Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/11

 

 

 

 

 

  2021            12            23                                         2022/ДШМ/11   

 

Т.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Нямдэлэг,

шүүгдэгч Т.Г-, түүний өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин, О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/575 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Т.Г-д холбогдох эрүүгийн 2010023441054 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г-,

 

Шүүгдэгч Т.Г- нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “М” хотхоны *** дугаар байрны ** тоотод хамтран амьдарч байсан Г.Э-тэй “хүүхдээс минь холдууллаа” гэх шалтгаанаар маргалдан, “ална” гэж дайрч хохирогчийн уруул хэсэгт нь хазах, цээж рүү цохих зэргээр зодож, ар нуруу, хөл, гар хэсэгт нь олон удаа заазуураар зүсэж гэмтээн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Прокуророос шүүгдэгч Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г-г хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 129 /нэг зуун хорин ес/ хоногийг эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Т.Г-гээс 12.100.000 /арван хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг хохирогч Г.Э-т нөхөн төлснийг тэмдэглэж, Т.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Г-гийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Т.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

1. Шүүгдэгч Т.Г-гийн үйлдлийг хамтран амьдрагч Г.Э-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн алах санаа зорилготой байсан. Энэ нь яллагдагчаар түүний өгсөн “гараас нь заазуурыг нь булааж аваад хэрүүлийн улмаас нуруу хэсэг рүү хэд хэд хатгасан. Хэд хатгасанаа санахгүй байна” гэх мэдүүлэг нь өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний амь хохирч болзошгүйг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй буюу уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийжээ. Гэтэл Т.Г- нь “надад хүүхдийнхээ ээжийг алах санаа зорилго байхгүй, уур бухимдлаа бариагүй нь миний буруу” гэх мэдүүлэг болон хохирогч Г.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Т.Г- жоохон түргэн ууртай, арай алах зорилго байгаагүй байлгүйдээ, ер нь өөр хүнтэй дотно харьцаатай байсан. Үүнтэй холбоотойгоор үл ойлголцож байсан” гэх мэдүүлгийг анхааран үнэлээгүй болно. Дээрх үйл баримтаас харахад шүүгдэгчийн зүгээс бусдыг алах шууд субъектив санаа бодол, зорилго, сэдэлт огт байгаагүй, гагцхүү уур бухимдлаа барьж чадахгүй байсан гадаад илэрхийлэл харагдаж буй юм.

2. Дээрх субъектив илэрхийллийн нэг шинж болох гар утас дуугарч, гэрч М- гэрийх нь гадаа ирж тодорхойлолт авах зорилгоор дуудлага хийхэд хоорондоо ярилцаж Т.Г- өгөхөөр сайн дураараа гарсан үйлдэл байна. Энэ нь бусдыг алах санаа зорилго, бодол огт байгаагуйг илтгэх ба өөрийнх нь үл хамаарах нөхцөл байдлын улмаас алах үйлдэл нь таслан зогсоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Гэмт хэргийг туйлд нь хүргэх цаг хугацаа, орон зайн бүрэн боломжтой байхад сайн дураараа гарч тодорхойлолт өгч байгаа үйл баримт нь зүйлчлэлийн хувьд тохирохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн үндэслэл, агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Т.Г- нь хувийн, гэр бүлийн таарамжгүй үл ойлголцсон харилцааны явцад өөрийн уур бухимдлын үүдэн хамтран амьдрагч Г.Э-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамааруулж үзэх нь хэргийн бодит байдалтай нийцэх ба шудрага ёсны зарчимд нийцэх болно. Т.Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэр бүлийн маргааны хүчин зүйл, шүүгдэгч, хохирогчийн сэтгэл зүйн нөхцөл байдал, субъектив болон объектив бодит байдлуудыг анхааран үзэж зүйлчлэх шаардлагатай. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Т.Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирогч Г.Э-ийн зүгээс гомдол саналгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 12.100.000 төгрөгийг хүлээн авсан ба сэтгэл санаа, бие махбодийн хувьд эдгэрч гэм хор арилсан талаар мэдүүлэг өгсөн болохыг дурдаж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Г-гийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Б.Энхтүвшинтэй санал нэг байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Г-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би прокурорын хяналтын шатнаас эхэлж өмгөөлөгчөөр оролцсон. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтүүд нь бусдыг санаатай алах санаа зорилго болон үйл баримтыг хангалттай нотолж чадаагүй. Хохирогчийн биед яагаад ийм олон тооны гэмтэл, шарх үүссэн гэхээр харилцан бие, биедээ гэмтэл учруулсан. Шүүгдэгч Т.Г-гийн баруун гарын шууны хэсэгт хурц үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн шарх байдаг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч, хохирогч нар хардалтын улмаас буюу хоорондын таарамжгүй харьцаанаас мөн санхүүгийн маргаанаас болж хоорондоо маргалдаж бие, биедээ гэмтэл учруулсан. Шүүгдэгч Т.Г- нь эхнэр, хүүхэддээ хайр халамжтай, анхаарал халамж сайн тавьдаг. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. ...” гэв

 

Шүүгдэгч Т.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Хүнийг алах санаа зорилго надад байгаагүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Д.Нямдэлэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан, зүйлчлэл тохирсон. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа, учруулсан хохирол, сэдэлт зорилго зэрэг нөхцөл байдлуудыг хангалттай бүрэн тогтоосон гэж үзэж байгаа. Шүүгдэгч Т.Г-гийн үйлдэл үргэлжилж байхад гар утсанд дуудлага ирж үйлдэл зогссон гэх зүйлийг ярьдаг. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу хэргийн газарт болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Т.Г-гийн бусдыг санаатай алахыг завдсан үйлдэл хангалттай тогтоогдсон байгаа. Хохирогч Г.Э- мэдүүлэхдээ /хх 62-65/ “...миний утас дуугараад Т.Г- гарсан, гарахдаа “би энэ тодорхойлолтыг өгчихөөд ирээд чамайг ална” гэж хэлээд гарсан” гэдэг. Энэ хооронд нь хохирогч гэрийнхээ цонхоор гараад зугтаасан. Хүнийг алах санаа зорилго нь үйлдлээрээ буюу хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан байлаараа илэрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Г- нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “М” хотхоны *** дугаар байрны **** тоотод хамтран амьдрагч Г.Э-тэй “хүүхдээс минь холдууллаа” гэх шалтгаанаар маргалдаж, “ална” гэж дайрч хохирогчийн уруул хэсэгт хазах, цээж рүү нь цохих зэргээр зодож, ар нуруу, хөл, гар хэсэгт олон удаа заазуураар зүсэж гэмтээн эрүүл мэндэд нь тархины доргилт, зулайн баруун ар гадна хэсэгт цус хуралт, дээд уруулын баруун хэсэг, амны зүүн дээд хэсэгт шарх, баруун шууны гадна дунд хэсэгт шарх, цус хуралт, өвчүүний зүүн шугамаар 4, 5 дугаар хавирга орчим цус хуралт, зүүн гуяны гадна доод хэсэгт зурагдсан зулгаралт, цус хуралт, баруун далны гадна дээд хэсэг, дотор доод хэсэг, зүүн далны дотор дунд хэсэг, зүүн гарын эрхий хурууны 1 дүгээр үеийн хажуу хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Э-ийн “...цаад талын унтлагын өрөө рүү миний амыг дараад чирээд явсан, газар унагаад үсдэж байгаад 3 удаа шал мөргүүлсэн, “ёооё” гээд орилсон чинь “чимээгүй бол” гээд миний уруулыг хазаад, толгойны зүүн талаар дахин шал мөргүүлээд хоолойг нэг гараараа боож, нэг гараараа ам, хамар дараад “чамайг ална” гэсэн. Амьсгалж чадахгүй хэсэг манарч байхад нуруу хэсэг рүү 4-5 удаа хүчтэй цохих шиг болсон. Тэр үед миний нуруу хэсэг рүү нойтон оргиод явсан. Миний уруул, зүүн гарын эрхий хуруу, зүүн хөлийн гуя хэсгүүдээс цус гарч байсан. Тэр үед манай эгчийн нөхөр М- ах залгаж миний утас дуугараад байсан. Тэгсэн Г- “М- ах ирэх нь үнэн юм уу” гэхээр нь “тиймээ өдөр надаар авахуулсан хорооны тодорхойлолт авах гэж байгаа юм” гэж хэлсэн чинь дахин миний цээж болон гэдэс рүү хэд хэдэн удаа хутгатай гараараа цохиод дэрний уут салгаж аваад миний нүүр гарыг арчаад шалан дээр дэвссэн хивс хуйларсан байсныг тэгшилж янзлаад “би энэ бичгийг чинь гаргаж өгчихөөд орж ирээд чамайг ална” гээд миний гар утас, гэрийн түлхүүр болон жижиг цүнхэнд байсан олон тооны түлхүүр, машины түлхүүр, миний нүүр гар арчсан цустай дэрний уут зэргийг аваад гарсан. Г-г хаалга онгойлгож байгаа чимээ гаргахаар нь би өрөөний цонх онгойлгож буусан. Тэр үед дор нэг ах явж таарсан, тэр ахад “ах аа намайг алах гээд байна, авраарай” гэж хэлээд тэр ахаар буухдаа тосуулж авахуулсан. Тэгээд шууд эмийн сан руу ороод намайг тосож авсан ахын утсаар төрсөн ах Буянбаатар, төрсөн эгч Ганчимэг нар луу ярьж болсон хэргийн талаар хэлээд эмийн сангийн ариун цэврийн өрөөнд орж нуугдсан. ...” /1хх 60- 64/,

гэрч Б.П-ын “...орой ажлаа тараад гэрийнхээ гадна явж байхад 102 дугаар байрны 2 давхраас үл таних эмэгтэй “ах аа туслаач, намайг бариад аваарай” гээд шууд үсрэхээр нь тэвэрч аваад хажуу талын эмийн сан руу ороод хоёр гар нь цус болсон байхаар нь шууд цагдаа, түргэн тусламж дуудаад анхан шатны тусламж үзүүлэхэд нуруу хэсэг нь нилэнхүйдээ цус болсон байсан. Тэр эмэгтэйн ярьж байгаагаар манай нөхөр намайг хутгалаад үүд рүү явахаар нь цонхоор үсэрсэн гэж хэлсэн. ..” /1хх 67-68/,

гэрч Б.М-ын “...Э-ийн байрных нь гадна авто зогсоол дээр зогсож байхад Г- хорооны тодорхойлолт машины цонхоор өгчихөөд мэндэлчихээд буцаад орсон. Тэгээд би хотхоноос гараад “Е маrt”-н уулзвар дээр явж байхад эхнэр залгаад “чи ороодохгүй яасан юм. Гомбоо хутга бариад Э-ийг сүйд болгож байна гэнэ. Э- “цонхоороо зугтаад эмийн санд нуугдаж байна” гэж хэлэхээр нь би буцаж эргээд шууд эмийн сангийн ариун цэврийн өрөө рүү ороход Э-ийн нүүр нь цус болсон байна. “Ах аа, дүү нь алуулах гэж байна, гэр лүү ороод хүү Учралыг аваадахаач” гэж хэлсэн. Гэр лүү нь ороход Гомбо утсаар ярьсан, цонхоор хараад зогсож байсан. ...” /1хх 69-70/,

гэрч Б.Х-ын “...гэр лүүгээ ороход Г- Э-ийг алах гэж дайрсан байна, зугтаад цонхоор үсрээд эмийн санд нуугдаж байгаа юм байна, гялс явах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би “М” руу очиход Э-ийг түргэний тэрэг эмийн сангаас аваад явсан байсан. Гэр лүү нь ороход цагдаа нар ирсэн үзлэг хийж байсан. ...” /1хх 71-72/,

гэрч С.Г*ын “...уг байрны В1 давхрын шатны дор булан луу бор өнгийн иштэй заазуур, бор өнгийн дэрний уут, эмэгтэй хүний бор жижиг цүнхтэй олон тооны түлхүүр зэрэг эд зүйлүүд байсан учир би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /1хх 73-74/,

шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Г.Э-ийн биед учирсан нийт гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. ...” /1хх 86/,

Т.Г-гийн яллагдагчаар өгсөн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Бид ноцолдож тухайн үед гарыг нь мушгиж өчсөн. Мөн орилоод байсан учир уруулыг нь хазсан. Тэгээд гараас нь заазуурыг нь булааж аваад хэрүүлийн улмаас нуруу хэсэг рүү нь хатгасан. Хэд хатгаснаа санахгүй байна. ...” /1хх 107-108/ гэсэн мэдүүлгүүд,

 

Г.Э-ийн биед учирсан гэмтлүүдийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13067 дугаартай дүгнэлт /1хх 84-85/, хэргийн газрын болон хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-26, 32-37/, хувцсанд болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 39-42, 46-53/, нийт 23 см урт, ажлын хэсгийн урт 14 см, ажлын хэсгийн өргөн нь 5.5 см, бариул хэсэг нь 9 см урттай, бор өнгийн иштэй заазуурыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /1хх 56-57/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Т.Г- гэм буруутай эсэх, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Т.Г-гийн гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Э-ийн уруул хэсэгт нь хазах, цээж рүү цохих зэргээр зодож, түүний ар нуруу, хөл, гар хэсэгт олон удаа заазуураар зүсэх зэргээр санаатай алахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Г-гийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нар “...хүнийг алах санаа сэдэлт байгаагүй, сайн дураар татгалзсан нөхцөл байдал байгаа тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ:  

 Гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа төгс татгалзах гэдэг нь гэмт хэрэгт завдсан этгээд гэмт санаагаа болон төлөвлөсөн үйлдлээ хэрэгжүүлэхэд ямар ч саадгүй, бүх талаар боломжтой гэдгийг ойлгож байгаа хэр нь иргэн, нийгэмд өөрийн хортой гэмт ажиллагаа, түүнээс гарах үр дагаврыг ухамсарлан ойлгосон, өрөвч, хүнлэг сэтгэл гаргасан зэрэг шалтгаанаар гэмт хэргээ туйлд нь хүргэхийг гадны ямар нэг нөлөөгүй, өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дураараа бүрмөсөн, эргэлт буцалтгүй орхисон байхыг хэлнэ.

Харин гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэгдсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн боловч гэмт хэрэг нь төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжүүдтэй. Энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон ойлголт юм

 Шүүгдэгч Т.Г- нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “М” хотхоны *** дугаар байрны *** тоотод хамтран амьдрагч Г.Э-тэй “хүүхдээс минь холдууллаа” гэх шалтгаанаар маргалдан, “ална” гэж дайрч хохирогчийн уруул хэсэгт хазах, цээж рүү нь цохих зэргээр зодож, ар нуруу, хөл, гар хэсэгт олон удаа заазуураар зүсэж гэмтээн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоогдсон байна. Хохирогч Г.Э-, гэрч Б.Пүрэвбат, Б.М- нарын хэлж мэдүүлснээр тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг ийнхүү сэргээн тогтоосон байх бөгөөд уг нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг санаатай алахыг завдсан гэж үзэж, түүний гэмт үйлдлийн талаар хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Тодруулбал, шүүгдэгч нь хамтран амьдрагч Г.Э-т хүч хэрэглэн “ална” гэж дайрч хохирогчийн уруул хэсэгт хазах, цээж рүү нь цохих зэргээр зодож, ар нуруу, хөл, гар хэсэгт олон удаа заазуураар зүссэн бөгөөд тухайн үед бичиг авахаар ирсэн гэрч Б.М- хохирогчийн гар утас руу залгаж шүүгдэгч нь уг бичгийг гаргаж өгөхөөр гарсан хойгуур хохирогч нь цонхоор гарч зугтсанаар гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу төгсөөгүй байна. Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч хүнийг алахад чиглэсэн тодорхой үйлдлүүдийг хийж эхэлсэн боловч төгсөөгүй нь хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөтэй шууд холбоотой байх тул Т.Г-гийн үйлдлийг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж анхан шатны шүүхээс дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хорих ялаас доогуур буюу 4 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ болон гэм буруугийн байдалд тохирсон, хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г-гийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Г- 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 51 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/575 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г-гийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г- нь 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.МЯГМАРЖАВ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН