Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ядамжавын Урнаа |
Хэргийн индекс | 152/2023/00557/и |
Дугаар | 152/ШШ2024/00061 |
Огноо | 2024-01-29 |
Маргааны төрөл | Бэлэглэл, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 152/ШШ2024/00061
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Ц-ий,
Хариуцагч: Г.О,
Хариуцагч: Х.Н нарт холбогдох,
Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж 464,000 төгрөг гаргуулах, үнэ төлбөргүй шилжүүлсэн 166 м.кв газрын үнэ 8,632,000 төгрөг, кадастрын зургийн үнэ 40,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Бунжаа
Хариуцагч Г.О, Х.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Г.От хоёрдугаар дулаанд холбогдсон гэр хороололд байрлалтай 2 өрөө байрыг 25,000,000 төгрөгөөс яриад 2,000,000 төгрөг хасаж, 23,000,000 төгрөгөөр зарахад Г.О худалдаж авна гээд дахин 1,000,000 төгрөг хасаад 22,000,000 төгрөгөөр авсан. Мөн зохих хэмжээний газартай, газрын үнэ төлбөр гэж мөнгө аваагүй. Ингээд би Г.От байрнаасаа 1,000,000 төгрөг, зохих газрын хамтаар бэлэглэх журмаар өгсөн. Энэ мөнгөний талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Одоо нэхэмжлэлийн шаардлага болох 464,000 төгрөгийн талаар тайлбар хийе. Би Г.О, Ц.Н нартай найрсаг сайн харилцаатай, үр хүүхэдтэйгээ адил санаж дараах бэлгийг өгсөн. Үүнд: 240,000 төгрөгийн үнэтэй гар утас, би Улаанбаатар хот явж ирээд Нт 20,000 төгрөгийн үнэтэй бугуйн цаг, От 10,000 төгрөгийн үнэтэй бэлэг, манай хоёр гэр дундаа нэг тоолууртай учраас тус тусын тоолууртай болоход нь зориулж 69,000 төгрөгийн үнэтэй 30 метр кабелийн утас, Оийн хүсэлтээр гар утасны цэнэглэгч 8,000 төгрөгөөр, газ, хошууны хамтаар 15,000 төгрөг, ялааны цохиур 2,000 төгрөгөөр зэрэг өөрийнхөө мөнгөөр авч өгч бэлэглэсэн. Ингээд бүгд 464,000 төгрөг болсон. Хамгийн сүүлд өөрийнхөө 1 дүгээр ангийн хүүхдээр дамжуулан 50,000 төгрөгийн үнэтэй уртасгагч аваад, аваагүй гэж худал хэлсэн. Үүнийг би хуулийн байгууллагаар шалгуулна. Яагаад би өгсөн бэлгээ буцааж авах болсон бэ гэвэл нөхөр Н архи ууж ирж намайг зодсон. Эхнэр О намайг элдвээр хэлж, худал үг зохиож хэл амаар доромжилсонд гомдсон учраас хуулийн байгууллагад хандаж байна. Бүх зүйлийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би өөрөө архи, тамхи хэрэглэдэггүй, 8 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн, 80 настай өвгөн байна. Энэ 2 хүүхэд архи ууж амгалан тайван байдал алдагдуулдаг. Хүний үг авдаггүй маш их хүмүүжлийн доголдолтой хүмүүс гэдгийг хууль хэрэгжүүлэгч та бүхэнд ойлгуулахыг хүсэж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ц 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Д.Ц миний бие 2022 оны 4 дүгээр сард иргэн Г.Отэй аман хэлэлцээрээр гэр хороололд байрлалтай хоёр өрөө байрыг 25,000,000 төгрөгөөс яриад 23,000,000 төгрөгөөр өгсөн. Үүнээс байранд засвар хийнэ гэхээр нь 1,000,000 төгрөгийг хоёр сарын дараа хассан. Тэгтэл одоо хүртэлх хугацаанд байранд ямарч засвар хийгээгүй. Миний байр засвар хийх шаардлагагүй байр байсан. 166 м.кв сул чөлөөтэй газар тэдний талд байсан учир би өөрийн төрсөн хүүхдүүдтэйгээ адил санаж, сайн санааны үүднээс кадастрын зураглал гаргуулж, тусад нь газрын гэрчилгээ гаргуулж өгсөн. Яагаад 464,000 төгрөгийн бэлэг болон газрын үнийг буцааж авах болсон бэ гэвэл би одоо 80 настай хүн, миний туулж өнгөрүүлсэн амьдралд ийм сонин амьдралтай хүмүүс тааралдаагүй. Би өөрөө 8 хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн. Нөхөр нь тогтмол архи ууж, агсам тавьдаг. Хүний эд хөрөнгө, эрх чөлөөнд халддаг. Эхнэртэйгээ хамт архи уудаг, хоорондоо зодолддог. Эднийх 3 хүүхэдтэй, хүүхдийн эрхийг зөрчдөг. Энэ талаар аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтан Бтэй танилцуулсан. Эхнэр нь хүнийг элдвээр хэлж доромжилж, худал хэлдэг шударга бус үйл ажиллагаатай, сэтгэцийн өвчтэй юм гэж боддог. Мөн залилангийн хэрэг хийдэг. Миний 10м урттай цахилгааны уртасгагч утсыг 1-р ангийн хүүхдээрээ дамжуулж авчихаад аваагүй гэж ярьдаг. Энэ уртасгагч нь 50,000 төгрөгийн үнэтэй. Нөхөр Х.Н гэгч нь удаа дараа архи ууж, цагдаад баривчлагдаж байсан. Энэ байрыг аваад 7 хоногийн дараа байрныхаа бүргэд хаалгыг эвдээд одоо хүртэл засаж аваагүй. Мөн 2023 оны 3 дугаар сард манай байрны хаалганы бариулыг эвдэж салгасан. 2023 оны 10 сард архи ууж, миний эрх чөлөөнд халдсан. Х.Н, Г.О нар нь миний үнэ төлбөргүй өгсөн 166м2 газарт буй хоолны амбаар, хогийн цэг зэргийг надад эзэмшүүлэхгүй, амбаараа нурааж ав, хогоо тусдаа өөр газарт асга, бид тусдаа хашаа баринаа гэж аашилсан. Хашааны дотор дахиад хашаа барих юм гэнэ. Ингээд миний ая тухтай амьдрах нөхцлийг хаан боогдуулж, хүн чанаргүй үйлдэл үзүүлсэн болохоор 166м2 газар өгсөнтэй холбоотой зардал болон газрын үнийг нэхэмжилж байна. Хэрэв энэ мөнгийг өгөх боломжгүй бол газрын гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Иймд үнэ төлбөргүй шилжүүлсэн 166 м.кв газрын үнэ 8,632,000 төгрөг, кадастрын зургийн үнэ 40,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 100,000 төгрөг, нийт 8,772,000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч надад газрын мөнгө өгсөн гэж байна. Надад газрын мөнгө гэж нэг төгрөг ч өгөөгүй. Би газраа өгчихөөд нэг талд нь усанд ордог ариун цэврийн өрөө, нөгөө талд нь хоолны амбаар хийгээд авчих гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл хашаандаа юу ч хийгээгүйгээр барахгүй, харин ч намайг би хашаа барьж авах гэж байна, та өөрийн амбаар хогийн цэгээ эндээс холдуул гэсэн. Би хүнд 8 сая төгрөгийн үнэтэй газраа үнэгүй өгчихөөд хүнээс ийм үгс сонссон учраас гомдож, шүүхэд хандсан. Миний байр бол лам хүн төрсөн, хэрүүл ам гаргаж , архидан согтуурч болдоггүй газар. Энэ 2 хүнээс 22 сая төгрөг авсан. Нийт 32 сая төгрөгийн хөрөнгө өгсөн. 10 сая төгрөгийн үнэтэй хөрөнгө үнэгүй дагалдаад явж байгаа. Үүнд 8 сая нь газрын үнэ. Би энэ хүүхдүүдийг өөрийн хүүхдүүдтэй адил санаж зөв замаар яваг, шүүхээс энэ хүүхдүүдийн амьдралд тустай шийдвэр гарах байх гэж итгэм байна. Г.О айл хөршийн хүмүүстэй дандаа муудалцдаг. Айлын хүүхдийн бөмбөгийг хутгаар хагална гэдэг, тогтворгүй зан араншинтай, хүүхдийн хажууд архи уудаг, шөнө хашхирч орилоод хүн амраадаггүй. Би айл хамт байгаа учраас жаахан хүүхдийг нь бодоод цагдаад хандаагүй” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ций эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Д.Ций нэхэмжлэлийн шаардлага өмнөх шүүх хуралдаанд бүрэн хэлсэн гэж үзэж байна. Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж 464,000 төгрөг гаргуулах, үнэ төлбөргүй шилжүүлсэн 166 м.кв газрын үнэ 8,632,000 төгрөг, кадастрын зургийн үнэ 40,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэхдээ шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ 464,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үнэ төлбөргүй шилжүүлсэн 166 м.кв газрын хамтран эзэмшигчээр тогтоолгох санал гаргасан боловч хариуцагч талаас татгалзсан байгаа. Бэлэглүүлэгч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон учир бэлэглэгч нь бэлгээ авах шаардлага үүссэн тул шүүхэд хандсан. Бэлэглэгчийг эвлэрэх шаардлагыг хариуцагч талаас хүлээн аваагүй учир хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч Д.Ций хувьд худалдсан 2 өрөө байранд ямар нэгэн маргаан байхгүй. Харин байрнаас тусдаа байгаа 166 м/кв өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг хариуцагч нарт бэлэглэлийн журмаар шилжүүлсэн болох нь нотлогдон тогтоогдож байгаа. Д.Ций урьд хэрэглэж байсан амбаарыг чөлөөлж ав гэдэг байдлаар хариуцагч тал удаа дараа доромжилж, маргаан гаргасан учир Д.Ц бэлэглэсэн 166 м/кв газрыг хамтран эзэмшиж ашиглахаар нэхэмжлэл гаргасан. Д.Ций зарж борлуулсан 2 өрөө байрыг хариуцагч нар ашиглан банкнаас зээл гаргуулсан байгаа. Д.Ций хувьд хариуцагч нарын амьдралд хэрэгцээтэй гэдэг байдлаар тухайн 166 м/кв газрын кадастрын зураг гаргуулж, хөөцөлдөж байгаад гэрчилгээ гаргуулж аваад өөрсдийн хүүхдээс ялгаа байхгүй гэж үзэж Г.О Х.Н нарт бэлгэлсэн байгаа. Гэтэл хариуцагч нарын зүгээс байшинтай хамт газар байх ёстой гэдэг байдлаар хандаж Д.Ций урьд ашиглаж байсан амбаар савыг хурдан авч газрыг чөлөөлж өг гэдэг байдлаар хандаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн гаргасан эвлэрэх саналыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байх тул хариуцагч талд үнэ төлбөргүй шилжүүлсэн 166 м.кв газрын үнэ 8,632,000 төгрөг, кадастрын зургийн үнэ 40,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч тал 464,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байх тул гаргуулах саналтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв
Хариуцагч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 166 м.кв гэдгийг сул газар гэдгийг сая л ойлголоо. Анх хашаа байшин худалдаж авахаар тохиролцсон. 22,000,000 төгрөгөөр хашаагүй зөвхөн байшин бол би авахгүй байсан. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлээд дээрх газар болон хашаа, байшинг худалдаж авсан. Тухайн газрын кадастрын зураг гаргуулахаар мөнгө гаргасан гэж нэхэмжлэгч талаас маргаж байгаа боловч байраа зарж байгаа хүн тухайн газрынхаа кадастрын зургийг гаргуулах л байсан. Манай гэрт ямар ч хүн орж ирсэн араас нь Д.Ц ах ороод ирдэг. Нөхөр бид хоёрын амьдралд Д.Ц ах хэтэрхий их хөндлөнгөөс оролцдог бөгөөд хашаанаас машинаа гаргаж тавь, ингэ тэг гэдэг байдлаар байнгын хяналт тавьж амьдралд оролцдог. Би ийм байдалтай байдаг талаар Д.Ц ахын хүүхдүүдэд хэлсэн байгаа. Анхнаасаа тохиролцож худалдах худалдан авах гэрээ хийсэн бөгөөд тухайн байшин авахдаа газартай нь хамт худалдан авсан гэж үзэж байна. Газар байхгүй бол би байшин худалдан авах шаардлагагүй байсан. Илүү газар байгаа гэдгийг би ойлгохгүй байна” гэв.
