Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2024/00228

 

 

 

 

Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б, Хаяг:Б  аймаг, Ц сумын 3 дугаар багт оршин суух,

 

Хариуцагч: Е, Хаяг:Б  аймаг, Ц сумын 3 дугаар багт оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б  аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын 00 дугаар бүхий 700 м.кв талбайтай хаваржааны зориулалтай газраас хариуцагч Е ийн барьсан 26.5 м.кв талбайтай модон байшин болон 198.2 м.кв талбайтай малын чулуу хашааг тус тус албадан нүүлгэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч Б ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С ,

Хариуцагч Е ,

Хариуцагчийн өмгөөлөгч Б ,

Орчуулагч Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Е т холбогдуулан өөрийн эзэмшлийн Б  аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын 000  дугаар бүхий 700 м.кв талбайтай, “Ш ” 3 дугаар багт байрлах хаваржааны зориулалттай газрыг Е ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн газарт байршилтай малын хашаанд малаа оруулахгүй байхыг болон нэхэмжлэгчийн эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, тухайн газарт барьсан байшин болон малын хашааг албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа Б  аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын 000  дугаар бүхий 700 м.кв талбайтай хаваржааны зориулалтай газраас хариуцагч Е ийн  барьсан  26.5 м.кв талбайтай модон байшин, 198.2 м.кв талбайтай малын чулуу хашааг тус тус албадан нүүлгэх тухай болгож тодруулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж тайлбарлаж байна. Үүнд:

1.1 Миний бие анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд: Б  миний эзэмшлийн Б  аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай нэгж талбарын 000  дугаартай 700 м.кв талбайтай хаваржааны зориулалттай газраас хариуцагч Е ийн барьсан 26.5 м.кв талбайтай модон байшин болон 198.2 м.кв талбайтай малын чулуун хашаа зэргийг албадан нүүлгэж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. 

1.2 Би маргаан бүхий газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг. Малын эмч нар малчдад нэг нэгнээсээ зайтай суух нь халдварт өвчнөөс сэргийлэх арга болно гэж зөвлөгөө өгдөг учраас малчид бид нэг нэгнээсээ зайтай газарт хашаа хороогоо барьдаг. Гэтэл хариуцагч Е  нь миний эзэмшдэг хаваржааны зориулалттай газарт хууль бусаар хашаа хороо барьж миний газар эзэмших эрхийг зөрчиж байна. Миний бие өвчтэй байгаад, хүү маань нас бараад ажил явдалтай байсан учраас хэдэн жил тухайн газарт очиж сууж чадаагүй байсан юм. 

1.3 Гэтэл  миний тэр байдлыг ашиглан Е  миний газарт байшин, саравчтай хороо барьж авсан байна. Б  аймгийн Ц сумын Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 42 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 000  дугаар бүхий 700 м.кв газрыг 30 жилийн хугацаатай “Ш ” 3-р багт хаваржааны зориулалтаар надад 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон 00  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшдэг. Харин эцсийн байдлаар уг газар эзэмших гэрчилгээг 2024 оны 2 дугаар сарын 15-нд шинэчлэн авч хууль ёсны дагуу тухайн газрыг эзэмшиж байна.

1.4 Е ийн хадам ах нь болох М гэх хүний хашаа хороо тусдаа байдаг. 2015 онд надаас зөвшөөрөл авсны дагуу барьсан байсан. Харин хариуцагч Е  миний газарт ямар ч зөвшөөрөлгүйгээр байшин, саравчтай хороо зэргийг барьж миний газар эзэмших эрхийг зөрчиж байна.

1.5 Иймд шүүхээс миний эзэмшлийн тус аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын 000  дугаар бүхий 700 м.кв талбайтай хаваржааны зориулалттай газраас хариуцагч Е ийн барьсан 26.5 м.кв талбайтай модон байшин болон 198.2 м.кв талбайтай малын чулуу хашаа зэргийг албадан нүүлгэж өгөхийг хүсэж байна гэв.

2.Хариуцагч Е ийн хариу тайлбар, татгалзал: 

2.1 Миний бие Ц сумын 3 дугаар багт байршилтай Ш  гэх газарт байгаа маргаан бүхий хаваржаанд ямар ч хамааралгүй. 

2.2 Би 2018 онд Х тай гэр бүл болсон. Миний хадам ах болох М , А нар нь 2021 онд Ш т байгаа дээрх хаваржааны чулуу хашааг надад түр эзэмшиж бай гээд М нь хашааны саравчийг янзлаад зуслан руу гарч яваад 8 дугаар сард хадланд ирэхэд саравчийг буулгаж моднуудын нааш цааш нь болгоод тараагаад цацаад явсан байсан.

2.3 Дараа нь М 2022 онд тухайн хашааны саравчийг буцааж янзлаад тухайн газарт жижиг модон байшин барьсан. Хашааны саравч, модон байшин нь М ын хөрөнгө бөгөөд би тэнд түр сууж байна. М , А.А нар нь надад хэлэхдээ тухайн хаваржаа бидний аавын эзэмшлийн хаваржаа байгаа, чи түр ашиглаж бай гэсэн. Би тэрний дагуу тухайн хаваржааг түр ашиглаж байгаа. Тухайн хаваржааны үндсэн эзэн М байгаа.

2.4 Дээрх хүмүүсийн тайлбарлаж байгаагаар 1993-1994 онуудад Б  аймгийн Ц сумын А ХК-ийн мал хөрөнгийг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр тасалбараар хувьцаанд авсан байдаг. Т нь 1995 онд хувьцаагаа Д т худалдсан ба энэ талаарх гар баримт Д т байгаа. Х нь Д тай хамт тухайн хаваржаанд амьдарч байгаад 2009 онд нас барсан. Д  нь 2011 онд аймгийн төв руу нүүхдээ чулуун хашааны саравчийг буулгаж авч явсан ба чулуун хашаа тэнд үлдсэн. Д  аймаг руу нүүхдээ өөрийн ах А д би аймаг руу нүүж явж байна, та хаваржааны чулуун хашааг авч үлдээрэй гээд үлдээгээд явсан.

2.5 А  2015 онд мөн нас барснаас хойш түүний хүү М , А.А нар эзэмшиж ирсэн байдаг юм байна. Би энэ талаар М , А.А нараас сонсож мэдсэн. Тухайн маргаан бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг бөгөөд тэнд газрыг зөвхөн гэрээгээр ашигладаг. Тэнд газар эзэмшүүлэхийг хуулиар зөвшөөрдөггүй. Б  нь тэднээс ямар журмаар, яаж гэрчилгээ авсныг би мэдэхгүй. Нэгэнт тухайн хаваржааны газрын эзэн нь М учир тэр хүн хариуцах ёстой гэж үзэж байна.

2.6 Маргаан бүхий чулуун хороо нь миний хороо биш. Тухайн хороог барих материалыг миний хадам ах болох М гэж хүн гаргаж бариулсан. Нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлсон байна. Би энэ хэргийн хариуцагч биш учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Б  аймгийн Ц сумын Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 42 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 000  дугаар бүхий 700 м.кв газрын 30 жилийн хугацаатай “Ш ” 3-р багт хаваржааны зориулалтаар 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр газрын албан дарга, сумын газрын даамал К ээс олгосон 00  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Е , А , К , Б , Б  гэх хүмүүсийн бичсэн гэх тодорхойлолт, Б  аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б  аймгийн Ц сумын Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, уг захирамжийн хавсралт, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүгчээс татгалзан гарах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өмгөөлөгч С тэй байгуулсан 10 дугаартай өмгөөллийн гэрээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаартай албан бичгээр К ийг гэрчээр асуулгах хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар албан бичгээр гаргасан тайлбар, нэхэмжлэгч Б ын Ц сумын ЗДТГазрын дарга болон сумын Засаг дарга нарт гаргаж байсан хүсэлт, Б ын Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2022 оны тооллого, Б  аймгийн Ц сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25 албан бичгээр олгосон тодорхойлолт, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б  аймгийн Ц сумын Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 42 тоот шийдвэрийг үндэслэн Б  аймгийн Ц сумын 3-р баг ЦТ Ц газар байрлах нэгж талбарын 000 дугаар бүхий 700 м.кв газрыг өвөөлжөө, хаваржааны зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-00  дугаарт бүртгэж олгосон иргэний газар эзэмших эрхийн 00 0 тоот гэрчилгээ, уг гэрчилгээний дагуу Б  аймгийн Газрын харилцаа, Барилга хот  байгуулалтын газраас үйлдсэн Б ын 700 м.кв газрын кадастрын зураг, тухайн өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 00 дугаартай гэрээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б ын Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021-2022 оны, 2010-2015, 2017-2018, 2020 онуудын тооллого, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тухай зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна. 

4.Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, 2024.01.29-ний өдөр Ц сумын газрын даамлаас Е т олгосон тодорхойлолт, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан тайлбар, хариуцагчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өмгөөлөгч Б тэй байгуулсан өмгөөллийн гэрээ, хариуцагчийн өмгөөлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/03 дугаар албан бичгээр гаргасан хүсэлт, М  гэх хүний гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б  аймгийн Ц сумын А ХК-ийн хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр талбарыг баталгаажуулсан хөрөнгийн товчоо зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШЗ2024/00328 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, газрын үзлэгийн схем зураг, нэхэмжлэгч Б ын хаваржааны гэх газар байрлах болон маргаан бүхий газарт буй байшингийн болон хашаа хорооны фото зураг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШЗ2024/00481 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Б  аймгийн Ц сумын газрын даамлын шүүгчийн захирамжид ирүүлсэн хариу тайлбар, Б  аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын   даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаар албан бичиг, мэдээллийн санд байгаа гэх сумын Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар захирамжийн хавсралт, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр К ийг гэрчээр асуусан тэмдэглэл, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШЗ2024/00620 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Монгол алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга А ын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн  28 дугаар албан бичиг, Д , О нарын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШЗ2024/00668 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу тус аймгийн Ц сумын газын даамал Б ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШЗ2024/00863 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Б  аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Е ад “нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт үйлдүүлсэн газрын кадастрын зургаар хариуцагч Е ийн барьсан гэх байшин болон чулуун хашаа нь давхацсан эсэхийг өмнөх хийсэн газрын үзлэгийн схем зургийг ашиглан гаргасан схем зураг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...  миний бие маргаан бүхий газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг. Миний бие өвчтэй байгаад, хүү маань нас бараад ажил явдалтай байсан учраас хэдэн жил тухайн газарт очиж сууж чадаагүй байсан юм. Гэтэл  миний тэр байдлыг ашиглан Е  миний газарт байшин, саравчтай хороо барьж авсан байна. Б  аймгийн Ц сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 42 тоот шийдвэрийг үндэслэн,нэгж талбарын 000  дугаар бүхий 700 м.кв газрын 30 жилийн хугацаатай “Ш ” 3-р багтаа хаваржааны зориулалтаар надад 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон 00  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшдэг бөгөөд уг газар эзэмших гэрчилгээг 2024 оны 2 дугаар сарын 15-нд шинэчлэн авч, газрын кадастрын зураг үйлдүүлж хууль ёсны дагуу тухайн газрыг эзэмшиж байна. Иймд шүүхээс миний эзэмшлийн тус аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын 000  дугаар бүхий 700 м.кв талбайтай хаваржааны зориулалттай газраас хариуцагч Е ийн барьсан 26.5 м.кв талбайтай модон байшин болон 198.2 м.кв талбайтай малын чулуун хашаа зэргийг албадан нүүлгэж өгөхийг хүсэж байна гэж тайлбарлажээ.

8.Хариуцагч Е  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ....миний бие Ц сумын 3 дугаар багт байршилтай Ш  гэх газарт байгаа маргаан бүхий хаваржаанд ямар ч хамааралгүй.  Би 2018 онд Х тай гэр бүл болсон. Миний хадам ах болох М , А нар нь  2021 онд Ш т байгаа дээрх хаваржааны чулуу хашааг надад түр эзэмшиж бай гээд суулгасан. М 2022 онд тухайн хашааны саравчийг буцааж янзлаад тухайн газарт жижиг модон байшин барьсан. Хашааны саравч, модон байшин нь М ын хөрөнгө бөгөөд би тэнд түр сууж байна. Маргаан бүхий чулуу хороо нь минийх биш. Тухайн хороог барих материалыг миний хадам ах болох М гэж хүн гаргаж бариулсан. Нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлсон байна. Би энэ хэргийн хариуцагч биш учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

9.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:

9.1 Б  аймгийн Ц сумын Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай захирамж, түүний хавсралт, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон нэгж талбарын 000  дугаар бүхий 000  дугаартай газар эзэмших гэрчилгээ, улмаар уг газар эзэмших гэрчилгээг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр  шинэчилж олгосон нэгж талбарын 000 дугаар бүхий 00 0 дугаартай газар эзэмших гэрчилгээ, нэгж талбарын 000 дугаартай газрын кадастрын зураг, тухайн газарт Б  нь малчин өрхөөр бүртгэгдэж мал тоолуулсан талаарх Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020-2022 он, 2010-2015 он, 2017-2018 онуудын тооллого зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Б  нь Б  аймгийн Ц сум, 3-р баг, ЦТ , Ц /Ш / гэх газарт 700 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшдэг болох нь энэхүү үйл баримтуудаар тус тус тогтоогджээ.

10.Хариуцагч Е  нь миний бие 2018 онд Х тай гэр бүл болсон. Миний хадам ах болох М , А нар нь 2021 онд Ш т байгаа дээрх хаваржааны чулуу хашааг надад түр эзэмшиж бай гээд суулгасан. М 2022 онд тухайн хашааны саравчийг буцааж янзлаад тухайн газарт жижиг модон байшин барьсан. Хашааны саравч, модон байшин нь М ын хөрөнгө бөгөөд би тэнд түр сууж байсан гэж маргаж байгаа боловч маргаан бүхий модон байшинг М нь барьсан эсэх, түүний хөрөнгөөр баригдсан байшин эсэхийг тус тус хариуцагчаас бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй ба тухайн байшинд хариуцагч сууж хаварждаг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

11.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т заасан Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж зааснаар хариуцагч Е  нь эрхийн гэрчилгээгүй газарт байшин барьсан нь хууль бус байгаа боловч нэхэмжлэгч Б ын Б  аймгийн Ц сум, 3-р баг, ЦТ , Ц /Ш / гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалттай олгосон 700 м.кв газарт үйлдсэн газрын кадастрын зургаар хариуцагчийн барьсан гэх 26.5 м.кв талбайтай модон байшин давхцаагүй болох нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн ГХБХБГ-ын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Е ын үйлдсэн “нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт үйлдүүлсэн газрын кадастрын зургаар хариуцагч Е ийн барьсан гэх байшин болон чулуу хашаа нь давхацсан эсэхийг  тус шүүхээс 2024.01.29-ний өдөр хийсэн газрын үзлэгийн схем зургийг ашиглан гаргасан схем” зургаар тогтоогдсон.

12.Харин 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн ГХБХБГ-ын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Е ын үйлдсэн схем зургаар хариуцагч Е ийн барьсан гэх 198.2 м.кв малын чулуун хашаа нь давхцаж байгаа боловч нэхэмжлэгчийн төрсөн ах нь болох Д ын гэрчээр өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн маргаан бүхий 198.2 м.кв чулууг хашаа хороо нь хариуцагч Е ийн өмч хөрөнгө биш болох нь нотлогдон тогтоогдож байна. 

13.Иймээс нэхэмжлэгчийн Б  аймгийн Ц сум, 3-р баг, ЦТ , Ц /Ш / гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалттай олгосон 700 м.кв газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хариуцагч Е ээс ямар нэгэн байдлаар саад учруулсан, газар эзэмших эрхийг нь хязгаарласан, зөрчсөн саад болсон үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч Б ын хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөө, хаваржааны газарт хариуцагч Е ийн зөвшөөрөлгүй барьсан гэх 26.5 м.кв талбайтай модон байшин болон 198.2 м.кв талбайтай малын чулуу хашаа зэргийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

14.Түүнчлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар өмчлөгч, эзэмшигч л бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх ба хариуцагч Е  нь зохих зөвшөөрөлгүй газарт байшин, хороо барьж, газрыг дур мэдэн эзэмшсэн гэх тохиолдолд тухайн газрыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргах, албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах үүргийг Газрын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар аймаг, сумын Засаг даргад харьяалуулсан байна.

15.Харин нэхэмжлэгч Б аас хариуцагч Е -т холбогдуулан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж мөн 106.3-д Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж 106.4-д Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасны дагуу маргаан бүхий газрыг чөлөөлүүлэхийг шаардаж болно.

 

16.Гэтэл шүүх, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, хэргийн газрын үзлэг, схем зургаар илэрсэн нөхцөл байдлыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн дээрх 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хариуцагч Е ээс ямар нэгэн байдлаар саад учруулсан, газар эзэмших эрхийг нь хязгаарласан, зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

17.Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б ын хариуцагч Е -т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

18.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Е , А , К , Б , Б  гэх хүмүүсийн бичсэн гэх тодорхойлолтыг эдгээр хүмүүс бичсэн эсэх нь эргэлзээтэй, тодорхой бус, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. 

19.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б ын Б  аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын 000  дугаар бүхий 700 м.кв талбайтай хаваржааны зориулалттай газраас хариуцагч Е ийн барьсан 26.5 м.кв талбайтай модон байшин болон 198.2 м.кв талбайтай малын чулуун хашааг тус тус албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.




 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж