Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2024/00201

 

 

 

 

 

 

 

Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С. Хаяг: Б  аймаг, Д  сум, 9 дүгээр баг, Х  гэх газарт оршин суух,

 

Хариуцагч: А. Хаяг: Б  аймаг, Ө  сум, 5 дугаар  баг, Х ,11 дүгээр гудамж, 65 тоотод оршин суух, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 104 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 47,000,000 төгрөг, алданги 21,808,000 төгрөг, нотариатын хөлс 51,000 төгрөг, бүгд 68,859,00 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч С ,

Хариуцагч А , 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С  нь хариуцагч А т холбогдуулан түүнтэй 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 104 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 47,000,000 төгрөг, алданги 21,808,000 төгрөг, нотариатын хөлс 51,000 төгрөг, бүгд 68,859,00 төгрөг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Миний бие 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэн А тэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээний ерөнхий нөхцөлийн 1.1-д худалдагч нь Б  аймаг, Ө  сумын 5 дугаар баг, А 6-ны нутаг дэвсгэрт байрлалтай, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн баригдаж буй Н цогцолбор хорооллын байрны 01 орцны 3 давхрын 70.14 метр квадрат талбайтай 3 өрөө бүхий тоот орон сууцыг гэрээнд заасны дагуу худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

1.2 Мөн гэрээний 2.1-д орон сууцны байшингийн нэг метр квадрат талбайн худалдах үнийг 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөг байхаар, 2.2-д орон сууцны байшингийн худалдах нийт үнэ 98,000,000 /ерэн найман сая/ төгрөг байхаар, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 47,000,000 /дөчин долоон сая/ төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 /хорин сая/ төгрөгийг худалдагчийн дансанд урьдчилгаа болгон шилжүүлж, үлдсэн төлбөрийг байр ашиглалтад орсны дараа шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон.

1.3 Би гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлж, урьдчилгаа 47,000,000 /дөчин долоон сая/ төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр А ийн Х  банкны 000  тоот дансанд эхнэр Х н Х  банк дахь 000 тоот данснаас шилжүүлсэн.

1.4 Гэрээний 3.1.2-т зааснаар худалдагч А  нь гэрээгээр харилцан тохиролцсон нийтийн орон сууцны байшинг холбогдох хууль тогтоомж, дүрэм, стандартын дагуу чанартай барьж дуусган 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор худалдан авагчид хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл худалдагч А  нь орон сууцны барилгыг гэрээнд заасан хугацаанд барьж дуусгаагүй, 2022 онд 5 давхар орон сууцны зөвхөн 1 давхрын өрлөгийн ажлыг хийсэн.

1.5 Би 2023 онд барьж дуусгах болов уу гэсэн хүлээлтээр хүлээсэн боловч 2023 оны жилийн эцсийн байдлаар зөвхөн зарим давхруудын арматурыг зангидсан байдалтай байгаа ба орон сууцыг барьж дуусгах ямар ч боломжгүй болох нь  тогтоогдсон.

1.6 Гэрээний 4.2-д худалдагч нь орон сууцны байшинг гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, худалдан авагчид төлөхөөр, 4.3-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар тохиролцсон.

1.7 А  нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй учир 2023 онд ашиглалтад оруулах байх гэж хүлээсэн боловч энэ онд ашиглалтад оруулах боломжгүй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй.

1.8 Би А эд энэ талаар удаа дараа мэдэгдэж, мөнгөө буцааж авахыг хүсэж шаардсан боловч одоогоор чамд өгөх мөнгө байхгүй, орон сууцны барилга баригдаж ашиглалтад орж, байрууд борлогдсоны дараа мөнгийг буцааж өгнө гэсэн хариу өгсөн.

1.9 Гэтэл орон сууц нь хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй учир миний бие эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна. Гэрээний 4.2-д худалдагч нь орон сууцны байшинг гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, худалдан авагчид төлөхөөр тохиролцсон талаар дээр дурдсан. Гэрээ ёсоор худалдагч нь орон сууцны барилгыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөх ёстой боловч 2024 оны 01 дүгээр сарын 15-ны байдлаар 1 жил 1 сар 15 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. 1 жил 1 сар 15 хоног буюу 411 хоногийг 0.5 хувиар алданги тооцохоор 205,5 хувь болохоор байна.

