Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2023/01547/И |
Дугаар | 142/шш2024/00349 |
Огноо | 2024-02-23 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 142/шш2024/00349
2024 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 142/ШШ2024/00349 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 11-р хороолол, ************-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “****************” ТӨХК /РД:********, ************/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “****************” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн Б/132 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “*************” ТӨХК-т холбогдуулан “**************” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн Б/132 тоот тушаалаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулгах, цалингийн суутгал 891,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Б.О нь “*********” Төрийн өмчит Хувьцаат компанид Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажилладаг бөгөөд ажлын байрны тодорхойлолтыг албан тушаал бүр дээр шинэчлэх, ажилтны эрх үүрэг хариуцлагын тогтолцоог сайжруулах үүргийг бүрэн гүйцэт биелүүлээгүй, компанийн хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулаагүй, компанийн жилийн ажлын төлөвлөгөөг гаргаж батлуулаагүй, ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн.
“*********” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 тоот тушаалыг танилцуулсны дагуу “*********” ТӨХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Үүний дараа мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах шийдвэр гарсны дагуу тус гурван талт хороонд хандсан. Тухайн хорооны хурлын шийдвэр 2023 оны 06 дугаар сарын 28-нд гарсан боловч гишүүд нь амарсан, гарын үсэг нь гүйцэд зурагдаагүй гэх шалтгаанаар 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гардан аваад шүүхэд хандаж байна. Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хүний нөөцийн бодлогын бичиг баримтуудыг Хөдөлмөрийн хууль шинэчлэн баталсантай холбоотой боловсруулах асуудал 2022 онд хэлэлцэгдэж, тухайн бодлогыг боловсруулахаар Олон улсын мэргэжлийн хөгжлийн институт гэх байгууллага хийж гүйцэтгэхээр холбогдох хүмүүс гарын үсэг зурж, уг гэрээний дагуух ажиллагаа явагдаж байна гээд жил болж байна. Тухайн байгууллагаас өнөөдрийг хүртэл ямар ч баримт ирээгүй байна. Уг байгууллагаас ирүүлэх баримтыг үндэслэн хүний нөөцийн бодлогод нийцүүлж, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх ажлыг хийнэ гэх атлаа намайг буруутгасан нь үндэслэлгүй. Компанийн жилийн ажлын төлөвлөгөөг компаний бизнес төлөвлөгөөг батлуулсны дараа гаргаж баталдаг. Тухайн бизнес төлөвлөгөө нь 2023 оны 03 дугаар сарын сүүлээр батлагдан ирсэн бөгөөд тухайн бизнес төлөвлөгөөний дагуу салбар хэлтсүүд тус бүрээр жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулж ирүүлдэг ба нэг дүгээр сард уг ажлыг гүйцэтгэх боломжгүй байдал үүссэнийг мэдсээр байж үндэслэлгүй буруутгажээ. Уг асуудлыг тухайн үед шийдээд надад ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулаагүй атлаа 4 дүгээр сарын дараа гэнэт арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж үзэж байх тул ********* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй “*********” ТӨХК-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөшөөрөхгүй байна. Үүнд:
ЗУХ-ийн дарга Б.О нь ажлын байрны тодорхойлолтын 2.2-д заасан “Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, бусад дүрэм, журмуудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх...” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй дараах зөрчлүүдийг гаргасан.
1.Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/159 дүгээр тушаалаар өгсөн “...ажлын байрны тодорхойлолтыг албан тушаал бүр дээр шинэчлэх, ажилтнуудын эрх, үүрэг, хариуцлагын тогтолцоог сайжруулах...” үүргийг бүрэн гүйцэт биелүүлээгүй.
Тус компанид нийт 655 ажилтантай ба төв компанид 230 ажилтан ажилладаг. Энэ ажилтнуудын албан тушаалын тодорхойлолтыг одоо болтол бүрэн гүйцэт шинэчлээгүй, гүйцэтгэх захирлын өгсөн үүрэг даалгавар бүрэн биелэгдээгүй.
2.Гүйцэтгэх захирлын өгсөн үүрэг даалгавар болох Компанийн хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулж батлуулаагүй.
Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг шинэчилж батлуулах ажлыг 2022 оны 05 дугаар сарын нэгдсэн ажлын төлөвлөгөөнд тусгасан, мөн өглөөний шуурхай зөвлөгөөнөөр үүрэг даалгавар өгсөн боловч одоо болтол хийгдээгүй.
3.Компанийн 2023 оны жилийн ажлын нэгдсэн төлөвлөгөөг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.4-д “Салбар, хэлтэс, алба, ажилтан ажлаа сар, улирал, хагас жил, жилээр төлөвлөж ажиллана. Гүйцэтгэсэн ажлын үр дүнг хэлтэс, албаны дарга улирлаар тайланг авч дугнэж, биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллана. Компанийн сарын болон жилийн ажлын төлөвлөгөөг нэгтгэж дараа сарын 3-ны өдрийн дотор батлуулах, төлөвлөгөөний биелэлтийг дээрх хугацаанд нэгтгэж гүйциэтгэх захиралд танилцуулах ажлыг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга хариуцан зохион байгуулна. Ажлын тайланг жилийн эцэст хамгаалуулж, ажлын гүйцэтгэл, чанар, ажлын үр дүнг үнэлнэ” гэж заасан хугацаанд гаргаж батлуулаагүй, удаа дараа шаардуулж байж хугацаа хоцорч буюу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр батлуулсан.
4.Удирдах ажилтны хувьд ажилтантай ёс зүйгүй харьцаж ёс зүйн зөрчил гаргасан нь компанийн ёс зүйн зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдож байгаа ба дүгнэлтийг тухайн үед өөрт нь танилцуулсан ба гомдол гаргаагүй нь ёс зүйн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13.3.3, 13.7.1, 13.7.5 дахь заалтыг тус тус үндэслэн сахилгын шийтгэл ногдулсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Б.Оийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Уг хууль бус тушаалаар цалин хөлсийг 3 сараас 20 хувийг хассан бөгөө 2023 оны 05 сарын цалинас 297,000 төгрөг, нийт 891,000 төгрөгийг хассан тул дээрх тушаалыг хүчингүй болгох үндсэн шаардлагыг нэмэгдүүлж, цалин хөлс болох 891,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, тушаал /хх-4/, хөдөлмөрийн гэрээ /хх-5-7/, ажлын байрны тодорхойлолт /хх-8-9/, “**********” ТӨХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх-10-13/, Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын шийдвэр /хх-14-18/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5.Хариуцагчаас итгэмжлэл /хх-27/, тушаал /хх-39/, “**********” ТӨХК-ийн 2022 оны 05 сарын 17-ны өдрийн А/159 дугаартай тушаал /хх-40/, хөдөлмөрийн гэрээ /хх41-46/, ********** ТӨХК-ийн 2023 оны 04 сарын 11-ний өдрийн А/137 дугаар тушаал, 2022 оны 01 сарын 10-ны өдрийн А/06 дугаар тушаал /хх-55/, ёс зүйн зөвлөлийн дүгнэлт /хх-59/, тэмдэглэл /хх-60-62/, ээлжийн амралт олгох тушаал, хавсрал /хх-63-64/, хурлын тэмдэглэл /хх-65-67/, 2023 оны 06 сарын 27-ны өдрийн компанийн өргөтгөсөн шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгавар /хх-68-73/ зэргийг тус тус ирүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгч Б.О, хариуцагч “*********” ТӨХК-т холбогдуулан **********” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн Б/132 тоот тушаалаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулгах, цалингийн суутгал 891,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “.....Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хүний нөөцийн бодлогын бичиг баримтуудыг Хөдөлмөрийн хууль шинэчлэн баталсантай холбоотой Олон улсын мэргэжлийн хөгжлийн институт гэх байгууллага хийж гүйцэтгэхээр болсон боловч өнөөдрийг хүртэл ямар ч баримт ирээгүй, Компанийн жилийн ажлын төлөвлөгөөг компаний бизнес төлөвлөгөөг батлуулсны дараа баталдаг ч тухайн бизнес төлөвлөгөө нь 2023 оны 03 дугаар сарын сүүлээр батлагдан ирсэн, мөн ёс зүйн зөрчилтэй холбогдуулан тухайн үед нь арга хэмжээ аваагүй ч 4 сарын дараа гэнэт арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж үзэж байх тул “*********” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.О нь 230 ажилтны албан тушаалын тодорхойлолтыг бүрэн гүйцэт шинэчлээгүй, хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулж батлуулаагүй, 2023 оны жилийн ажлын нэгдсэн төлөвлөгөөг хөдөлмөрийн дотоод журамд заасан хугацаанд батлуулаагүй, албан хаагчтай ёс зүйгүй харилцаж ёс зүйн зөрчил гаргасан тул зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнд үндсэн цалинг 3 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн үндэслэлийг заажээ.
Нэхэмжлэгч Б.О нь “*********” ТӨХК-д Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа “**********” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 тоот тушаалаар ажлын байрны тодорхойлолтыг албан тушаал бүр дээр шинэчлэх, ажилтны эрх, үүрэг хариуцлагын тогтолцоог сайжруулах үүргийг бүрэн гүйцэт биелүүлээгүй, компанийн хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулаагүй, компанийн жилийн ажлын төлөвлөгөөг гаргаж батлуулаагүй, ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл хүлээсэн байна.
Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу “**********” ТӨХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан байх ба Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах шийдвэр гарсаны дагуу тус гурван талт хороонд хандаж, тухайн хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэжээ. Өөрөөр хэлбэл сахилгын зөрчил гаргасан өдрөөс зургаан сарын дотор, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болох бөгөөд хэрэв зургаан сар дотор зөрчлийг илрүүлсэн бол илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хуулиар тогтоосон.
“**********” ТӨХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/159 дугаар тушаалаар захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.От “хүний нөөцийн холбоотой дүрэм, журмыг ил тод нээлттэй тодорхой байлгах, ажлын байрны тодорхойлолтыг албан тушаал бүр дээр шинэчлэх, ажилтнуудын эрх, үүрэг, хариуцлагын тогтолцоог сайжруулах, гарч буй тушаал шийдвэрийн үндэслэлийг зөв тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавьж алдаа гаргахгүй ажиллах”-ыг үүрэг болгосон байна.
Дээрх тушаалд ..ажлын байрны тодорхойлолтыг албан тушаал бүр дээр шинэчлэх .. гэсэн боловч хэдий хугацаанд хийж дуусгахыг үүрэг болгосон нь тодорхойгүй, хариуцлагын тогтолцоог сайжруулах гэдэг нь хэт ерөнхий ойлгомжгүй, үр дүнг хэрхэн дүгнэж, үүргийг бүрэн гүйцэт биелүүлээгүй гэж дүгнэсэн болох нь батлагдахгүй байна.
Түүнээс гадна, хэдэн хүний албан тушаал дээр ажлын байрны тодорхойлолтыг хэдий хугацаанд шинэчлэх ёстойгоос хэдэн хүний тодорхойлолтыг шинэчилсэн, хэдэн хүнийхийг шинэчлээгүй хэвээр байгаа болох нь тогтоогдоогүй байна. Мөн компанийн хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулах үүргийг хэн хүлээсэн, бодлогын баримт бичиг гэдэгт юуг ойлгож байгаагаа хариуцагч нотлож тайлбарлаж чадахгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2.-д хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.
Хэдийгээр хариуцагч талаас нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтыг шинэчлээгүй гэж буруутгаж байгаа боловч, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн компанийн өргөтгөсөн шуурхай хурлаас өгсөн үүрэг, даалгаварын биелэлтийн тайлангийн 5-д хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулан 2 удаа хэлэлцүүлэг хийж, ҮЭНХорооны даргад танилцуулсан, гүйцэтгэх захиралд танилцуулахаар 7 дугаар сарын 03-ны өдөр өгсөн, албан тушаалын тодорхойлолтуудыг шинэчилж дууссан гэжээ.
2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “**********” ТӨХК нь Компанийн стратеги төлөвлөгөө болон хүний нөөцийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хүний нөөцийн нөхцөл байдлын судалгаа хийх, ажлын байрны шинжилгээ хийх, байгууллагын дүрэм, журмыг шинээр батлагдсан хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох, мэргэшил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр сургалт явуулах талаар Олон Улсын мэргэжлийн институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан болох нь хамтын ажиллагааны гэрээгээр тогтоогдож байх бөгөөд, Олон Улсын мэргэжлийн институт нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийг “Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хүний нөөцийн бодлогын бичиг баримтууд”-ыг шинэчлээгүй, үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.4-д зааснаар захиргаа, удирдлагын газрын дарга компанийн сарын болон жилийн ажлын төлөвлөгөөг нэгтгэж дараа сарын 3-ны өдрийн дотор батлуулах үүрэгтэй байх боловч компаний бизнес төлөвлөгөөг батлуулсаны дараа ажлын жилийн нэгдсэн төлөвлөгөөг батлуулдаг байх бөгөөд, 2023 оны хувьд тухайн бизнес төлөвлөгөө нь 2023 оны 03 дугаар сарын сүүлээр батлагдсантай холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 2023 оны жилийн ажлын нэгдсэн төлөвлөгөөг батлуулсан байна.
Ёс зүйн зөрчлийн тухайд нэхэмжлэгчийг авлагын мэргэжилтэн Н.Эээг “тэтгэвэртээ гар, хэзээ гарах гэж байна гэж хэлсэн, хэлэхдээ албан өрөөндөө бус коридорт хэлсэн” гэж хэлсэн нь, мөн авлагын мэргэжилтэн Н.Эээ нь нэхэмжлэгч Б.Оийг “бусдаас мөнгө авч ажилд оруулдаг, миний оронд ажиллах хүн нь бэлэн юм уу, мөнгө төгрөгийг нь авчихсан юм уу” гэж үндэслэлгүй гүтгэсэн нь байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 3.2.11-д “ Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхолыг дээдлэн хүндэтгэх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж “**********” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар дүгнэж, дүгнэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Б.От танилцуулсан байна.
Дээрх ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нэхэмжлэгч Б.От ёс зүйн хариуцлага ногдуулах арга хэмжээ авах талаар саналыг удирдлагад хүргүүлээгүй байх бөгөөд, ажил олгогч уг зөрчлийг 2023.01.09-ний өдөр илрүүлсэн ч илрүүлснээс хойш нэг сарын дотор бус 2023.05.17-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд заасан уг журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Ийнхүү ажилтны гаргасан гэх зарим сахилгын зөрчил тогтоогдоогүй, зарим зөрчилд шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.От 2023 оны 05 дугаар сараас эхлэн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан “**********” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.
“**********” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 дугаар тушаалыг хүчингүй тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг тушаалыг үндэслэн нэхэмжлэгч ********** 5,6,7 сарын цалин хөлснөөс суутгасан 891,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч С.Оюунцэцэгт олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч “********** ” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 96,134 /70,200-25,934/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.От үндсэн цалинг 3 сарын 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч “**********” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас 891,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “**********” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 96,134 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН