Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/15

 

 

 

 

       2021           12            23                                   2022/ДШМ/15

 

Д.Бт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Серикжан,

яллагдагч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Баясгалан, Т.Урангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1813 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Серикжаны бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай прокурорын эсэргүүцлээр Д.Бт холбогдох 1905041920404 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Б нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Тээш худалдааны төв”-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Д.Мын 49.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газраас Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус шүүх 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад түүнд холбогдох 1905041920404 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 133 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн.

Уг шийтгэх тогтоолд хэргийн оролцогчид гомдол гаргасны дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаж 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 435 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байна.

Тухайн магадлалд хуульд заасан хугацаанд хохирогчийн өмгөөлөгч Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаартай “хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоол гарсан болно.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 435 дугаартай магадлалд “...хохирогч Д.М хохирлын талаар зөрүүтэй мэдүүлсээр атал прокуророос ерөнхий байдлаар дүгнэж, Д.М нь Д.Бт хэзээ, яаж, хэдэн төгрөгийг, ямар зорилгоор өгсөн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан шалгаж, хохирлын зөрүүг шалгаж тодруулалгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Д.Маас 49.500.000 төгрөг нэхэмжилсний хэдэн төгрөгийг залилах гэмт хэргийн улмаас авсан, хэдэн төгрөгийг зээлж авсан зэргийг нарийвчлан тогтоох шаардлагатай, түүнчлэн тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн залилах гэмт хэргийн хэр хэмжээ, мөн албан тушаалын байдлаар хэрхэн ашигласан гэх шинжийг шалгаж тодруулаагүй...” гэж заасан байна.

Гэтэл Тээврийн прокурорын газраас хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 435 дугаартай магадлалд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй, мөн албан тушаалын байдлаа хэрхэн ашигласан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дээрх асуудлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байх тул дээрх зөрчлийг арилгасны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шүүх хянаж, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул яллагдагч Д.Бт холбогдох эрүүгийн 1905041920404 дугаартай хэргийг Тээврийн прокурорын газар буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Серикжан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь тодорхой бус, ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлж байх тул эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй.

Учир нь, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 435 дугаартай магадлалд заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоосон байхад “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр нь тодорхой бус, ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлж байна.  

Тухайлбал, хохирогч Д.М нь 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд “Ногоон зоорь”-ийг худалдан авах зорилгоор “Тээш худалдааны төв”-ийн даргаар ажиллаж байсан Д.Бт 49.500.000 төгрөг өгснийг хохирогч өөрөө шууд заахаас гадна, тухайн мөнгийг хаанаас авсан болох, өөрт нь байсан талаарх мөнгөний эх үүсвэрийн шалгаж тогтоосон байх ба нийт учруулсан 49.500.000 төгрөгийн хохирлоос 20.000.000 төгрөгийг Д.Бт өгсөн болохыг гэрч Б.Ч, Г.М, О.М нар давхар нотолсон болно.

Түүнчлэн шүүгдэгч Д.Б албан тушаалтны хувьд тус байгууллагын эд хөрөнгийг худалдах талаар санал, шийдвэр гаргах эрх бүхий хүн гэж ойлгуулах замаар гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн нь албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч мэхэлсэн гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байна.

Тухайлбал, шүүгдэгч Д.Б нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байхдаа зоорь худалдан авах санал тавьж, хамтран ажиллаж байна, мөнгө хэрэгтэй байна, дэлгүүрээ хэзээ хүлээлцэх вэ, чи түрээслэгчийн давуу эрхээр хувьчлаад авчих, дараа нь надад өгчих, ногоон зоорины нэгийг би авна гэж байснаа болилоо, тэр зоорийг бүтнээр нь чи ав” гэх зэргээр албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.Маас 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 49.500.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авсан болох нь хавтас хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлгээс гадна гэрч Б.Ч, Г.М, О.М, Б.У, Р.О, М.Э, Ч.М, Т.Б нарын мэдүүлэг, ажилд томилсон тушаал зэрэг үйл баримтуудаар нотлогдсон болно.

Шүүгдэгч Д.Б нь албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн талаар прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд дурдаж, хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөөд шүүгчийн захирамжид “албан тушаалын байдлаа хэрхэн ашигласан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хэргийг буруу тусгаарласан”, 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”, 1.3-т “мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” бол хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан ба албан тушаалын байдлаа хэрхэн ашигласан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй” гэсэн үндэслэлээр хэргийг буцаах хуулийн заалт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалын байдлаа хэрхэн ашигласан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, дутуу хийсэн гэж үзвэл, шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд аливаа нэгэн шийдвэр гарахад энэ талаар тусгаж өгөх, зөвтгөх боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1813 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Яллагдагч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч, үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурор хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй, шүүх хуралдаанд асуулт асуухад мэдэхгүй байсан. ...” гэв.

