Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2024/00090/И |
Дугаар | 130/ШШ2024/00209 |
Огноо | 2024-02-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 130/ШШ2024/00209
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Б. Хаяг: Б аймаг, Б сум, 5 дугаар багт орших суух, Хариуцагч: Ө. Хаяг: Б аймаг, Ө сум, 9 дүгээр багт оршин суух, Нэхэмжлэлийн шаардлага: Боодол өвс бэлтгэн нийлүүлэхээр болж урьдчилгаанд авсан мөнгө болох 1,500,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б , Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С , Хариуцагч Ө , Хариуцагчийн өмгөөлөгч Т , Орчуулагч Ж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б нь хариуцагч Ө -т холбогдуулан боодол өвс бэлтгэн нийлүүлэхээр болж урьдчилгаанд авсан мөнгө болох 1,500,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1.1 Миний бие хариуцагч Ө тэй 2022 оны 6 дугаар сард Б суманд Ц төсөлд ажиллахаар очиж манай дэлгүүрээр үйлчлүүлэх үед танилцсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сард би их хэмжээгээр боодол өвс авах шаардлагатай боллоо гэхэд Ө нь би Х ийн уурхайд түрээслүүлсэн том оврын машинтай, өвс хадаж зардаг таньдаг хүмүүс байгаа гэхээр нь би түүнээс өвс авахаар болж, тэр надад өвс авчирч өгөхөөр болж тохиролцсон. 1.2 Харин 2022 оны 8 дугаар сарын 20-ны үед мессенжерээр над руу боодол өвсний зургийг явуулахад нь би өвсний жинг асуусан. Тэгэхэд Ө нэг боодол өвс 20-25 кг жинтэй байна гэхээр нь би зөвшөөрөөд тухайн өвсийг авахаар болсон. Дараа нь Ө над руу залгаж олс аргамж, бүтээлэг гэх мэт юм авах шаардлагатай боллоо та урьдчилгаа болгоод 1,500,000 төгрөгийг шилжүүлээрэй гэхээр нь би түүнээс авах боодол өвсний урьдчилгаа болгож 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. 1.3 Тэгээд Ө над руу залгаад Х аймгаас гарах постоос өвсийг гаргахгүй байна, таны өвсийг дахин буулгаад явчихлаа, миний аав Н сумын гаралтай хүн, танд Н сумаас боодол өвс олж өгөөд авчраад өгнө гэсэн. 1.4 Дараа нь Ө ийн аав нь болох Х гэх хүн надад Н сумаас 1200 боодол өвс авчирч өгөхөөр болж 9,500,000 төгрөгийг шилжүүлээд авсан. Гэтэл тэрээр надад 1200 боодол биш 900 боодол өвс авчирч өгсөн тул өвсний үнийн зөрүү 450,000 төгрөгийг миний данс руу буцаагаад шилжүүлээд, тооцоогоо дуусгаад явсан. 1.5 Тухайн үед би Ө ийн ааваас нь Ө ийн надад өгөх ёстой 1,500,000 төгрөгийг өглөг нь байгаа гэхэд аав нь “Ө цалин нь буухаар таны тооцоог дуусгана гэж байсан, цалин нь буухаараа таны мөнгийг буцааж өгнө” гэсэн. Ө тэй ярих гээд утсаар залгахад утсаа авдаггүй. 12 дугаар сарын 01-ний өдөр утсаа аваад миний утсыг хүүхдүүд бариад өгөхгүй байгаа учраас таны залгасанд тэр бүр авч ярьж чадаагүй, таны мөнгийг бүрэн өгнө бүү санаа зовоорой гэж хэлсэн ч мөнгөө буцааж өгөөгүй. Ингээд явсаар байхад 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мессенжер дээр сууж байхаар нь залгахад бас таны мөнгийг удахгүй өгнө гэж хэлсэн боловч бас мөнгө өгөөгүй. 1.6 Тэгэхээр түүний Б суманд нэг төсөлд ажиллаж байсан учраас түүний ажилладаг газарт нь очоод Ө ирэхээр нь надад мэдэгдээрэй гэсний дагуу 2023 оны 6 дугаар сард Ө тэй уулзсан. Тэгэхэд Ө надад өөрийн асуудлуудаа хэлээд таны мөнгөний хагасыг өнөөдөр өгье, үлдсэнийг нь дараа нэг боломж гарахаараа өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед Ө таны мөнгийг миний эгч шилжүүлнэ гэж хэлсэн. Гэтэл тухайн өдөр мөнгө орж ирээгүй тул Ө тэй дахин ярихад эгч ажилтай байгаад таны мөнгийг шилжүүлж чадаагүй юм байна гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлээгүй, утсаа авахгүй алга болсон. 1.7 Иймд Ө нь боодол өвс нийлүүлэхээр болж надаас урьдчилгаанд авсан мөнгө болох 1,500,000 төгрөгийг одоо хүртэл авч чадаагүй учраас хариуцагч Ө ээс 1,500,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв. 2.Хариуцагч Ө ийн хариу тайлбар, татгалзал: 2.1 Миний бие Б суманд Н компанид авто механик операторчоор ажиллаж байсан юм. Тухайн үед нэхэмжлэгчийн дэлгүүрт манай компанийн ажилчид орж гардаг, мөнгөтэй үед мөнгөөр, мөнгөгүй үед зээлээр юм авдаг байсан. Миний хажууд ажиллаж байсан хүмүүс дандаа хотын хүмүүс байсан учраас би тэд нартай цуг орж гараад орчуулга хийж өгөөд явдаг байсан юм. 2.2. Тэгээд явж байсан чинь Б надад би боодол өвс авмаар байна, их хэмжээгээр ачих машин байна уу гэхээр нь надад шаланз байна хэдэн боодол өвс авах юм вэ гэж асуусан. Тэгэхэд Б би мянгаас дээш боодол өвс авна гэсэн. Тэгэхэд нь би түүнд машин хайгаад хэрэггүй, надад машин байгаа гэсэн. 2022 оны 9 дүгээр сарын 28-нд байсан байх Б тай яриад урьдчилгаа мөнгө өгөөрэй газар дээрээ тохирохдоо нэг боодол өвсийг 2000 төгрөгөөр ачихаар тохирсон, тиймээс бензин тосны мөнгө урьдчилгаа 1,500,000 төгрөг өгөөрэй гэсэн юм Үүний дагуу 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр миний Х банкны 000 тоот дансанд 1.500.000 төгрөгийг Б урьдчилгаа гэж шилжүүлсэн болно. 2.3 Тухайн цагт миний машин Ө д байсан юм. Тэгээд Х аймгийн М суманд очоод хавтаст хэрэгт дээр авагдсан зургуудыг Б руу явуулсан. Газар дээрээс нь ачиж байгаа машины зураг явуулчихсан. Би ийм боодол өвс байна, ингээд ачиж байна хүмүүс гэсэн утгаар зураг явуулсан юм. Тэгээд тэр өвсийг газар дээрээс авах гэсэн чинь үнэ ханшийг нь тохиролцоогүй учраас ачиж чадаагүй. 2.4 Тиймээс би Х аймгийн М сумаас хоосон ирсэн юм. Дараа нь Б д Н суманд таньдаг хүмүүс байгаа, тэндээс өвс авчирч өгье гэхэд Б зөвшөөрсөн. Би Ө д ирсний дараа Б сум руу буюу ажил руугаа яваад өгсөн юм. Тэгээд манай аав Н сумаас очоод 9000 төгрөгөөр 1000 боодол өвс ачихаар болсон ч машинд нь багтаагүй учраас 950 боодол ачсан юм. Тэгэхээр нь үлдэгдэл 450 мянган төгрөг энэ хүний данс руу хийж өгсөн юм. 2.5 Манай аав Н сумаас өвс ачаад Б сум орохдоо тээврийн хөлсний мөнгө, түлшний мөнгө гээд Б аас нэг ч төгрөг аваагүй. Б нь манай аавтай тооцоо хийгээгүй. Яагаад гэх юм бол би Б аас авсан 1,500,000 төгрөгөөр бензин тос аваад ачааг нь буулгаж өгсөн юм. 2.6 Б надад тээврийн хөлсний мөнгө өгсөн ч одоо надаас өвсний үнэ гэж нэхэмжилж байгааг би зөвшөөрөхгүй. Манай аав Н сумаас ачиж ирсэн 950 боодол өвсийг Б сум дээр 2-3 газарт хувааж буулгасан юм. Буулгахдаа би өөрөө байсан юм. 430-450 боодол өвсийг Б өөрийнхөө хашаанд буулгаж авсан. Үлдсэнийг тэр Б сум Х гэх газарт 2-3 айлд хувааж буулгасан. Би нэхэмжлэгчээс боодол өвс авчирч өгнө гээд мөнгө төгрөг аваагүй. 1,500,000 төгрөгийг тээврийн хөлсний урьдчилгаа болгоод авч, дараа нь манай аав Н сумаас боодол өвс авчирч өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б ы Т банкны 000 тоот дансны 2022.08.24-ний өдрийн хуулга, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “А “ гэсэн фейсбүүк хаягтай харилцсан дуут захиа 4 хуудас, уг дуут захианы монгол хэл дээр орчуулсан орчуулга 2 хуудас, өвс ачсан машины фото зураг 2 хуудас, Б ы Т банкны 000 тоот дансны 2022.08.31-ний өдөр болон 2022.09.05-2022.09.06-ны өдрийн хуулга, өмгөөлөгч С тэй 2024.02.16-ны өдөр байгуулсан 69 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчтай мессенжерээр харилцсан дуут захиаг хөрвүүлсэн 1 ширхэг СД зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 4.Хариуцагчаас 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өмгөөлөгч Т тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Миний бие хариуцагч Ө тэй 2022 оны 6 дугаар сард Б суманд Ц төсөлд ажиллахаар очиж манай дэлгүүрээр үйлчлүүлэх үед танилцсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сард би их хэмжээгээр боодол өвс авах шаардлагатай боллоо гэхэд Ө нь би Х ийн уурхайд түрээслүүлсэн том оврын машинтай, өвс хадаж зардаг таньдаг хүмүүс байгаа гэхээр нь би түүнээс боодол өвс авахаар болж, тэр надад боодол өвс авчирч өгөхөөр болж тохиролцсон. Харин 2022 оны 8 дугаар сарын 20-ны үед мессенжерээр над руу өвсний зургийг явуулахад нь би өвсний жинг асуусан. Тэгэхэд Ө нэг боодол өвс 20-25 кг жинтэй байна гэхээр нь би зөвшөөрөөд тухайн өвсийг авахаар болсон. Дараа нь Ө над руу залгаж олс аргамж, бүтээлэг гэх мэт юм авах шаардлагатай боллоо та урьдчилгаа болгоод 1,500,000 төгрөгийг шилжүүлээрэй гэхээр нь би түүнээс авах боодол өвсний урьдчилгаа болгож 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Ө над руу залгаад Х аймгаас гарах постноос өвсийг гаргахгүй байна, таны өвсийг дахин буулгаад явчихлаа, миний аав Н сумын гаралтай хүн, танд Н сумаас боодол өвс олж өгөөд авчраад өгнө гэсэн. Дараа нь Ө ийн аав нь болох Х гэх хүн надад Н сумаас 1200 боодол өвс авчирч өгөхөөр болж 9,500,000 төгрөгийг шилжүүлээд авсан. Гэтэл тэрээр надад 1200 боодол биш 900 боодол өвс авчирч өгсөн тул өвсний үнийн зөрүү 450,000 төгрөгийг миний данс руу буцаагаад шилжүүлээд, тооцоогоо дуусгаад явсан. Тухайн үед би Ө ийн ааваас нь Ө ийн надад өгөх ёстой 1,500,000 төгрөгийг өглөг нь байгаа гэхэд аав нь “Ө цалин нь буухаар таны тооцоог дуусгана, цалин нь буухаараа таны мөнгийг буцааж өгнө” гэсэн. Ө т боодол өвсний урьдчилгаа болгож шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг одоо хүртэл авч чадаагүй уг мөнгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв. 7.Хариуцагч Ө нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: .... Б надад би боодол өвс авмаар байна, их хэмжээгээр ачих машин байна уу гэхээр нь надад шаланз байна хэдэн боодол авах юм вэ гэсэн. Тэгэхэд Б би мянгаас дээш боодол өвс авна гэсэн. 2022 оны 9 дүгээр сарын 28-нд байсан байх Б тай яриад урьдчилгаа мөнгө өгөөрэй газар дээрээ тохирохдоо нэг боодол өвсийг 2000 төгрөгөөр ачихаар тохирсон, тиймээс бензин тосны мөнгө урьдчилгаа 1,500,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр миний Х банкны 000 тоот дансанд урьдчилгаа гэж шилжүүлсэн. Тухайн цагт миний машин Ө д байсан юм. Тэгээд Х аймгийн М суманд очоод хавтаст хэрэгт дээр авагдсан зургуудыг Б руу явуулж, ийм өвс байна, ингээд ачиж байна хүмүүс гэсэн утгаар зураг явуулсан. Тэгээд тэр боодол өвсийг газар дээрээс авах гэсэн чинь үнэ ханшийг нь тохиролцоогүй учраас ачиж чадаагүй. Тиймээс би Х аймгийн М сумаас хоосон ирсэн юм. Дараа нь Б д Н суманд таньдаг хүмүүс байгаа, тэндээс боодол өвс авчирч өгье гэхэд Б зөвшөөрсөн. Тэгээд манай аав Н сумаас очоод 9000 төгрөгөөр 1000 боодол өвс ачихаар болсон ч машинд нь багтаагүй учраас 950 боодол ачсан юм. Манай аав Н сумаас өвс ачаад Б сум орохдоо тээврийн хөлсний мөнгө, түлшний мөнгө гээд Б аас нэг ч төгрөг аваагүй. Тэгэхээр нь үлдэгдэл 450 мянган төгрөг энэ хүний данс руу хийж өгсөн юм. Б нь манай аавтай тооцоо хийгээгүй. Яагаад гэх юм бол би Б аас авсан 1,500,000 төгрөгөөр бензин тос аваад ачааг нь буулгаж өгсөн юм. Би нэхэмжлэгчээс боодол өвс авчирч өгнө гээд мөнгө төгрөг аваагүй. 1,500,000 төгрөгийг тээврийн хөлсний урьдчилгаа болгоод авч, дараа нь манай аав Н сумаас боодол өвс авчирч өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.. 8.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд: 8.1 Нэхэмжлэгч Б нь өөрийнхөө Т банкны 000 тоот дансаар хариуцагч Ө ийн Х банкны 000 тоот данс руу 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр урьдчилгаа гэж 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тухайн дансны хуулгаа болон тухайн өдөр хариуцагч Ө ийн /фесбуук Х гэх аккаунтаас/ нэхэмжлэгчид 000 тоот дансыг явуулсан мессеж, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагчаас тухайн мөнгийг авсны хувьд маргаагүй, харин уг мөнгөний оронд эцэг Х нь Н сумаас 950 боодол өвс авчирч өгч тооцоо дууссан, Н сумаас өвс ачаад Б сум орохдоо тээврийн хөлсний мөнгө, түлшний мөнгө гээд Б аас нэг ч төгрөг аваагүй гэж маргажээ. 8.2 Гэтэл нэхэмжлэгч Б нь өөрийнхөө Т банкны 000 тоот дансаар нэхэмжлэгч Ө ийн эцэг нь болох Х Т банкны 000 тоот дансанд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 9,500,000 төгрөгийг Балдарганаас гэж шилжүүлж, улмаар Х нь 900-950 боодол өвс авчирч өгч, 450,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Х аас Т банкны 000 тоот данснаас нэхэмжлэгчийн Т банкны 000 тоот дансанд боодол өвсний үнэ гэж буцаан шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тухайн дансны хуулгаар тогтоогдож байна. 8.3 Нэхэмжлэгч Б нь хариуцагчийн эцэг Х -т 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 9,500,000 төгрөгийг шилжүүлж, улмаар Х аас 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 450,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн ба хэрэв нэхэмжлэгчийн хариуцагчид урьдчилгаа гэж шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг тухайн тооцоондоо оруулж тооцсон бол хариуцагч Ө ийн /фесбуук А гэх аккаунтаас/ нэхэмжлэгчид явуулсан дуут мессежинд “... Сайн байна уу өвгөн. Танаар юу байна? Юу хийж байна? Боодлыг боогоод ачиж байна. Би эндээс орой гарна. Боодолд ярих юм байхгүй. Тохиролцсоны дагуу шүү. Та 1000 л авах уу? 1000-аас дээш бас авах уу? Энд боодлын захиалга их байна. Сайн байна уу ах? Та сайн уу? Танаар юу байна? Бие нь сайн уу? Миний утас ингээд авагдахгүй болсон. Нэлээн хугацаа сүлжээгүй байлаа. Таван толгойн тэнд эсэн мэнд ажиллаж байна. Таны өмнө эвгүй боллоо. Мэдэж байна ах. Цалин буухгүй байна. Танд юу хэлэхээ мэдэхгүй байна? Наана чинь ажиллаж байсан цалингаа ч авч чадаагүй. Энд ажиллаж байгаа цалингаа удахгүй авна. Мэдэж байна ах. Нээх удаагүй. Цалин буусан өдөр өгнө. Таван толгой тийшээ байна. Сүлжээ заримдаа байдаг, заримдаа байдаггүй. Ярихад энд болохгүй байна. За ах, мэдэж байна. Хугацаа нь уртасчихлаа. Таны өмнө эвгүй боллоо. Боломжоороо хурдан шилжүүлнэ. Таны мөнгийг бүрэн бүтэн өгнө” гэх мессежээр нэхэмжлэгч Б аас Х аймгаас боодол өвс авчирч өгөхөөр болж урьдчилгаа гэж дансаар шилжүүлж авсан 1,500,000 төгрөгийг хариуцагч Ө өгөөгүй болох нь тогтоогдлоо. 9.Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар боодол өвс бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр өвс бэлтгэн нийлүүлэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. 10.Хариуцагч Ө ээс “Тухайн цагт миний машин Ө д байсан юм. Тэгээд Х аймгийн М суманд очоод хавтаст хэрэгт дээр авагдсан зургуудыг Б руу явуулж, ийм өвс байна, ингээд ачиж байна хүмүүс гэсэн утгаар зураг явуулсан. Тэгээд тэр өвсийг газар дээрээс авах гэсэн чинь үнэ ханшийг нь тохиролцоогүй учраас ачиж чадаагүй. Тиймээс би Х аймгийн М сумаас хоосон ирсэн юм” гэх тайлбар нь түүний фейсбуук А гэх аккаунтаас нэхэмжлэгчид явуулсан дуут мессежинд “... Сайн байна уу өвгөн. Танаар юу байна? Юу хийж байна? Боодлыг боогоод ачиж байна. Би эндээс орой гарна. Боодолд ярих юм байхгүй. Тохиролцсоны дагуу шүү” гэх мессежээр үгүйсгэгдэж байна. 11.Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч Ө ээс шүүх хуралдаанд “Энэхүү дуут мессежинд байгаа хоолой миний хоолой мөн байна. Гэхдээ би энэ дуут мессежинд цалин буухаар таны мөнгө өгье гэсэн үг маань нэхэмжлэгч Б ы дэлгүүрээс зээлээр авсан 50,000-60,000 төгрөгийн хүнсний мөнгийг төлж өгнө гэсэн агуулгаар явуулсан байсан. Гэтэл Б зарим мессежнүүдийг устгаад харилцан ярианы агуулгыг гуйвуулсан байна” гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбарын үндэслэлээ нотолж чадаагүй болно. 12.Иймд дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Б аас хариуцагч Ө нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Х аймгаас 1000 ширхэг боодол өвс авчирч өгөхөөр болж урьдчилгаанд 1,500,000 төгрөгийг өөрийнхөө Х банкны дансаар шилжүүлж авч, уг мөнгийг одоо хүртэл өгөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ө ээс урьдчилгаа гэж өгсөн 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 13.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ээс улсын тэмдэгтийн хураамжид 38950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ө ээс урьдчилгаа гэж шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ээс улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж
|