| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2017/0163/Э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2017-10-10 |
| Зүйл хэсэг | 175.2., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Э-д холбогдох эрүүгийн 201710010107 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт оршин суух, Б овогт Э.Э,
Прокурорын яллах дүгнэлтээр: Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 30-88 ОРА, 37-33 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслээр 12.750.000 төгрөгийн үнэ бүхий түүх соёлын дурсгалт зүйл болох хонх 1 ширхэг, модон пүрэв 1 ширхэг, ганлин бүрээ 1 ширхэг, судрын модон хавтас 1 ширхэг, номын модон ширээ 2 ширхэг, /том, жижиг/, 18.080.000 төгрөгийн үнэ бүхий түүх соёлын дурсгалт зүйл болох 7 ширхэг судар зэрэг эд зүйлийг нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хийсэн хэрэг. Энэ талаараа урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өөр хэлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин хэрэгт холбогдохгүй...гэв.
Иргэний нэхэмжлэгч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Монгол Улсын хилээр түүс, соёлын дурсгалт зүйлийг 2 жилийн хугацаатай Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгох лицензийн дагуу улсын хилээр нэвтрүүлж, хилээр нэвтрүүлсэн этгтгээд тухайн эд зүйлийг буцааж 2 жилийн дотор Монгол улсад авчрах үүрэгтэй. Тухайн эд зүйлсийг арилжааны зорилгоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Энэ нь 2014 оны 5 дугаар сард батлагдсан мөн оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулагдсан байгаа. Б.М, Э.Э, Ц.Б нар нь 10 ширхэг судрыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл аваагүй байж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн байна. дээрх 10 ширхэг судрыг улсын нэгдсэн санд бүртгүүлж, улсын хилээр түр нэвтрүүлэх лиценз авсны дараа үзэгслэнд оролцуулах, палеонтологи, археологийн судалгаа шинжилгээнд оруулах, сэргээн засварлах, язгуур зориулалтаар ашиглах зорилгоор хуулийн дагуу түр хугацаагаар нэвтрүүлэх ёстой байтал ямар нэгэн зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлсэн байна. Мөн дээрх эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхдээ засгийн газраас батлагдсан Соёлын өвийг зөөж тээвэрлэх журмын дагуу зохих хадгалалт, хамгаалалт аюулгүй байдлыг хангаж тээвэрлэх ёстой байтал дээрх хүмүүс 10 ширхэг сударыг улсын бүртгэлийн санд бүртгүүлээлгүй, улсын хилээр нэвтрүүлэх лиценз аваагүй байж тээврийн хэрэгслэлд нууж улсын хилээр нэвтрүүлсэн байна. Иймд дээрх хүмүүсийн хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн 10 ширхэг сударыг хил дээр саатуулж улсын хилээр гаргалгүй хамгаалсан байх тул хохирсон зүйл байхгүй харин эдгээр зүйлсийг түүх, соёлын зүйлсийг соёлын өвийн сан хөмрөгт шилжүүлж өгнө үү” гэжээ. /хх-ийн 146 тал/
Гэрч Д.Э-н мэдүүлэг /хх-ийн 156 тал/
2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 174 тал/
2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйл хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 175 тал/
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн автомашины үнэлгээний тайлан /хх-ийн 209-212 тал/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 14 тал/
2000 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 164, 2000 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 241 дугааруудтай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 18-21 тал/ зэрэг болно.
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 30-88 ОРА, 37-33 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслээр 12750.000 төгрөгийн үнэ бүхий түүх соёлын дурсгалт зүйл болох хонх 1 ширхэг, модон пүрэв 1 ширхэг, ганлин бүрээ 1 ширхэг, судрын модон хавтас 1 ширхэг, номын модон ширээ 2 ширхэг, /том, жижиг/, 18080.000 төгрөгийн үнэ бүхий түүх соёлын дурсгалт зүйл болох 7 ширхэг судар зэрэг эд зүйлийг нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч болон гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Э.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчийг түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар Хонх 1 ширхэг, Пүрэв 1 ширхэг, Ганлин 1 ширхэг, Судрын хавтас, Номын ширээ /том/ 1 ширхэг, номын ширээ /жижиг/ 1 ширхэг, Хутагт билгүүний чандад хүрсэн Очироор огтлогч хэмээх их хөлгөн судар 1 ширхэг, Хутагт цаглашгүй насан хийгээд билгэ билигт хэмээх их хөлгөн судар 1 ширхэг, Хутагт Алтангэрэл дээд судрын аймгийн эрхэт хаан хэмээх их хөлгөн судар 2 ширхэг, Сонсгоод ихэд тонилгогч нэрт их хөлгөн судар 1, Хутагт билгүүний чандад хүрсэн Найман мянгат судар 1, Тууж, Орчлон бүхий зрхэн үгүй нэрт судар 1 ширхэг, түүх соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй: Бор өнгийн судрын 2 ширхэг модон хавтас, Судрын хайрцаг, хүрэн өнгийн модон судрын шогол, судрын модон шогол /шар боронзоор цоолборлон хээтэй, хажуудаа соёмбо үсэгтэй, нугас байсан оромтой/, 37-73 ДГА улсын дугаартай авто машин хилээр нэвтрэх хуудас 1ширхэг, 30-88 ОРА улсын дугаартай авто машин хилээр нэвтрэх хуудас 1 ширхэг, 37-73 ДГА улсын дугаартай авто машины гэрчилгээ 1 ширхэг, 30-88 ОРА улсын дугаартай авто машины гэрчилгээ 1 ширхэг зэрэг хураагдан ирсэн болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт 37-73 ДГА улсын дугаартай авто машин, 30-88 ОРА улсын дугаартай авто машинуудыг битүүмжилсэн мөрдөгчийн битүүмжлэлийг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Энэ гэмт хэрэг нь хөрөнгө хураах нэмэгдэл ялтай боловч шүүгдэгч нь эд хөрөнгөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул уг ялыг хэрэглэх боломжгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.Э-г түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-н эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар хорьж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хонх 1 ширхэг, Пүрэв 1 ширхэг, Ганлин 1 ширхэг, Судрын хавтас, Номын ширээ /том/ 1 ширхэг, номын ширээ /жижиг/ 1 ширхэг, Хутагт билгүүний чандад хүрсэн Очироор огтлогч хэмээх их хөлгөн судар 1 ширхэг, Хутагт цаглашгүй насан хийгээд билгэ билигт хэмээх их хөлгөн судар 1 ширхэг, Хутагт Алтангэрэл дээд судрын аймгийн эрхэт хаан хэмээх их хөлгөн судар 2 ширхэг, Сонсгоод ихэд тонилгогч нэрт их хөлгөн судар 1, Хутагт билгүүний чандад хүрсэн Найман мянгат судар 1, Тууж, Орчлон бүхий зрхэн үгүй нэрт судар 1 ширхэг зэргийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт шилжүүлж, түүх соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй: Бор өнгийн судрын 2 ширхэг модон хавтас, Судрын хайрцаг, хүрэн өнгийн модон судрын шогол, судрын модон шогол /шар боронзоор цоолборлон хээтэй, хажуудаа соёмбо үсэгтэй, нугас байсан оромтой/ зэргийг шүүгдэгчид буцаан олгох, 37-73 ДГА улсын дугаартай авто машин хилээр нэвтрэх хуудас 1ширхэг, 30-88 ОРА улсын дугаартай авто машин хилээр нэвтрэх хуудас 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 37-73 ДГА улсын дугаартай авто машины гэрчилгээ 1 ширхэг, 30-88 ОРА улсын дугаартай авто машины гэрчилгээ 1 ширхэг зэргийг эзэмшигчид нь буцаан олгосугай.
8. Мөрдөгчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 30-88 ОРА, 37-73 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг эзэмшигчид буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