Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга                    Б.Алтансүх

Улсын яллагч                                  Н.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  гагнуурчин мэргэжилтэй, гагнуурчин ажилтай, ам бүл 6, ээж, эгч, дүү нарын хамт оршин суух хаягтай,  Б овогт Т.Т-д холбогдох эрүүгийн 1720000000030 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Т.Т нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны орой Дорноговь аймгийн  Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Э-н нүүрэн тус газарт өшиглөж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч А.Э  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т надруу дайраад “зүгээр хоёулаа үзчихье” гэхээр нь “за тэгье” гээд зайгаа аваад замын хажуу руу гарах гэсэн чинь миний ар дагз руу шууд гараараа нэг удаа цохихоор нь би эргэж хараад Т-н бүсэлхийнээс нь тэвэрсэн. Ингээд бид хоёр хоорондоо зууралцаад нэг нэгийгээ унагаах гэтэл Т миний нүүр буюу уруул хэсэг рүү хөлөөрөө өвдөглөсөн, майкаар минь боосон, энэ үед Б гэгч залуу миний дээрээс дараад намайг газар унагаасан бөгөөд Т намайг замын гол руу чирсэн чинь Б миний цээж болон нүүр рүү пүүзтэй хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэжээ /хx-ийн 11-12-р тал/

2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 282 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. А.Э-н биед баруун хөмсөг,дээд уруулын дотор талд язарсан шарх, хүзүүний урд хэсгээр болон хоёр тохой, зүүн өвдгөнд зулгаралт, барyун нүдний доод зовхи болон дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн баруун хөмсөг,дээд уруулын дотор талд язарсан шарх гэмтэл  нь нийлээд болон дан дангаараа  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаас нийлээд болон дан дангаараа “Гэмтлийн  зэрэг тогтоох журам”-ын  2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хүзүүний урд хэсгээр болон, хоёр тохой, зүүн өвдгөнд зулгаралт баyун нүдний доод зовхи болон дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан  дангаараа болон нийлээдГэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 37 тал/

Т.Т-н хохирогч А.Э-д өгсөн 500.000 төгрөгийн баримт /хх-ийн 43 тал/

Хохирогч А.Э-н гомдол саналгүй талаарх баримт /хх-ийн 48 тал/зэрэг болно.

Шүүгдэгч Т.Т нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны орой Дорноговь аймгийн  Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Э-н нүүрэн тус газарт өшиглөж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч А.Э-н  мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Т.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Т.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол төлбөргүй, хор уршиг арилсан зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Т.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шүүгдэгч  Б овогт Т.Т-г  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Л.БАТЖАРГАЛ