Тиймээс би А ийн гэрт нь очоод ганц хүүхэдтэй байсан ч хүү маань зуурдаар нас барсан тул бэрдээ болон ач нарыгаа орон байртай болгох хэрэгтэй байна гэж ар гэрийн гачигдлаа хэлээд мөнгөө буцааж өгөхийг хүссэн. Тэгэхэд хариуцагч таны авсан зээлийн хүү болох 1.8 хувиар тооцож таны өгсөн 47 сая төгрөгийн хүүг төлж өгье гэсэн. Ингээд хариуцагчаас 2 удаа 1,692,000 төгрөг авсан. 

Гэтэл үүний дараа ч урьдчилгаа болгож өгсөн мөнгөө буцааж авч чадаагүй. Дараа нь өөр газраас 80 сая төгрөгөөр зээл гаргаж өөр байр авсан. Гэрээнд заасан хугацаанд 0.5 хувиар алданги тооцно гэж заасан байгаа. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалж, гэрээний дагуу алданги нэхэмжилж байна.

1.10 Иргэний хуульд алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зохицуулсан учир шилжүүлсэн урьдчилгаа 47,000,000 төгрөгийн 50 хувь буюу 23,500,000 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлтэй. А  нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дээрх 47,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээр авснаар тооцож, сар тутам 1,8 хувийн хүү төлөхөөр тохиролцож, хоёр удаагийн шилжүүлгээр 1,692,000 төгрөг шилжүүлсэн. Үүнийг 23,500,000 төгрөгийн алдангиас хасахаар 21,808,000 төгрөгийн алданги үлдэж байна. Мөн миний бие анх орон сууц захиалан бариулах гэрээ байгуулахдаа нотариатад 51,000 төгрөг төлснийг нэмж нэхэмжилж байна.

1.11 Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 104 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, хариуцагч А ээс урьдчилгаанд төлсөн 47,000,000 төгрөг, алданги 21,808,000 төгрөг, нотариатын хөлс 51,000 төгрөг, бүгд 68,859,000 төгрөг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

2.Хариуцагч А  хариу тайлбар, татгалзал:

2.1 Би 2022 онд энэхүү барилгаа буюу орон сууцыг барьж эхэлсэн. Өмнө Х  аймгийн Б суманд яг энэ зураг төслөөр орон сууц барьж, ашиглалтад оруулж байсан туршлагатай. Зарим хүмүүсээс орон сууцны захиалга авч барилгаа барьж байтал 2022 оны намар 1 уут цемент 40000 төгрөг болж, арматур 3500000 төгрөг болж үнэ нь нэмэгдэж, барилгаа үргэлжлүүлж барих нь санхүүгийн хувьд ашиггүй болсон.

2.2  Тиймээс 2022 оны намар барилгаа түр зогсоосон. 2023 оны хавар барилгаа дахин үргэлжлүүлж байтал барилгын магадлалд ороогүй юм байна гэж аймгийн Б  аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Улсын байцаагчаас 2023 оны 4 дүгээр сард акт тавьж миний барилгыг зогсоосон. Улмаар 2023 оны 9 дүгээр сард Б  аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Улсын байцаагчаас үйл ажиллагааг сэргээх тухай акт гарч барилгаа үргэлжлүүлэн барьж байсан боловч энэ намар маш хүйтэн байсан учраас барилгаа дуусгаж чадаагүй. 

2.3 Одоо 4 дүгээр сараас эхлээд барилга барих орон сууц барих зээлийн санхүүжилтийг аваад барилгаа дуусган. Нэхэмжлэгчид урьдчилгаа болгож өгсөн 47,000,000 сая төгрөгийг барилгын зээлийн санхүүжилт орж ирэхээр төлж өгье гэж хэлсэн. Алданги төлөх ямар ч боломж байхгүй. Харин нэхэмжлэгч зээлийн хүүд 1,692,000 төгрөг төлсөн.

Б  аймгийн ГХХБГазарын Улсын байцаагч Ш  ажлыг түр зогсоох тухай акт гаргасан ба 2023.04.26 үүнээс хойш огт барилгын ажил хийгдээгүй 2023 онд ашиглалтад өгч чадаагүй учир өөр орон сууц худалдаж авсан байна. Иймд надаас мөнгөө нэхсэн тухайн үед бэлэн мөнгө байхгүй учир гаргаж өгч чадаагүй. Барилга ашиглалтад орохоор мөнгийг нь буцааж өгнө гэж хэлсэн. Үүнд тохироогүй надаас хүүтэй мөнгө 68859000 төгрөг нэхэмжилж байна. Би урьдчилгаа болгож 47000000 сая төгрөг авсан нь үнэн ба уг мөнгийг барилга ашиглалтад орж мөнгөтэй болохоор 2024 оны 9 дүгээр сард бүрэн төлж өгнө. Хүү болох 21808000 төгрөгийг төлөх боломжгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын иргэний үнэмлэх болон 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 104 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, Х н Х  банкны  000  тоот дансны  2022.07.01-2023.07.31-ний өдрийн хооронд дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х  банкны 2022 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн Банк хоорондын шилжүүлэг, IIА№07 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нотариатын төлбөрийн баримт, 2023.08.01-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын бичсэн баримт зэргийг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.02.13-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Б  аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Улсын байцаагчийн 2023.04.26-ны өдрийн 02-15-01/048-03 тоот акт, мөн улсын байцаагчийн 2023.09.21-ний өдрийн 02-15-01/048/02 тоот  актуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нэхэмжлэгч С , хариуцагч А  нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 104 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцалж, хариуцагч А ээс 68,013,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ад олгож, илүү нэхэмжилсэн 846,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие С  нь 2022 оны 7 дугаар сарын 29-ны өдөр иргэн А тэй орон сууц захиалан бариулах 104 тоот гэрээ байгуулж, урьдчилгаа 47,000,000 төгрөгийг эхнэр Х н Х  банк дахь 000 тоот дансаар шилжүүлэн өгсөн. Гэрээнд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцыг чанартай барьж дуусгаад, захиалагчид хүлээлгэн өгнө гээд заасан байгаа боловч 2023 оны жилийн эцсийн байдлаар зарим давхруудын арматурыг зангидсан байдалтай байсан. Тиймээс би А ийн гэрт нь очоод ганц хүүхэдтэй байсан ч хүү маань зуурдаар нас барсан тул бэрдээ болон ач нарыгаа орон байртай болгох хэрэгтэй байна гэж ар гэрийн гачигдлаа хэлээд мөнгөө буцааж өгөхийг хүссэн боловч мөнгөө буцааж авч чадаагүй. Дараа нь өөр газраас 80 сая төгрөгөөр зээл гаргаж өөр байр авсан. Тэгэхэд хариуцагч таны авсан зээлийн хүү болох 1.8 хувиар тооцож таны өгсөн 47 сая төгрөгийн хүүг төлж өгье гэсэн. Ингээд хариуцагчаас 2 удаа 1,692,000 төгрөг авсан. Хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт, хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээгээ цуцлуулж, хариуцагч А ээс урьдчилгаанд төлсөн 47,000,000 төгрөг, алданги 21,808,000 төгрөг, нотариатын хөлс 51,000 төгрөг, бүгд 68,859,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

7.Хариуцагч А  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:  нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж байрны урьдчилгааны мөнгө гэж 47.000.000 төгрөг авсан маань үнэн. Байр маань хугацаандаа баригдаж дуусаагүй гол шалтгаан нь барилгын материалын үнэ хэд дахин нэмэгдсэн. Тийм учраас би алдагдалтай байр барихыг хүсээгүй учраас барилгын ажлыг зогсоосон. 2023 оны хавар барилгаа дахин үргэлжлүүлж байтал барилгын магадлалд ороогүй юм байна гэж аймгийн Б  аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Улсын байцаагчаас 2023 оны 4 дүгээр сард акт тавьж миний барилгыг зогсоосон. Улмаар 2023 оны 9 дүгээр сард Б  аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Улсын байцаагчаас үйл ажиллагааг сэргээх тухай акт гарч барилгаа үргэлжлүүлэн барьж байсан боловч энэ намар маш хүйтэн байсан учраас барилгаа дуусгаж чадаагүй. Одоо 4 дүгээр сараас эхлээд барилга барих орон сууц барих зээлийн санхүүжилтийг аваад барилгаа дуусган. Нэхэмжлэгчид урьдчилгаа болгож өгсөн 47,000,000 сая төгрөгийг барилгын зээлийн санхүүжилт орж ирэхээр төлж өгнө, алданги төлөх ямар ч боломж байхгүй төлөх боломжгүй гэж тайлбарлажээ. 

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1 Нэхэмжлэгч С  болон Х  нар нь 1987 оны 12 дугаар сарын 27-ны  гэр бүл болж, гэрлэлтээ 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлж хууль ёсны эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан IIA№07 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдсон.

8.2 Талуудын хооронд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан 104 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээг-ээр худалдагч А  нь Б  аймгийн Ө  сумын А 6-ны нутаг дэвсгэрт баригдаж буй Н  цогцолбор хорооллын байрны 1-р орцны 3 давхрын 70.14 м.кв талбайтай 3 өрөө бүхий орон сууцыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын дагуу чанартай барьж дууссаны дараа 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь орон сууцны байшингийн 1 м.кв талбайг 1.400.000 төгрөгөөр үнэлж, худалдагчид нийт 98,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, үүнээс урьдчилгаанд 47.000.000 төгрөгийг гэрээ байгуулах өдөр, 2022.10.15-ны өдөр 20,000,000 (хорин сая) төгрөгийг мөн худалдагчийн дансанд бэлэн бусаар шилжүүлнэ. Үлдсэн төлбөрийг байр ашиглалтад орсны дараа шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

8.3 Нэхэмжлэгч С  нь тухайн гэрээ байгуулсан өдөр эхнэр Х гийн Х  банкны 000 тоот дансаар 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр   худалдагчийн 000  тоот дансанд Орон сууцны урьдчилгаанд гэж 47,000,000 төгрөг шилжүүлсэн нь Х  банкны 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдсон, харин талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон түүний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч нар маргаагүй, хариуцагчаас алданги төлөх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

9. Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

10.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Хариуцагч А  нь орон сууцны байшинг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор худалдан авагчид шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргийг зөрчиж одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгчээс үүргээ хугацаанд нь гүйцэтгэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж байсан боловч үр дүн гараагүй гэж тайлбарласан ба уг тайлбарыг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй байна.

Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан. Хариуцагч А  нь гэрээний үүргээ хугацаанд гүйцэтгээгүй байх ба түүнд үүргээ хугацаанд гүйцэтгэхийг шаардаж байсан байх тул нэхэмжлэгч буюу худалдан авагч нь гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэж нэхэмжлэгчийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 104 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг цуцлах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч С аас урьдчилгаанд төлсөн 47,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.

11.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ гэж, мөн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т худалдагч орон сууцны байшинг гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож худалдан авагчид алданги төлөхөөр харилцан тохиролцож, анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан байна.

12.Худалдагч  А  нь  2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 104 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу 3 давхрын 70,14 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэгчээс гэрээний дагуу алданги нэхэмжилснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

13.Нэхэмжлэгч С , хариуцагч А  нар нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дээрх Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу урьдчилгаа мөнгөнд шилжүүлсэн 47,000,000 төгрөгийг хариуцагч А нь 2023 оны 8 дугаар сарын 01-ээс 11 дүгээр сарын 01-ний хүртэл 3 сарын хугацаатай, 1,8 хувийн хүүтэй зээлдэж авсан мэтээр үйлдсэн тодорхойлолтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй тул уг тодорхойлолтын дагуу хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 1,692,000 төгрөгийг нэхэмжлэгчийн урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөнөөс хасаж тооцоход 45,308,000 (47,000,000-1,692,000) төгрөг ба түүнээс 0,5 хувийн алданги тооцоход 22,654,000 төгрөг байна.    

14.Харин хариуцагч А  нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 104 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний үүргээ зөрчөөгүй байсан бол нэхэмжлэгч С аас шүүхэд нэхэмжлэл гаргаж нотариатын зардалд 51,000 төгрөг гаргахгүй байсан ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчаас нотариатын зардлаа шаардах эрхтэй тул хариуцагч А ээс Орон сууцны урьдчилгаа мөнгөнд 45,308,000 төгрөг алданги 22,654,000 төгрөг, нотариатын зардал 51,000 төгрөг, нийт 68,013,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 846,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ. 

15.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 68,013,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 498,015 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч С , хариуцагч А  нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 104 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцалж, хариуцагч А ээс 68,013,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ад олгож, илүү нэхэмжилсэн 846,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ээс улсын тэмдэгтийн хураамжид 498,015 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ад олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 





 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.Ж