            Яллагдагч Д.Бийн өмгөөлөгч Б.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргаж, үүний дагуу шүүгчийн захирамж гарсан. Хэргийг прокурорт буцааж 2 асуудлыг тодруул гэхэд прокурор албан тушаалын байдлаа ашигласан гэдгийг тогтоосон гэдэг. Харин 49.500.000 төгрөгийн хохирлын хэмжээг тогтоогоогүй хэрнээ эсэргүүцэлдээ тогтоосон мэтээр бичсэн байна. 29.500.000 төгрөгийг зөвхөн хохирогчийн мэдүүлгээр гэдэг боловч хохирогч өөрөө “би заримыг нь зээлүүлсэн” гэж мэдүүлдэг. Тиймээс прокурор зээлсэн болон залилж авсан мөнгөний хэмжээг ялгаж салгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч Д.Бийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн субъектив байдлыг тогтоолгох тухай дурдсан байсан. Үүнтэй холбоотой шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлтүүд гаргаж байсан боловч нэг ч ажиллагаа хийгээгүй. Яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болж чадахгүй. Эх сурвалжаа зааж мэдүүлэг өгсөн боловч прокурор миний үйлчлүүлэгчийг нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Мөн прокурорын зүгээс 49.500.000 төгрөгийн хувьд эх сурвалжийг зааж чадсан, мөрдөн шалгах ажиллагаа хийсэн гээд хэргийн хавтас нэмэгдсэн хэдий ч хохиролтой холбоотой компанийн ордер цааснууд авагдсан байсан. Энэ нь хэрэгт ямар хамааралтай болох нь ойлгомжгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар агуулгын хувьд 3 асуудлыг хөндсөн ч уг 3 асуудал биелэгдээгүй шүүхэд шилжсэн байна. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ субъектив нөхцөл байдалд дүгнэлт хийлгэх, хэрэв тогтоож, ажиллагаагаа явуулж чадахгүй бол өөрт нь эрх хэмжээ нь байх тул уг эрх хэмжээгээ ашиглахыг хүсэж байна. ...” гэв.

            Яллагдагч Д.Бийн өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасны дараа 2 хавтас гаруй баримт нэмэгдсэн ч үүний 1 хавтас гаруй нь хохирогчийн өгсөн түрээсийн гэрээнүүд болон мөнгө хүлээн авсан баримт байдаг. Өөр бусад гэрчүүдийн мэдүүлгүүдийг харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-д заасан ажиллагаанууд хийгдээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд яллагдагчаас мэдүүлэг аваагүй байна гэхэд улсын яллагч “яллагдагчаас мэдүүлэг авах шаардлагагүй” гэж бүдүүлгээр хэлж байсан. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш 9 үндэслэлээр хүсэлт гаргасны 3 нь хангагдсан. Шалгуулахыг хүссэн асуудлаа урьдчилсан хэлэлцүүлэгт ярьж байсан. Хохирогч гэх Д.М нь анх хуулийн этгээдийн нэрээр гомдол гаргаж байсан. Гэтэл хуулийн этгээдийг хохирогчоор тогтоогоогүй, хувь хүнийг тогтоосон. Хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй нь процессийн алдаа гэж үзэж байна. Мөн нэмж хэд хэдэн гэрч асууж, туршилт хийхдээ өмгөөлөгчийг оролцуулаагүй, нэг талыг барьж ажиллагаа явуулсан. Тэгш эрхийн зарчмыг хангаж, яллах болон цагаатгах талын нотлох баримтыг адил тэнцүү цуглуулахыг хүссэн. Шинээр нэмэгдсэн 2 хавтаст яллагдагчийн эрх ашгийг хамгаалсан нэг ч баримт огт байхгүй. Хохирогч 2 удаа асуугдсан, хохирогч талын гэрчүүд асуугдсан, мэдүүлгийн зөрүү арилаагүй, олон түрээсийн гэрээг хавсаргаж хийсэн. Иймд хэргийг буцааж байж асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. ... “гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад яллагдагч Д.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Д.Бт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүгчийн захирамжид дурдсан асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Түүнчлэн, шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг хэргийн оролцогч нарыг оролцуулж хэргийг цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох ажиллагаа хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Д.Бт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1813 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Бт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл яллагдагч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