүү цагийн хөлс олгосон талаарх нотлох баримтаа гаргаагүй, шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч М.*******ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 3,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******ид олгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 3,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******ид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