Хариуцагч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Цээс 464,000 төгрөгийн үнэтэй бэлэг авсан нь үнэн. Улаанбаатар яваад рэх учраас хашаагаа сайн харж байгаарай гээд утас цаг өгөөд явсан. Би байшин худалдаж авахдаа газрыг нь бас хувааж авна гэж ойлгож байсан. Газар болон байшин тусдаа гэрчилгээтэй гэдгийг сая ойлголоо” гэв.
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 14,570 төгрөг, 155,302 төгрөг төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Цагдаагийн газарт баталгаа гаргах нь гэх баримтын хуулбар, хөрөнгийн үнэлгээний тайлан, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас П овогтой О-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар, Шангас овогтой Г-ийн Оийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Ций эрхийн улсын бүртгэлийн Г-.............. дугаарт бүртгэлтэй, ................ дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.Оийн эрхийн улсын бүртгэлийн Г-.............. дугаарт бүртгэлтэй, ................ дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Д.Ц, Г.О нарын хооронд байгуулагдсан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 215,1 м.кв газрыг худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Г.О, Х.Н нарт холбогдох “бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж 464,000 төгрөг гаргуулах, үнэ төлбөргүй шилжүүлсэн 166 м.кв газрын үнэ 8,632,000 төгрөг, кадастрын зургийн үнэ 40,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 100,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1. Нэхэмжлэгч нь Г.О, Х.Н нартай найрсаг сайн харилцаатай, үр хүүхэдтэйгээ адил санаж дараах бэлгийг өгсөн. Үүнд: 240,000 төгрөгийн үнэтэй гар утас, Улаанбаатар хот явж ирээд Нт 20,000 төгрөгийн үнэтэй бугуйн цаг, От 10,000 төгрөгийн үнэтэй бэлэг, манай хоёр гэр дундаа нэг тоолууртай учраас тус тусын тоолууртай болоход нь зориулж 69,000 төгрөгийн үнэтэй 30 метр кабелийн утас, Оийн хүсэлтээр гар утасны цэнэглэгч 8,000 төгрөгөөр, газ, хошууны хамтаар 15,000 төгрөг, ялааны цохиур 2,000 төгрөгөөр зэрэг өөрийнхөө мөнгөөр авч өгч бэлэглэсэн. Ингээд бүгд 464,000 төгрөг болсон. Гэвч яагаад би өгсөн бэлгээ буцааж авах болсон бэ гэвэл нөхөр Н архи ууж ирж намайг зодсон. Эхнэр Г.О намайг элдвээр хэлж, худал үг зохиож хэл амаар доромжилсонд гомдсон.
2.2. Анх 23,000,000 төгрөгөөр зөвхөн 49 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон бөгөөд Г.О, Х.Н нарт 2 өрөө байраа худалдан борлуулсны дараа сайхан сэтгэлийн үүднээс өөрөө кадастрын зураг хийлгэж, өөрийн өмчлөлийн хашааны газраас 166 м.кв газрыг үнэ төлбөргүй бэлэглэсэн. Гэвч Г.О, Х.Н нар нь тухайн газрыг өмчилж авсны дараа тус газар дээр байсан амбаар, хогийн цэг зэргийг нүүлгэж авахыг шаардаж, хашаа барина зэргээр нэхэмжлэгч Д.Ций амьдрах ая тухтай нөхцлийг алдагдуулж, гомдоосон.
3. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.
3.1. Д.Цээс 464,000 төгрөгийн бэлэг авсан нь үнэн. Гэхдээ ингээд буцааж нэхэх байсан бол бид тухайн үед бэлэг авахгүй байсан. Газрын тухайд, анх худалдах, худалдан авах гэрээ хийгээд хашаа, байшин худалдаж авсан. Хэрэв тухайн байшин газаргүй, хашаагүй байсан бол анхнаасаа худалдаж авахгүй байсан. Иймд 166 м.кв сул газар бэлэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв. Мөн үл хөдлөх хөрөнгөө худалдаж байгаа тал нь кадастрын зураг хийлгэх ёстой.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч талаас 240,000 төгрөгийн үнэтэй гар утас, 20,000 төгрөгийн үнэтэй бугуйн цаг, 10,000 төгрөгийн үнэтэй бэлэг, 69,000 төгрөгийн үнэтэй 30 метр кабелийн утас, 8,000 төгрөгийн үнэтэй гар утасны цэнэглэгч, газ, хошууны хамтаар 15,000 төгрөг, 2,000 төгрөгийн үнэтэй ялааны цохиур зэрэг эд хөрөнгийн үнэ нийт 464,000 төгрөгийг нэхэмжилсэн ба дээрх бэлэглэсэн гэх эд хөрөнгийн нийт үнэ 464,000 төгрөг бус 364,000 төгрөг байгаа боловч хариуцагч нарын зүгээс бэлэглэсэн эд хөрөнгийн үнийн талаар маргаагүй болно. Түүнчлэн хариуцагч нар нь дээрх эд хөрөнгийг нэхэмжлэгчээс үнэ төлбөргүй шилжүүлсэн авсан үйл баримтын талаар маргахгүй байна. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх ба эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Иймд талуудын хооронд 364,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө бэлэглэх бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 279 дүгээр зүйлд заасан тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээ гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй болно.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Х.Н байнга архи ууж, амгалан тайван байдал алдагдуулдаг, түүний биед халдаж, эрх, эрх чөлөөг нь зөрчдөг, хариуцагч Г.О нь хэл амаар доромжилж, амгалан тайван байдал алдагдуулдаг, бага насны хүүхдээрээ дамжуулж 50,000 төгрөгийн үнэтэй уртасгагч залгуур авсан атлаа аваагүй гэж гүтгэсэн, мөн хашаагаа тусгаарлаж барина, хогийн цэг, хүнсний амбаараа зөөж авахыг шаардаж, хашаандаа ая тухтай амьдрах нөхцлийг алдагдуулсан, байнга архи ууж хоорондоо зодолдож, амгалан тайван байдал алдагдуулах зэргээр түүнийг гомдоосон тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх заалтад заасан “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн”, 208.1.2 дахь заалтад “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан” гэх үндэслэлээр бэлэглэлийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа боловч хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд хариуцагч Г.О, Х.Н нар нь нэхэмжлэгч Д.Цийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, түүний эрүүл мэндийг хохироосон буюу хохироохыг завдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх заалтад заасан “...бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл” гэдгийг тодорхой тохиолдол бүрт харилцан адилгүй тайлбарлаж хэрэглэх ба хариуцагч Х.Н нэхэмжлэгч Д.Ций биед халдаж, эрхийг нь зөрчсөн, хариуцагч Г.О нь нэхэмжлэгчийг хэл амаар доромжилж, удаа дараа амгалан тайван байдал алдагдуулсан нь нотлогдож байгаа тохиолдолд түүнийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж дүгнэж болох юм. Гэвч хэрэгт авагдсан баримтын хүрээнд, хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.Ций биед халдсан, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, түүний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч Д.Ций зүгээс хариуцагч Х.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний биед халдаж, намайг зодсон тул бэлэглэлийг хүчингүй болгуулах хүсэлтэй гэх боловч зөвхөн хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан баримтад үндэслэн хариуцагч Х.Ныг нэхэмжлэгч Д.Цийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, түүний эрүүл мэндэд халдсан, халдахыг завдсан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн, нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч нарын “бидний амьдралд байнга оролцдог, гэрт зочид ирэх үед үргэлж орж ирж заавар өгдөг, хүүхдүүдийг хашаанд тоглуулдаггүй, Г.Оийн ажлын байран дээр очиж хулгайч, залилагч зэргээр доромжилсон” гэх тайлбарыг үндэслэл бүхий үгүйсгээгүй болно.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийн үнэ 464,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.
4.2. Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Г.О нар нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 8516002544 нэгж талбарын дугаартай, Г-1520002617 гэрчилгээтэй, 589,3 м.кв газраас 215,1 м.кв газрыг Г.От 1,200,000 төгрөгөөр худалдсан болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Д.Ц, Г.О нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.
Г.О нь дээрх нотариатаар гэрчлүүлсэн гэрээг үндэслэн, өөрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Г-1520004753 дугаарт бүртгүүлж, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 000714263 дугаартай гэрчилгээ авчээ.
Нэхэмжлэгч талаас “...2022 оны 4 дүгээр сард иргэн Г.Отэй аман хэлэлцээрээр гэр хороололд байрлалтай хоёр өрөө байрыг 25,000,000 төгрөгөөс яриад 23,000,000 төгрөгөөр өгсөн. Үүнээс байранд засвар хийнэ гэхээр нь 1,000,000 төгрөгийг хоёр сарын дараа хассан. ...166 м.кв сул чөлөөтэй газар тэдний талд байсан учир би өөрийн төрсөн хүүхдүүдтэйгээ адил санаж, сайн санааны үүднээс кадастрын зураглал гаргуулж, тусад нь газрын гэрчилгээ гаргуулж өгсөн” гэх тайлбар гаргасан. Гэвч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Г.Оийн зүгээс “2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 2 өрөө орон сууц болон газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан” гэж тайлбарласан ба хариуцагчаас дээрх үйл баримтын талаар тодруулахад “...бид гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн нь үнэн” гэх тайлбар гаргасан.
Иймд зохигчдын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй ба зохигчдын хооронд байгуулагдсан газар худалдах, худалдан авах тухай хэлцэл нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх өмчийн хэлцэлд тавигдах Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул зохигчдын хооронд байгуулагдсан газар худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр байна.
Харин Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх бөгөөд эд хөрөнгийг шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Ц нь 166 м.кв газрыг үнэ төлбөргүйгээр хариуцагч Г.Оийн өмчлөлд шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Нэгэнт зохигчдын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч Д.Ц нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Г.О нь бэлэглэгч Д.Цийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхгүй байх тул үнэ төлбөргүй шилжүүлсэн 166 м.кв газрын үнэ 8,632,000 төгрөг, кадастрын зураг хийлгэсэн үнэ 40,000 төгрөг, хөрөнгийн үнэлээ хийлгэсэн зардал 40,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгов.
Зохигчдын зүгээс газар худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй болно.
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дүгээр зүйл, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,570 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр төлсөн 155,302 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, дугаар зүйлийн 38.9 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Ций хариуцагч Г.О Х.Н нарт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, 464,000 төгрөг гаргуулах үнэ төлбөргүй шилжүүлсэн 166 м.кв газрын үнэ 8,632,000 төгрөг кадастрын зургийн үнэ 40,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,570 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр төлсөн 155,302 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатын шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА