| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2026/0388/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/437 |
| Огноо | 2026-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Уранчимэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2026/ШЦТ/437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат
улсын яллагч Э.Уранчимэг /томилолтоор/
шүүгдэгч Г.Э- нарыг оролцуулан эрүүгийн 2509000001602 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **** төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт **** дүүргийн ** дүгээр хороо **** гудамж, ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б овгийн Г.Э- /регистрийн дугаар: *********/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э- нь 2025 оны 09 дугаар сарын 30-ны өдөр С дүүргийн ** дүгээр хорооны ****** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.М- тай “...дэлгүүрийн орлогоос авсан байна...” гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгойн тус газарт нь удаа дараа цохиж хутга барьж гарыг нь зүссэн, цахилгаан багаж дриллээр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн бугалганы шарх болон бусад баруун завж, эрүү, зүүн мөр, баруун, зүүн бугалга, хөхний хэсэгт цус хуралт, баруун завж, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
***** дүүргийн прокуророос Г.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Д.М- , гэрч Д.Ж-, Э.Энхзул нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0725/12621 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.Э-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.Э- нь 2025 оны 09 дугаар сарын 30-ны өдөр С дүүргийн ** дүгээр хорооны ****** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.М- тай “...дэлгүүрийн орлогоос авсан байна...” гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгойн тус газарт нь удаа дараа цохиж хутга барьж гарыг нь зүссэн, цахилгаан багаж дриллээр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн бугалганы шарх болон бусад баруун завж, эрүү, зүүн мөр, баруун, зүүн бугалга, хөхний хэсэгт цус хуралт, баруун завж, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Э-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “…Манай эхнэр М- бид хоёр дундаа Төрийн банкны данстай байдаг. Тэгээд өнөө өглөө 05 цагийн үеэр данснаас 2.800.000 төгрөг гарахаар нь би ямар шалтгаанаар дундын данснаасаа мөнгө аваад байгаа юм бэ чиний дансанд их хэмжээний мөнгө цугларлаа юунд зарцуулах гээд мөнгө аваад байгаа юм утсаа харуул гэснээс бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд би чи дундын данснаас олон удаа мөнгө авлаа өөр хүнтэй болоод надаас салах гээд байгаа юм уу гээд утсаа харуул гэхээр өгөхгүй байсан. Би чи зүгээр утсаа харуулчих би мөнгийг чинь авахгүй гэсэнд утсаа өгөхгүй байхаар нь би утсыг нь авах гэж уурандаа эхнэрээ цохисон. Би утсыг нь аваад харахад өөрийн Хаан банкны дансанд 10 сая орчим төгрөг хийсэн байсан. Манай эхнэр утсаа өгөхгүй гэж маргалдаж зууралдах үедээ миний цээжийг майжсан харин миний зүрх савлаад уурлаад би хүчээр утсыг нь булааж аваад хацар луу нь 2-3 удаа алгадсан. Бид хоёр ханилаад 40 орчим жил болж байгаа гэрлэлтийн баталгаатай. Бид хоёр өмнө ингэж маргалдаж цагдаа дээр ирж байгаагүй. Би хоёр хацар луу нь ээлжлээд алгадсан одоо яг хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Би утсыг нь булааж аваад дансыг нь үзсэнийхээ дараа тайвширч буцааж утсыг нь өөрт нь өгсөн байсан. Би хэн тийм болгосныг мэдэхгүй, маргалдаж байхдаа би уурандаа галын хайч барьсан боловч түүгээр цохисон зүйл байхгүй. Бид хоёр гэртээ байсан бөгөөд өөр ямар нэгэн хүн байгаагүй. Бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Манай эхнэр эхэлж утсаа өгөхгүй гэхээр нь миний уур хүрээд зүрх савлаад тухайн үед хэсэг хугацаанд өөрийн гаргасан үйлдлийг одоо санахгүй байна. Утасыг нь авах гэж байх хугацаанд манай эхнэр сүүлдээ утсаа өгье гэж орилоод байсан. Тэр үедээ би гартаа галын хайч барьсан байж байгаад буцааж тавиад утаснаас нь өөрийн харах гэсэн зүйлээ хараад тайвшраад хэвийн байдалдаа орсон. Өглөө 05 цагийн үед утсанд мессеж ирэх үеэр сэрсэн. Тухайн үед гэрийн хаалга түгжээтэй байсан харин би хутга болон дрилл барьснаа санахгүй байна. Би маш их өндөр дуугаар хашхирч байснаа санаж байна. Би хэт их уурлахаараа өөрийнхөө үйлдлийг хянаж чадахгүй болчхоод байдаг тул хүнтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44/,
хохирогч Д.М- гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 09 дугаар сарын 30-ны өглөөний 07 цаг орчим би нөхрийн хамт өөрсдийн зуслан болох С дүүргийн ** дүгээр хорооны ****** тоотод унтаж сэрээд цай чанаад байж байхад нөхөр болох Э- нь намайг өөрсдийн ажиллуулдаг барилгын дэлгүүрийн орлогоос авсан байна гэж над руу уурлаад босож ирээд гэрийн хаалга дотроос нь цоожлоод миний толгой, нүүр, бие лүү олон удаа цохиж, үснээс зулгааж чирээд хутга бариад чамайг алаад хаячихъя гээд хутгалах гэж оролдохоор нь би бултаад миний баруун гарыг зүссэн. Тэгээд хутгаа тавихаар нь би хутгыг нь авч нуухад дахиад намайг өшиглөөд жижиг модон сандлаар цохиод, гэрт байсан дриллийг барьж аваад миний толгой луу цохиж дриллнийхээ үзүүрийг биед тулгаад ална гэж айлгасан. Дараа нь дахиад унагаагаад хөл, бие лүү олон удаа өшиглөж намайг бүтэн цаг орчим зодсон. Тэгээд бид хоёр 7-н буудалд байрлах барилгын материалын дэлгүүр дээрээ ирэхэд үл таних залуу над дээр ирээд эгчээ таны нүүр яасан юм гээд асууж байсан тэр залуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байх. Удаагүй цагдаа нар манай ажил дээр ирээд бид хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
гэрч Д.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өнөөдөр гэртээ байж байхад манай дүү М- над руу залгаад ***** дүүргийн цагдаа дээр байна та хүрээд ирээч гэсэн. Тэгээд би цагдаагийн газар ирээд дүүгээсээ юу болсон талаар асуухад нөхөр болох Э-тэй маргалдаад гэрийнхээ хаалгыг түгжиж байгаад хутга болон дрилл гартаа барьж байгаад зодсон гэсэн. Тэгээд манай дүүг дансаа шалгуул гэсэн байсан. Манай хүргэн Г.Э- нь миний мэдэхээр манай дүүг 2-3 удаа зодож байсан түүнээс болж чихний хэрэг цоорч байсан. Манай хүргэн Г.Э- нь олон жил өөрийн эхнэр болох М- г дарамталж амьдарсан. Манай дүү хүүхдүүдээ бодож энэ олон жил тэсэж яваа... Манай 2 дүү хувиараа барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг. Хүн харахад ямар нэгэн асуудалгүй юм шиг боловч байнга эхнэрээ сэтгэл санаагаар нь дарамталдаг. Манай дүү М- нь надтай ярих болгондоо унтаад босож ирмээгүй байна гэж байнга хэлэх болсон. Манай 2 дүү Х-ад 2-уулаа амьдардаг хүүхдүүд нь тусдаа гараад явсан... Надад сайн харуулаагүй би хальт харахад зүүн гарын булчин болон шуу хэсэг нь зүсэгдсэн байх шиг байсан... Надад хэлдэг байсан миний мэдэхээр олон удаа ийм асуудал болж байгаа. Миний мэдэхээр нэг удаа цагдаагийн байгууллагад хан байдаггүй болохоор зарим зүйлсийг нь мэдэхгүй байна энэ байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
гэрч Э.Э-нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай аав, ээж хоёр 2 жилийн өмнөөс Х-ад зуслан дээр байшин бариад амьдрах болсон. Харин би хотын төв байх байрандаа ганцаараа амьдраад жил орчим болох гэж байна. Манай аав ээж хоёр хоорондоо маргалдах зүйл гардаг байсан ч аав, ээжид гар хүрч байхыг хараагүй харин ээж дараа нь надад аав чинь намайг зодсон гэж нэг удаа хэлж байсан. Манай ээж 2021- 2022 оны үеэс сэтгэл санаа их тогтворгүй байх болсон. Манай ээжээс өмнө их сэтгэл санаа тайван ажиллаа хийгээд хүмүүстэй уулзаад явдаг байсан ч сүүлийн 2 жил орчмын үеэс сэтгэл санаа их сонин болж асуухаар зүгээрээ гэдэг байсан ч эмнэлэг хүртэл явж үзүүлж байна. Харин би нэг ч удаа хамт явж байгаагүй дандаа аав цуг явдаг байсан. Харин аав, ээж хоёрын харилцаа зүгээр л байдаг байсан. Ээжийн сэтгэл санаа тогтворгүй сэтгэц нь асуудалтай байсан болохоор ах дүү нар нь сэтгэцийн эмнэлэгт үзүүлнэ гэхээр та нар намайг сэтгэцийн эмнэлэгт хаях гэж байна гээд явдаггүй байсан. Би аав, ээжийг байшин бариад амьдрах болсноос хойш зуслангийн байшин руу нээх их яваагүй харин аав, ээж хоёр хааяа байрандаа ирдэг байсан. Манай аав, ээж хоёр миний мэдэхийн намайг бага байхаас хоорондоо маргаан ихтэй байдаг байсан. Аав харин уурлахаараа том өрөөнд ороод суучихдаг байсан. Би харин цочмог уурлаж байхыг нь хараагүй... Фейсбүүк чатаар хэлж байсан би юу болсон талаар нь асуухад надад ямар нэгэн юм хэлдэггүй байсан. Тухайн үед зурвас болон видео калл хийж ярьж байсан талаар одоо санахгүй байна. Харин ээж зодуулсны улмаас бие нь хөхөрч хавдсан талаар хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0725/12621 дугаартай шинжээчийн “Д.М- гийн биед зүүн бугалгад шарх, баруун завж, эрүү, зүүн мөр, баруун, зүүн бугалга, хөхний хэсэгт цус хуралт, баруун завж, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Д.М- гийн биед учирсан зүүн бугалганы шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Д.М- гийн биед учирсан зүүн бугалганы шарх болон бусад баруун завж, эрүү, зүүн мөр, баруун, зүүн бугалга, хөхний хэсэгт цус хуралт, баруун завж, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 52-56/,
***** дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бат-Эрдэнийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-48/,
***** дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Аюушжавын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16/,
***** дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бат-Эрдэнийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Э- нь 2025 оны 09 дугаар сарын 30-ны өдөр С дүүргийн ** дүгээр хорооны ****** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.М- тай “...дэлгүүрийн орлогоос авсан байна...” гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгойн тус газарт нь удаа дараа цохиж хутга барьж гарыг нь зүссэн, цахилгаан багаж дриллээр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн бугалганы шарх болон бусад баруун завж, эрүү, зүүн мөр, баруун, зүүн бугалга, хөхний хэсэгт цус хуралт, баруун завж, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Г.Э-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Э-д 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Г.Э- нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Хохирогч Д.М- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан шүүгдэгч Г.Э-өөс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Г.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тус ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаар шүүгдэгч Г.Э-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э- нь энэ тогтоолоор оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Г.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР