| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2023/00573/и |
| Дугаар | 152/ШШ2024/00034 |
| Огноо | 2024-01-16 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 152/ШШ2024/00034
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.У-ын,
Хариуцагч: ЦТС ХХК-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин гайргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.У,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Зт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ЦТСХХК-д хуулийн зөвлөхөөр ажилд орж, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар томилогдож ажиллаж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр жирэмсний амралт авч, 2023 ооны 3 дугаар сарын 10-ны өдөр эргэн ажилд орох хүсэлт гаргасан. Жирэмсний амралттай хүний ажлын байрыг хадгалаагүй байдлыг үндэслэн шүүхэд хандан шийдвэрлүүлж, 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилд орсон. Миний бие нь эргэж ажилд орох хугацаагаа товлож, хугацаандаа ажилдаа орж чадаагүйгээс банкны зээл төлөгдөлгүй байсаар Монгол банкны муу зээлийн түүхэнд бичигдсэн, банкны материал шүүхэд шилжсэн зэрэг миний амьдралд тодорхой хэмжээний хохирол учирсан. Намайг ажилд аваагүй нь хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдож шүүхийн шийдвэр гарсан тул ажилд орох хүсэлт гаргасан өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацааны цалин гаргаж өгөхийг ЦТСХХК-ийн гүйцэтгэх захирал Т.З-т хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу өгсөн тул Улаангом сумын дэргэдэх гурван талт хороонд гомдол гаргасан. Хорооноос амаар хариу өгсөн бөгөөд Бидний шийдвэрлэх асуудал биш байна. Шүүхийн шийдвэр гарсан нь цалин тогтоох үндэслэлтэй. Ийм асуудлаар 9 хүн цуглаж чадалгүй, захиралд чинь хэлсэн гэсэн. Захирлын зүгээс олгохгүй гэдгээ мэдэгдсэн тул дараагийн шатанд хандаж байгаа юм. Иймд ажилд орох хүсэлт гаргасан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэл тодорхой байх ёстой, хугацааны хувьд хэзээнээс, хэзээний хоорондох цалинг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч 3 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл гаргаснаас хойш тооцно гээд байна. Хэрэв тийм бол цалинтай ээжийн 50,000 төгрөг авсан эсэх нь тодорхойгүй эсвэл нийгмийн даатгалд буцаан төлөх юм уу, эс бөгөөс М.У үндэслэлгүйгээр хөрөнгөжих гээд байгаа юм. Шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж цалинг бодож тооцох ёстой. Хууль мэдэхгүй байх нь түүнийг зөрчих үндэслэл болохгүй. Хэрэв ажилдаа орох өргөдөл гаргасан юм бол цалинтай ээжийн 50,000 төгрөгөө зогсоолгох ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолж чадаагүй гэж үзэж байна. 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл Цахилгаан түгээх сүлжээ ХХК нь М.Уын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байсан. Гэтэл нэхэмжлэгч эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа үндсэн цалингаас төлүүлэх юм уу?, өмнө төлж байсан 550,000 төгрөгийг хасаж зөрүүг төлүүлэх гээд байгаа юм уу? гэдэг нь тодорхойгүй байна. Миний хувьд 550,000 төгрөгийг хасаад зөрүүнээс тооцох ёстой гэж үзэж байна. Тэгэхгүй бол эрүүл мэндийн болон нийгмийн даатгал нь үндсэн цалингаасаа илүү гарна” гэв.
Нэхэмжлэгч М.У шүүхэд түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2023/00276 дугаар шийдвэр, ЦТСХХК-ийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/101 дүгээр тушаалын хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/74 дүгээр тушаалын хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эмчийн тодорхойлолт, М.Уын 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны цалин тооцсон хүснэгт, англи хэл дээр үйлдэгдсэн лавлагаа, Нямдавсүрэн овогтой Энхманлайгийн төрсний гэрчилгээний хуулбар, ЦТСХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 313 дугаартай албан бичиг, М.Уын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ЦТСХХК-ийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/101 дүгээр тушаалын хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/74 дүгээр тушаалын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн санаачилгаар ЦТСХХК-с нэхэмжлэгч М.Уын 2022 оны 6,7,8 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтийг нотлох баримтаар гаргуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч М.У нь шүүхэд хандаж 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргажээ.
3. Шүүхээс хариуцагчийн төлөөлөгч Г.Зт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны ирцийн талаар шүүхэд тусгайлан гаргах санал, хүсэлтгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч М.У нь ЦТСХХК-д Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авсан ба үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авсан болох нь хэрэгт авагдсан ЦТСХХК-ийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/74 дүгээр тушаалаар тогтоогдож байна.
4.2. Нэхэмжлэгч М.У 2023 оны 3 дугаар сард хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгавар болгож, өмнө эрхэлж байсан ЦТСХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргын ажлын байранд үргэжлүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус компанийн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд гаргасан боловч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй тул М.У нь шүүхэд хандаж, ЦТСХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2023/00276 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Уын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг ЦТСХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргын ажлын байранд эгүүлэн тогтоожээ. Хариуцагч байгууллага болох ЦТСХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч М.Уын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээж, түүнийг өмнө эрхэлж байсан ЦТСХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргын ажлын байранд ажиллуулах тухай тус компанийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/101 дүгээр тушаалыг гаргасан байна.
Хэрэгт М.У нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ЦТСХХК-ийн захиралд хандаж, хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгавар болгож, ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлт гаргасан эсэхийг нотлох баримт авагдаагүй боловч “...2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ЦТСХХК-ийн захиралд дээрх хүсэлтийг гаргасан” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс үгүйсгээгүй бөгөөд дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно. Иймд нэхэмжлэгч М.Уыг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ЦТСХХК-ийн захиралд хандаж, хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгавар болгож, ажлын байрандаа үргэжлүүлэн ажиллах тухай хүсэлт гаргасан гэж дүгнэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны хүсэлтийн дагуу ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй ба хариуцагч ЦТСХХК нь нэхэмжлэгч М.Уын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай шийдвэрийг бичгээр гаргаагүй боловч түүний хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгавар болгож, ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй байх тул ажил олгогчийн дээрх үйлдлийг нэхэмжлэгч М.Уыг ажлаас халсантай буюу түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай адилтган үзнэ. Ажил олгогч ЦТСХХК нь дээрх үүргээ биелүүлээгүй болохыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон байх тул нэхэмжлэгч М.У нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос шаардах эрхтэй.
Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс М.У нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс бус түүнийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс буюу 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шаардах эрхтэй гэж маргаж байгаа боловч шүүхээс нэхэмжлэгч М.Уыг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй гэж үзэв. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуульд хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгавар болгож, ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллах тухай ажилтны хүсэлтийг ажил олгогч ямар хугацаанд шийдвэрлэх ёстой талаар тодорхой заагаагүй боловч ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс ажил олгогч нь ажилтны хүсэлтийг боломжит богино хугацааны дотор шийдвэрлэж, ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай шийдвэр гаргах үүрэгтэй юм. Боломжит богино хугацаа гэдгийг ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл, гүйцэтгэх ажил үүргийн онцлог, хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтны албан үүргийг өөр этгээдээр түр орлон гүйцэтгүүлж байсан эсэх зэргээс хамааран ялгавартай байдлаар тодорхойлж болох боловч энэ тохиолдолд хариуцагч ЦТСХХК нь нэхэмжлэгч М.Уын хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгавар болгож, ажлын байрандаа үргэжлүүлэн ажиллах тухай хүсэлтийг ажлын 1 өдрийн дотор шийдвэрлэх боломжтой байсан гэж дүгнэв. Учир нь нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны баасан гарагт хүүхэд харах чөлөөний хугацааг дуусгавар болгож, ажлын ажлын байрандаа үргэжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан байх ба ажил олгогчийн зүгээс тухайн хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх шаардлагагүй, гагцхүү ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэйн хувьд нэхэмжлэгчийн ажлын байранд түр ажиллаж байсан ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, хуульд заасан журмын дагуу ажил хүлээлцэх асуудлыг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор шийдвэрлэж, нэхэмжлэгчийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Даваа гарагаас эхлэн ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой юм. Иймд нэхэмжлэгч М.У нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс бус 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ. Ажилтны дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тодорхойлох бөгөөд тус журмын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно”, 2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор” гэж тус тус заажээ. Иймд нэхэмжлэгч М.Уын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний сүүлийн 3 сарын цалин хөлс болох 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр жирэмсний болон амаржсаны амралт авсанаас өмнөх 3 сар буюу 2022 оны 6,7,8 дугаар сарын цалин хөлсөөр тооцно. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч М.У нь 2022 оны 6 дугаар сард 1,459,330 төгрөг, 2022 оны 7 дугаар сард 1,779,179 төгрөг, 2022 оны 8 дугаар сард 1,752,285 төгрөгийн цалин хөлс авсан болох нь тогтоогдож байх ба “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.5 дахь заалтад “Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж заасныг баримтлан М.Уын 2022 оны 6 дугаар сарын цалин хөлсний бүрэлдэхүүнээс хоолны хөнгөлөлт 50,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сард хоолны хөнгөлөлт 40,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сард хоолны хөнгөлөлт 57,500 төгрөг тус тус хасч тооцоход 2022 оны 6 дугаар сарын цалин хөлс 1,409,330 төгрөг, 2022 оны 7 дугаар сард 1,739,179 төгрөг, 2022 оны 8 дугаар сард 1,694,785 төгрөг тус тус байна. Дээрх сүүлийн 3 сарын цалин хөлсөөр нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг тооцоолбол (1,409,330+1,739,179+1,694,785)/3=1,614,431 төгрөг байна. Харин Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн 2022 оны 6,7,8 дугаар сард нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоолбол 2022 оны 6 дугаар сард ажиллабал зохих 20 өдөр, 7 дугаар сард ажиллабал зохих 16 өдөр, 8 дугаар сард ажиллабал зохих 23 өдөр байх ба тухайн ажлын нэг өдрийн дундаж цалин хөлс (1,409,330+1,739,179+1,694,785)/(20+16+23)=82,090 төгрөг байна. Иймд нэхэмжлэгч М.У нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллабал зохих 15 өдөр x 82,090=1,231,350 төгрөг, 2023 оны 4 дүгээр сараас 8 дугаар сарыг дуустал нийт 5 сар х 1,614,431=8,072,155 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд ажиллабал зохих 7 өдөр х 82,090=574,630 төгрөг, нийт 9,878,135 төгрөгийг хариуцагч ЦТСХХК-с гаргуулах эрхтэй.
Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч М.У нь хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгавар болгож, ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлт гаргасан боловч цалинтай ээжийн 50,000 төгрөгийн тэтгэмжийг авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж маргаж байгаа боловч дээрх үйл баримт нь нэхэмжлэгч М.У хариуцагч ЦТСХХК-с ажилгүй байсан хугацаанд ногдох өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй эсэхийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй юм.
Харин нэхэмжлэгч М.Уын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс ажил олгогч байгууллага нь нэхэмжлэгч М.Уын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тасралтгүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж ирсэн. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүхэлд нь төлүүлэх гээд байгаа юмуу эсхүл зөрүүг төлүүлэх гээд байгаа юмуу гэдэг нь тодорхойгүй байна гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэвлэгдсэн М.Уын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзвэл, хариуцагч ЦТСХХК нь 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд М.Уын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлж байжээ. Гэвч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч М.Уын хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгавар болгож, ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж, ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй хууль бус үйлдэл гаргасан болохыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2023/00276 дугаар шийдвэрээр тогтоосон тул нэхэмжлэгч М.У нь дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бус тухайн хугацаанд авах ёстой байсан цалин хөлснөөс нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хувь хэмжээний тухайд, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.2.5-д заасан хүний шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, хэрэв шүүхийн шийдвэрт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг заагаагүй бол түүний уг ажлаас халагдахын өмнө авч байсан сүүлийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлнө” гэж заасны дагуу ажил олгогч байгууллага хариуцан төлнө. Гэхдээ энэ тохиолдолд, хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлж байсан тул хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрээр олгохоор шийдвэрлэсэн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллабал зохих 15 өдөр x 82,090=1,231,350 төгрөг, 2023 оны 4 дүгээр сараас 8 дугаар сарыг дуустал нийт 5 сар х 1,614,431=8,072,155 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд ажиллабал зохих 7 өдөр х 82,090=574,630 төгрөгөөс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлсөн шимтгэлийг хасаж, зөрүүг төлөх нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч М.У нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9,878,135 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЦТСХХК-с улсын тэмдэгтийн хураамж 173,000 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийг 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЦТСХХК-с урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9,878,135 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Уд олгосугай.
2. М.Уын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасан журмын дагуу нөхөн төлөхийг хариуцагч ЦТСХХК-д даалгасугай.
3. Нэхэмжлэгч М.У нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЦТСХХК-с улсын тэмдэгтийн хураамж 173,000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА