Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2024/00229

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б. Хаяг:Б аймаг, Ө  сум,3 дугаар баг, 24 гудамж, 15 тоотод оршин суух,

 

Хариуцагч: Н. Хаяг:Б аймаг, Ө  сум, 01 дүгээр баг, 25 гудамж, 2 тоотод оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Туслан гүйцэтгэгчээр хийсэн ажлын хөлс 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б /К  улсаас цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б нь хариуцагч Н д холбогдуулан түүнээс иргэн Е ийн хувийн амины орон сууцны засал, чимэглэлийн ажлыг туслан гүйцэтгэгчийн хувьд хийсэн ажлын хөлс 2,000,0000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Хариуцагч Н  бид хоёр харилцан тохиролцож, түүний туслан гүйцэтгэгчээр ажиллаж, иргэн Е ийн хувийн амины орон сууцны дотор заслын зарим хэсгийг надад 2,000,000 төгрөгөөр тохиролцож хийлгэсэн.

1.2 Дотор заслын ажлыг хийж дуссаны дараа туслан гүйцэтгэгч ажлын хөлсний мөнгийг Н  надад өгөхөөр болсон. Уг ажлыг хийж дусаад 8 сарын хугацаа болж байна. Н аас ажлын хөлсний мөнгийг удаа дараа асуусан. Сүүлд нь Е ээс асуухад би өгөхгүй, би бас Н аас авах авлагатай гэж хэлсэн.

1.3 Тухайн үед хийсэн ажлын талаар зургаар баримтжуулж, мөн баримт бичүүлж аваагүй. Тийм учраас туслан гүйцэтгэгчээр хийсэн ажлын хөлс 2,000,000 төгрөгийг Н аас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

2.Хариуцагч Н ы итгэмжлэгдсэн төлөөлөгч А гийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны хавар Н тай тохиролцсоны дагуу иргэн Е ийн амины сууцны засал, чимэглэлийн ажлыг гүйцэтгэсэн гэж бичсэн байна. Энэ ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2 жилийн хугацаа өнгөрсөн байна, Н тай байгуулсан ямар нэгэн гэрээ болон баримт байхгүй байна.

2.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол та өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх зөвхөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэнэ.

2.3 Тийм учраас нэхэмжлэгч Б ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас өмгөөлөгч А тай 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан өмгөөллийн гэрээ, хариуцагч Н аас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0468 дугаарт бүртгэж А д олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хариуцагч Н  нь иргэн Е ийн хувийн амины орон сууцны дотор заслын зарим хэсгийг намайг туслан гүйцэтгэгчээр авч хийлгэж надад 2,000,000 төгрөг өгөхөөр болж харилцан тохиролцож, дууссаны дараа ажлын хөлсний мөнгийг Н  өгөхөөр болсон. Уг ажлыг хийж дусаад 8 сарын хугацаа болж байна. Н аас ажлын хөлсний мөнгийг удаа дараа асуусан чинь өгөхгүй байгаа тул  2,000,000 төгрөгийг Н аас гаргуулж өгөхийг хүсэж байна гэж тайлбарлажээ.

7.Хариуцагч Н  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: .... Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны хавар Н тай тохиролцсоны дагуу иргэн Е ийн амины сууцны засал, чимэглэлийн ажлыг гүйцэтгэсэн гэсэн ба Н тай байгуулсан ямар нэгэн гэрээ болон баримт байхгүй байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

8.Нэхэмжлэгч Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Н  нь иргэн Е ийн хувийн амины орон сууцны дотор заслын зарим хэсгийг намайг туслан гүйцэтгэгчээр авч хийлгэж надад 2,000,000 төгрөг өгөхөөр болж харилцан тохиролцож, дууссаны дараа ажлын хөлсний мөнгийг Н  өгөхөөр болсон. Н ы иргэн Е ийн хувийн амины орон сууцны дотор заслын зарим хэсгийг намайг туслан гүйцэтгэгчээр авч хийлгэж 2,000,000 төгрөгөөр тохиролцож хийлгэж, дууссаны дараа өгөхөөр болсон гэж тайлбарласан бөгөөд хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.

9.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж 347.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж тус тус зааснаар туслан гүйцэгчээр ажиллаж болохоор хуульчилжээ.

10.Гэвч нэхэмжлэгч Б нь иргэн Е ийн хувийн амины орон сууцны дотор заслын зарим хэсгийг туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэсэн эсэх, иргэн Е ийн хувийн амины орон сууцыг хариуцагч Н  нь ерөнхий ажил гүйцэтгэгчээр ажилласан эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Б ээс иргэн Е ийн хувийн амины орон сууцны дотор заслын зарим хэсгийг туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэсэн эсэх, ерөнхий ажил гүйцэтгэгч Н аас ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг авах эсэх талаар бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

12.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ийн хариуцагч Н д холбогдуулан түүнээс туслан гүйцэтгэгчээр ажилласан ажлын хөлс 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж