Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2024/00282

 

 

 

 

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж. Хаяг:Б аймаг, Ө  сум 13 дугаар багт оршин суух,

 

Хамтран нэхэмжлэгч: А. Хаяг:Б аймаг, Ө  сум 13 дугаар багт оршин суух,

 

Хариуцагч: М. Хаяг:Б аймаг, Ө  сум 13 дугаар багт оршин суух,

 

Хамтран хариуцагч: О. Хаяг:Б аймаг, Ө  сум 13 дугаар багт оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч нарын 117 м.кв талбайтай хоёр давхар  хуувийн сууцны 19.1 м.кв талбайтай өргөтгөлийг албан буулгахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хамтран нэхэмжлэгч А ,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н ,

Хариуцагч М ,

Хамтран хариуцагч О ,

Хариуцагчийн өмгөөлөгч А ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Ж , А  нар нь анх шүүхэд хариуцагч М , О  нарт холбогдуулан Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм БНбД 31-01-10-ийн 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгт, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 2.11 дэх заалтуудыг зөрчиж барьж байгаа барилгын өргөтгөлийн ажлыг зогсоолгох, барьсан өргөтгөлийг албадан буулгуулахыг хүссэн тухай шаардлага гаргасан байна.

Гэтэл шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч М , О  нарын 117 м.кв талбайтай хоёр давхар  хуувийн сууцны 19.1 м.кв талбайтай өргөтгөлийг албадан буулгахыг хүсэж, нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, тайлбарласан байна. Үүнд:

1.1 Нөхөр болох Ж  бид хоёр анх өмчлөлийн газарт 2012 онд хоёр давхар байшингаа барьж 2014 онд ашиглалтад оруулсан. Тэгэхэд хариуцагч нар байхгүй байсан. Хашаанд эдгээр хүмүүсийн ээж нь эсгий гэртэй суудаг байсан. Нөхөр бид хоёр хоёулаа цэргийн байгууллагад ажилладаг. Хил дээр Заставд амьдардаг байсан тул барьсан байшиндаа амьдардаггүй байсан.

1.2 Бид байшингаа дуусгачхаад Хил дээр буюу Заставд амьдарч байгаад зуны улиралд амралтаар ирэхэд хариуцагч нар байшин барьж байсан. Тэгэхэд бид энэ хүмүүстэй “та нар яагаад цонх талд байшин барьсан бэ” гэхэд “хоёр давхар байшин биш, зуны байшин” гэж хэлсэн.

1.3 Бид буцаад заставд ажиллахаар явахад манай байшинтай зэрэгцүүлж 2016 онд байх хоёр давхар байшин болгож барьсан ба уг байшингаас болж зөвхөн гал зуухны  өрөөний цонх биш манай байшингийн наран талын нэг давхрын 4 цонхыг хааж, нар огт тусахгүй болсон. Бид маш их гомдолтой байна. Бид нарыг доромжилж байна. Тухайн үед хөдөө амьдардаг байсан тул гомдол гаргаж чадаагүй явсан.

1.3 Дараа нь хоёр давхар байшин барчхаад танай гэрт нар тусахгүй юм байна дээвэр хийхээ болио гэж байгаад дээвэр хийгээд авсан. Тухайн байшиндаа өмнөх барьсан өргөтгөл байхад манай байшингийн гал тогооны цонхонд нар эгц тусахгүй дутуу тусдаг байсан. Гэтэл өргөтгөлөө нурааж шинээр өргөтгөлөө барихдаа өргөтгөлөө өндөрсгөж барьж манай гал тогооны цонхыг бүр хаасан. Бид аргаа бариад хуулийн байгууллагад хандаж байна.

1.4 Учир байдлаа хэлж хариуцагч нарт гомдол хэлэхэд гомдлыг маань нэг ч удаа хүлээж авч байгаагүй. Уулзах болгонд үл ойлголцож, маргалдаж байгаад явдаг. Сүүлд нь намайг угаасаа хэрүүл хийж байгаад болино гэж ханддаг болсон. Бидний эрх маш их зөрчигдөж байна.

1.5 Мөн манай байшингийн ойролцоо газарт нүхэн жорлон, бохирын сувгаа ухсан тул бид энэ талаар тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газарт хандсан. Дээрх газруудын холбогдох хүмүүс газар дээр нь ирж ажиллаж надад хариу мэдэгдсэн.Тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр хариуцагч нарын барьсан өргөтгөл нь зохих дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдсон. Маргаан бүхий газарт хяналт шалгалт хийсэн улсын байцаагч нар М д барилгын өргөтгөлийн ажлыг зогсоох талаар анхааруулж хэлсэн боловч шаардлагыг хүлээж аваагүй.

1.6 Хариуцагч тал манай газар луу хашаагаа татсан гэж байна. Тийм айлын газар луу хашаагаа татаж, орсон зүйл байхгүй. Тухайн үед Ж  бид хоёр, хоёулаа зөвшөөрсөн гэдэг нь худлаа. Тухайн үед бид өөрсдөө байгаагүй, манай хадам аав, ээж барилгын хүмүүс байсан. Хариуцагч нар тухайн үед байгаагүй, эсгий гэртэй эмээ байдаг байсан. Тухайн үед сэлбийсэн газар байсан. Бид анх байшингийнхаа материалыг авч ирээд эмээгийн гэрийн хажууд буулгаад гадан талын гялгар уутаар ороогоод харж байгаарай гэж явдаг байсан. Бид тэгж тохиролцож, цонхоо харанхуйд байлгахгүй шүү дээ. Хэн ч гэсэн харанхуй орчинд байхыг хүсэхгүй. Бид анх байшингийн зураг төслийг хийх үед наран талд байлгая гэж зориулж барьсан байсан. Эднийх хоёр давхар байшин барьснаар цонхоор нар тусахгүй болохоор гэр ч гэсэн хүйтэн байна. Доод талын давхрын обойнууд хөгцөрсөн байгаа.

1.7 Манай гэр бүл байгалийн нарыг үзэх эрхтэй. Бид хариуцагч нарт зөндөө ойлгуулж хэлж байсан. Гал зуухны өрөө бидний ихэнх цагаа өнгөрөөдөг өрөө байгаа юм. Хүний амьдрах орчныг хязгаарласан. Бид нар харах байтугай цонхоо нээж чадахгүй байна. Тухайн өргөтгөл дээр зуух тавьж яндан гаргачхаад түүнээс болж цонхны завсар болон хаалганаас хөө их орж ирдэг.

1.8 Дуугай байж байсан чинь нар дутуу тусаж байсан цонхыг хүртэл хаасан байгаа. Тэр гэрт ганц би амьдардаггүй, нөхөр, хүүхдүүдийн хамт 5 хүн амьдардаг. Иймд шүүхээс хүсэх нь хариуцагч нарын  хоёр давхар  хуувийн сууцны 19.1 м.кв талбайтай өргөтгөлийг албадан буулгахыг хүсэж байна.

 

2.Хариуцагч М , О  нарын хариу тайлбар, татгалзал:

2.1 Манайх тус газарт эсгий гэрээр ирж буусан ба тухайн үед баруун талын хамар хашааны айл болох иргэн А ийнх ирж буугаад манай хашааны баруун дээд буланд нүхэн жорлон гаргаж суурьшсан байсан.

2.2 Тухайн үед нэхэмжлэгч Ж  нь өөрийн эзэмшлийн газарт худаг ухаж, 2 давхар байшингийн суурь тавихад нь бид мялаалгад идээний дээжээ аваад очиж, нэхэмжлэгч Ж тэй уулзаж “миний дүү танайх энэ талдаа байшингаа барих гэж байна уу, манайх бас ирээдүйд энэ талдаа байшингаа барина, яагаад гэвэл манай дээд талын хөрш А ийн энэ талд бие засах газартай юм байна. Тийм учраас манайх энэ талд байшин барих ямар ч боломжгүй, танайх цаад талдаа байшин барих боломжгүй юм уу?” гэж хэлэхэд нэхэмжлэгч Ж нь “хоёулаа зөвшилцье танайх хашаанаасаа 1 метр сунгачих, манайх өөрсдийн хашаанаасаа 1 метр сунгая, дундаа 2 метрийн зайтай байшингаа барья, энд ямар ч асуудал байхгүй” гээд тэгж хэлээд байшингийнхаа сууриа нэг метр цааш татаж, манайх дараа нь мөн 1.5 метр наашаа татаж сууриа татсан. Сүүлд зааглагдсан газар хашаа татахдаа Ж  илт манайх руу шахаж бараг манай цонхонд тулгаж татсан. Энэ явдалд бид юу ч яриагүй дуугүй өнгөрөөсөн. Тухайн үед манайх гэрээр байсан учраас тэр үед Жанибекийн ил задгай барилгын материал, багаж хэрэгсэл, эд зүйлсийг харж хамгаалж бие биедээ туслан найрсаг харилцаж байсан.

2.3 Дараа нь маргаан үүсэхэд нэхэмжлэгч Ж т “миний дүү хоёулаа зөвшилдөж сууриа татсан байсан тухайгаа хэлж байсан. Нэхэмжлэгч тал сууриа татсаны дараа манайх байшингийнхаа сууриа татсан. Сууриа татсаны дараа манайх 2,3 жилийн дараа байшингаа барьсан. Хоёр байшингаа ижилхэн цаг хугацаанд бариад, ижилхэн ашиглалтад орсон. Зөвхөн нэхэмжлэгч талын цонх хаагдсан биш, манай гал зуухны өрөөний хөшиг нь байнгын татаастай байдаг. Манай гал зуухны өрөө ч гэсэн харанхуй байдалтай байдаг. Бид үнс авахад хамтран нэхэмжлэгч А  гарч ирж хэрүүл хийдэг. Яндангийнхаа хөөг зайлуулахдаа хүртэл бид айдаг байсан. Манайх ямар ч боломжгүй учраас өргөтгөлийн барилга барьсан. Өмнө нь гал зуухны өрөөнд зуухтай байхад 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би угаартаж эмнэлэгт хүргэгдэж байсан. Тийм учраас боломжгүй болохоор өргөтгөлөө нурааж шинээр янзалж барьсан. Манай хөрш айлуудыг гэрчээр асууж болно.

2.4 Түүнчлэн манай өмчлөлийн байшин нэхэмжлэгч Ж ийн байшингаас 2 дахин жижиг буюу 117 м.кв талбайтай, бас намхан учир БЭБД 30.01.04-ийн 9.19-д барилга байгууламжийн цонхоор хавар, зун,намрын улиралд нэг өдөр тусах нарны тусгалын үргэлжлэх хугацааны нийлбэр уур амьсгалын I, II-р бүсэд 3цаг, III,IY-р бүсэд 2_,5 цаг байхаар тооцож төлөвлөнө гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн улсаас олгосон 20х25 буюу нийт 500 м.кв талбайтай газарт БНБД 30.01.04-ийн 2.11-д заасан 2 давхар барилгуудын хоорондох зай 15 м байна гэсэн заалтын дагуу төлөвлөж хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн энэ өргөтгөл гэж байгаа үүдний хэсэг нь шинээр барьсан асуудал биш, хуучин байсан бөгөөд тухайн үед санхүү эдийн засгийн боломжгүй байсан учраас стандартын шаардлага хангаагүй муу үнсэн блокоор барьсан байсан учраас өвөлдөө цантаж, шавар, шохой нь унасан, хаалга нь эвдэрч салж унасан учир аргагүйн эрхэнд нурааж, сайжруулан барьсан явдал юм.

2.5 Мөн өмнө нь гал зуухны өрөөнд зуухтай байхад 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би угаартаж эмнэлэгт хүргэгдэж байсан. Тийм учраас боломжгүй болохоор өргөтгөлөө нурааж шинээр янзалж барьсан. Манай хөрш айлуудыг гэрчээр асууж болно. Тус аймгийн ЭМ-ийн газрын гаргасан дүгнэлттэй миний бие танилцсан ба уг дүгнэлтэд тусгасан шаардлагын дагуу бохир усны нүхийг стандартын дагуу янзалж суурилуулсан болно. Түүнээс биш нэхэмжлэлд дурдсанчлан өргөтгөлийн барилгыг нураах шаардлага тавиагүй юм. Тэгээд ч бид хүний эрхийн дагуу өөрийн өмчлөлийн газар, хашаа байшин, гэр орондоо өөрсдийн эрхээр тайван амгалан амьдармаар байна. Ж  нь өөрөө анхнаасаа бидний сануулж хэлж, зөвлөсөөр байхад тохиролцъё гэж зөвшөөрч, ямар ч төлөвлөлтгүй байшин барчхаад, дараа нь биднээс буруу хайж, дайрч давшлах эрхгүй гэж үзэж байна.

2.6 Хамтран нэхэмжлэгч үндэслэлгүй тайлбар хэлж байна. Нэхэмжлэгчид байхгүй үед манайх байшингаа барьсан зүйл биш. Байшин барьж байхдаа материал дутсан үед нэг нэгнийхээсээ авч, өгөлцдөг байсан. Манайх байшин барьж байх үед А  ирээд танайх байшингийнхаа доод давхарт дэлгүүр нээгээд, дээд давхарт нь амьдрах гэж байгаа юу гэж асууж байсан. Одоо энд ирчхээд худлаа үндэслэлгүй юм хэлж болохгүй. Маргаан бүхий газрыг анхнаасаа зөвшилцөж байгаад хоёр тал 1 метр, 1 метрийн зай үлдээж  татсан.

2.7 Шинжээчийн дүгнэлтээр нар огт тусаддаггүй биш, тусдаг гэж гарсан байна. 02 сарын байдлаар 1 цаг 48 минут нар тусдаг юм байна. Барилга, байгууламж норм, норматив нь Б аймгийн хувьд 48 градус нь 02 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 2 цагаас багагүй нарны тусгал байхад шаардлага хангана гэж заасан байгаа. Нэхэмжлэгч талын байшингийн цонхонд нар тусах боломж байгаа. Тийм учраас эрх нь зөрчигдөж байгаа зүйл байхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгч Ж ээс иргэний үнэмлэх, Б аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгосон Ж ийн нэр дээрх 00 нэг талбарын 568 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-00 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Ж , А  нарын нэр дээрх Б аймгийн Ө  сумын 13-р баг, Ж Т  нуур-5 гудамж, 511 тоот хаягт байршилтай, 243 м.кв талбайтай, хувийн сууц зориулалтай, улсын бүртгэлийн Y-000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 457 тоот албан бичиг, уг албан бичгээр олгосон тус газрын Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02-15-01/0048/13 дугаартай Барилгын байршлын тухай дүгнэлт, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 716 тоот албан бичиг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд үзэг хийж өгөх тухай хүсэлт, маргаан бүхий хоёр давхар байшингийн 5 ширхэг фото зураг, GoogleEarth 2012 оны болон 2019, 2020 онуудын тэнгэрээс татаж авсан фото зураг, нэхэмжлэгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч томилж өгөх тухай хүсэлт, нэхэмжлэгч Ж ээс хамтран нэхэмжлэгч А д 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нотариатын бүртгэлийн 0184 дугаарт бүртгэж олгосон итгэмжлэл, хамтран нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А ийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгч Н тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгч нараас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

