Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2024/00042/И |
Дугаар | 130/ШШ2024/00204 |
Огноо | 2024-02-23 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2024/00204
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д. Хаяг: Б аймаг, Ө сум, 5 дугаар баг, Х гол, 1/36 байр, 24 тоотод оршин суух,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэг Хаяг: Б аймаг, Ө сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг
Нэхэмжлэлийн шаардлага: Тус цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д ,
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г д шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөс хариуцагч байгууллагын төлөөлөгчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэрийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д нь анх шүүхэд хариуцагч Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед шаардлагаа тодруулж тус цэцэрлэгийн нярвын ажил эгүүлэн тогтоолгохыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Ө сумын 17 дугаар цэцэрлэг нь 2016 онд шинээр байгуулагдсан. Тэгэхэд бид нар бүгдээрээ нэг өдөр нэг цагт томилогдож, цэцэрлэгийн үйл ажиллагаа нь шинээр эхэлсэн. Тус байгууллагад 8 жил ажилласан байна. Энэхүү хугацаандаа би нэг ч сахилгын шийтгэл авч байгаагүй.
1.2 Хөдөлмөрийн хуулийн тухай хууль 2021 онд шинэчлэгдсэн. Уг хуулийн дагуу шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Өмнөх байгуулсан хөдөлмөрийн гэрээний 12.2-т зааснаар талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт оруулж болно. Бүх нэмэлт өөрчлөлтийг зөвхөн бичгээр тохиролцож, талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.
1.3 Гэтэл гэрээний сунгалтын хэсгийг сүүлд нь нэмж өгсөн. Миний гарын үсэг байхгүй. 2022 оны Н ын баяраар аймгийн төв талбайд барьсан эсгий гэрт эзэн болоод сууж байгаарай гэж өөрсдөө очоод дэлгүүрээс бараа авсан. Тэр талаар миний бие мэдээгүй. Дараа нь би наад бараа байгууллагад ирээгүй бараа байна, та нар дэлгүүрээс очоод байгууллагын нэр дээр бараа авсан байна гэж зөрчлийн талаар хэлснээс хойш би ялгаварлан гадуурхагдаад бүх цалин хөлсөө хасуулаад байнгын дарамталдаг байсан. Тэгээд сүүлдээ худалдан авах ажиллагаанд намайг оролцуулахгүйгээр цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч өөрсдөө бараа авч мөнгө шилжүүлдэг болоод хувирсан.
1.4 Намайг дахин сахилгын шийтгэл авсан гэж байгаа боловч би ерөөсөө тэр талаар тушаал авч үзээгүй. 9 дүгээр сарын 20-ны үеэр хурал дээр би нягтлан бодогч та хоёр сар хагас ажилд ирээгүй, эхлээд та нар өөрсдөө ажилдаа ир, тэгээд бидэнд шаардлага тавь гэсэн чинь чи архи уучхаад агсам тавиад байна гээд намайг архи уусан болгож гүтгэсэн. Би чанга дуутай учраас согтуу байна гээд хашхираад эхэлдэг юм. Тухайн үед 3 сард нэг олгодог урамшуулал цалинг чинь хассан шүү гэсэн өөр юм надад хэлээгүй. Мөн 9 дүгээр сарын 21-ний өдөр тушаалаар хаалттай журмаар сануулах шийтгэл ногдуулсан гэсэн байна. Тэр нь хаалттай сануулах бус зүгээр байгууллагаар бүгдээрээ хуралдсан үед хэлсэн юм болохоос биш ямар ч шийдвэр гаргаагүй, арга хэмжээ авахад гарын үсэг зуруулаагүй. Түүнчлэн нээлттэй сануулсан мэтээр тушаал гаргасан боловч байгууллага дээр тэр талаар хурал ч болоогүй, тэр тушаал шийдвэрийг ч гаргаад надад танилцуулаагүй. 2 тушаал гаргачихсан гэдгийг би огт мэдээгүй.
1.5 Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нүүрс авч байгууллагад оройн 8 цагт ирсэн нүүрсний хэмжээ бага гэж ня-бо, эрхлэгч нартай маргалдсан. Тэд миний эхнэр Ф г дуудаж ирүүлээд танай нөхөр тийм, тийм авгай хүүхэнтэй явалдсан, бид мөнгө шилжүүлж будаа өгч танай нөхөр шоудаж байгаад голд машинтайгаа суусан байсныг татаж гаргасан, тэр байтугай бэлгэвч хадгалсан газрыг хүртэл хэлсэн учир би уурлаж хаалга өшиглөөд гарсан. Хаалга нугасаараа хугарсан. Тухайн хаалгыг би олон удаа засварласан хаалга байсан. Тэр хаалганы эзэн түлхүүрийг нь алга болгочхоод надаар гөнжиж онгойлгуулдаг байсан тул суларсан хаалга байсан ба пиавраар хийсэн хүрээтэй учраас суларчихсан байсан юм байна.
1.6 Манай байгууллага болохоор аймгийн төвөөс 4 км зайтай газарт байдаг. Манай гэр хүртэл 3,5 км зайтай. Би тэгээд гэртээ гүйгээд ирсэн. Урьд нь зөндөө олон хагалгаа хийлгэсэн, уушгиныхаа талыг авхуулсан, цөсний хүүдийг авхуулсан, нойр булчирхайд хагалгаа хийлгэсэн хүн. Манай эхнэр одоогоос 12 жилийн өмнө Бүгд найрамдах Х улсын Т боомтод машинаар очирлож байхдаа ядраад унасан тул хэл ам, нэг нүд нь танигдахаа байгаад, нэг гар нэг хөлөөс мэдээ алдсан. Тэгээд Х ад очоод толгойдоо тариа хийлгээд хэвтрээр ирсэн хүн байгаа. Эрүүл мэнд муутай манай эхнэрт үндэслэлгүй хов жив хэлсэн учраас гэрт ирсний дараа өвдөөд дахиад нэг гар, нэг хөлөөс нь мэдээ алдах шахсан. Тэгээд бид нар сандарсан. Тухайн үед би Г ыг бас согтуу байсан гэж ойлгосон. Гэтэл согтуу биш байсан байна.
1.7 Маргааш нь өглөө ажилдаа ирээд би та нартай ажил хийж чадахгүй юм байна. Надад нэг сар цалингүй чөлөө олгож өгнө үү, бүр болохгүй бол 7 хоног тэсээрэй гэж хэлээд явсан. Би ажилласан гэдгийг энэ хугацаанд бичсэн орлогын баримт нотолж байгаа. Дараа нь аймгийн Засаг дарга, боловсролын хэлтсийн дарга нартай уулзаж бас нэг эрхлэгчтэйгээ таарч тохирохгүй нэг нярвыг олоод боловсролын хэлтсийн даргатай зөвшилцүүлэхээр дуудахад аль хэдийнээ намайг ажлаас халаад миний оронд нярав ажилд томилж, тушаалыг шуудангаар илгээсэн байсан. Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/33 дугаартай тушаал Д намайг сахилгын шийтгэлтэй байх хугацаанд ажил тасалсан гэж дурдсан байна.
1.8 Би өмнө ямар нэгэн зөрчил гаргаагүй, би мэдээгүй байхад надад сахилгын шийтгэл ноогдуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтыг зөрчиж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хууль 2021 онд шинэчлэгдсэн ба энэ хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй. Иймд миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул намайг 17 дугаар цэцэрлэгт нярвын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэв.
2.Хариуцагч Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г гийн хариу тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч Д нь тус цэцэрлэгт нярваар ажиллаж байх хугацаанд буюу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажилд ирж байгууллагын ажилтнуудыг үл хүндэтгэсэн, хариуцсан ажлаа гүйцэтгэхээс татгалзсан зөрчил гаргасан. Дараа нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсан зөрчил гаргасан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул эдгээр зөрчил тус бүрд хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байсан юм.
2.2 Гэтэл Д нь сахилгын давтан зөрчилтэй байх хугацаанд буюу хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 22-30-ны өдрийн хооронд дахин ноцтой зөрчил гаргаж ажлын байранд танхайрч байгууллагын өмч хөрөнгийг эвдэж сүйтгэсэн, ажилтнуудыг хэл амаар доромжилсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 7 хоног ажил тасалсан зөрчил гаргасан тул зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн.
2.3 Д ийн гаргасан зөрчлийг тухай бүрд нь баримтжуулж, ёс зүйн зөрчлийн хуралдаанаар авч хэлэлцсэн. Д нь тухайн үед тайлбар гаргахдаа үйлдсэн зөрчлөө сайн дураар хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл ямар нэгэн маргаан гаргаж байгаагүйг дурдаж байна.
2.4 Мөн Д нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа тус цэцэрлэгийн хаалга буюу эд хөрөнгийг эвдэж сүйтгэж танхайрсан үйлдэл болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 7 хоног ажил тасалснаа хүлээн зөвшөөрч мэдүүлснийг дурдаж байна.
2.5 Нэхэмжлэгч Д ээс тус цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан гаргасан “нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах тухай” нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 33 дугаартай ажилд томилох тухай тушаал, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/33 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, шуудангийн дугтуй, уг дугтуйг шуудан хүргэгчээс 2013.12.08-ны өдөр хүлээлгэж өгсөн тухай баримт, Б аймгийн Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаартай хуралдааны тэмдэглэл, Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэгч Д т хаягласан 08 дугаартай өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Д ийн өвчний карт зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс,
4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/21 дугаартай тушаал, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/28 дугаартай тушаал, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “ сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/33 дугаартай тушаал, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2024 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн “Хас үнэлгээ” ХХК-ний үнэлгээний тайлан, 2023 оны 17 дугаар цэцэрлэгийн цагийн бүртгэл, тогтоол тушаал захирамжийн бүртгэл, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаартай хөдөлмөрийн гэрээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 00 дугаартай утаснаас 00 дугаар руу явуулсан харилцсан мессеж зурвасыг Монгол хэлэнд орчуулсан хувь, хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаартай нотлох баримт гаргаж өгөх тухай албан бичиг, уг албан бичигт маргаан бүхий хаалганы зураг, Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн галч Х ын бичсэн гэх 2024 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн баримт, Б аймгийн Цагдаагийн газраас хуулбар үнэн тэмдэг дарж хуулбарлаж олгосон 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЗГМ-249 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны санал зэрэг нотлох баримтуудыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нүүрс авч байгууллагад оройн 8 цагт ирсэн нүүрсний хэмжээ бага гэж ня-бо, эрхлэгч нартай маргалдсан. Тэд миний эхнэр Ф г дуудаж ирүүлээд танай нөхөр тийм, тийм авгай хүүхэнтэй явалдсан, бид мөнгө шилжүүлж будаа өгч танай нөхөр шоудаж байгаад голд машинтайгаа суусан байсныг татаж гаргасан, тэр байтугай бэлгэвч хадгалсан газрыг хүртэл хэлсэн учир би уурлаж хаалга өшиглөөд гарсан. Хаалга нугасаараа хугарсан. Тухайн хаалгыг би олон удаа засварласан хаалга байсан. Маргааш нь өглөө ажилдаа ирээд би та нартай ажил хийж чадахгүй юм байна. Надад нэг сар цалингүй чөлөө олгож өгнө үү, бүр болохгүй бол 7 хоног тэсээрэй гэж хэлээд явсан. Дараа нь аймгийн Засаг дарга, боловсролын хэлтсийн дарга нартай уулзаж бас нэг эрхлэгчтэйгээ таарч тохирохгүй нэг нярвыг олоод боловсролын хэлтсийн даргатай зөвшилцүүлэхээр дуудахад аль хэдийнээ намайг ажлаас халаад миний оронд нярав ажилд томилж, тушаалыг шуудангаар илгээсэн байсан. Уг тушаалдаа намайг сахилгын шийтгэлтэй байх хугацаанд ажил тасалсан гэж дурдсан байна. Би өмнө ямар нэгэн зөрчил гаргаагүй, би мэдээгүй байхад надад сахилгын шийтгэл ноогдуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтыг зөрчсөн мөн Хөдөлмөрийн тухай хууль 2021 онд шинэчлэгдсэн ба энэ хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй тул намайг 17 дугаар цэцэрлэгт нярвын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэв.
7.Хариуцагч Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч Д нь тус цэцэрлэгт нярваар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажилд ирж, байгууллагын ажилтнуудыг үл хүндэтгэсэн, хариуцсан ажлаа гүйцэтгэхээс татгалзсан зөрчил гаргасан. Дараа нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсан зөрчил гаргасан зэрэг зөрчлүүдийг гаргасан тул эдгээр зөрчил тус бүрд нь хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдсан.Тэрээр сахилгын зөрчилтэй байх хугацаандаа буюу хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрийн хооронд дахин ноцтой зөрчил гаргаж ажлын байранд танхайрч байгууллагын өмч хөрөнгийг эвдэж сүйтгэж, ажилтнуудыг хэл амаар доромжилсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 7 хоног ажил тасалсан зөрчил гаргасан тул зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Эдгээр сахилгын арга хэмжээ авсан тушаалуудыг нэхэмжлэгчид шуудангаар болон өөрт нь гардуулж байсан. Д ийн гаргасан зөрчлийг тухай бүрд нь баримтжуулж, ёс зүйн зөрчлийн хуралдаанаар авч хэлэлцэх үед тайлбар гаргахдаа үйлдсэн зөрчлөө сайн дураар хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй. Мөн Д нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа тус цэцэрлэгийн хаалга буюу эд хөрөнгийг эвдэж сүйтгэж танхайрсан үйлдэл болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 7 хоног ажил тасалснаа хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:
8.1 Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 33 дугаартай тушаалаар тус хүүхдийн цэцэрлэгийн нярав Д ийн хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бүр томилсон байна.
8.2 Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн нярав Д нь удаа дараа байгууллага дээр ажлын цагаар согтууруулах ундааны зүйл үнэртсэн байдалтай ирсэн, ажилтнуудыг үл хүндэтгэж хэрүүл маргаан гаргаж, зүй бус үйлдэл гаргасан, өөрийн хариуцсан үүрэгт ажлыг гүйцэтгэхээс татгалзаж, хүүхдийн хоолны материалыг бэлтгэхээс татгалзаж ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй учраас нь өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл, мөн эрхлэгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар Д нь өөрийн хариуцсан үүрэгт ажлыг гүйцэтгэхээс татгалзаж, гэрээт бэлтгэн нийлүүлэгчээс хүүхдийн хоол, хүнсний материалыг хангаж өгөөгүй тул нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна.
8.3 Улмаар ажил олгогчоос 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 1.2 дахь заалт, 3 дугаар зүйлийн 3.2.8, 3.2.10, 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, 4.6, 4.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн нярав Д нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 7 хоног ажил тасалсан, байгууллагын эд хөрөнгийг эвдсэн, хамт ажилладаг ажилтнуудыг хэл амаар доромжилсон, биед нь халдаж танхайрсан зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, уг хорооноос шийдвэрлэсний дараа мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаандаа шүүхэд гомдол гаргасан байна.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан ба ямар зөрчлийг ноцтой зөрчилд хамааруулах талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байх, заасан зөрчлийг ажилтан гаргасан нь тогтоогдсон байх нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах урьдчилсан нөхцөлд хамаарах бөгөөд ажил олгогчоос ажилтан Д тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг баримтлаагүй байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох ажил тасалсан, байгууллагын өмч хөрөнгийг эвдэн сүйтгэж хохирол учруулсан болох нь тогтоогдсон.
10.Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан 10 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 4.2-т “санаатайгаар цэцэрлэгийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэж хохирол учруулсан”, 4.3-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан...”, 4.4-д “Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан” бол ноцтой зөрчил гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар харилцан тохиролцсон байна.
11.Нэхэмжлэгч Д нь 2023 оны 11 дүгээр сарын ажлын 23-24, 27-30-ны өдрүүдэд ажил тасалж, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлын байранд танхайрч байгууллагын өмч хөрөнгийг эвдэж сүйтгэж, хохирол учруулсан болох нь тус цэцэрлэгийн цагийн бүртгэл, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б аймгийн Цагдаагийн газраас холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, уг үйлдлийг ажил олгогчоос “ноцтой зөрчил гаргасан” гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
12.Нэхэмжлэгчээс би ажил олгогчид надад нэг сар цалингүй чөлөө олгож өгнө үү, бүр болохгүй бол 7 хоног тэсээрэй гэж хэлээд явсан гэж тайлбарлаж байгаа боловч тайлбарын үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
13.Хариуцагч буюу ажил олгогчоос нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалдаа сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын ноцтой зөрчил үйлдсэн гэсэн ба хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан нь хөдөлмөрлөх явцад дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй юм.
14.Нэхэмжлэгч Д нь ажил олгогчийн дээрх сахилгын арга хэмжээ авсан тушаалуудыг эс зөвшөөрч гомдлын шаардлага гаргаагүй байгаа боловч тэрээр ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, тухайн тушаалуудыг ажил олгогчоос надад танилцуулж, гардуулсан удаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ
15.Гэвч ажил олгогч буюу хариуцагчаас ажилтан Д нь удаа дараа байгууллага дээр ажлын цагаар согтууруулах ундааны зүйл үнэртсэн байдалтай ирсэн, ажилтнуудыг үл хүндэтгэж хэрүүл маргаан гаргаж зүй бус үйлдэл гаргасан, өөрийн хариуцсан үүрэгт ажлыг гүйцэтгэхээс татгалзаж, хүүхдийн хоолны материалыг бэлтгэхээс татгалзаж ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй гэж багш ажилчдтай хийсэн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд тухайн тэмдэглэлд “
-Д : би өглөө ажилдаа ирэхдээ Игилик надад нэг шил архи авч өгсөн, түүнийг уусан. Хурлын үед юу гэж хэлсэн, гэртээ яаж очсоноо мэдэхгүй байна. Ажлын цагаар архи уухаа болино гэх,
-Ажилчид Б , А , МА , М нар нь: ... таны ажлын цагаар архи ууж, эрхэгчид агсам тавьж байгаа үйлдэл чинь буруу боллоо. Д ах ажлын цагаар дандаа архи ууж явж байдаг.Энэ чинь хүүхэд хүмүүжүүлдэг байгууллага юм. Архи уугаад явж байдаг чинь үнэхээр хэцүү байна гэх,
Ня-бо Г : Та өчигдөр хурлын үер орж ирээд агсам тавьж, ёс зүйн асуудал гаргалаа. Ажлын цагаар дандаа архи ууж явж байдаг. Хэд хэдэн удаа ийм асуудал гаргалаа. 9-р сарын хоолны талон, нэгтгэл ерөөсөө хийгээгүй, тогоочтой тооцоо нийлээгүй, 10-р сар руу ороход маш хүндрэлтэй байдаг. Та ерөөсөө тооцоогоо нийлдэггүй, ингэж яваад жилийн эцэс болдог. Үүрэгт ажлаа хийх хэрэгтэй. Тантай 6 жил ингэж яваад ирлээ. Юу бодож байгаа хүн вэ гэх тайлбаруудаар нэхэмжлэгч Д нь архи, ууж агсам тавьсан мөн тэрээр тухайн хуралд биечлэн оролцож ажил олгогчоос өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан мэдсэн болох нь тус тус тогтоогдсон.
16.Мөн ажил олгогчоос ажилтан Д нь өөрийн хариуцсан үүрэгт ажлыг гүйцэтгэхээс татгалзаж, гэрээт бэлтгэн нийлүүлэгчээс хүүхдийн хоол, хүнсний материалыг хангаж өгөөгүй тул нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг авсан ба энэ нь хэрэгт авагдсан тус цэцэрлэгийн багш ажилчдтай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хурлын тэмдэглэл, тухайн хуралд нэхэмжлэгч Д ийн гаргасан тайлбараар тухайн сахилгын зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон.
17.Нөгөөтээгүүр хариуцагч Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай тушаалаар Д т өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэлийн арга хэмжээ авсан тушаалуудыг нэхэмжлэгч Д ийн өөрт нь танилцуулж, гардуулах гэхэд тэрээр хүлээн авахаас татгалзсан болох нь тус цэцэрлэгийн тогтоол, тушаал захирамжийн бүртгэлээр, мөн тухайн сахилгын арга хэмжээ авсан хамт олны хуралд нэхэмжлэгчээс биечлэн оролцож тайлбаруудаа гаргаж байсан нь тус тус тогтоогдож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах эрх нь нээлттэй байхад гомдол гаргаагүй байгаа үйлдэл нь өөрөө тухайн сахилгын зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
18.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан урьдчилсан нөхцөл хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаал нь хуульд нийцсэн шийдвэр байх тул, нэхэмжлэгч Д ийн хариуцагч Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан тус цэцэрлэгийн нярвын ажил эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 08 тоот албан бичиг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, мөн Н эмнэлгээс олгосон Өвчний картыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг картад 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эмчид үзүүлсэн ба эмчээс эм бичиж өгсөн байх тул уг бичгийн нотлох баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ач холбогдолгүй бичгийн нотлох баримт байх тул шүүхээс шүүхийн шийдвэр үндэслэл болгоогүй болно.
20.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дах хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д ийн хариуцагч Б аймгийн Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан тус цэцэрлэгийн нярвын ажил эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж