Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар  2021/ДШМ/4

 

 

         

 

 

 

    2021            12            22                                          2021/ДШМ/4                             

 

 

Ю.Х, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батболд,

шүүгдэгч Ю.Хийн өмгөөлөгч А.Ганзориг,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/1090 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Н.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ю.Х, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2006 00624 1570 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овогт Югийн Х, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .................. дүүргийн ... дугаар хороо, ........................... дүгээр гудамжны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................../;

2. Б овогт Бы Б, ....... оны .... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нисэхийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... дүүргийн ... дугаар хороо, ................ дугаар гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................./;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/958 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Ю.Х, Б.Б нар нь бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 12- ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Бын хашаанд иргэн А.Гыг “Toyota crown” загварын автомашиныг чинь цагаан өнгийн “Toyota prius-30” загварын автомашинаар солилцъё, “Toyota prius-30” загварын автомашин 12 сая төгрөгийн барьцаанд байгаа, чиний “Toyota crown” загварын автомашиныг 4 сая төгрөгийн барьцаанд тавиад, үлдэгдэл 8 сая төгрөгийг 14 хоногийн дараа төлж барагдуулаад “Toyota prius-30” загварын автомашиныг чиний нэр дээр болгуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрсдийн эзэмшилд авч залилан, хохирогчид 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ю.Х, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Югийн Х, Б овогт Бы Б нарыг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Х, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан, шүүгдэгч Ю.Х, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ю.Х, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, энэ хэрэгт Ю.Х, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Ю.Х, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Н.Болормаа давж заалдах гомдолдоо: “...Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч, маргадаггүй бөгөөд хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно. Анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх шийтгэл оногдуулсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнгүй.

Иймд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн ялыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Болормаа өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс тэнсэх ял оногдуулахгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжтой байсан.” гэв.

Шүүгдэгч Ю.Хийн өмгөөлөгч А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно.” гэж заасан байдаг. Давж заалдах гомдол гаргаагүй учраас тусгайлан гаргах санал байхгүй.” гэв.

Прокурор Ц.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Н.Болормаагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ю.Х, Б.Б нар нь бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 12- ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Бын хашаанд иргэн А.Гыг “Toyota crown” загварын автомашиныг чинь цагаан өнгийн “Toyota prius-30” загварын машинаар солилцъё, “Toyota prius-30” загварын автомашин 12 сая төгрөгийн барьцаанд байгаа, чиний “Toyota crown” загварын машиныг 4 сая төгрөгийн барьцаанд тавиад, үлдэгдэл 8 саяыг 14 хоногийн дараа төлж барагдуулаад “Toyota prius-30” загварын автомашиныг чиний нэр дээр болгуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрсдийн эзэмшилд авч залилан, хохирогч А.Гт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч А.Гын “...Анх надтай Х холбогдсон. Фейсбүүк дээр “Toyota crown” загварын автомашин сонирхоно гэсэн зар байхаар нь би машинаа сонирхуулсан. ...Х анх “...энэ “Toyota prius-30” загварын автомашин 12.000.000 төгрөгийн зээлтэй байгаа, би чиний “Toyota crown” загварын автомашиныг аваад банк бусад 4.000.000 төгрөгөөр тавиад, үлдсэн 8.000.000 төгрөгийг арван хэд хоногийн дотор төлж дуусгаад, чиний нэр дээр шилжүүлээд өгье...” гэхээр нь би өөрийнхөө машиныг “Батжинбат” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлж, Хийн нэр дээр гэрээ хийлгэж 4.500.000 төгрөг авсан. Тэр мөнгөнөөсөө 4.000.000 төгрөгийг Бд өгсөн. “Toyota prius-30” загварын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй юм. Х руу утсаар нь залгаж асуухад өнөө маргаашгүй бүтэх гэж байгаа гэж явсаар байгаад 2019 оны 11 дүгээр сарын эхээр банк бус санхүүгийн байгууллагын хүмүүс ирээд миний машиныг хураана гэхээр нь ...би автомашины бичиг баримт, түлхүүрийг нь авч үлдсэн...” /хх 8-9, 10-11, 2 хх 17-18/,

гэрч Г.Тхын “...Манай компанид 2012 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Toyota crown” загварын 43-08 УБЧ улсын дугаартай автомашин тавигдсан байна. Уг машин тавигдах үед гэрээ байгуулсан. Одоо гэрээ нь байгаа. Уг машиныг Ю.Хийн нэр дээр гэрээ байгуулсан, уг машины эзэмшигч нь Ю.Х, өмчлөгч нь “Батжинбат” гэдэг манай компани байгаа юм...” /хх 17/,

гэрч Ж.Жын “...машиныг зарах гээд өөрийн найз болох Бд хэлэхэд авъя гэсэн бөгөөд би 14.000.000 төгрөгөөр зарахаар болоод 2.000.000 төгрөгийг бэлнээр авч 12.000.000 төгрөгийн барьцаанд байгаа төлөлтийг хийгээд аваарай гээд бичиг баримтыг шилжүүлэлгүй өгсөн юм... 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б нь Х гэгчид тухайн автомашиныг өгчихсөн байсан... Надтай ярихдаа “Toyota prius-30” загварын автомашиныг хүнд өгөөд явуулчихлаа, зээлийг нь удахгүй хаана гэж хэлж байсан... Банк бус санхүүгийн байгууллага нь надаас зээлийн төлөлт хийхийг удаа дараа шаардаад байхаар нь би тухайн машиныг Г гэж хүнд байгаа гэдгийг тухайн газрын хураан авдаг хүнд нь зааж өгөөд хураалгасан юм...” /хх 46/,

гэрч О.Огын “...Х замаараа Дарь-Эхэд гадаа гарааштай айлд очиж өөрийн машиныхаа голын хайрцгаас боодолтой мөнгө аваад буухад нь асуусан чинь Х машины мөнгө 4.000.000 төгрөг гэж хэлээд эргэж ирээд өгчихлөө гэж ирсэн...” /хх 139-144/,

гэрч Э.Мнийн “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр би 73-81 УНИ улсын дугаартай “Toyota prius-30” загварын машиныг “Тайкун” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас худалдаж аваад тухайн сарын 23-ны өдөр өөр хүнд зарсан...” /хх 146-147/,

гэрч М.Жны “...Х надаас таньдаг ломбард байна уу? гэж асуухад нь би “Батжинбат” ломбардад очиж тэндхийн таньдаг хүнтэй нь ярилцаж, кроун маркийн машиныг Хийн нэр дээр гэрээ хийж зээл гаргаж өгсөн. Х надад хэлэхдээ би энэ кроуныг худалдаж буюу “Toyota prius-30” загварын машинаар сольж авсан гэж байсан. Энэ машины үлдэгдэл мөнгийг гаргаж өгөх гэж байгаа гэж хэлсэн. Х 4.5 саяар тавьсан санагдаж байна...” /хх 154-157/,

гэрч Б.Мын “... Би 43-08 УБҮ улсын дугаартай “Toyota crown” загварын ...тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа. Уг машиныг 7.500.000 төгрөгөөр 2020 оны 9 дүгээр сарын 10-ны үед “Батжинбат” банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан машин байсан...” /хх 173/ гэх мэдүүлгүүд,

“Батжинбат-Ирээдүй” ХХК болон иргэн Ю.Х нарын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1902/364 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх 23/,

“Дамно” ХХК-ийн №Б32-20-919, №Б32-20-920 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан /хх 47-48/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ю.Х, Б.Б нарыг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Мөн анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Х, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна.”, 12.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно.” гэж тус тус хуульчилжээ. 

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ю.Х, Б.Б нарын үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарагдаж байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Н.Болормаагийн гаргасан “...2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн ялыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/1090 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Ю.Х, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

2. Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Н.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ                                      

 

                        ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