4.Хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар ,О , М  нарын нэр дээрх өмчийн Б аймгийн Ө  сумын 13-р баг “Ж ” хаягт байршилтай хувийн сууцны зориулалтай 117 м.кв талбайтай, хоёр давхар Y-000  улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, О ийн өмчийн Б аймгийн Ө  сумын 13 дугаар баг “Ж ” хаягт байршилтай хувийн сууцны зориулалтаар 65 м.кв талбайтай Y-000  улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, хариуцагчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, О ийн нэр дээрх 000  нэгж талбарын 480 м.кв газрын 45 жилийн хугацаагаар 13 дугаар баг, Ж  байршилтай гэр, орон сууцны хашаа газрын зориулалтаар эзэмшүүлэхээр 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр олгосон газар эзэмших гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран хариуцагч О ийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, хариуцагч нарын хоёр давхар байшингийн 2022 оны фото зураг, 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хариуцагч М гийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, түүний 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өмгөөлөгч А тай байгуулсан өмгөөллийн гэрээ, хариуцагчийн өмгөөлөгчийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 15 тоот албан бичгээр гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг хариуцагч нараас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

5.Шүүхээс нэхэмжлэгчийн маргаан бүхий хоёр давхар байшинд үзлэг хийж өгөх тухай хүсэлтийг тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШЗ2023/03413 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, газрын үзлэгийн схем зураг 2 хуудас, үзлэгт оролцсон Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн тогтоогдсон зүйлүүдийн тухай тайлбар, үзлэгийн явцад баталгаажуулж авсан 7 хуудас фото зураг, нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШЗ2024/00123 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон  шинжээч ”Э ” ХХК-ний хувийн байдлын талаарх ”Э ” ХХК-д Барилга, Хот байгуулалтын яамны сайдаас олгосон тусгай зөвшөөрлийн 83-049/21 дугаартай гэрчилгээ, тус компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ, Б ий мэргэшсэн инженер гэрчилгээ, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тэмдэглэл, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №201/Д1 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Нар ээвэрлэлтийн хугацаа тодорхойлсон шинжээчийн №2024/М1 дугаартай акт, фото зураг, Хоорондын зайн хэмжээ тодорхойлсон шинжээчийн №2024/М2 акт, хэмжилт хийгдсэн схем зураг, болон фото зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... нөхөр болох Ж  бид хоёр анх өмчлөлийн газарт 2012 онд хоёр давхар байшингаа барьж 2014 онд ашиглалтад оруулсан. Тэгэхэд хариуцагч нар байхгүй байсан. Хашаанд эдгээр хүмүүсийн ээж нь эсгий гэртэй суудаг байсан. Бид хил дээр Заставд амьдардаг байсан тул барьсан байшиндаа амьдардаггүй байсан. Зуны улиралд амралтаар ирэхэд хариуцагч нар байшин барьж байсан. Тэгэхэд бид энэ хүмүүстэй “та нар яагаад цонх талд байшин барьсан бэ” гэхэд “хоёр давхар байшин биш, зуны байшин” гэж хэлсэн. Бид буцаад заставд ажиллахаар явахад манай байшинтай зэрэгцүүлж 2016 онд байх хоёр давхар байшин болгож барьсан ба уг байшингаас болж зөвхөн гал зуухны өрөөний цонх биш манай  байшингийн наран талын нэг давхрын 4 цонхыг хааж, нар огт тусахгүй болсон. Тухайн байшиндаа өмнөх барьсан өргөтгөл байхад манай байшингийн гал тогооны цонхонд нар эгц тусахгүй дутуу тусдаг байсан. Гэтэл өргөтгөлөө нурааж шинээр өргөтгөлөө барихдаа өргөтгөлөө өндөрсгөж барьж манай гал тогооны цонхыг бүр хаасан. Гал зуухны өрөө бидний ихэнх цагаа өнгөрөөдөг өрөө бөгөөд тэр гэрт ганц би амьдардаггүй, нөхөр, хүүхдүүдийн хамт 5 хүн амьдардаг. Иймд шүүхээс хүсэх нь хариуцагч нарын хоёр давхар хуувийн сууцны 19.1 м.кв талбайтай өргөтгөлийг албан буулгахыг хүсэж гэжээ.

8.Хариуцагч нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:... манайх тус газарт эсгий гэрээр ирж буусан ба тухайн үед манай баруун талын хамар хашааны айл болох иргэн А ийнх ирж буугаад манай хашааны баруун дээд буланд нүхэн жорлон гаргаж суурьшсан байсан. Тухайн үед нэхэмжлэгч Ж  нь өөрийн эзэмшлийн газарт худаг ухаж, 2 давхар байшингийн суурийг тавьж байхад нөхөр бид хоёр идээ дээжээ өргөж аваад нэхэмжлэгч Ж тэй уулзаж “миний дүү танайх энэ талдаа байшингаа барих гэж байна уу, манайх бас ирээдүйд энэ талдаа байшингаа барина, яагаад гэвэл манай дээд талын хөрш А ийг энэ талд бие засах газартай юм байна. Тийм учраас манайх энэ талд байшин барих ямар ч боломжгүй, танайх цаад талдаа байшин барих боломжгүй юу” гэж хэлэхэд нэхэмжлэгч Ж  нь “хоёулаа зөвшилцье танайх хашаанаасаа 1 метр сунгачих, манайх өөрсдийн хашаанаасаа 1 метр сунгая, дундаа 2 метрийн зайтай байшингаа барья, энд ямар ч асуудал байхгүй” гээд тэгж хэлээд байшингийнхаа сууриа нэг метр цааш татаж, манайх дараа нь мөн 1.5 метр наашаа татаж сууриа татсан. Сууриа татсаны дараа манайх 2,3 жилийн дараа байшингаа барьсан. Өмнө нь гал зуухны өрөөнд зуухтай байхад 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би угаартаж эмнэлэгт хүргэгдэж байсан. Тийм учраас боломжгүй болохоор өргөтгөлөө нурааж шинээр янзалж барьсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ. 

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1 Нэхэмжлэгч Ж  нь Б аймгийн Ө  сумын 13 дугаар баг, Ж  Т  нуур-5 гудамж 511 тоот хаягт нэгж талбарын 000  дугаар бүхий 568 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрын хууль ёсны өмчлөгч болох нь, мөн Ж , А  нарын хоёр хүний Б аймгийн Ө  сумын 13 дугаар баг, Ж  Т  нуур-5 гудамж 511 тоот хаягт байршилтай 234 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгосон Г-000 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон мөн хэлтсээс олгосон Улсын бүртгэлийн Y-000  дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр,

9.2 Хамтран хариуцагч О  нь Б аймгийн Ө  сумын 13 дугаар баг, Ж д байршилтай, нэгж талбарын 000  дугаар бүхий 480 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай эзэмшдэг болох нь, мөн М , О  нарын хоёр хүний Б аймгийн Ө  сумын 13 дугаар баг, Ж  хаягт байршилтай 117 м.кв талбайтай, хоёр давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даамлаас 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр олгосон 00 дугаартай Газар эзэмших гэрчилгээ болон Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр олгосон Улсын бүртгэлийн Y-000  дугаартай Үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон.

10.Хариуцагч нараас анх байшингаа барихдаа өөр өөрсдийнхөө эзэмшил болон өмчлөлийн газраас 1 метр, 1 метр зай авч барихаар харилцан тохиролцсон мөн нэхэмжлэгч тал манай эзэмшлийн газарт оруулж хашаа татсан гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

11.Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтууд болох шүүхийн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн схем зураг сансрын зураг болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нэхэмжлэгч Ж , А  нар нь өмчлөлийн газарт 234 м.кв талбайтай, хоёр давхар хувийн сууцаа барьсны дараа хил залгаа хариуцагч М , О  нар нь эзэмшлийн газартай зэрэгцүүлэн 117 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууц барьсан, мөн нэхэмжлэгч нараас өөрийнхөө өмчлөлийн газраас хариуцагч нарын эзэмшлийн газар хүртэл 1.7 метр зай үлдээж хоёр давхар хувийн сууцаа барьсан байх ба харин хариуцагч нараас өөрсдийнхөө эзэмшлийн газраас 0,7 м зай үлдээж зэрэгцүүлэн хувийн сууцаа барьсан, нэхэмжлэгч нарын татсан хашаа нь өөрийнхөө өмчлөлийн газарт багтаж байгаа  болох нь тус тус тогтоогдсон.

12.Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий хариуцагч М , О  нарын 117 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууцны 2022 онд авсан өмнөх өргөтгөлийн фото зураг болон уг өргөтгөлийн 2023 онд нурааж шинээр барьсан өргөлтийн талаарх тус шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийж тэмдэглэлээр баталгаажуулж авсан фото зураг, Б аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02-15-01/048/13 дүгнэлт зэргийг харьцуулан шинжлэн судалж үзэхэд, шинээр барьсан өргөтгөлийн хэмжээ нь өмнөх өргөтгөлөөс өндөр, уртаараа өргөн баригдсан байх бөгөөд ингэж баригдсанаар нэхэмжлэгч нарын өмчлөлийнхөө байшингийн гал тогооны өрөөний цонхыг хааж, нарны гэрэл болон үзэгдэх орчныг хаах зэргээр саад учруулж байгаа нь тогтоогдсон гэж шүүхээс дүгнэлээ.

13.Түүнчлэн нэхэмжлэгч Ж , А  нар нь өмчлөлийн газарт 234 м.кв талбайтай, хоёр давхар хувийн сууцаа барьсны дараа хариуцагч М , О  нар нь өөрийнхөө эзэмшлийн газрын талбайдаа хоёр давхар хувийн сууцыг зэрэгцүүлэн барихдаа Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30.01.04-ийн 2.11-д “Орон сууц хоорондын, орон сууц олон нийтийн барилга байгууламж хоорондын болон орон сууц үйлдвэрийн барилга байгууламж хоорондын нарны тусгалд хамааралтай зайг энэхүү нормын 9.19 дүгээр зүйлд заасны дагуу, харин барилга хоорондын нарны гэрэлтүүлгийн үргэлжлэх хугацааг холбогдох норм дүрмийн дагуу, галын аюулаас хамгаалах шаардлагыг БНбД 21.01.02 болон 4 дүгээр хавсралтад зааснаар тус тус төлөвлөнө. 2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15м-ээс багагүй,  харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 м-ээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно. Тайлбар:Жижиг сууцны барилгын сууцны өрөө, гал тогоо болон шиллэсэн тавцангийн цонхноос туслах аж ахуйн пин, гарааж, халуун усны барилгын хана хүртэлх зай ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагын дагуу 6м-ээс багагүй байх ёстой. Туслах аж ахуйн зориулалттай барилгуудыг эдэлбэр газрын хилээс 1м-ээс багагүй зайд байрлуулна” гэж заасныг зөрчсөн байна.

14.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.

15.Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт “хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд хариуцагч М , О  нар нь 117 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууцны өмнөх өргөтгөлийг нурааж шинээр барьсан өргөтгөл нь хөрш залгаа газрын өмчлөгч болох нэхэмжлэгч Ж , А  нарын өмчлөлийнхөө байшингийн гал тогооны өрөөний цонхыг хааж, уг өрөөндөө байгалийн гэрэлтүүлэг буюу нарны гэрэл болон үзэгдэх орчныг хаах зэргээр саад учруулж  нэхэмжлэгч нарын эрүүл орчинд амьдрах үндсэн эрх нь зөрчигдөж, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

16.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М , О  нарын 117 м.кв талбайтай хоёр давхар хуувийн сууцны 19.1 м.кв талбайтай өргөтгөлийг албадан буулгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

17.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М , О  нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М , О  нарын 117 м.кв талбайтай хоёр давхар  хуувийн сууцны 19.1 м.кв талбайтай өргөтгөлийг албадан буулгасугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ,О  нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж , А  нарт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.ЖАРХЫНГҮЛ